Баянхонгор аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 12 сарын 11 өдөр

Дугаар 2020/ШЦТ/383

 

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Батцэнгэл даргалж,

Улсын яллагч Г.Цогтмагнай

Нарийн бичгийн дарга Ж.Чимэддорж

Шүүгдэгч Ч.Нямтогтох, түүний өмгөөлөгч Х.Мөнхбаатар нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Г.Цогтмагнайгаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Нямтогтоход холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 2014004160399 тоот хэргийг 2020 оны 12 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Шүүгдэгч, Монгол улсын иргэн, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй,  улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, Өөлд овогт Чулуунбатын Нямтогтох, 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Ч.Нямтогтох нь 2020 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт иргэн Б.Гансүхийг зодож түүний эрүүл мэндэд тархи доргилт, дээд уруулд язрал, хүзүүнд зулгаралт, дух, чамархай, шилбэ, сарвуунд зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. / Яллах дүгнэлтэд бичигдсэнээр /

ТОДОРХОЙЛОХ нь:

Талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. Үүнд: 1. Шүүгдэгч Ч.Нямтогтохын мөрдөн байцаалтад өгсөн: ...2020 оны 08 дугаар сарын 30-ны өдөр Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын нутаг “Гашуун ус” гэх газарт хэдэн малаа алдчихаад очсон. Тэнд машинтай хүмүүс байсан. Тэгтэл Гансүх гэх хүн ирж “Малаа туугаад яв” гэж хөөсөн. Намайг “Цагаачин минь зайл” гэж хэлсэн. Би “Адилхан цагаачин юм биш үү” гэж хэлээд яваад өгсөн. 2020 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр Гансүх гэх хүн эхнэртэйгээ бор иштэй хутаг бариад одоо намайг алаадах гэж орилсон. “Би хүн алдаг хүн биш” гэж хэлээд мал руугаа явсан. Мал дээрээ байж байхад Гансүх ирж хэрүүл хийсэн. Тухайн үед манай эхнэр Гансүх эхнэр ирж хоорондоо хэрүүл хийсэн. 2020 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр Гансүх мал хөөгөөд явж байхаар нь “Чи яагаад мал хөөгөөд байгаа юм бэ миний машины дугуйг янзлаад өгчих тэгтэл би нүүлээ” гэж хэлсэн. Тэгсэн “Чадахгүй чи намайг барах уу” гэж хэлж тэрнээс болж маргалдаж бид хоёр зодоон хийсэн. Гансүхийн уруул орчим 2 цохисон. Намайг Гансүх мөн адил цохиж авсан. Тэгээд салаад явсан ийм зүйл болсон. Би хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой талаар ойлголоо. Хялбаршуулсан журмаар шийдүүлмээр байна. Надад бургасаар хийсэн шилбүүр байсан тэрийгээ хаячихсан. Одоо надад шилбүүр байхгүй.” гэх мэдүүлэг / хх-ийн 45-46 /,

2. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ч.Нямтогтох мэдүүлэхдээ: Өөрийн эсрэг мэдүүлэг өгөхгүй гэв.

