| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лхамжавын Мөнхцэцэг |
| Хэргийн индекс | 151/2017/01255/И |
| Дугаар | 30 |
| Огноо | 2018-01-11 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2018 оны 01 сарын 11 өдөр
Дугаар 30
Төв аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Л.Мөнхцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 8 дугаар хороо, Амарын гудамж, Төрийн тусгай хамгаалалтын газар /УБД:9070003123/, /РД:9081534/-ын нэхэмжлэлтэй
Хариуцагч: Төв аймаг, Борнуур сум, 3 дугаар баг, Бичигт багт байрлах “Борнуур” ХХК /УБД:1410001008/, /РД:2032112/-нд холбогдох үйлчилгээ авсны төлбөр 544 240 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Ариунаа, хариуцагчийн төлөөлөгч М.Цэрэнчулуун, нарийн бичгийн дарга Э.Уртнасан нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Төрийн тусгай хамгаалалтын газар нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Их тэнгэр цогцолборыг шилжүүлэх тухай Засгийн газрын 2002 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн 106 дугаар тогтоолоор тус цогцолборыг Төр, засгийн үйлчилгээ, аж ахуйг эрхлэх газраас Төрийн тусгай хамгаалалтын газрын мэдэлд бүхэлд нь балансаас балансад шилжүүлсэн. Их тэнгэр цогцолбор нь ийнхүү шилжиж ирэхдээ өмнөх харилцагч нараас авах авлагын хамт шилжиж ирсний дотор “Борнуур” ХХК үйлчилгээ авсны төлбөр 544,240 төгрөгийн өртэй байгаад өнөөдрийг хүртэл төлөөгүй болно. Иймд “Борнуур” ХХК-иас үйлчилгээ авсны төлбөр 544,240 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Ариунаа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Их тэнгэр цогцолборыг шилжүүлэх тухай Засгийн газрын 2002 оны 106 дугаар тогтоолоор тус цогцолборыг Төр, засгийн үйлчилгээ, аж ахуйг эрхлэх газраас Төрийн тусгай хамгаалалтын газрын мэдэлд бүхэлд нь балансаас балансад шилжүүлсэн. Их тэнгэр цогцолбор нь ийнхүү шилжиж ирэхдээ өмнөх харилцагч нараас авах авалгын хамт шилжиж ирсний дотор “Борнуур” ХХК үйлчилгээ авсны төлбөр 544.240 /таван зуун дөчин дөрвөн мянга хоёр зуун дөч/ төгрөгийн өртэй байгаад өнөөдрийг хүртэл төлөөгүй болно. Иймд манай байгууллагыг хуулийн дагуу хохиролгүй болгож өгнө үү” гэв.
Хариуцагчийн төлөөлөгч М.Цэрэнчулуун шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Борнуур” ХХК олон захирал олон эзэмшигчийн гар дамжсан байгууллага, Анх 1992 онд хувьчлагдан гарахдаа төрийн 58%-ийн мэдэлтэй төрийн өмч давамгайлсан компани байгуулсан. 1996 онд “Борнуур” ХХК компани 2 дахь арилжааны зах зээлийн арилжаагаар төр менежментийн хувьчлалаар тараасан байгаа юм. 2005 онд Банк хадгаламж зээлийн төлбөр барагдуулах газраас Баян-Өндөр сантай холбогдуулан бүх бичиг, баримт тамга, тэмдэг хөрөнгийг битүүмжилсэн. Буцаж бичиг баримтууд ирээгүй мөрдөн байцаалтын шатанд үрэгдэж алга болсон. Тийм учраас ямар ч нотох баримт байхгүй байна, хөөн хэлэлцэх хугацаа дууссан байгаа тул төлөх боломжгүй” гэв.
Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг болон зохигчдын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргийг тал бүрээс нь бүрэн дүүрэн шинжлэн судлахад дараах нөхцөл байдал тогтоогдлоо.
