Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2015 оны 11 сарын 10 өдөр

Дугаар 221/МА2015/0505

 

Иргэн Ц.А, Д.Д, Э.Онарын

Нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай

 

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.М даргалж, шүүгч Э.Халиунбаяр, шүүгч Д.Батбаатар нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Н.Батзориг, нэхэмжлэгч Ц.А, Д.Д, нэхэмжлэгч нарын өмгөөлөгч Г.Н, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Өнарыг оролцуулан, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 551 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлоор иргэн Ц.А, Д.Д, Э.О нарын нэхэмжлэлтэй, Стандартчилал, хэмжил зүйн газрын даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч Д.Батбаатарын илтгэснээр хянан хэлэлцээд

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Ц.А, Д.Д, Э.О нар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Стандартчилал хэмжил зүйн газрын даргын 2015 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн Б/03 дугаар тушаалын Ц.А, Э.О нарт холбогдох хэсэг болон Стандартчилал хэмжил зүйн газрын даргын 2015 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн Б/13 дугаар тушаалын Д.Дт холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгож, ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулж, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөхийг даалгаж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Тус газар нь 2014 онд нийт 145 албан хаагчийн цалингийн санг Сангийн яам болон Засгийн газраас баталсан төсвийн хүрээнд үйл ажиллагаагаа явуулж ирсэн. Монгол Улсын 2015 оны Төсвийн тухай хууль, Засгийн газрын агентлагийн талаар авах зарим арга хэмжээний тухай Засгийн газрын 2014 оны 387 дугаар тогтоолоор газрыг нийт 123 албан хаагчидтай байхаар баталж, орон тооны цомхотголыг яам, агентлагийн түвшинд хийхийг Улсын Их хурлаас баталсан 2015 оны Төсвийн тухай хуулиар, түүнийг хэрэгжүүлэхээр Засгийн газрын хэмжээнд шийдвэрлэсэн.

... Ажлын үр дүн, гүйцэтгэл, туршлагын талаар - Э.О нь ажиллаж байх хугацаандаа ажлын байрны тодорхойлолтод заасан зорилго, зорилтоо хангалтгүй биелүүлдэг, ажлын байрны тодорхойлолтын шаардлагад хүрч ажиллаагүй, мэргэжилтэн Б.У ын 2014 оны жилийн эцсийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшинг үнэлэх илтгэх хуудаст заасан гүйцэтгэл, үр дүнг хуулж бичсэн, өөрөөр хэлбэл бусдын хийж гүйцэтгэсэн ажлыг өөрөө хийсэн гэж худал илтгэсэн.

... Стандартчиллын хөтөлбөрийн төлөвлөгөөний биелэлтийг дүгнэхэд Ц.А нь нийт 25 стандарт боловсруулж батлуулахаар төлөвлөснөөс 6 стандарт батлуулсан. Энэ нь үндсэн хийж гүйцэтгэвэл зохих төлөвлөгөөт ажлынхаа 20 хувийг хийсэн болохыг харуулна.

... Д.Дын өөрийнх хүсэлтийн дагуу ажлаас нь 2014 оны 01 дүгээр сард чөлөөлсөн. Төрийн алба мэргэшсэн, тогтвортой, чадварлаг, үнэнч, шударга, ашиг сонирхлын зөрчилгүй байхыг шаарддаг. Д.Д чөлөөлөгдөх өргөдөлдөө холбогдох материал хавсаргаагүйгээс гадна тухайн өргөдөлд дурдсан асуудал нь газарт чухал шаардлагатай сургалт биш байсан. ... Иймд нэхэмжлэгч талуудын шаардлагуудыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 551 дүгээр шийдвэрээр: Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3, 27.2.4-т тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч Ц.А, Э.О нарын гаргасан Стандартчилал, хэмжил зүйн газрын даргын 2015 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн Б/03 дугаар тушаалын Ц.А, Э.О нарт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, үлдэх нэхэмжлэлийн шаардлагыг ханган, Стандартчилал, хэмжил зүйн газрын даргын 2015 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн Б/13 дугаар тушаалын Д.Дт холбогдох хэсгийг хүчингүй болгож, нэхэмжлэгч Ц.А, Э.О, Д.Д нарыг өмнө эрхэлж байсан ажил, албан тушаалд томилохыг Стандартчилал, хэмжил зүйн газрын даргад даалгаж,

Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг баримтлан ажилгүй байсан 2015 оны 01 дүгээр сарын 10, 02 дугаар сарын 02-ны өдрөөс шүүхийн шийдвэр гарсан өдөр хүртэлх хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговор болох Ц.Ад 4.340.732 /дөрвөн сая гурван зуун дөчин мянган долоон зуун гучин хоёр/ төгрөгийг, Э.От 4.440.160 /дөрвөн сая дөрвөн зуун дөчин мянга нэг зуун жар/ төгрөгийг, Д.Дт 4.587.907 /дөрвөн сая таван зуун наян долоон мянга есөн зуун долоо/ төгрөгийг тус тус олгож, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөхийг Стандартчилал, хэмжил зүйн газарт даалгаж шийдвэрлэжээ.

