| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Төмөрхүүгийн Батжаргал |
| Хэргийн индекс | 166/2017/00364/Э |
| Дугаар | 2017/ШЦТ/370 |
| Огноо | 2017-12-11 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Н.Идэр |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2017 оны 12 сарын 11 өдөр
Дугаар 2017/ШЦТ/370
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 166/2017/00364/Э
Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Батжаргал даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Нандинцэцэг,
Улсын яллагчаар аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Н.Идэр,
Шүүгдэгч А.А.М- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж, Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн шүүгдэгч А.М-эд холбогдох эрүүгийн 1718001590172 дугаартай хэргийг 2017 оны 12 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, А.М-, 1995 оны 2 дугаар сарын 18-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан суманд төрсөн, 22 настай, эрэгтэй, яс үндэс *******, бүрэн дунд боловсролтой, *******мэргэжилтэй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай,.
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/:
Шүүгдэгч А.А.М- нь 2017 оны 8 дугаар сарын 29-нөөс 30-нд шилжих шөнө 03 цагийн орчим Дархан сумын 14-р баг, Залуучууд театрын орчимд иргэн У.У.Г-ийг зодож эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч А.А.М- нь 2017 оны 8 дугаар сарын 29-нөөс 30-нд шилжих шөнө 03 цагийн орчим Дархан сумын 14-р баг, Залуучууд театрын орчимд иргэн У.У.Г-ийг зодож “хамар ясны битүү хугарал, зөөлөн эдийн няцрал, баруун нүдний салст, зовхины цус хуралт” бүхий хөнгөн хохирол учруулсан болох нь
Шүүгдэгч А.А.М-ийн мөрдөн байцаалт болон шүүх хуралдаанд өгсөн:
...2017 оны 08 дугаар сарын 29-ны орой найз С-тай уулзахаар ажлын газар болох Ди Ди бааранд очсон юм. С- Ингээд тухайн үед 21:00 цаг өнгөрч байсан санагдаж байна С- ажлаа хийгээд байж байсан. Ингээд С-тай уулзаад байж байтал Н гаднаас орж ирсэн. Тэгэхэд хамт С-ын найз охин У-, У- гэх эмэгтэй нарын хамт ирсэн. Тэгээд С-ыг ажлаа хийх зуур Н, У-, У- бид 4 нийлж 1 ширээнд суусан. Ингээд бид нар пиво захиалж авч уугаад бүжиглэж байхад бүжгийн талбай дээр нэг залуу янз бүр болоод бүжиглээд байхаар нь би тэр залууд хандаад “хөөе жоохон аятайхан бүжиглээч” гээд хэлсэн чинь тэр залуу буцаагаад намайг “чадахгүй, тэгээд чи яах юм бэ” гэж хэлсэн. Ингээд бид 2 салсан. Би тэр залууг бол огт танихгүй залуу байсан. Ингээд бид нар баар хаагаад баарнаас С-ыг аваад бүгдээрээ гараад ирэхэд бүжгийн талбай дээр янз бүр болоод бүжиглээд байсан залуу гадаа зогсч байсан. Тэгээд тэр залуу бид нартай хамт С-ынх руу явахаар болсон. Тэр залууг У.Г- гэдэг гэсэн бөгөөд С-тай хамт ажилладаг залуу гэж хэлсэн. Ингээд С-ын Парктаун дахь гэр лүү очихоор бид нар алхаж явахдаа С-, Н бид 3 “Хараа” зочид буудал руу ороод У.Г-, У-, У- 3 түрүүлээд явсан. Тэгээд салж явахдаа би С-ад “чи энэ залуутай хамт ажилладаг юм уу, наад залуутай чинь би танилцаж, хамт явмааргүй байна, чи энэ найзыгаа явуул эсхүл би өөрөө явуулъя” гэж хэлэхэд С- “бид 2 хамт ажилладаг юм, найз нь явуулчихъя” гэсэн утгатай юм хэлсэн. Ингээд бид 3 Хараа буудлаас гараад нөгөө хэдийнхээ араас очиход тэд нар бид нарыг хүлээгээд Залуучууд театрын хажуугын автовогзалын тэнд зогсч байсан юм. Тэгээд очингуутаа би яагаад ч юм У.