Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 01 сарын 22 өдөр

Дугаар 2019/ДШМ/007

 

Г.Т, О.У нарт холбогдох эрүүгийн хэргийн тухай

Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч М.Мөнхдаваа даргалж, шүүгч Г.Уламбаяр, Б.Болор-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор *******

Шүүгдэгчийн өмгөөлөгч *******

Шүүгдэгч О.У

Хохирогчийн өмгөөлөгч *******

Нарийн бичгийн дарга В.Ундрах-Оргил нарыг оролцуулан

Баянхонгор аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Батцэнгэл даргалж шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2018 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 2018/ШЗ/1017 дугаар шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор *******гийн бичсэн эсэргүүцлээр Г.Т, ******* нарт холбогдох эрүүгийн 1814000120339 дугаар хэргийг 2019 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр хүлээн авч, шүүгч Б.Болор-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

1. Монгол Улсын иргэн, Мөнгөө овогт О.У, эрэгтэй, яс үндэс халх, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ял шийтгэлгүй, улсаас авсан гавьяа шагналгүй, бие эрүүл, хэрэг хариуцах чадвартай,

2. Монгол Улсын иргэн, Сүмбэр овогт Г.Т, эрэгтэй, яс үндэс халх, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, улсаас авсан гавьяа шагналгүй, бие эрүүл, хэрэг хариуцах чадвартай,

О.У нь Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 2 дугаар багийн нутаг 31 дүгээр гудамжны зүүн талын шороон зам дээр 2017 оны 12 сарын 31-ний өдөр Аксент маркийн 20-67 ӨМҮ улсын дугаартай авто машин жолоодож замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.5 “ замын хөдөлгөөнд оролцогч нь бусдад аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд саад бэрхшээл, осолтой байдал бий болгохгүйгээр зорчино.” Мөн дүрмийн 7 дугаар бүлгийн 7.12-д заасан жолооч зүүн гар тийш буюу буцаж эргэхдээ өөдөөс чигээрээ яваа болон баруун гар тийш эргэх тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө гэсэн заалтыг зөрчсөний улмаас Мустанг маркийн мотоцикльтой мөргөлдөж зам тээврийн осол гаргасны улмаас зорчигч А.Мын эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан,

 Г.Т нь Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 2 дугаар багийн нутаг 31 дүгээр гудамжны зүүн талын шороон зам дээр 2017 оны 12 сарын 31-ний өдөр улсын дугааргүй Мустанг маркийн тээврийн хэрэгслийг согтуугаар, эрхийн үнэмлэхгүйгээр жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9 дүгээр бүлгийн 9.2 “ Жолооч хөдөлгөөнд аюул саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасч, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна, мөн 9.3е “ Хорооллын дотор цагт 20 км цагаас хэтрүүлэхгүй явна, мөн дүрмийн 2 дугаар бүлгийн 2.7а “Согтууруулах ундаа, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно.” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас Аксент маркийн 20-67 ӨМҮ улсын дугаартай авто машинтай мөргөлдөж зам тээврийн осол гаргасны улмаас зорчигч А.Мын эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан, мөн Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 2 дугаар багийн нутаг 31 дүгээр гудамжны зүүн талын шороон зам дээр 2017 оны 12 сарын 31-ний өдөр улсын дугааргүй Мустанг маркийн тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөний улмаас Аксент маркийн 20-67 ӨМҮ улсын дугаартай авто машинтай мөргөлдөж зам тээврийн осол гаргасны улмаас зорчигч А.Мын эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэгт Г.Т нь гэрчээр мэдүүлэг өгөхдөө мотоциклийг А.М барьж явсан гэж зориуд худал мэдүүлэг өгсөн гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Баянхонгор аймгийн Прокурорын газраас О.Ут Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.3-д зааснаар, Г.Тод Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.1, 2.2, 2.3, мөн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж яллах дүгнэлт үйлдэн, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтайгаар анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 2018/ШЗ/1017 тоот захирамжид:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4-д “ шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон эсэх. гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн эсэх лрокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн эсэх, хүлээлгэх эрүүгиин хариуцлагыг зөвшөөрсөн эсэх, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, нөхөн төлөхөө илэрхийлж хохирогчтой эвлэрсэн эсэх, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон эсэх” зэрэг нөхцөл байдлыг хангасан байх бөгөөд шүүх дээрх нөхцөл байдлыг хянаж хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол гэм буруутайд тооцно.

