Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2015 оны 12 сарын 03 өдөр

Дугаар 221/МА2015/0554

 

 

2015 оны 12 сарын 03 өдөр   Дугаар 221/МА2015/0554

 

 

М.Е ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

 

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Мөнхжаргал даргалж, шүүгч О.Номуулин, шүүгч Э.Зоригтбаатар нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга П.Дэлгэр, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Я.С, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Л нарыг оролцуулан хийж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 652 дугаар шийдвэрт нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлын дагуу М.Е ийн нэхэмжлэлтэй, ОБЕГ-ын даргад холбогдох захиргааны хэргийг, шүүгч Э.Зоригтбаатарын илтгэснээр хянан хэлэлцээд

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...ОБЕГ-ын даргын 2015 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн Сахилгын шийтгэл ногдуулах тухай Б/239 тоот тушаалыг хүчингүй болгож, М.Е  намайг урьд эрхэлж байсан Баян-Өлгий аймгийн ОБХ-ийн Аврах, гал унтраах 31 дүгээр ангийн аврагч, гал сөнөөгч-ийн ажилд эгүүлэн тогтоох, 2015 оны 03 дугаар сарын 27-ноос эхлэн ажилгүй байсан хугацааны үндсэн цалинг ажил олгогчоос гаргуулж өгнө үү. гэжээ.

Хариуцагч ОБЕГ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: ...М.Е ийг Онцгой байдлын асуудал эрхэлсэн байгууллагын Төрийн тусгай албан хаагчийн албан тушаалд Төрийн албаны тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.5 "Төрийн албаны болон төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээ, төрийн байгууллагын соёл, дэг журмыг сахиж, төрийн байгууллага, албан хаагчийн нэр хүндийг эрхэмлэн дээдлэх" үүргээ биелүүлэн ажиллаж чадахгүй гэж үзэн Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1.3.-д заасны дагуу сахилгын шийтгэл ногдуулсан гэжээ.

Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 652 дугаар шийдвэрээр: Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1.3-т зааснаар ОБЕГ-ын даргын 2015 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн Сахилгын шийтгэл ногдуулах тухай Б/239 дүгээр тушаалыг хууль бус болохыг тогтоолгон хүчингүй болгож, урьд эрхэлж байсан Баян-Өлгий аймгийн ОБХ-ийн Аврах, гал унтраах 31 дүгээр ангийн аврагч, гал сөнөөгчийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах М.Е ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

 

 

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч давж заалдах гомдолдоо: ...Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт "...Баян-Өлгий аймгийн Үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагуудын дунд жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг "Марш тактик"-ийн аварга шалгаруулах тэмцээнд оролцогчдод үндсэн ажлын зэрэгцээ, тусгай чиг үүрэг гүйцэтгэдэг мэргэшсэн албан хаагчийн хувьд байгууллагаас зохион байгуулж байгаа уралдааны тэмцээнд оролцох, бэлтгэл хангах үүрэгтэйн дээр энэ бэлтгэл сургуулилтийг ажлын цагт шилжүүлэн зохион байгуулсан ажил олгогчийн шийдвэрийг буруутгах үндэслэлгүй байна. Учир нь нэхэмжлэгч Онцгой байдлын мэргэшсэн албан хаагчийн чиг үүргээ хэрэгжүүлэхдээ "Онцгой байдлын асуудал эрхэлсэн байгууллагын дотоод албаны дүрэм"-ийн гуравдугаар бүлгийн 10.1, 10.2-т заасан хэсгийг зөрчсөн байна" гэжээ.

 

Энэхүү дүгнэлт үндэслэлгүй болох нь тус аймгийн ОБХ-ээс  бусад хууль хүчний байгууллагатай хамтран "Марш-тактик"-ийн тэмцээнийг хэзээ, хаана, ямар бүрэлдэхүүнтэй явуулах талаар албан ёсны шийдвэр гараагүй, ажил олгогчоос М.Е ийг ажлаас халсан тушаалдаа Монгол улсын Шадар сайдын 2014 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 21 дүгээр тушаалын 1 дүгээр хавсралтаар батлагдсан "Онцгой байдлын асуудал эрхэлсэн байгууллагын дотоод албаны дүрэм"-ийн гуравдугаар бүлгийн 10-ийн 1-т заасан "Монгол Улсын үндэсний аюулгүй байдлыг хангах, эх орон, ард түмэн төр засгийн эрх ашгийг эрхэмлэн дээдлэх, өргөсөн тангарагтаа үнэнч байх, захирах, захирагдахыг ёсыг сахин биелүүлэх, 10.2-т заасан "Үүргээ ... сахилга зохион байгуулалттай, үнэнч шударга биелүүлэх үүрэгтэй" гэсэн заалтыг зөрчсөн тухай огт дурдагдаагүй байна. Аймгийн ОБХ-ээс  2015.02.13-ны өдөр буюу тухайн ажлын өдөр "Марш-тактик"-ийн тэмцээний бэлтгэл хангах ажлыг зохион байгуулахаар болсныг нотлож чадаагүй юм.

