| Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Доржийн Батцэнгэл |
| Хэргийн индекс | 162/2017/0157/Э |
| Дугаар | 2017/ШЦТ/154 |
| Огноо | 2017-09-12 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Д.Цогжавхлан |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2017 оны 09 сарын 12 өдөр
Дугаар 2017/ШЦТ/154
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Батцэнгэл даргалж, Нарийн бичгийн дарга: Б.Оюунтөгс, Улсын яллагч:Д.Цогжавхлан, Шүүгдэгч: С.*******, түүний өмгөөлөгч Т.Пүрэвдаваа нарыг оролцуулан тус шүүхийн хурлын танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* холбогдох эрүүгийн ******* тоот хэргийг 2017 оны 08 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт
Шүүгдэгч, Монгол улсын иргэн, ******* овгийн*******
Үйлдсэн хэргийн талаар
Шүүгдэгч С.******* нь 2017 оны 06 дугаар сарын 21-ний өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэр 12 дугаар 2 тоотод архидан согтуурсан үедээ өөрийн эхнэр *******ийн эрх чөлөөнд нь халдан эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ./Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Яллах талын нотлох баримт:
Шүүгдэгч С.*******ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ... 2017 оны 06 дугаар сарын 20-ны орой Галуут сумын ч билүү хэн ч билээ нэг залуутай тааралдсан, тэр намайг дунд зах руу дөхүүлээд өгөөч гэж гуйсан бөгөөд надад хоол, архи авч өгсөн, архийг уучихаад өглөө үүрээр хамаатны эгч гийнд очсон. Тэгээд эхнэр тамхины мөнгө өгөөч гэж гуйхад эхнэр уурлан чиний олж байгаа гэж юу байсан юм бэ надад 4000 төгрөг байна гээд уурлаад бид хэрэлдсэн, ингээд маргалдаж муудалцаж байхдаа түүний баруун талын нүдний орчимд 1 удаа мөргөсөн, бас үснээс нь зулгаасан байсан, Би юу болсон талаар сайн санахгүй байгаа юм. Эхнэр уйлаад гарч явсан, эхнэрийнхээ хойноос би гарч явсан боловч манай эхнэр байцаагчид хэлнэ гээд явсан. Эхнэрийгээ ямар ч байсан зодсон байсан, Эхнэрийн маань баруун талын нүдний дээд доод зовхи хөхөрсөн хавдсан байсан гэх мэдүүлэг./ххийн 10-11/, Шүүгдэгч С.******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Өөрийн эсрэг мэдүүлэг өгөхгүй гэсэн тул мэдүүлэг аваагүй.
Хохирогч *******ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: 2017 оны 06 дугаар сарын 21-ний өдөр манай нөхөр намайг зодсон, зодох болсон шалтгаан нь гэвэл өчигдөр орой бэр эгч гийнхээс гарч явсан бөгөөд шөнөжин ирэхгүй алга болчихсон, ийш тийшээ явлаа гэж хэлээгүй бөгөөд нэг хүнтэй утсаар яриад гараад явсан. Тэр хүнийхээ нэрийг Жав ах гээд байсан санагдана. 2017 оны 06 сарын 21-ний өглөө ганцаараа эгчийнд орж ирсэн ба тэрээр архи уучихсан согтуу байдалтай байсан, тэгснээ надаас тамхины мөнгө өг гэхээр нь би тамхи авахаа түр хүлээж бай, надад 4000 төгрөг л байна, мөнгөтэй болохоороо тамхи авч өгье гэсэн. Тэгсэн чинь уурлан “чи яахаараа дандаа ингэж байдаг юм бэ, чи 4000 төгрөгөө өгчихөж болно шүү дээ” гэж хэлээд миний 2 хацар луу нэг, нэг удаа алгадаад толгойтой үснээс гараараа татаж ороож байгаад миний дух болон баруун талын хөмсөг тус газар мөргөсөн гэх мэдүүлэг /хх-ийн 06-07/,
Гэрч мөрдөн байцаалтын шатанд өгсөн. 2017 оны 06 дугаар арын 21-ний өглөө 07 цаг өнгөрч байхад С.******* архи уусан халамцуу байдалтай ирсэн бөгөөд намайг гал тогооныхоо өрөөнд байж байхад ******* архинаасаа аяганд хийгээд ууж байхаар нь би архийг нь аваад хаяна гэж хэлээд авч гараад хажуу айлынхаа цонхон дээр тавиулсан. Тэгээд эхнэр Оюунгэрэлтэйгээ хэрэлдэж эхэлсэн, тэр эхнэрийгээ “ эгчээ энэ хүүхэн миний хөгшин ээжид цай чанаад өг гэхэд цай чанаж өгдөггүй” гээд байсан, Би эмнэлэгт очиж бариа хийлгээд 09 цагт гэртээ ирсэн, харин сая танай байгууллагаас дуудахаар нь ирэхэд Оюунгэрэлийн баруун нүд нь хавдсан байсан. Тэр надад ******* намайг зодсон гэж хэлсэн гэх мэдүүлэг /хх- ийн 08-09/,
Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2017 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 290 тоот дүгнэлт: “1. *******ийн биед баруун нүдний дээд доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчиллээр үүсгэгдэнэ. 3. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой шинэ гэмтэл байна. Уг гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн “хөнгөн” зэрэгт хамаарна. 4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонги нөлөөлөхгүй” гэх дүгнэлт /хх-ийн 29-30/ зэрэг нотлох баримтыг шинжлэн судалсан болно. Цагаатгах талын нотлох баримт: 2017 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн 24 дугаар Прокурорын тогтоол /хх-ийн 12/, Эд хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл /хх-ийн 13-14/, шүүгдэгч С.*******ын иргэний үнэмлэхийн хуулбар /хх-ийн 37/, урьд ял шалгах хуудас /хх-ийн 38/, Баянхонгор аймгийн Хүрээмарал сумын 4 дүгээр багийн засаг даргын 2017 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 30 дугаар албан бичиг,