 

Хариуцагч Стандартчилал, хэмжил зүйн газрын дарга давж заалдах гомдолдоо: 1. Хяналт шинжилгээ үнэлгээний албанд ажиллаж байсан ажилтнуудын 3 албан хаагч нь эрх зүйч мэргэжилтэй, мэргэжлийн хувьд давхардаж байсан бөгөөд үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшингийн үнэлгээ, ажлын ур чадвар, ажлын дадлага, туршлага, мэргэшсэн байдал зэргийг харьцуулж үзээд, эрх зүйч мэргэжилтэй албан хаагч Э.О-г, Стандартчилал, техникийн зохицуулалтын хэлтэст ижил мэргэжлийн буюу газрын тосны салбарын мэргэжилтэн 2 байснаас үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшингийн үнэлгээ, мэдлэг, ур чадвар, ажлын дадлага, туршлага, хэлтсийн стандартчиллын техникийн хорооны нарийн бичгийн дарга нарын ажлын гүйцэтгэл, Стандартчиллын хөтөлбөрийн төлөвлөгөөний биелэлт зэргийг харьцуулж үзээд Ц.Аийг чөлөөлөх саналыг ажлын хэсэг болон хариуцсан нэгжийн дарга нь гаргаснаар чөлөөлөх шийдвэр гарсан болох нь хэрэгт хавсаргасан нотлох баримтаар нотлогдоно.

2. Төрийн жинхэнэ албан хаагч өргөсөн тангарагтаа үнэнч, үнэн зөв мэдээлэл өгөхөөр хуулиар үүрэг хүлээсэн байдаг. Гэтэл Э.О нь 2014 оны үр дүнгийн гэрээг харьяалах үндсэн нэгжийн даргад илтгэхдээ биелэлтийн тайланд тавигдах шаардлагыг хангаагүй, тус албаны мэргэжилтэн Б.У ын 2014 оны жилийн эцсийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшинг үнэлэх илтгэх хуудаст заасан гүйцэтгэл, үр дүнг хуулж бичсэн, өөрөөр хэлбэл бусдын хийж гүйцэтгэсэн ажлыг өөрөө хийсэн гэж худал илтгэсэн, 2014 оны гэрээний 1.1.2, 3.1.2.6-д заасан ажил үүргийг тайлагнаагүй болох нь хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдоно

3. Д.Д нь өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ ирүүлснийг захиргаа хүлээн авч 2014 оны 1 дүгээр сард ажлаас чөлөөлсөн. Д.Дыг ажлаас чөлөөлснөөс хойш 2014 онд Хэмжих хэрэгслийн шалгалт, баталгаажуулалтын хэлтсийн Механикийн хэмжих хэрэгслийн баталгаажуулалтын лаборатори нь 7 албан хаагчтай байхаар тоо орлогын төлөвлөгөөг төлөвлөж ажилласан, 2014 оны сүүлээр ажил дүгнэхэд 6 албан хаагч, 1 сул орон тоотойгоор тоо орлогын төлөвлөгөөг 163,4 хувиар давуулан биелүүлсэн.

Иймд тухайн лабораторид ажиллах хүний нөөц хангалттай, одоо ажиллаж байгаа 6 орон тоогоор цаашид үйл ажиллагаа явуулах бүрэн боломжтой гэсэн саналыг ажлын хэсэг болон хариуцсан нэгжийн дарга нь гаргасныг дэмжиж, уг орон тоог цомхотгох шийдвэр гаргасан болох нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдоно.

