Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 09 сарын 28 өдөр

Дугаар 2018/ШЦТ/347

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хэргийн индекс: 166/2018/0322/Э

 

Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Я.Туул даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Нандинцэцэг,

Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор О.Доржмаа,

Шүүгдэгч Ж.П /өөрөө өөрийгөө өмгөөлөх хүсэлт гаргасан тул өмгөөлөгч оролцоогүй/ нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ж.П холбогдох эрүүгийн 1818006450380 дугаартай хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтэй ирүүлснийг 2018 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцлээ.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Ж.П өдөр төрсөн, эрэгтэй, 33 настай, бүрэн дунд боловсролтой, мужаан мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй.

Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүгдэгч Ж.П нь 2018 оны 08 дугаар сарын 13-наас 14-нд шилжих шөнө Дархан-Уул аймгийн  байх өөрийн гэртээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай Н.Б зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Ж.П нь 2018 оны 08 дугаар сарын 13-наас 14-нд шилжих шөнө Дархан-Уул аймгийн байх өөрийн гэртээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай ******ийг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:

-Шүүгдэгч Ж.П мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “…2018 оны 08 дугаар сарын 13-ны орой 20 цаг өнгөрч байхад ажлаа тараад найзтайгаа хашааныхаа гадаа 2 литрийн “Сэнгүүр” нэртэй пиво нэгийг хувааж уучхаад гэртээ ороод хоолоо халааж идчихээд унтах гээд хэвтсэн. Тэгтэл эхнэр “чамайг зөндөө хайлаа, архи уулаа” гэж уурлаад хэвтэж байхдаа хөлөөрөө өшиглөсөн чинь би орны урдуур унаж босоод хэвтэх гэхэд дахиад хөлөөрөө тийрээд унагаасан. Босоод орон дээрээ хүүхдийнхээ цаагуур ороод хэвтэж байтал эхнэрийн утас нь дуугараад хүнтэй хэрэлдээд байсан. Яриад дууссаны дараа утсанд нь мэссэж иртэл миний хөнжлөөс татаад “танай найзууд чинь намайг доромжлоод байна” гэхээр нь “хохь чинь, яах гэж өөрөө залгадаг юм” гээд хэлтэл гар утсаа шидсэн. Гар утас нь гарны хажууд унахад утсаа аваад дахиад шидтэл хамран дээр оноод шалбарч цус гарахаар нь “би яаж байгаа юм гээд хөлөөрөө цээж рүү нь өшиглөөд, үснээс нь барьж татаад цааш нь түлхэхэд орон дээр суусан. Тэгээд миний хөлөөс маажихаар нь босоод хацар уруу нь алгадаад, хоолойг нь гараараа боосон. Тэр үед Э ирээд намайг татаж холдуулсан. Тэгээд би нөгөө орон дээр сууж байтал ах уруугаа залгаад “намайг аллаа, ирж ав” гэж ярьчхаад намайг “архичин, манайх олуулаа шүү, чи яаж байгаа юм” гэхээр нь би очоод түлхэж унагаад дахиад хоолойг нь гараараа бооход Э дахиад намайг татаж холдуулсан.

...Би сард 300000-400000 төгрөгийн орлоготой. Торгох ялын мөнгийг  сард 150000 төгрөгөөр төлж барагдуулах саналтай байна.” гэх мэдүүлэг,

-Зөрчлийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хэргийн 6/,

-Хохирогч Н.Б мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2018 оны 08 дугаар сарын 13-ны орой 22 цаг өнгөрч байхад нөхөр орж ирээд унтсан. Миний утас дуугарахаар нь автал нэг эмэгтэй “*****ын эгч нь байна, танай нөхөр чинь манай дүүг уруу татаж архи уулаа” гээд загнаад байхаар нь би нөхрийнхөө хөнжлөөс татаад утсаа өгөхөд утсыг авалгүй “хохь чинь” гэж хэлэхээр нь “юу гэнээ, энэ хүн чинь намайг доромжлоод байна, хэлэх үг байна уу?” гэхэд дахиад “хохь чинь” гэхээр нь би гар утсаа шидтэл хажууд нь унасан. Тэгэхээр нь аваад дахиад шидтэл хамар дээр нь оноод шалбарч, бага зэргийн цус гарсан. Тэгтэл нөхөр П босч ирээд цээж рүү хөлөөрөө өшиглөөд, үснээс зулгааж, хоёр гараараа хоолой боосон. Тэгэхэд би ардаа орон дээр унасан Тэгтэл зүүн талын шанаа уруу гараараа нэг удаа цохиход Эрдэнэсувд ирээд татаж холдуулсан. Тэгэхээр нь би “чи яаж байгаа юм” гээд бостол “чамайг алсан ч яадаг юм” гээд дахиад миний хоолойг гараараа боосон. Э дахин цааш нь татаж надаас холдуулсан. Холдуулж байх үед миний үснээс татаж зулгаасан, мөн гар дал уруу гараараа цохисон юм. Тэгээд би ах нараа дуудаж, ах Б, Б хоёр ирж цагдаа дуудсан юм.

...одоо надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. ****** ходоодны шархтай, одоо бие нь өвдөөд байгаа гэсэн.” гэх мэдүүлэг /хэргийн 9/,

-Гэрч Т.Э мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би 2018 оны 08 сарын дундуур /хэдний өдрийг мэдэхгүй байна/ орой зурагт үзээд хэвтэж байтал 22 цаг өнгөрч байхад П ах гаднаас халамцуу орж ирээд өөрөө хоолоо халааж идчихээд эхнэр Б хажуугаар ороод хэвтсэн чинь Б уурлаад түлхээд унагаасан. П ах уучлаарай гээд босоод хүүхдээ үнсэх гэж байсан би зурагт уруу харж байтал П ах газар унасан /яагаад унасныг нь хараагүй/. П ах босоод өөр хөнжил хөдрөөд цаашаагаа хараад хэвтсэн. Тэгтэл Б утас дуугараад ярьсан. Нэг эмэгтэй хүн л утасны цаанаас орилоод байсан. Тэгэхэд Б “эрэгтэй хүмүүсийг яаж мэддэг юм, дагуулж явсан хүнтэй нь ярихгүй юу” гэж ярьж байснаа П хөнжлөөс татаад “энэ хүн чинь доромжлоод байна, ярь.” гэсэн. Тэгэхэд П“хохь чинь” гэж хэлээд тэр хоёр хэрэлдээд байсан. Гэнэт П ах “яаж байгаа юм” гээд босоод ирэхээр нь хартал хамрын дээд хэсэг нь шалбараад цус гарсан байсан. Тэгээд хэрэлдээд байсан нэг харсан чинь Б орон дээрээ хойшоогоо ойгоод суусан. П гараараа шанаа хацар орчимд нэг удаа алгадаж хойш унагаад хоолойг нь боохоор нь би очоод П ахыг боль гээд татаж холдуулсан. Тэгтэл Б өндийж ирээд гар утсаараа “намайг аллаа, ирж ав” гээд ярьсан. П босоод явахаар нь араас нь очтол Б дахиад орон дээр дээшээ хараад хэвтсэн. П ах дээрээс нь дарсан байдалтай байхаар нь фудволкноос нь татаад холдуулсан.

...удалгүй Б ах нар ирж “та нар нийлж дүү зодлоо” гээд цагдаа дуудсан.” гэх мэдүүлэг /хэргийн 11-12/,

-Гэрч Н.Б мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2018 оны 08 дугаар сарын 10 байх /хэдний өдрийг мэдэхгүй байна/ шөнө 00 цаг өнгөрч байхад дүү Б утсаар залгаад “ирээд ав” гэхээр нь би ах Б дагуулаад Б хадмынд очиход Б  урдаас хувцас, хүүхдээ аваад гарч ирсэн. Юу болсон талаар асуухад “П зодлоо” гэсэн. П араас нь гарч ирэхээр нь “яаж байгаа юм” гэхэд “чамд ямар хамаатай юм” гээд урдаас томроод хэл үгээр дайраад байхаар нь би цагдаа дуудсан юм. П архи үнэртэж байсан. Б хоолой улайчихсан, боосон юм шиг харагдаж байсан. Өөр ил шарх сорив харагдаагүй. гэх мэдүүлэг /хэргийн 14/,