Мөн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 6-д “...эсхүл энэ зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлын аль нэг хангагдаагүй гэж үзэх үндэслэл байвал шүүх хэргийг прокурорт буцаах шийдвэр гаргана” гэж хуульчилсан байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.Тын өмгөөлөгч ******* нь Г.Тыг авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журмыг согтуурсан үедээ үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдсэнийг, мөн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1-д зааснаар “гэрч...мөрдөн шалгах ажиллагааны үед, шүүхэд үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж, баталгаа гаргасаны дараа зориуд худал мэдүүлэг өгсөн” гэж яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг хүлээн зөвшөөрөхгүй, эдгээр зүйлчлэлийг хэрэгсэхгүй болгох санал гаргаж байгаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4.1-4 6-д заасан нөхцөл байдлын аль нэг хангагдаагүй буюу гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн нөхцөл байдал хангагдаагүй байна гэж үзэх үндэслэл тогтоогдож байна гэж шүүх үзлээ.

Мөн уг хэрэгт хавтаст хэргийн 189 дүгээр талд байгаа Замын цагдаагиин шинжээчийн дүгнэлтийг дахин гаргах, өөрөөр хэлбэл хохирогч А Мыг замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн гэж буруутгаж байгааг зөвтгөж гаргах шаардлагатай бөгөөд дүгнэлт гаргасан шинжээчийн мэдүүлгээр Г.Тыг шууд буруутгах үндэслэлгүй юм.

Мөн Эрүүгийн хуулийн 1.3 дугаар зүйлийн 1-д заасан шударга ёсны зарчмыг баримталж уг хэрэгт хохирогч А.М зориуд худал мэдүүлэг өгсөн эсэх, мөн зөрчлийн хуулийн холбогдох заалтаар шийтгэл оногдуулах эсэхийг хэргийн хөөн хэлэлцэх хугацааг харгалзан шийдвэрлэх, шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.Т миний жолооны эрхийг хассан гэж мэдүүлж байгаа тул Зөрчлийн хэргийг хуулбарлан хэрэгт хавсаргах зэрэг ажиллагааг хийлгэх нь зүйтэй гэж шүүх үзэж. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 6-д заасан “...эсхүл энэ зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлын аль нэг хангагдаагүй гэж үзэх үндэслэл байвал шүүх хэргийг прокурорт буцаах шийдвэр гаргана" гэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1.2-д заасан “шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагаа хийлгэх” гэж заасныг тус тус үндэслэн хэргийг Баянхонгор аймгийн Прокурорын газарт буцаасугай гэжээ.

Прокурор ******* давж заалдах шатны шүүхэд гаргасан эсэргүүцэлдээ:

Шүүгчийн захирамж нь үндэслэлгүй буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4.1-4.6-д заасан заалтууд нь шүүгдэгчтэй холбоотой заалт бөгөөд шүүгдэгч Г.Т нь үйлдсэн гэмт хэргээ хүлээн зөвшөөрч хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргаж, прокуророос шүүгдэгчид хуульд заасан эрх үүргийг тайлбарлан ойлгуулж ял шийтгэлийг харилцан ярилцаж шүүхэд ял шийтгэлийн талаарх саналаа хүргүүлсэн. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.Т нь мөн үйлдсэн гэмт хэргээ хүлээн зөвшөөрч байгаа, ял шийтгэлийг зөвшөөрч байгаа талаар мэдүүлсэн тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд заасан нөхцөл байдлууд бүрэн тогтоогдсон гэж ойлгохоор байна.

Хэрэгт замын цагдаагийн тасгийн шинжээч дүгнэлт гаргасан бөгөөд уг дүгнэлтэд А.Мыг замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн талаар тусгагдсан. Уг хэрэг нь 2017 оны 12 сарын 31-ний өдөр гарсан бөгөөд тухайн үед мотоциклыг А.М жолоодож явсан гэж А.М болон Г.Т нар нь мэдүүлсэн тул цагдаагийн шинжээчийн дүгнэлтэд А.М тээврийн хэрэгсэл жолоодож яваад замын хөдөлгөөний дүрэм зөрчиж осол гарсан талаар дурдагдсан. Гэвч уг хэрэг гарах үед мотоциклийг А.М жолоодож яваагүй Г.Т нь жолоодож явсан болох нь 2018 оны 11 дүгээр сард тогтоогдож: энэ талаар ажиллагаа явуулж замын цагдаагийн шинжээчийн дүгнэлтэнд өөрчлөлт орох эсэх талаар асуухад шинжээч нь 2018 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр дүгнэлт гаргахдаа мустанг маркийн улсын дугаар бичиг баримтгүй мотоциклийг А.М жолоодож явсан гэж дүгнэлт гаргасан бөгөөд хавтас хэргийн материал болон хохирогч, гэрч нарын мэдүүлэгээр яллагдагч Г.Т нь мотоциклийг жолоодож явсан тодорхой болсон байна.

 Миний гаргасан 02 дугаартай дүгнэлтэнд ямар нэгэн өөрчлөлт орохгүй хавтас хэрэгт авагдсан нотлох баримтаар Г.Т нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж, мотоцикпь жолоодох эрхийн үнэмлэхгүй тээврийн хэрэгсэл жолоодсон байх тул миний гаргасан дүгнэлтээр А.Мыг буруутгах биш Г.Т нь замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн гэх үндэслэлтэй байна.