 

2. Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт " ...М.Е  Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1-т заасан "Захирах, захирагдах ёс", 4.3.3-т заасан " Ард түмэнд үйлчлэх", зарчмыг тууштай баримтлахын зэрэгцээ, мөн хуулийн 13 дугаар зүйлд заасныг зөрчиж, ... ажилд орохоос өмнө удаа дараа захиргааны зөрчилд холбогдож байсныг зөвтгөх аргагүй бөгөөд ОБЕГ-ын даргын тухайн ажилтныг ажилд томилох, чөлөөлөх бүрэн эрхийн хүрээнд сахилгын шийтгэл ногдуулсныг хууль бус гэж үзэх боломжгүй байна" гэжээ. М.Е ийн гаргасан гэх зөрчил нь ажлын бус цагаар, урт амралтын хугацаанд энгийн хувцастай- гэртээ амарч байгаа үед гарсан гэж үзэж байна. М.Е  нь албан үүргээ гүйцэтгэж байхдаа болон ажлын байранд согтууруулах ундаа хэрэглэх, бүдүүлэг зан авир гаргаагүй юм. өөрөөр хэлбэл ажилтан М.Е  нь албан үүргээ гүйцэтгэж байхдаа болон албаны байранд согтууруулах ундаа огт хэрэглээгүй юм. Энэ нь хавтаст хэрэгт авагдсан харуул томилолтын тухай бичигт 2015.02.13-ны 08 цагаас 02.14-ний 08 цаг хүртэл албан ажилдаа үүрэг гүйцэтгэж байсны дотор М.Е ийн нэр байхгүй байгаагаар нотлогдож байна. Түүнчлэн М.Е  нь уг үүрэгт ажилд орохоос өмнө гаргасан зөрчлийн асуудал нь түүнийг ажлаас халах үндэслэл болохгүй гэдэг нь хэнд ч тодорхой асуудал юм.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт " ...М.Е ийн гаргасан зөрчлийн талаар Баян-Өлгий аймгийн Онцгой байдлын газраас нотлох баримт гаргуулах, шалгах, тодруулах зайлшгүй цаг хугацаа шаардсан ажлын шалтгаанаар мөн хуулийн зүйл заалтын ...зөрчил гарснаас хойш 6 сараас илүүгүй хугацаа өнгөрсөн бол сахилгын шийтгэл ногдуулж болохгүй" гэсэнтэй бүрэн нийцэж байгаа гэсэн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд өгсөн тайлбар үндэслэлтэй байна" гэжээ. М.Е ийн гаргасан гэх зөрчил нь 2015 оны 02 дугаар сарын 13-ны өдөр болсон гэх ба харин ажил олгогч нь 2015 оны 03 дугаар сарын 27-ны өдөр "М.Е эд сахилгын шийтгэл ногдуулсан" Б\239 дүгээр тушаал гаргасан нь Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4-т " Сахилгын зөрчил илрүүлснээс хойш 1 сарын хугацаа өнгөрсөн бол сахилгын шийтгэл ногдуулж болохгүй", Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.2-т "Сахилгын зөрчлийг гаргаснаас хойшхи зургаан сар, илрүүлснээс хойш нэг сарын дотор сахилгын шийтгэл ногдуулна", Монгол улсын Шадар сайдын 2014 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 21 дүгээр тушаалын 2 дугаар хавсралтаар батлагдсан "Онцгой байдлын асуудал эрхэлсэн байгууллагын албан хаагчийн сахилгын дүрэм"-ийн Гуравдугаар бүлгийн 14-д "Сахилгын зөрчил илрүүлснээс хойш 1 сар, зөрчил гарснаас хойш 6 сараас илүү хугацаа өнгөрсөн бол сахилгын шийтгэл ногдуулж болохгүй" гэж заасныг тус тус ноцтой зөрчиж байгаа тул маргаан бүхий тушаал нь хууль зүйн үндэслэл муутай гэж үзэж байна. Баян-Өлгий аймгийн ОБХ-ээс  М.Е эд сахилгын шийтгэл ногдуулах тухай санал, холбогдох бичгийн материалуудыг 2015 оны 02 дугаар сарын 19-ны өдөр № 19\29 тоотоор ОБЕГ-ын захиргаа, удирдлагын газрын дарга, онцгой байдлын хурандаа Л.Болдбаатарт хүргүүлсэн байдаг юм. Гэтэл хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралд тайлбарласан Баян-Өлгий аймгийн Онцгой байдлын газраас нотлох баримт гаргуулах, шалгах, тодруулах зайлшгүй цаг хугацаа шаардсан ажлын шалтгаанаар гэх асуудал нь нотлох баримтаар тогтоогдохгүй байгаа юм. Иймээс анхан шатны шүүх хууль заагдаагүй үндэслэлээр сахилгын зөрчлийг илрүүлснээс хойш 1 сарын дотор өнгөрсөн бол сахилгын шийтгэл ногдуулж болохгүй гэсэн асуудлыг мушгин тайлбарлаж шүүхийн шийдвэрийн үндэслэл болгож байгааг зөвшөөрөхгүй юм. 4. Хариуцагчийн шүүхэд гаргасан тайлбарт " .. зүй зохисгүй харьцаа олон нийтийн газарт гаргасан ..." гэжээ. Гэтэл М.Е  нь ямар ч зүй зохисгүй харьцаа олон нийтийн газарт гаргаагүй учраас энэхүү тайлбар нь огт үндэслэлгүй юм.