3. Хохирогч Б.Гансүхийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: …“2020 оны 08 дугаар сарын 30-ны өдөр манайх Баянхонгор аймгийн БаянОвоо сумын 2 дугаар багийн “Гашуун усны толгой” гэх газар нутаглаж байсан. 2020 оны 08 дугаар сарын 30-ны өдөр Баацагаан сумын малчин Ч.Тогтох гэдэг хүн манай өвөлжөөний доод талын жалганд буусан юм. Тэгээд Ч.Тогтох малаа манай өвөлжөө рүү явуулахад нь түүний эхнэр “Улаанаа” гэх хүнд “Та нар өвөлжөөн дээр буучихлаа малаа аваад жоохон хол буучих” гэсэн чинь “Хоёр хоноод нүүнээ” гэсэн тэгтэл хоёр хоноод нүүгээгүй болохоор нь Ч.Тогтоход “Манай өвөлжөөнөөс холдож буу өвөлжөөнөөс малаа ав” гэхэд Ч.Тогтох “Нүүхгүй энд байна” гээд маргаан үүсээд мах идээд сууж байсан хутгаа бариад “Ална шүү” гээд дайрахад эхнэр болох “Улаанаа” болиулсан. Дахиад 1, 2 хоногийн дараа “Нүү” гэсэн шаардлага тавихад манай эхнэр лүү Ч.Тогтох нулимж намайг боож унагаад өнгөрсөн. Дахиад маргааш нөгөөдөр хонио манай өвөлжөө рүү явуулахад нь “Малаа ав” гээд Ч.Тогтох дээр очиход мотоцикл дээрээсээ намайг өшиглөж мотоциклтой хамт унагасан. Тэгээд эхнэр бид хоёр луу дайрч намайг боож унагаад “Эхнэр чинь аймаг явахаар хоёулаа уулзана чамайг ална” гэх зэргээр сүрдүүлсэн. Тэгээд 09 дүгээр сарын 08-ны өглөө Ч.Тогтох манай өвөлжөө рүү хонио туугаад явахаар нь очоод “Малаа ав” гэтэл мотоциклоосоо бууж ирээд миний багийг доошлуулж дээлийн захаас.хамт заамдаад толгой шанаа, эрүү, чих рүү олон удаа цохисон. Тэгээд намайг боож унагаад дээр гараад цээжин дээр өвдөглөөд гэдэс, хөл рүү, өшиглөж зодсон. Мөн гартаа барьж явсан шилбүүр модоороо толгой, хөл рүү цохиж дахиж барьж аваад “Чи мөрдөн, шоронд байж үзсэн үү тэнд яаж зоддогийг мэдэх үү” гэх мэтээр сүрдүүлэн ил шарх сорви үлдээлгүй битүүгээр цохиж зодсон. Миний амнаас цус гарч уруул язарсан. Ахар сүүл рүү өшиглөснөөс болж их эмзэг болсон. Хоёр хөлийн булчин эмзэг цээж рүү модоор хатгасан болохоор их хөндүүртэй дух эрүү шанаа хавдсан чи шуугиад юм сонсохгүй байсан. Би архи уугаагүй байсан. Ч.Тогтохыг ямар байсныг сайн мэдэхгүй байна. Хажууд бол хүн байгаагүй. Баянцагааны отроор явж байгаа танихгүй залуу ойролцоогоор 2 км-ийн зайтай явж байсан. Тэр залуу харсан... Надтай уулзаж ярилцъя, тохиролцъё гэж хэлсэн. Мөн надад мөнгө төгрөг өгч чадахгүй талаар хэлсэн. Тэрнээс хойш утсаар ярьж тохиролцохгүй, чадахгүй гэж хэлдэг.” гэх мэдүүлэг / хх-ийн 18-20 /,

4. Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 501 дугаартай шинжээчийн дүгнэлт: 1. Б.Гансүхийн биед тархи доргилт, дээд уруулд язрал, хүзүүнд зулгаралт, дух, чамархай, шилбэ, сарвуунд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтэл нь тухайн болсон хэргийн нөхцөлд үүссэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй ... гэх дүгнэлт /хх-ийн 25-26/, Эд хөрөнгийг битүүмжлэх тухай прокурорын тогтоол /хх-ийн 10/, дипозит дансны хуулга/хх-ийн 49-52/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 59/, зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно. Дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд зааснаар нотолбол зохих байдлыг нотолсон байна гэж үзлээ. Иймд Шүүхээс шүүгдэгч Ч.Нямтогтох нь 2020 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт иргэн Б.Гансүхийг зодож түүний эрүүл мэндэд тархи доргилт, дээд уруулд язрал, хүзүүнд 3 зулгаралт, дух, чамархай, шилбэ, сарвуунд зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай үйл баримт болсон болох нь хохирогч Б.Гансүхийн мэдүүлэг болон Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 501 дугаартай дүгнэлт, шүүгдэгчийн шүүхэд гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг зэргээр нотлогдон тогтоогдсон байна гэж дүгнэлээ. Иймд шүүгдэгч Ч.Нямтогтохыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох зүйтэй байна. Дээрх үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэргийн шинжийг агуулж байх тул шүүгдэгч Ч.Нямтогтоход эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзлээ. Шүүх шүүгдэгч Ч.Нямтогтоход эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлд заасан “ Эрүүгийн хариуцлага нь “тухайн хүний...үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчмыг баримтлан, мөн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д заасан “анх удаа гэмт хэрэг үйлдсэн”-ийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж дүгнэлээ. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч нь 703.000 төгрөг нэхэмжилсэн нотлох баримтыг хэрэгт хавсаргасан бөгөөд шүүхээс уг нотлох баримтыг шинжлэн судалснаар хавтаст хэргийн 63 дугаар хуудаст авагдсан 79600, 73000 төгрөгийн нийт 152.600 төгрөгийн нотлох баримт нь нотлох баримтын шаардлага хангахгүй байх тул түүнийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж шүүгдэгч Ч.Нямтогтохоос 550.400 төгрөгийг гаргуулж хохирогч Б.Гансүхэд олгохыг Баянхонгор аймаг дахь Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэв. Хэрэгт шүүгдэгч Ч.Нямтогтохын хувьд ноогдох эд хөрөнгө болох “мотоциклийг” битүүмжилсэн 2020 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн Баянхонгор аймгийн Прокурорын газрын прокурорын тогтоолыг хүчингүй болгон уг гар утсыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгцээний дагуу эзэмшигч Ч.Нямтогтоход буцаан олгож шийдвэрлэв. Энэ хэргийн учир шүүгдэгч Б.Нямтогтох нь цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг дурдаж шийдвэрлэв. Шүүгдэгч Ч.Нямтогтох нь урьд ял шийтгэгдэж байгаагүй, энэ талаар ЦЕГ-ын мэдээллийн санд бүртгэгдээгүй байх тул түүнийг анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзлээ. Шүүгдэгч Ч.Нямтогтоход авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгох нь зүйтэй байна. Э

рүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Өөлд овогт Чулуунбатын Нямтогтохыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч Өөлд овогт Чулуунбатын Нямтогтохыг дөрвөн зуун тавин / 450 / нэгжтэй тэнцэх хэмжээний буюу дөрвөн зуун тавин мянган / 450.000 / төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч Ч.Нямтогтоход оногдуулсан торгох ялыг шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш дөрвөн сарын дотор хэсэгчлэн төлүүлэхийг Баянхонгор аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч Ү.Хадбаатар нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх 4 биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.6-д зааснаар шүүгдэгч Ч.Нямтогтохоос таван зуун тавин мянга дөрвөн зуун / 550.400 / төгрөг гаргуулж хохирогч Б.Гансүхэд олгосугай.

6. Шүүгдэгч Ү Ч.Нямтогтох нь энэ хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.1, 36.8 дугаар зүйлийн 1.8-д зааснаар энэ хэрэгт шүүгдэгч Ч.Нямтогтохын хувьд ноогдох эд хөрөнгө болох мотоцикл эд хөрөнгийг битүүмжилсэн 2020 оны 10 дугаар сарын 30- ны өдрийн Баянхонгор аймгийн Прокурорын газрын прокурорын тогтоолыг хүчингүй болгон уг мотоциклийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгцээний дагуу эзэмшигч Ч.Нямтогтоход буцаан олгосугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-д зааснаар шүүгдэгч Ч.Нямтогтоход авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-т зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1- д зааснаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардаж авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар шүүхийн захиргааны ажилтан хүлээн авах хүнд биечлэн гардуулж, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс хойш шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэй болохыг дурдсугай.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дугаар зүйлийн 2-д зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Ч.Нямтогтоход авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.БАТЦЭНГЭЛ