Миний гаргасан гэх дүгнэлтэд өөрчлөлт орохгүй, тухайн үед хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, осол, хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч зэргээр үндэслэж гаргасан учир дүгнэлтэнд өөрчлөлт гарахгүй зам тээврийн осолд мотоцикпийн жолооч, Аксент маркийн 20-67 ӨМҮ улсын дугаатай авто машины жолооч 2 уулаа буруутай гэж үзэх үндэслэлтэй. Дүгнэлтэд А.Мын нэр нь Г.Т гэж солигдохоос өөр өөрчлөлт орохгүй талаар мэдүүлсэн тул хэрэгт дахин дүгнэлт гаргуулах шаардлагагүй болно.

А.М нь гэмт хэргийн гомдол мэдээллийг шалгах явцад мотоциклийг унаж явсан талаар мэдүүлсэн бөгөөд гомдолд хэрэгт бүртгэлтийн хэрэг нээн А.Мыг хохирогчоор байцаах үед хэргийн талаар үнэн зөвөөр буюу мотоцикпийг Г.Т жолоодож явсан талаар мэдүүлсэн нь зөрчлийн тухай хууль болон эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг, зөрчлийн шинжгүй байна. Шүүгдэгч Г.Тын тээврийн хэрэгсэлийг жолоодох эрхийг хассан ямар нэг шийдвэр гараагүй болно. Г.Т нь улсын яллагчийн ялын саналд дурдагдсан зүйлгүйг шүүхийн хэлэлцүүлэгт хэлсэн болно.

Иймд Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж нь үндэслэлгүй байх тул Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 ддугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 1017 дугаартай захирамжийг хүчингүй болгуулахаар прокурорын эсэргүүцэл бичив гэжээ.

Өмгөөлөгч ******* давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдлоо дэмжиж хэргийг мөрдөн байцаалтад буцааж өгнө үү гэв.

Прокурор ******* шүүх хуралдааанд гаргасан эсэргүүцэлдээ: Давж заалдах шатны шүүхэд гаргасан эсэргүүцлээ дэмжиж байна гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Прокурор Э.Гантулгын давж заалдах шатны шүүхэд гаргасан эсэргүүцэлд үндэслэн хэргийг давж заалдах шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт тус тус заасан эрх хэмжээний хүрээнд прокурорын эсэргүүцэлд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянахад;

Баянхонгор аймгийн Прокурорын газраас О.Ут Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.3-д зааснаар, Г.Тод Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.1, 2.2, 2.3, мөн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж яллах дүгнэлт үйлдэн, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтайгаар анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хооронд нь харьцуулан шинжлэн судлахад Баянхонгор аймгийн Прокурорын газраас шүүгдэгч О.У, Г.Т нарыг авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэгт буруутгаж яллах дүгнэлт үйлдсэн мөртлөө Монгол улсын замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, замын хөдөлгөөний дүрмээр тогтоосон хэм хэмжээ, журмыг зөрчсөн гэм бурууг нотлох, нотлох баримт болох Баянхонгор аймаг дахь Цагдаагийн газрын замын цагдаагийн хэсгийн шинжээчийн 2018 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 02 дугаар дүгнэлтэд хохирогч А.Мыг буруутгасан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан шинжээчийн дүгнэлт эргэлзээтэй гэж үзэх үндэслэл болжээ.

Хохирогч А.Мыг тухайн зам тээврийн осолд буруутгасан Баянхонгор аймаг дахь Цагдаагийн газрын замын цагдаагийн хэсгийн шинжээчийн 2018 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 02 дугаар дүгнэлтийг тухайн шинжээчийн мэдүүлгээр тодруулан засахгүй, шинжээчийн дүгнэлт нь шүүхийн шинжилгээний тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-ийн 6.1.5-д зааснаар нотлох баримтын эх сурвалж болдог баримт бичиг болно.

Харин шинжээчийн дүгнэлт гарсны дараа хэргийн нөхцөл байдал өөрчлөгдөж А.М нь тухайн зам тээврийн осол гарахад хамааралгүй болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад тогтоогдсон бол Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар дахин шинжээч томилж зөвтгүүлэх байжээ.

 Иймд Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 1017 дугаар захирамжийг хэвээр үлдээж, прокурор Э.Гантулгын давж заалдах шатны шүүхэд гаргасан эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүхээс дүгнэв.

 Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.2

 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр

 зүйлийн 1.1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

 ТОГТООХ нь:

1. Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 1017 дугаар захирамжийг хэвээр үлдээж, прокурор *******гийн бичсэн 2018 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 23 дугаар эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Гомдол,эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол,эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ М.МӨНХДАВАА

                                ШҮҮГЧИД Г.УЛАМБАЯР

                                                            Б.БОЛОР-ЭРДЭНЭ