Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2017 оны 08 сарын 30 өдөр

Дугаар 2017/ШЦТ/145

 

                                                    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баасанбат даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар Нарийн бичгийн дарга Б.Соёлмаа, Улсын яллагч Э.Гантулга, Шүүгдэгч Б.******* нарыг оролцуулан Баянхонгор аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтайгаар ирүүлсэн Б.*******д холбогдох эрүүгийн 1714000410024 тоот хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн урьд ял шийтгэлгүй, ******* овогт ******* *******, /регистрийн дугаар *******/

Үйлдсэн хэргийн талаар:

Б.******* нь 2017 оны 07 дугаар сарын 13-ны өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 9-р багийн нутаг Түйн голын орчим иргэн *******тай маргалдан хувийн таарамжгүй харьцаа үүсгэн улмаар түүнийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь :

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Хохирогч *******ийг хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн: “2017 оны 07 сарын 13- ны өдөр 20:50 цагийн үед гол дээр усанд орох гээд очиход зүс таних *******, нар байсан. Эдгээр хүмүүс нь манай нэг төгсөлтийн залуучууд юмаа. Тэгээд нь намайг дуудаад утасаараа нэг яриулаач гээд очоод гар утсаараа яриулсан. Тэгээд би тэд нараас зайдуухан очоод усанд орж байсан чинь ******* ирээд хамт архи ууя, архи аваад өгчих гэхээр нь хөгшин чинь машин барьж яваа, мөнгөний боломж алга гэсэн чинь ******* “чиний архи уух уухгүй хамаагүй, надад архи аваад өг гээд миний зүүн талын чихрүү гараараа нэг удаа, баруун талын чихрүү 2 удаа алгадсан, мөн гараа атгаж байгаад толгойруу 4-5 удаа цохьсон. Тэгээд би “за боль” гэж хэлээд гарыг барьж авсан... Машин дотроос гарч ирээд салгасан. Тэгээд би эмнэлэг дээр ирээд үзүүлэхэд чихний хэнгэрэг хагарсан байна гэсэн...” гэх мэдүүлэг /хх-н 10-12/,

Шүүгдэгч Б.*******ын хэрэг бүртгэлт болон шүүх хуралдаанд шатанд өгсөн: “2017 оны 07 дугаар сарын 13-ны өдөр Түйн голын зах дээр найзтайгаа хамт байж байсан чинь Одонхуяг усанд орох гэж байгаад гээд машинтайгаа хүрээд ирсэн. Тэгээд бид нар наана нь сууж байгаад очоод уулзсан. Тэгээд бид нарын сууж байсан газарлуу дагуулж явж байгаад юм асуухаар дугарахгүй хэгжүүрхээд байхаар нь би гараараа түүний зүүн талын шанааруу нэг удаа алгадсан...” гэх мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Баянхонгор аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 07 сарын 17-ны өдрийн 321 дугаартай: *******ийн биед зүүн чихний хэнгэргэн хальсны цоорол гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Дээрх гэмтэл нь тухайн үедээ болон цаашид амь насанд аюулгүй болно. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонги нөлөөлөх эсэх нь гэмтлийн эдгэрэлт, эмчилгээний үр дүнгээс хамаарна. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой шинэ гэмтэл болно. /хх-ийн 17-18/ -гэмт хэргийн талаар гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 2/ -эд хөрөнгө битүүмжлэх ажиллагаа явуулах тухай прокурорын тогтоол, эд хөрөнгө битүүмжлэх тухай мөрдөгчийн санал, эд хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл /ххийн 4-7/ -Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 9 дүгээр багийн Засаг даргын тодорхойлолт /хх-ийн 32,

- Б.*******ын иргэний үнэмлэхийн хуулбар, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 33-34/ -гэмт хэргийн улмаас учирсан хохирлын тооцоо /хх-ийн 65/ -Хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай прокурорын тогтоол, шүүгдэгч Б.*******ын хүсэлт, шүүгдэгч, хохирогч нарын эвлэрлийн гэрээ /хх-ийн 29-31/ Дээрхи нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үед хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүгдэгч нарын гэм бурууг нотлоход хангалттай байна гэж үзэв. Шүүгдэгчийн тухайн гэмт хэргийг үйлдээгүй гэж үзэх үндэслэл, нотолгоогүй, мөн тус хэргийн нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх, шалгахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн гэж үзэх үндэслэл, нотолгоо тогтоогдоогүй байна. Шүүгдэгч нь хохирогч худал мэдүүлсэн эсхүл өөрийн гэмт хэрэг үйлдээгүйг нотлох шинэ нөхцөл байдал илэрсэн нь нотлох баримттай гэж үзвэл прокурорт хандах эрх нь нээлттэй юм. Дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, өөр хоорондоо зөрүүгүй, энэ хэрэгт хамааралтай байх бөгөөд Баянхонгор аймгийн прокурорын газраас Б.*******ын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн байна. Иймд шүүгдэгч Б.*******ын бусдын биед хөнгөн хохирол учруулсан үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож ял шийтгэл оногдуулах хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэв.

Шүүгдэгч Б.******* нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг төлсөн, бусдад төлөх төлбөргүй, уг гэмт хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй байна. Шүүх шүүгдэгч нарт ял шийтгэл оногдуулахдаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогчид учруулсан хохирлыг төлсөн, хоорондоо эвлэрч, хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэдгээ илэрхийлсэн зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцов.

Шүүгдэгч Б.******* нь согтууруулах ундаа хэрэглсэн, согтуурлын байдалд байхдаа бусдыг өдөж, хэрүүл маргаан үүсгэж тухайн гэмт хэргийг үйлдсэн байна. Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал болон Эрүүгийн хуульд заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдлуудыг харгалзан торгох ял оногдуулж, тухайн ялыг Эрүүгийн хуульд зааснаар тодорхой хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ. Шүүгдэгчийн эзэмшлийн зурагтыг битүүмжилсэн эд хөрөнгө битүүмжлэх ажиллгаа явуулах тухай прокурорын тогтоолыг тус тус хүчингүй болгох нь зүйтэй байна.

Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.2, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйлийн 5, 36.1 зүлийн 8 дахь хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

                                                                                                                                     ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ******* овогт ******* *******ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Шүүгдэгч Б..*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 250 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол биелүүлээгүй найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Шүүгдэгч Б.******* нь цагдан хоригдсон хоноггүй, гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй, хэрэгт хураагдсан эд мөрийн баримтгүй болохыг тус тус дурдсугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.*******ын эзэмшлийн зурагтыг битүүмжилснийг хүчингүй болгосугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Б.*******д хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ хэрэглэсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авсанаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.*******д хэрэглэсэн таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

                                                               ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.БААСАНБАТ