Нэхэмжлэгч Төрийн тусгай хамгаалалтын газар нь хариуцагч “Борнуур” ХХК-иас үйлчилгээ авсны төлбөр 544 240 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргажээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч “Их тэнгэр цогцолбор нь шилжиж ирэхдээ өмнөх харилцагч нараас авах авалгын хамт шилжиж ирсний дотор “Борнуур” ХХК үйлчилгээ авсны төлбөр 544.240 /таван зуун дөчин дөрвөн мянга хоёр зуун дөч/ төгрөгийн өртэй байсан. Энэ өр 2002 онд шилжиж ирэхэд байсан өр тэгэхээр 1998-1999 онд үүссэн байж магадгүй юм. Юуны төлбөр нь тодорхойгүй, ямарч байсан үйлчилгээний төлбөр гэж тусгагдсан байсан. Манайхан зарим нь төмсний өр гэж яриад байдаг. Иймд Борнуур ХХК-аас уг өрийг төлүүлж өгнө үү.” гэж
Хариуцагч “Борнуур ХК маань нилээн олон жил нилээн олон захирал солигдож явж ирсэн. Манай компани ийм өртэй гэж би анх удаа сонсож байна. Би 2015 онд захирлаар томилогдсон. 2005 онд Банк хадгаламж зээлийн хоршооны төлбөр барагдуулах албанаас Баян-Өндөр компаний асуудалтай холбогдуулж манай компанийн хамаг бичиг баримт, тамга тэмдгийг хурааж авсан. Тэгээд буцааж өгөхдөө санхүүгийн бичиг баримт эргүүлж өгөөгүй, үүнийгээ цагдаагийн байгууллага үрэгдэж алга болсон гэж тайлбарладаг юм байна лээ. Энэ төлбөр гээд байгаа зүйл аль 2002 оноос өмнөх асуудал юм шиг байна тэгэхээр хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж үзэж байна. Юуны төлбөр нь мэдэгдэхгүй, манайхаас гаргаж өгөх нотлох баримт байхгүй. Манайх ХХК биш анхнаасаа л ХК байсан. Гэрчилгээн дээр ч ХК-аар байгаа. ” гэж тус тус тайлбарлаж байна.
Хэрэгт авагдсан бичгийн баримтаас үзэхэд нэхэмжлэгч талын шүүхэд гаргаж ирүүлсэн хавтаст хэргийн 2-4 дүгээр хуудсанд “ТТХГ-ын харьяа ТЗҮ-ны Их тэнгэр цогцолбор 2002 оны 4 дүгээр улирлын тайлан тэнцэл” гэсэн нэр бүхий баримтын “Авлагын эхний үлдэгдэл, Данс:ИТЦ-33500-төлбөртэй үйлчилгээний авлага” гэх 2-р хуудасны дээрээсээ 14 дүгээр мөрөнд 2002/12/31, 3015, Борнуур ХХК, 544 240.00 гэсэн бичилт байна.
Үүнээс үзэхэд дээрхи 544 240.00 төгрөгийн авлага гэсэн нь юуны төлбөр болох нь тодорхойгүй, нэхэмжлэгчийн төлөөлөгч энэхүү шаардлагаа ямар үйлчилгээний төлбөр болохыг нотолж тайлбарлаагүй бөгөөд уг өр төлбөр хэзээ үүссэн болон энэ талаархи санхүүгийн баримтыг шүүхэд ирүүлээгүй болно. Хэргийн зохигчид нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй бөгөөд энэхүү үүргээ нэхэмжлэг тал хэрэгжүүлээгүй болно.
Мөн энэхүү төлбөр үүссэн огноо тодорхойгүй бөгөөд Их тэнгэр цогцолборыг Төрийн тусгай хамгаалалтын газрын мэдэлд Засгийн газрын 2002 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн 106 дугаар тогтоолоор шилжүүлсэн цаг үеэс тооцоход шүүхэд нэхэмжлэл гаргах хүртэл хугацаанд 16 жил өнгөрсөн байна.
Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.1-д “Хуульд өөрөөр заагаагүй бол хөөн хэлэлцэх ерөнхий хугацаа арван жил байна” гэж заасан тул дээрхи шаардлагыг гаргах хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж үзэх үндэслэлтэй байна.
Энэхүү нэхэмжлэлд дурдсан үйлчилгээний төлбөр гэх шаардлагыг нотлох бичгийн нотлох баримтыг нэхэмжлэгч, хариуцагч аль ч тал гаргаж ирүүлээгүй нэхэмжлэлийн шаардлага нь ямар харилцаанаас үүссэнийг тодорхойлох боломжгүй байх тул хөөн хэлэлцэх хугацааг ерөнхий хугацаагаар тооцох нь зүйтэй гэж үзсэн болно.
Иймд Төрийн тусгай хамгаалалтын газрын “Борнуур” ХК-аас 544 240.00 төгрөг гаргуулах шаардлагатай нэхэмжлэлийг хөөн хэлэлцэх хугацаа дууссан байх тул бүхэлд нь хэрэгсэхгүй болгох хууль зүйн үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.1-д зааснаар Төрийн тусгай хамгаалалтын газрын нэхэмжлэлтэй “Борнуур” ХК-аас 544 240.00 төгрөг гаргуулах тухай шаардлагатай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2.Нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар энэ шийдвэрийг танилцуулан сонсгож 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон тал шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй бөгөөд энэхүү үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг дурьдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Төв аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Л.МӨНХЦЭЦЭГ