Хохирогч *******ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү. Миний бие одоо зүгээр, нөхөр ******* гомдолгүй гэх мэдүүлэг. /хх-ийн 18-20/,
Гэрч мөрдөн байцаалтын шатанд өгсөн. Би С.*******той 1-8 дугаар ангидаа хамт суралцаж байсан. Түүнийг 1985 оноос танина. Бага байхдаа нэг ангид хамт суралцаж байсан. Тэрээр сургуульд байхдаа сайн ч биш муу ч биш дундыг баримталсан хүүхэд байсан. Тэрээр одоо 4 хүүхдийн эцэг Баянхонгор аймгийн Хүрээмарал суманд хувиараа хөдөлмөр эрхэлдэг. ...С.******* хамт олны дунд нэр хүндтэй, эелдэг төлөв даруу зантай, аливаа ажил сэтгэлээсээ ханддаг, шударга, үг дуу цөөтэй. Гэр бүл, найз нөхдийн дунд биеэ зөв авч явдаг. Архи, дарс хааяа нэг хэрэглэдаг ба асуудал гаргадаггүй гэх мэдүүлэг. /хх-ийн 22- 23/,
Гэрч мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ... С.******* хамт олны дунд нэр хүндтэй, эелдэг, төлөв даруу аливаа асуудал сэтгэлээсээ хаддаг, шударга, үг дуу цөөтэй. Гэр бүл найз нөхдийн дунд биеэ зөв авч явдаг. Архи, дарс хааяа нэг хэрэглэдаг ба асуудал гаргадаггүй гэх мэдүүлэг. /хх-ийн 24- 25/ зэрэг яллах болон цагаатгах талын нотлох баримтыг шинжлэн судлав.
Дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд зааснаар нотолбол зохих байдлыг нотолсон байна гэж үзэв. Мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч нь “нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй” талаар бичгээр илэрхийлсэн байдлыг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо. Шүүгдэгч С.*******ын эзэмшлийн “иж планета”-5 маркын мотоциклийг битүүмжилсэн 2017 оны 08 сарын 07-ны өдрийн прокурорын тогтоолыг хүчингүй болгож, дээрх “иж планета”-5 маркын мотоциклийг эзэмшигч ******* шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц буцаан олгож шийдвэрлэх нь зүйтэй байна. Уг хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч С.******* нь уг хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдав. Шүүгдэгч ******* хэрэглэсэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгож шийдвэрлэв. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2,36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Шүүгдэгч ******* овгийн ******* *******ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч ******* овгийн ******* *******ыг дөрвөн зуун жаран / 460 цаг / цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч ******* Эрүүгийн хуулийн тусгай анийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан дөрвөн зуун жаран / 460 цаг / цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял дээр 2017 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 125 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар оногдуулсан хоёр зуун дөчин / 240 цаг / цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг нэмж, шүүгдэгч С.*******ын нийт эдлэх ялыг долоон зуун / 700 цаг / цагийн хугацаагаар тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4-д зааснаар долоон зуун / 700 цаг / цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийн ажлыг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Уг хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч С.******* нь энэ хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1, 36.8 дугаар зүйлийн 1.8-т зааснаар шүүгдэгч С.*******ын эзэмшлийн “иж планета”-5 маркын мотоциклийг битүүмжилсэн 2017 оны 08 сарын 07-ны өдрийн прокурорын тогтоолыг хүчингүй болгож, дээрх “иж планета”-5 маркын мотоциклийг эзэмшигч ******* шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц буцаан олгосугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-д зааснаар шүүгдэгч ******* урьд хэрэглэсэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 2-д зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээдэд тогтоолыг гардуулан өгч, шүүхийн шийдвэрийг авах тухай хүсэлт гаргасан бусад оролцогчид шүүхийн шийдвэрийг үйлдсэнээс хойш 7 хоногийн дотор шүүхэд ирж гардаж авахыг мэдэгдсүгэй.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардаж авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар шүүхийн захиргаан ажилтан хүлээн авах хүнд биечлэн гардуулж, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэй болохыг дурдсугай.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-д зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч ******* хэрэглэсэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.БАТЦЭНГЭЛ