Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 01 сарын 08 өдөр

Дугаар 17

 

                                     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баярсүрэн даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүрэг, Бага тойруу-3/9, өөрийн байранд оршин байгаа, “Жи мобайл” ХХК /РД: *******/-ийн

Хариуцагч: Багахангай дүүрэг, 1 дүгээр хороо, Үнэгтэйн 2-3 тоотод оршин суух,******* Доржпаламын ******* /РД: ЗЮ*******/-д холбогдох

Худалдах, худалдан авах гэрээний үүргийн биелэлт 330.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр хүлээн авч, 2017 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Хариуцагч Д.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Одгэрэл нар оролцов. ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “Жи мобайл” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Иргэн Д.******* 2014 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр манай компанитай төхөөрөмж зээлээр худалдах, худалдан авах 1169695 тоот гэрээг 1 жилийн хугацаатай байгуулж, 240.000 төгрөгийн үнэтэй NP10 маркийн интернет төхөөрөмжийг зээлээр худалдсан. Гэрээний хавсралтад заасан хуваарийн дагуу урьдчилгаа 20.000 төгрөг төлөх, үлдэх 220.000 төгөргийг сард 20.000 төгрөг буюу 12 сард багтаан төлөхөөр тохиролцсон боловч өнөөдрийн байдлаар төлбөр барагдуулаагүй байна. Гэрээний үлдэгдэл төлбөр 220.000 төгрөгийг төлөлгүй 876 хоногийн хугацаа хэтрүүлсэн тул гэрээний 5 дугаар зүйлийн 5.3.-т заасны дагуу гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс 0.3 хувийн алданги тооцоход 110.000 төгрөг болж байна. Иймд Д.*******аас нийт 330.000 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Д.******* шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Би “Жи мобайл” ХХК-иас 2014 оны 11 сарын 20-ны өдөр төхөөрөмж авсан нь үнэн. Уг төхөөрөмж нь авсан цагаасаа ажиллахгүй байсан тул тус компанийн оператор руу удаа дараа залгаж хэлсэн боловч арга хэмжээ авч өгөөгүй. 2017 оны 01 сарын 19-ний өдөр тус компанид өргөдлөө бичиж өгсөн ч одоог хүртэл хариу өгөөгүй байгаа. Төхөөрөмжийг ажиллуулаад өгвөл сар бүр 20.000 төгрөгийг төлнө гэж “Жи мобайл” ХХК-д хэлэхэд зөвшөөрөхгүй 220.000 төгрөгийг бүхлээр нь авна, төхөөрөмжөө ажиллуулахгүй гэж тайлбарлаад байгаа. Би ийм ажиллахгүй зүйлийг аваад төлбөр төлөхгүй. Хэрэв ажиллуулаад интернэтийн сүлжээ оруулаад ашиглаад эхэлвэл сар бүрийн 20.000 төгрөгийг төлнө. Би 2017 оны 12 дугаар сарын 27-ны өдөр “Жи мобайл” ХХК-д очоод өргөдөл өмнө өгсөн талаар хэлэхэд байхгүй гээд мэдэхгүй байсан ... “Жи мобайл” ХХК-ийн хуулийн зөвлөх Б.Уранцэцэгтэй анх уулзахад 1 дэх өдөр хариу өгнө гээд өгөөгүй. 2017 оны 12 дугаар сарын 27-ны өдөр тус компани дээр очоод уулзах гэхэд бас байхгүй байсан. Тэгэхээр нэгэнт төлбөр төлсөн ч энэ төхөөрөмжийг ажиллуулахгүй гэж байгаа болохоор төлбөрийг төлөхгүй гэв.

Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ  нь:

Нэхэмжлэгч “Жи мобайл” ХХК нь хариуцагч Д.*******д холбогдуулан худалдах, худалдан авах гэрээний үүргийн биелэлт 330.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

Хариуцагч Д.******* нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэж маргадаг.

