Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 11 сарын 29 өдөр

Дугаар 2440

 

 

 

 

 

 

 

 

 

 

Д.Пгийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунунгалаг даргалж, шүүгч Д.Байгалмаа, Т.Туяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийж,

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 182/ШШ2017/01912 дугаар шийдвэртэй, Д.Пгийн нэхэмжлэлтэй, хариуцагч ҮАГт холбогдох, ажилгүй байсан хугацааны олговорт 14 588 899 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Т.Туяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Д.П нь Завхан аймгийн аудиторын тушаалаар 2013 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 01 тоот тушаалаар ажлаас хууль бусаар чөлөөлсөн. Энэ тушаалд гомдол гаргаж Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2015 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 249 тоот шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2015 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн 412 дугаар магадлал, Улсын Дээд шүүхийн хяналтын шатны Захиргааны хэргийн шүүх хуралдааны 2015 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 302 дугаар тогтоол зэргээр ажилд нь эгүүлэн тогтоосон. Гэтэл ҮАГ шүүхийн шийдвэрийг биелүүлж ажилд эгүүлэн аваагүй учир анхан шатны шүүхийн шийдвэр гарсан 2015 оны 05 дугаар сарын 04-ний өдрөөс 2017 оны 05 дугаар сарын 19-ний өдөр хүртэл ажилгүй байлгасан хугацааны олговорт 14 588 899 төгрөгийг ҮАГаас гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлд дурдсан үйл баримтын талаар Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2015 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 249 тоот шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2015 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн 412 дугаар магадлал, Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны Захиргааны хэргийн шүүх хуралдааны 2015 оны 11 дугаар сарын 02-ны өдрийн 302 дугаар тогтоол зэргээр захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулсан байх бөгөөд хүчин төгөлдөр захиргааны хэргийн эцсийн шатны шүүхийн шийдвэр байгаа. Иймд нэхэмжлэгч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.1, 65.1.6-д заасныг зөрчиж тус шүүхэд дахин нэхэмжлэл гаргасан байгааг нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах үндэслэлтэй гэж үзэж байна гэжээ.

 

Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч ҮАГаас ажилгүй байсан хугацааны олговорт 14 588 899 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Д.Пгийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,  Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 4.1.15, 44 дүгээр зүйлийн 44.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Д.П улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх тул түүний төлсөн 230 894 төгрөгийг улсын төсвөөс буцаан олгож шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо:

Хариуцагч нь шүүхийн шийдвэрийг биелүүлэхгүй нэхэмжлэгчийн хөдөлмөрлөх эрхийг ноцтой зөрчиж байна. Шүүхийн шийдвэрт “...хөдөлмөрийн маргаан таслах комисс анх дутам хянан шийдвэрлэнэ” гэсэн атлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115, 116 дугаар зүйлд заасныг удирдлага болгон хэргийг шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй. Өөрөөр хэлбэл, үндэслэх хэсэгтээ шүүхээс гадуур урьдчилан шийдвэрлэх журам зөрчсөн, түүнийг хэрэглэх боломжтой талаар дурдаж байгаа бол Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65, 117 дугаар зүйлд заасныг хэрэглэх нь хуульд нийцэх юм.

Нөгөө талаар нэхэмжлэгч нь 2014 оны 12 дугаар сарын 09, 2017 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр хүүхэд төрүүлсэн тул Хөдөлмөрийн тухай хуулийн 104, 106 дугаар зүйлд зааснаар амаржсаны болон хүүхэд асрах чөлөөтэй хүндэтгэн үзэх шалтгаантай байсан гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй. Цалин хөлстэй холбоотой хөөн хэлэлцэх хугацааг Улсын Дээд шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн тогтоол гарсан өдрөөс тооцох нь хуульд нийцэхгүй ба 2017 оны 02 дугаар сарын 09-ны өдрийн Улсын ерөнхий аудиторт хандсан бигийн хариу гарах хугацаанаас тооцох нь хуульд нийцнэ. Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэргийн оролцогчийн эрхийг хангах талаар хийвэл зохих ажиллагааг бүрэн гүйцэтгэсэн боловч маргааны зүйлд хамаарах хуулийн заалтыг зөв тайлбарлан хэрэглээгүйн улмаас шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасантай нийцээгүй байна.

