Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2017 оны 09 сарын 12 өдөр

Дугаар 2017/ШЦТ/234

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс: 166/2017/0242/Э

 

Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Гэрэлт-Од  даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Э. Шүрэнчимэг,

Улсын яллагч Н. Дуламсүрэн,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ө. Өлзиймаа,

Шүүгдэгч Б.С нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Н овогт Б.С холбогдох эрүүгийн 1718001000048 дугаартай хэргийг 2017 оны 9 дүгээр сарын 5-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, 1994 оны 01 дугаар сарын 10-ны өдөр ...  аймагт төрсөн, 23 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, Хонгор сум Зулзагын гол хүүхдийн зусланд тогооч ажилтай, ам бүл 4 эмээ, ээж, дүүгийн хамт амьдардаг,  ... аймгийн ... сум ... тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Н овогт Б.С,  Регистрийн дугаар ...

 

Холбогдсон хэргийн талаар:

 

Шүүгдэгч Б.С нь 2017 оны 08 дугаар сарын 01-ний өдөр сэтгэцэд нөлөөт бодис /делта 9 тетрагидроканнабинол/ агуулсан ургамлыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэн, хадгалж, 2017 оны 08 дугаар сарын 04-нөөс 05-нд шилжих шөнө Х. А, Ж. А нарт өгсөн / хориглосон сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан, бусдад өгсөн / гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

 

  1. Гэм буруугийн талаар

 

Шүүгдэгч Б. С нь 2017 оны 08 дугаар сарын 01-ний өдөр сэтгэцэд нөлөөт бодис /делта 9 тетрагидроканнабинол/ агуулсан ургамлыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэн, хадгалж 2017 оны 08 дугаар сарын 04-нөөс 05-нд шилжих шөнө Х. А, Ж.А нарт өгсөн /хориглосон сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан, бусдад өгсөн/, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 08 дугаар сарын 17-ны 7678 дугаартай Шинжээчийн “Шинжилгээнд ирүүлсэн “Шинжилгээнд ирүүлсэн “өвс татсан гэх Б.С заалгуулж авсан дээж” гэж хаягласан бор өнгийн цаасан дугтуйтай ногоон өнгийн ургамал мэт зүйлд делта 9 тетрагидроканнабинолын агууламж илэрсэн, Делта 9 тетрагидроканнабинол НҮБ-ийн сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенцийн жагсаалтанд багтдаг болно” гэх дүгнэлт /хх-ийн 11-р хуудас/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 08 дугаар сарын 17-ны 7676 дугаартай Шинжээчийн “Шинжилгээнд ирүүлсэн ХГҮ хураан авсан үл мэдэгдэх өвс гэж хаягласан том болон жижиг гялгар ууттай ногоон өнгийн ургамал мэт зүйл шинжилгээнд тэнцэнэ” гэх дүгнэлт /хх-ийн 14-15-р хуудас/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 08 дугаар сарын 17-ны  7677 дугаартай шинжээчийн “Шинжилгээнд ирүүлсэн Б.С биеэс дээж болгон авсан шээс гэж хаягласан 50 мл орчим шээсийг шилэн саванд хийн ирүүлсэн байсан ба шинжилгээнд тэнцэнэ, шинжилгээнд ирүүлсэн Б. С биеэс дээж болгон авсан шээс гэж хаягласан шээсэнд тетрагидроканнабинол / THC/-ын агууламж илэрсэн, Тетрагидроканнабинол НҮБ-ийн сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенцийн жагсаалтанд багтдаг болно” гэх дүгнэлт /хх-ийн 17-р хуудас/,

 

Гэрч А. А “..... ногоо арилгагч С, А, А, Х нар сонин дээр өвс хатаагад тавчихсан тэрнээсээ сонинд ороогоод татаад сууж байсан. “ гэх мэдүүлэг / хх-ийн 19-р хуудас /,

 

Гэрч Б.Н “.... ногоо арилгагч С, 2 бүлгийн багш Х, А, А нар сонинд нэг юм ороогоод татаад байсан.” .. гэх мэдүүлэг /хх-ийн 21-р хуудас/,

 

Гэрч Х. А “..... тэгээд С өвснөөсөө ороож өгөөд А бид 2 хувааж татсан. “гэх мэдүүлэг. /хх-ийн 27-р хуудас/,

 

Гэрч Ж. А “..... А  бид хоёр татсан бас С татсан. Ямар нэгэн шалтгаан байхгүй ээ зүгээр сонирхоод татсан юм. “ гэх мэдүүлэг /хх-ийн 31-р хуудас/,

Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 4-5-р хуудас /,

 

Хэргийн газрын гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 6-р хуудас /,

 

Хэв загвар дээж авсан тэмдэглэл /хх-ийн 9-р хуудас /,

 

 Шүүгдэгч Б.С ”........2017 оны 08 дугаар сарын 01-ны өдөр тэр мансууруулах үйлчилгээтэй ургамлыг түүж хатааж үзсэн гэхдээ яг мөн гэдгийн сайн мэдэхгүй. Тэгээд хатааж байгаад нэг удаа сонингийн цаасанд ороож байгаад татаж үзсэн. А, А хоёр л сонирхож сорсон Х огт татаагүй” гэх мэдүүлэг /хх-ийн 45-46р хуудас/ зэрэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

Иймд шүүгдэгч Б. С Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1-т “Хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан, бусдад өгсөн” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.

 

  1. Ял, эрүүгийн хариуцлагын талаар

 

Шүүгдэгч Б.С нь хөнгөн гэмт хэрэг үйлдсэн ба гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, түүний хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1-т заасан хорих ялыг оногдуулахгүйгээр тэнсэж шийдвэрлэв.

 

Шүүгдэгч Б.С нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг дурдаж, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн сонингийн цаас, сэтгэцэд нөлөөт бодис / делта 9 тетрагидроканнабинол / агуулсан ургамлыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахаар шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Б.С хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан, бусдад өгсөн, Эрүүгийн хуулийн тусгай  ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх  хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч Б.С хорих ял оногдуулахгүйгээр 1 жил, 6 сарын хугацаагаар тэнсэж, мөн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.5, 3.3-т зааснаар оршин суух газар, сургуулиа өөрчилж зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх, согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох  хязгаарлалт тогтоож, шүүхээс хүлээлгэсэн үүрэг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн бол прокурорын дүгнэлтийг үндэслэн уш шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулах болохыг сануулсугай.

 

3. Шүүгдэгч Б.С нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, энэ хэрэгт хураасан, битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн сонингийн цаас, сэтгэцэд нөлөөт бодис / делта 9 тетрагидроканнабинол / агуулсан ургамлыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.

 

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 5 дах хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-т зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.С авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэжлүүлсүгэй.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч,  өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                           Г.ГЭРЭЛТ-ОД