Нэхэмжлэгч “Жи мобайл” ХХК нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ хариуцагч Д.******* нь тус компанитай 2014 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр байгуулсан 1169695 дугаар төхөөрөмж зээлээр худалдах, худалдан авах гэрээний дагуу NP10 интернет төхөөрөмжийн үлдэгдэл төлбөр 220.000 төгрөг, гэрээнд заасан алданги 110.000 төгрөг, нийт 330.000 төгрөгийг төлөх үүрэгтэй гэж,

Хариуцагч Д.******* татгалзлын үндэслэлээ нэхэмжлэгч “Жи мобайл” ХХК-ийн худалдсан интернет ашиглах NP10 төхөөрөмж Багахангай дүүрэгт сүлжээ барихгүй, ашиглах боломжгүй, ашиглах боломжоор хангаж өгөх талаар удаа дараа утсаар ярьж, өргөдөл өгч шаардсан боловч хариу өгөөгүй тул 330.000 төгрөгийг төлөх үндэслэлгүй гэж тус тус тайлбарладаг.

Нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

“Жи мобайл” ХХК, Д.******* нарын хооронд байгуулагдсан 2014 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр байгуулсан 1169695 дугаар төхөөрөмж зээлээр худалдах, худалдан авах гэрээгээр нэхэмжлэгч буюу худалдагч “Жи мобайл” ХХК нь NP10 маркийн интернет ашиглах зориулалтай төхөөрөмжийг хариуцагч буюу худалдан авагч Д.*******ын өмчлөлд шилжүүлж, дагалдах урамшууллыг олгох, хариуцагч буюу худалдан авагч нь гэрээнд заасан хуваарийн дагуу төхөөрөмжийн үнийг төлөх нөхцөлтэйгээр гэрээг бичгээр байгуулсан байна.

Уг үйл баримтад талууд маргаагүй.

Нэхэмжлэгч “Жи мобайл” ХХК нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж төлбөрийн нэхэмжлэх /хх-6/, төхөөрөмж зээлээр худалдах, худалдан авах гэрээний өргөдлийн маягт болон гэрээний хуулбар /хх-7-8/, Д.*******ын иргэний үнэмлэх, түүний оршин суугаа газрын Засаг даргын тодорхойлолтын хуулбар /хх-09/, Д.*******тай утсаар ярьж төлбөр шаардсан тухай тэмдэглэл /хх-10/ зэргийг шүүхэд баримтаар өгсөн.

Зохигчдын тайлбар, үйл баримтыг харьцуулан үзвэл “Жи мобайл” ХХК, Д.******* нарын хооронд байгуулагдсан 2014 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр байгуулсан 1169695 дугаар төхөөрөмж зээлээр худалдах, худалдан авах гэрээ нь Иргэний хуулийн 243, 343 дугаар зүйлд заасан худалдах, худалдан авах гэрээ болон ажил гүйцэтгэх гэрээний гол нөхцөл, шинжийг агуулсан байх тул шүүх тус гэрээг холимог гэрээ байна гэж дүгнэв.

Худалдагч “Жи мобайл” ХХК нь 2014 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр байгуулсан 1169695 дугаар гэрээний зүйл болох NP10 маркийн төхөөрөмж нь интернет ашиглах зориулалттай болох нь талуудын хооронд байгуулагдсан гэрээгээр болон зохигчдын тайлбараар нотлогддог.

“Жи мобайл” ХХК нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1.-д Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ гэж заасны дагуу биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгийг Д.*******ын өмчлөлд шилжүүлэх үүрэг хүлээх бөгөөд худалдан авагч Д.*******ын “NP10 маркийн интернет ашиглах зориулалтай төхөөрөмж нь Багахангай дүүрэгт сүлжээ барьдаггүйн улмаас төхөөрөмжийг ашиглах боломжгүй болсон. Тус төхөөрөмжийг ашиглах боломжоор хангаж өгөх талаар удаа дараа утсаар ярьж, өргөдөл өгч шаардсан боловч өнөөдрийг хүртэл хариу өгөөгүй тул төлбөрийг төлөхгүй. Сүлжээг нь оруулаад ашиглах боломжоор хангавал төлбөрийг сар сард нь төлнө” гэх тайлбарыг “Жи мобайл” ХХК тайлбар болон баримтаар няцааж чадаагүй.