 

Нэхэмжлэгч Д.П нь хариуцагч ҮАГт холбогдуулан ажилгүй байсан хугацааны буюу анхан шатны шүүхийн шийдвэрээр ажилдаа эгүүлэн тогтоогдсон өдөр буюу 2015 оны 05 дугаар сарын 04-ний өдрөөс 2017 оны 05 дугаар сарын 19-ний өдрийг хүртэл хугацааны цалинтай тэнцэх олговорт 14 588 899 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг, хариуцагч эс зөвшөөрч уг хэргийг шийдвэрлэсэн эцсийн шатны шийдвэр хүчин төгөлдөр байгаа тул шүүх нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах үндэслэлтэй байсан гэж маргажээ.

 

Хэрэгт авагдсан Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2015 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 249 дугаар шийдвэрээр нэхэмжлэгч Д.Пг Завхан аймгийн Аудитын газрын шинжээчийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан 1 жил, 1 сар, 17 хоногийн дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг ҮАГаас гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэснийг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 412 дугаартай магадлал, Улсын дээд шүүхийн хяналтын шатны Захиргааны хэргийн шүүх хуралдааны 302 дугаартай тогтоолоор хянан хэлэлцээд шийдвэрийн дээрх хэсгийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна. /хх 3-7, 8-12, 13-17/

 

Шүүх, нэхэмжлэгч Д.Пг эрх бүхий байгууллагад хуульд заасан хугацааны дотор гомдлоо гаргаагүй, хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн гэж дүгнэлтээ Хөдөлмөрийн тухай хуулийн 126 дугаар зүйлийн 126.1, 127 дугаар зүйлийн 127.1, 129 дүгээр зүйлийн 129.1 дэх хэсэгт заасантай холбон тайлбарлаж түүний гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон нь буруу.

 

Хэрэгт Улсын Ерөнхий аудиторын 2017 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн “Д.Пг, Хөвсгөл аймгийн аудитын газрын шинжээчийн албан тушаалд томилсон тухай” Б/15 дугаартай тушаалын хуулбар авагдсан, үүнийг нэхэмжлэгч 2017 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр хүлээж авсан, тухайн үед жирэмсэн эхийн хяналтад байгаа тул өөр орон нутагт ажиллах боломжгүйг мэдэгдсэн, хариу ирэхийг хүлээсээр 2017 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр хүүхэд төрүүлсэн гэх тайлбарыг хариуцагч тал үгүйсгэж маргаагүй байна. /хх 54/

 

Иймд хариуцагч байгууллага нь нэхэмжлэгч Д.Пг Завхан аймгийн Аудитын газрын шинжээчийн албан тушаал болон түүнтэй дүйцэх ажилд эгүүлэн тогтоосон шүүхийн шийдвэрийг биелүүлсэн гэж үзэхгүй бөгөөд хариуцагчийн тайлбарласнаар тухайн хэрэг эцэслэн шийдвэрлэгдсэн, хүчин төгөлдөр шийдвэртэй гэх үндэслэл нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.6-д заасан зохицуулалтад хамаарахгүй юм.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт “энэ хуулийн 36.1.2-т заасны дагуу ажилтныг ажил албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговрыг олгоно” гэсэн зохицуулалтаас үзвэл нэхэмжлэгч уг олговрыг шаардах эрхтэй тул нэхэмжлэлийн шаардлагыг шүүх хангах нь зүйтэй.  

 

Хууль зүйн дээрх үндэслэлээр давж заалдах гомдлыг хүлээн авч, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагч ҮАГаас ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 14 588 899 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Д.Пд олгож шийдвэрлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 182/ШШ2017/01912 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

1 дэх заалтыг “Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Үндэсний аутидын газраас ажилгүй байсан хугацааны олговорт 14 588 899 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Д.Пд олгосугай” гэж өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөхийг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах, уг үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талуудад магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

            ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                         Ж.ОЮУНТУНГАЛАГ

                                                           

            ШҮҮГЧИД                                                       Д.БАЙГАЛМАА

 

                                                                                    Т.ТУЯА