Г-ийг хавсраад өшиглөчихсөн чинь У.Г- уначихсан юм. Тэгээд босож ирээд намайг цохьж аваад бид 2 хоорондоо харилцан зодолдсон юм. Тэгэхэд С-, Н нар бид нарыг салгасан юм. Тэгэхэд У.Г- найзыгаа дуудна гэж хэлээд утсаар ярьсан чинь нэг залуу хаанаас ч орилоод маш хурдан хүрээд ирсэн. Тэгэхэд У.Г- найзыгаа харангуутаа намайг ахиад цохиж авахаар нь би эргүүлж цохиод бид 2 хоорондоо зодолдсон. Ингээд зодолдохоо болиод С-ын гэрт бид нар орсон юм. Тэгээд ороход У.Г- толинд харснаа хамар хугарсан байна гэж хэлсэн. Тухайн үед У.Г-ийн хамраас нь бага зэргийн цус гарсан байсан. Тэгээд бид нар салаад маргааш нь би хот руу явчихсан юм гэх мэдүүлэг,
Хохирогч У.У.Г-ийн мөрдөн байцаалт болон шүүх хуралдаанд өгсөн:
...баарны гадна найз С-тай таарсан. С- нь эхнэр У-, эхнэрийнх нь найз Д- нарын хамт байсан. Бид 4 Парк таун хотхон орж Найз С-ын гэрт амрахаар болсон юм. Гэтэл үйлчилгээний төвийн ойролцоо С-ын найзууд болох 2 залуу байна. Цуг жаахан сууя гэж С- ярьсаны дагуу бид хэд очоод тэр хоёр залууг дагуулаад С-гийн гэрт очих гээд явсан юм. Замд би У-, Д- хоёртой урд алхаж байхад С- нөгөө хоёр залуутай хойно алхаж байсан. Тэгээд театрын ойролцоо ирээд ард явж байсан хүмүүс алга болчихоор нь У-гаар С- рүү залгуулахад Хараа буудлаас тамхи аваад очиж байна гэсэн. Эргээд харахад тэр 3 хориод метрийн зайд ирж яваа харагдсан. Ингээд би цаашаа хараад зогсож байтал араас нэг нь шууд барьж аваад хавсарч унагаасан. Тэгэхээр нь босч ирээд яаж байгаа юм бэ гэхэд “яадаг юм бэ, чи хэн юм бэ” гээд А.М- гэж залуу нь над руу дайраад байсан. Тэгсэн чинь Н- гээд залуу нь намайг тэврээд авсан. Тэгэхэд А.М- гэж залуу нь миний нүүр лүү 4-5 удаа цохьсон. Ингээд би хөдөлж чадахгүй болиоч гэхэд миний нүүр лүү 2-3 удаа өшиглөсөн. Түүний дараа миний баруун нүд тагларч, хамар шархираад амьсгалахад хэцүү болсон гэх мэдүүлэг /хх 9/,
Гэрч Д.У-ын мөрдөн байцаалтад өгсөн:
...2017 оны 8 дугаар сарын 29-ний өдөр би найз У-ын хамт Ди Ди бааранд орсон. Тэнд манай найз залуу ажилладаг юм. Тэгээд тараад гартал С-гийн найз У.Г-тэй үүдэнд таарсан. Тэгээд цуг С-гийн гэр лүү явсан. Бааранд А.М-, Н нартай таарсан. Тэгээд бөөнөөрөө явцгаасан юм. Д- У.Г- нартай театрын хажууд ирээд С-, А.М-, Н нарыг хүлээж байхад А.М- ирээд үгийн зөрүү байхгүй У.Г-ийг хавираад унагасан. Тэгээд Ч- босоод ирсэн чинь А.М- нь зодчихсон гэх мэдүүлэг /хх 13/,
Гэрч З.С-ын мөрдөн байцаалтад өгсөн:
...Ажил 2 цаг өнгөрч тараад би ажлаас У-, У- нарын хамт гарсан. Ард А.М-, Н нар тооцоо хийгээд үлдсэн. У.Г- түрүүлээд гараад явсан байсан. Гадаа гараа бүгд манайд очиж сууя гээд би У.Г-, Д-, У-, А.М-, Н нарын хамт явсан. Ингээд явж байхдаа А.М-, Н нарын хамт Комфорт зочид буудал руу тамхи авахаар орсон. У-, У.Г-, Д- 3 театр дээр түрүүлээд очсон байсан. Тэгээд бид 3 араас нь яваад очтол А.М- гэнэт У.Г-ийн араас хавирч унагасан. У.Г- босч ирээд тэр 2 зодолдсон гэх мэдүүлэг / хх 15/,
Гэрч Б.Давжжаргалын мөрдөн байцаалтад өгсөн:
...найз У-ын хамт түүний найз залуу С-ын ажилладаг Ди Ди баар луу орсон. Тэнд очоод У-, С-гийн найз Н бас нэг найзтайгаа явж байсан. Тэгээд бүгдээрээ цуг суусан. Бид нар сууж байхдаа хүний ганц нэг пиво уусан нэг их согтоогүй байсан. С-гийн ажил шөнө 2 цагийн үед хаагаад бид нар С-гийн гэр лүү явахаар болоод гарцгаасан. Гарахад С-гийн найз У.Г- бид нартай нийлсэн. Тэгээд бид нар С-гийн гэр лүү явж байгаад С-, *******, Н- нар тамхи авах гээд Комфорт зочид буудал руу орсон. У-, У.Г- бид 3 түрүүлээд театрын газаа зогсож байхад ******* хүрч ирээд У.Г-ийг араас нь хавсраад унагасан. Тэгээд У.Г- газраас босч ирээд зодолдоод унасан гэх мэдүүлэг / хх 17 /,