Өөрөөр хэлбэл худалдагч буюу “Жи мобайл” ХХК нь худалдан авагч буюу Д.*******ыг NP10 маркийн интернет ашиглах зориулалтай төхөөрөмжийг сүлжээ орохгүй байгаа тухайн нутаг дэвсгэрт буюу Багахангай дүүрэгт зориулалтын дагуу ашиглах нөхцлөөр нь хангах үүрэгтэй. Энэ үүргээ “Жи мобайл” ХХК биелүүлээгүйн улмаас Д.******* гэрээгээр тохирсон үнийг төлөхөөс татгалзсан нь Иргэний хуулийн 209 дүгээр зүйлийн 209.1.-д Хоёр талын гэрээгээр үүрэг гүйцэтгэгч нэг тал нөгөө талынхаа өмнө үүргээ эхлэн гүйцэтгэхээс бусад тохиолдолд нөгөө тал хариу үүрэг гүйцэтгэхээс өмнө үүргээ гүйцэтгэхээс татгалзаж болно гэж заасантай нийцэж байх тул Д.*******ын татгалзлыг буруутгах боломжгүй юм.

Нөгөө талаас Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1.-д Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ, 343 дугаар зүйлийн 343.2.-т Ажил гүйцэтгэх гэрээний зүйл нь гүйцэтгэсэн ажлын үр дүн байна гэж заасны дагуу талуудын хооронд байгуулагдсан 2014 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр байгуулсан 1169695 дугаар гэрээгээр ажил гүйцэтгэгч буюу “Жи мобайл” ХХК NP10 маркийн интернет ашиглах зориулалтай төхөөрөмжийг ашиглах нөхцлийг бүрдүүлэх ажлыг гүйцэтгэх үүрэгтэй байх бөгөөд захиалагч буюу Д.******* төхөөрөмжийг зориулалтын дагуу ашиглаж ажлын үр дүнг хүлээн авсан тохиолдолд хэлэлцэн тохирсон хөлсийг төлөх үүрэгтэй байна.

Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.3.-т Үйлдвэрлэгч, худалдагч, гүйцэтгэгч хэрэглэгчээс бараа, ажил, үйлчилгээний чанарын доголдлын талаар тавьсан шаардлагыг хуульд заасны дагуу барагдуулах үүрэг хүлээнэ гэж заасан. Талуудын хооронд байгуулагдсан 2014 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр байгуулсан 1169695 дугаар гэрээний хувьд “Жи мобайл” ХХК нь үйлдвэрлэгч, худалдагч, гүйцэтгэгч болох бөгөөд хэрэглэгч Д.*******ын зүгээс тавьсан NP10 маркийн интернет ашиглах зориулалтай төхөөрөмжийг зориулалтын дагуу ашиглахын тулд сүлжээг доголдолгүй болгуулах шаардлагыг барагдуулах үүрэг хүлээнэ гэж үзэв.

Иймд Д.*******ыг худалдах, худалдан авах гэрээний үүргийн биелэлт 330.000 төгрөгийг “Жи мобайл” ХХК-д төлөх хууль зүйн үндэслэлгүй байна гэж үзэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.    

Нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэнтэй холбогдуулан нэхэмжлэгч “Жи мобайл” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 10.550 төгрөгийг улсын орлого болгов.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Уранцэцэг “2018 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр зарлагдсан Д.*******д холбогдох хэргийн шүүх хуралд нэхэмжлэгчийг байлцуулалгүй хэргийг шийдвэрлэж өгнө үү. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа бүрэн дэмжиж байгаа болно” гэсэн хүсэлтийг бичгээр ирүүлсэн тул нэхэмжлэгчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно. /хх-23/ 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3., 116., 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 209 дүгээр зүйлийн 209.1., 243 дугаар зүйлийн 243.1., 343 дугаар зүйлийн 343.1., Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.3.-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “Жи мобайл” ХХК-ийн хариуцагч******* Доржпаламын *******д холбогдох худалдах, худалдан авах гэрээний үүргийн биелэлт 330.000 /гурван зуун гучин мянган/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар 7.1.1.-д зааснаар нэхэмжлэгч “Жи мобайл” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 10.550 /арван мянга таван зуун тавин/ төгрөгийг улсын орлого болгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2., 119.4.-т зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд хүсэлт гаргагч 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй болохыг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7-д зааснаар дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар хүсэлт гаргагч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол  гаргах эрхтэй болохыг заасугай.

 

                                              ДАРГАЛАГЧ                          Н.БАЯРСҮРЭН