Түүнчлэн Төрийн албаны тухай хуулиар Төрийн алба мэргэшсэн, тогтвортой байх зарчим баримталж, албан хаагч нь чадварлаг, үнэнч, шударга, ашиг сонирхлын зөрчилгүй байх үүрэг хүлээхээр заасан. Газрын зүгээс Д.Дыг хуульд заасан дээрх зарчим, үүргээ биелүүлээгүй гэж үзсэн. Учир нь тэрээр захиргаанд гаргасан өргөдөлдөө хэлний мэдлэгээ дээшлүүлэх, төрийн захиргааны эрх зүйч мэргэжлийг эзэмших болсон тул чөлөө олгоно уу гэсэн.

Тэрээр суралцах хүсэлтээр чөлөө авсан, өргөдөлд дурдсан асуудлаар суралцсан тухайгаа захиргаанд нотолж чадаагүй. Энэ нь түүний гаргасан өргөдөл, өргөдлийн дагуу ажлаас чөлөөлсөн тухай хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдоно.

Шүүхээс газрын даргын 2015 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн А/01 дүгээр тушаалаар Комисс байгуулах тухай шийдвэр гарсныг тогтоосон. Энэхүү тушаалаар байгуулагдсан ажлын хэсэг нь Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3-ыг баримтлан сонгон шалгаруулсан нь хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдох тул хуулийн дээрх заалтыг зөрчөөгүй болох нь нотлогдоно.

Шүүхээс бүтцийн өөрчлөлтөөр орон тоо хасагдаагүй байна гэж дүгнэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Газрын даргын 2015 оны Б/03 дугаар тушаалын хавсралтын Стандартчилал, техникийн зохицуулалтын хэлтсийн 14 албан хаагчийн нэрс, Газрын даргын 2015 оны Б/05 дугаар тушаалын хавсралтын Стандартчилал, техникийн зохицуулалтын газрын 13 албан хаагчийн нэрсээр орон тоо хасагдсан болох нь мөн нийт албан хаагчдын нэрсийг дээрх 2 тушаалын жагсаалтыг харьцуулснаар нотлогдоно.

Шүүхээс Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.4 дэх хэсэгт заасны дагуу албан хаагчдад тэтгэмж олгосон нь буруу гэж шийдвэрлэснийг үндэслэлгүй гэж үзэж байна. Хуулийн 27.2.4 дэх заалтад төрийн байгууллага татан буугдсан, өөрчлөн байгуулагдсан, эсхүл өөрөөс нь үл хамаарах шалтгаанаар албан тушаалын орон тоо нь хасагдсан тохиолдолд эсхүл 6 сарын цалинтай тэнцэх, хэмжээний нэг удаагийн тэтгэлэг тухайн байгууллагаас олгоно гэж заасны дагуу орон тооны цомхотголоор ажлаас чөлөөлөгдсөн албан хаагчдад тэтгэмж олгосон.

Шүүхээс Ц.А, Э.О нарын ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулах шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Учир нь Ц.А, Э.О нарыг 2015 оны 01 дүгээр сарын 10-ны өдрөөс үүрэгт ажлаас чөлөөлсөн ба 2015 оны 02 дугаар сараас 2015 оны 07 дугаар сарыг дуустал хугацаанд Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.4-т заасныг баримтлан албан тушаалын 6 сарын цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж олгосон байхад ажилгүй байсан хугацааны цалинг нэмж олгохоор заасныг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Мөн захиргаанд өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдөх хүсэлт гаргаж чөлөөтэй байсан Д.Дыг эгүүлэн томилоогүй, томилоогүй хугацаанаас хойш ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулж шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Д.Дыг ажилд томилох боломжгүй. Тодруулбал, бүтэц зохион байгуулалтаар орон тоо хасагдсан, цалингийн сан байхгүй байна.

Ажил олгогч сул орон тоо гарсан тохиолдолд томилох эрхтэй байхаар Төрийн албаны тухай хуульд заасан байхад ажил олгогч Д.Дыг ажилд нь томилоогүй учраас ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулна гэж шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Шүүх шийдвэртээ зөвхөн Хөдөлмөрийн тухай хууль, Төрийн албаны тухай хуулийг баримталж шийдвэрлэж байгаа нь өрөөсгөл талтай байна. Төсвийн байгууллага нь тухайн онд батлагдсан төсвөөс санхүүжиж үйл ажиллагаагаа явуулдаг. Төсөв орон тоо байсаар байхад ажилтнаа халаагүй, цалингийн сан, орон тоо хасагдсан учраас орон тооны цомхотголыг хийсэн гэдгийг хэрэг хэлэлцэх явцдаа нухацтай үнэлж дүгнэж үзсэнгүй. Монгол улсад мөрдөгдөж буй хуулиуд хүчин чадлынхаа хувьд ижил үйлчлэлтэй гэж үзэж байна.