-“…Н.Б биед тархи доргилт, хүзүү, хоолой, 2 талын шанаа, цээжний баруун өмнө хэсэг, дагзны хуйхны зөөлөн эдийн зулгаралт, цус хуралт тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн хүчин үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Уг гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаанд сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид эрүүл мэнд, ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй.” гэх 2018 оны 08 дугаар  сарын 14-ний өдрийн 860 дугаартай шинжээчийн дүгнэлт /хэргийн 19/,

-Аюулын зэргийн үнэлгээний маягт /хэргийн 34-37/,

-Нөхөр бид 2 эвлэрсэн тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү:  гэх хүсэлт /хэргийн 60/,

-Хохирогч, яллагдагч нараас гаргасан баталгаа /хэргийн 65/ болон хавтаст хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар тогтоогдож байх ба шүүгдэгч нь үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлж, хэргийн зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаагүй байна.

Шүүгдэгч Ж.П, хохирогч Н.Б нар нь Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-т заасан тус хуулийн үйлчлэлд хамаарах этгээд мөн болох нь шүүгдэгч, хохирогч нарын мэдүүлгээр тогтоогдож байх тул шүүгдэгч Ж.П үйлдлийг зүйлчилсэн хуулийн зүйл, хэсэг зөв байна.

Шүүгдэгч Ж.П үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1-т хамаарч байх тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж, шүүгдэгч Ж.П Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хуралдааныг явуулж, прокурорын санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн хэмжээний хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй.

Гэмт хэргийн хохирогч Н.Б биед “тархи доргилт, хүзүү, хоолой, 2 талын шанаа, цээжний баруун өмнө хэсэг, дагзны хуйхны зөөлөн эдийн зулгаралт, цус хуралт” бүхий гэмтэл учирсан бөгөөд хохирогч Н.Б нь “...одоо надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй.” гэх мэдүүлэг /хэргийн 9/ өгсөн байх тул шийтгэх тогтоол гарах үед шүүгдэгчээс гаргуулах төлбөргүй байна гэж үзлээ.

2. Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар:

Шүүгдэгч Ж.П нь 2018 оны 08 дугаар сарын 13-наас 14-нд шилжих шөнө Дархан-Уул аймгийн Дархан сумын 15 дугаар баг Мангиртын 4 дүгээр хэсгийн 79 тоотод байх өөрийн гэртээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай Н.Б зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т заасан гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан болон бусад бичгийн баримтуудаар нотлогдож байх тул шүүгдэгч Ж.П гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна гэж шүүх үзлээ.

Эрүүгийн хариуцлага нь эрүүгийн хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрддэг ба шүүгдэгч Ж.П нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай этгээд байна.

Шүүгдэгч нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй байгаа зэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөлд байдалд харгалзан үзлээ.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул шүүгдэгч Ж.П Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, прокурорын саналыг харгалзан, 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600000 төгрөгөөр торгох ял оногдуулахаар шийдвэрлэв.

Энэ хэрэгт шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаад

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5, 36.1, 36.2, 36.3, 36.5, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч Ж.П гэр бүлийн хамаарал бүхий этгээдийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар шүүгдэгч Ж.П 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5.3 дугаар зүйлийн 5, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.6-д зааснаар торгуулийн ялын 600000 төгрөгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлж барагдуулахыг шүүгдэгч Ж.П үүрэг болгож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоног хорих ялаар тооцож солихыг шүүгдэгч Ж.П анхааруулсугай.

4.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.4, 1.7, 1.8, 1.9-т зааснаар шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-т зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ж.П урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                  Я.ТУУЛ