Гэрч Б.Нын мөрдөн байцаалтад өгсөн:
...Бар хаагаад 02 цагийн үед би С-, А.М-, У-, түүний найз, Ч- нартай хамт гадагшаа С-ын гэрт очих гээд явж байхад А.М- Ч-г ямар ч шалтгаангүй юу ч хэлэлгүй хавираад унагасан. Тэгээд би А.М-ээс яаж байгаа юм бэ чи гэхэд тэр хоёр бааранд маргалдаад өнгөрсөн талаараа ярьсан. А.М- тэрийгээ бодож явсаар байгаад Ч-г хавирч унагасан юм шиг байна лээ. Тэгээд тэр хоёр маргалдаад байхаар нь С- бид хоёр одоо боль гээд маргааныг зогсоогоод хоёр тийш нь болгосон. Тэгээд би Ч-г бариад за одоо болио хөгшөөн гээд зогсож байтал А.М- алхаж ирээд Ч-гийн нүүр лүү цохих шиг болсон. Цохиж байхыг нь тэнд байсан бүгд л харсан. Тэгсэн чинь Ч- чи яагаад найзыгаа барьж байгаад цохиулчихваа гээд орилоод байсан гэх мэдүүлэг / хх 19 /,
Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 889 дугаартай дүгнэлт:
“1.У.У.Г-ийн биед хамар ясны битүү хугарал, зөөлөн эдийн няцрал, баруун нүдний дотор салст, зовхины цус хуралттай гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд хатуу мохоо зүйлийн нэг бус удаагийн хүчин үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. 3. Шүүх эмнэлгийн ГЗТЖ-ын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийн түр хугацаанд сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4.Цаашид эрүүл мэнд, ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй.” гэжээ /хх 25/ зэрэг хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж үзлээ.
Шүүгдэгч А.А.М-ээс гэмт хэргийн улмаас учирсан хохирол болох 65.000 төгрөгийг гаргуулан хохирогч У.У.Г-т олгох нь зүйтэй байна.
Шүүгдэгч нь гэм буруугийн талаар маргаагүй бөгөөд шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн зэрэг нөхцөл байдлыг харгалзан түүнд торгох ялын доод хэмжээг оногдуулах нь зүйтэй гэж үзэв.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гарах зардалгүй болохыг дурдав.
Шүүгдэгч нь урьд ял шийтгэгдэж байгаагүй нь хавтаст хэргийн 40-р хуудсанд авагдсан ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсаар тогтоогдсон.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 5, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2-т тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч А.М-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч А.А.М-ийг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450 000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч А.А.М-эд оногдуулсан 450 000 төгрөгийн торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-т зааснаар А.А.М- нь торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.
5.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-т зааснаар шүүгдэгч А.А.М-ээс 65 000 /жаран таван мянга/ төгрөг гаргуулж хохирогч У.У.Г- -т олгосугай.
6.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гаргах зардалгүй болохыг дурдсугай.
7.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8.Шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А.А.М-эд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.БАТЖАРГАЛ