Иймд хэргийг дахин хянан үзэж шүүхийн 2015 оны 551 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1-д заасан нотлох баримт цуглуулах үүргээ гүйцэтгээгүйн улмаас хэрэгт авагдсан баримтын хэмжээнд давж заалдах шатны шүүхээс гомдлын агуулгад дүгнэлт өгч, хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй байна.

 

Нэхэмжлэгч Ц.А, Э.О нараас Стандартчилал хэмжил зүйн газрын даргын 2015 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн Б/03, Д.Даас 2015 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн Б/13 дугаар тушаалын өөрсдөд холбогдох хэсгийг хүчингүй болгож, ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулж, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөхийг даалгуулах тухай нэхэмжлэлийг гаргажээ.

 

Улсын Их Хурлын Монгол Улсын 2015 оны төсвийн тухай хууль баталсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай 2014 оны 70 дугаар тогтоол, Засгийн газрын Төсвийг хэмнэлтийн горимд шилжүүлэх зарим арга хэмжээний тухай 2014 оны 147, Засгийн газрын агентлагийн талаар авах зарим арга хэмжээний тухай 2014 оны 387 дугаар тогтоолыг үндэслэн Монгол Улсын Шадар сайдын 2015 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 02 дугаар тушаалаар Стандартчилал, хэмжил зүйн газрын үйл ажиллагааны стратеги, зохион байгуулалтын өөрчлөлтийн хөтөлбөрийг шинэчлэн баталсантай холбогдуулж, тус газрын дарга бүтэц, зохион байгуулалтын өөрчлөлт хийж 2015 оны 01 дүгээр сарын Б/03 дугаар тушаалаар хэлтэс, албадыг татан буулгаж, тэдгээрийн албан тушаалтан нарыг үүрэгт ажлаас нь чөлөөлөхөөр, Б/05 дугаар тушаалаар албан хаагчдыг шинэ бүтцийн дагуу буцаан томилохын зэрэгцээ заримд нь тэтгэмж олгохоор шийдвэрлэжээ.

 

Ийнхүү шийдвэрлэхээс өмнө Стандартчилал, хэмжил зүйн газрын дарга 2015 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн А/01 дүгээр тушаалаар Засгийн газраас гаргасан бодлого, шийдвэрт нийцүүлэн чиг, үүргийн давхардал, хүнд суртлыг багасгах, иргэдэд үзүүлэх үйлчилгээг шуурхай, чанартай болгох зорилгоор агентлагийн үйл ажиллагааны бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөрийг шинэчлэн боловсруулах үүрэг бүхий... комисс байгуулан ажиллуулж, уг комиссоос тус газрын 8 албан хаагчдыг цомхотголд оруулах үндэслэл заасныг болон хариуцсан нэгжийн даргын саналыг харгалзан нэхэмжлэгч Ц.Аийг ажлын байрны давхардалтай, Э.О-г мэргэжлийн хувьд давхардсан, ажлын байранд тавигдах шаардлага хангахгүй гэх үндэслэлүүдээр тэтгэлэг олгох албан хаагчдын тоонд оруулж, 2015 оны Б/05 дугаар тушаалаар тэдгээрийг эгүүлэн томилолгүй, 6 сарын цалинтай тэнцэх хэмжээний тэтгэлэг олгохоор шийдвэрлэжээ.

 

Албан тушаалын орон тоо цөөрсөн тохиолдолд хариуцагч Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3-т ... хэрэв тухайн чиг үүргийг хэрэгжүүлэх албан тушаал /ажлын байр/-ын орон тоо цөөрсөн бол уг албан тушаалыг эрхэлж байсан албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэжлийн түвшингийн үнэлгээ, мэдлэг, ур чадвар, ажлын дадлага, туршлага зэргийг нь харгалзан тухайн албан тушаалд тавигдах ерөнхий болон тусгай шаардлагыг хамгийн илүү хангаж байгаа албан хаагчийг томилох эрх бүхий албан тушаалтан нь шалгаруулж авна гэж заасны дагуу шалгаруулалт явуулах ёстой бөгөөд 2015 оны А/01 дүгээр тушаалыг тухайн зорилгоор гаргасан гэж үзэхээр байна.

 

Харин хэрэгт авагдсан баримтуудаар тухайн комисс хуулийн дээрх шаардлагын дагуу шалгаруулалтыг явуулсан эсэх, шийдвэр гаргах эрх бүхий этгээд буюу хариуцагч албан тушаалтан тухайн комиссыг үйл ажиллагаа уг шаардлагыг хангасан эсэхийг хянаж нягталсны үндсэн дээр шийдвэрээ гаргасан эсэх нь тодорхойгүй байна.

 

Өөрөөр хэлбэл, Хэрэгт авагдсан комиссын цомхотголд орох албан хаагчдын нэрс, цомхотгох үндэслэлийг тусгасан хүснэгт, санал дүгнэлт, ажлын байрны тодорхойлолт, үр дүнгийн гэрээг дүгнэх хуудас зэрэг зөвхөн нэхэмжлэгч нартай холбоотой баримтуудын хүрээнд тухайн асуудлыг бүрэн тодорхойлох боломжгүй. Зүй нь нэхэмжлэгч нарынхаас гадна шалгаруулалт хийсэн бусад мэргэжилтнүүдийн мэдлэг, үйл ажиллагааны үр дүн, мэргэжлийн туршлагын үнэлгээ, мэдлэг, ур чадвар, ажлын дадлага туршлага зэргийг комисс хэрхэн харгалзсаныг тодруулах, үүний тулд тэдгээртэй холбоотой бүх баримтыг цуглуулах шаардлагатай. Тухайлбал,

 

1/ Хяналт шинжилгээ үнэлгээний алба болон Стандартчилал, техникийн зохицуулалтын хэлтэст ажиллаж байсан 9 мэргэжилтнүүдийг хэрхэн шалгаруулж тэдгээрээс Э.О, Ц.А нарыг буцаан томилохгүй байхаар шийдвэрлэснийг тодруулах,

2/ Хяналт шинжилгээ үнэлгээний алба, Стандартчилал, техникийн зохицуулалтын хэлтэст ажиллаж байсан мэргэжилтнүүдийн үйл ажиллагааны үр дүн, мэргэжлийн түвшингийн үнэлгээ, мэдлэг, ур чадвар, ажлын дадлага туршлага зэргийг нь үнэлсэнтэй холбоотой баримтууд,

3/ Ц.А, Э.О нарыг чөлөөлөх саналыг гаргасан гэх хариуцсан нэгжийн даргын тайлбар, шаардлагатай бол гэрчээр асуух зэрэг ажиллагааг зайлшгүй гүйцэтгэхээр байна.

 

Үүнээс гадна анхан шатны шүүх ажилд эгүүлэн тогтоох, олговор олгох нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэхдээ Стандартчилал, хэмжил зүйн газрын даргын 2015 оны Б/05 дугаар тушаал хүчинтэй байгаа, нэхэмжлэгч нар 6 сарын тэтгэлгийг хүлээн авсан байгаа зэрэгт дүгнэлт өгөх байжээ.

 

Нэхэмжлэгч Д.Дын тухайд тэрээр 2014 оны Б/09 дүгээр тушаалаар Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.3.2-т заасан буюу гурван сараас дээш хугацаагаар сургалтад бэлтгэгдэх болсон үндэслэлээр 2014 оны 01 дүгээр сарын 20-ны өдрөөс 1 жилийн хугацаагаар үүрэгт ажлаасаа чөлөөлөгдсөн, ингэснээр мөн хуулийн 23 дугаар зүйлийн 23.5-д зааснаар нөөцөд байгаад тооцогдож байсан бөгөөд маргаан бүхий актаар ийнхүү нөөцөд байгаад тооцогдсон албан тушаалтныг чөлөөлөхөөр шийдвэрлэсэнд болон тухайн тушаалыг хүчингүй болгосон нь Д.Дын ажилд нь эгүүлэн тогтоох, олговор гаргуулах, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэл болох эсэхэд дүгнэлт өгөх шаардлагатай.

 

Иймд Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.3 дахь хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтад болон хуульд үндэслэсэн байх шаардлагад нийцээгүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж үзлээ.

 

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.1, 88 дугаар зүйлийн 88.1.4, 88.3.4 дэх заалтыг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.  Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 551 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, мөн шүүхэд дахин хэлэлцүүлэхээр буцаасугай.

 

2.  Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч улсын тэмдэгтийн хураамж төлөөгүйг дурдсугай.

 

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

 

 

 

ШҮҮХ БҮРЭЛДЭХҮҮН:

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.М

 

ШҮҮГЧ Э.ХАЛИУНБАЯР

 

ШҮҮГЧ Д.БАТБААТАР