 

5. Хариуцагчаас шүүхэд гаргасан тайлбарт ... М.Е ийн хувьд хөлний гэмтэл нь албан үүрэг гүйцэтгэж, байнгын бэлэн байдлын дадлага сургууль хийх боломжгүй " гэж дурджээ. Энэ нь бодит байдалтай огт нийцэхгүй байна. Учир нь М.Е  нь 2014 оны 08 дугаар сард ахуйн осолд орж урьд зүүн хөлний шагайны үеийн шөрмөс, зөөлөн эдийн гэмтэл авсан боловч нэг хэсэг эмчлүүлж байгаад одоо бүрэн эдгэрсэн юм. Ер нь М.Е  нь тухайн албыг эрүүл мэндийн хувьд эрхэлсэн ажилдаа тэнцэхгүй байгаа буюу тухайн албыг хаших боломжгүй тухай эрх бүхий байгууллагын албан ёсны дүгнэлт гараагүй юм. Энэ нь Баян-Өлгий аймгийн Нэгдсэн эмнэлгийн 2015.07.30-ны өдрийн 340 дүгээр албан тоот болон Мэс заслын тасгийн гэмтлийн эмч Б.Алибекийн бичсэн өвчтөн М.Е ийн картаар тус тус нотлогдож байна.

 

6. Хариуцагчаас шүүхэд гаргасан тайлбарт "... Нэгдсэн эмнэлгийн хуурамч карт ... зэргээр тогтоогдож байна" гэж дурджээ. Энэ асуудлыг нарийвчлан тайлбарлавал М.Е  нь 2014 оны 08 дугаар сарын 31-ны өдөр мориноос унаж биедээ бага зэргийн гэмтэл авсан ба 2014 оны 09 дүгээр сарын 01-ны өдөр Баян-Өлгий аймгийн Нэгдсэн эмнэлгийн Мэс заслын тасгийн гэмтлийн эмч Б.Алибекэд биеийг үзүүлж эмч эм бичээд өгсөн. Гэтэл М.Е  нь эм уусан боловч бие нь сайн эдгэрээгүй болохоор 2014 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр Баян-Өлгий аймагт үйл ажиллагаа явуулдаг хувийн хэвшлийн "Нурлы" хүн эмнэлэгт шинжилгээ өгөхөд сөрөг үзүүлэлттэй гарчээ. Ингээд. 2014 оны 11 дүгээр сарын 27- наас 2014 оны 11 дүгээр сарын 28-ныг хүртэл Баян-Өлгий аймгийн Сансар эмнэлэгт 10 хоног хэвтэж эмчлүүлсэн юм. Эмчлүүлсэний дараа 2015 оны 02 дугаар сард марш тактикийн гүйлтэнд оролцьё гэхэд хөл нь болохгүй болохоор ОБХ-ийн эмч Н.Досжанд энэ асуудлыг танилцуулж, улмаар гэмтлийн эмч Б.Алибекийн бичсэн карт, хар зураг зэрэг бичиг баримтуудыг өгсөн боловч тус байгууллагын эмч Н. Досжан нь хэлтсийн дарга, хурандаа Ц.Баттулгад "М.Е  нь хуурамч материал, карт бүрдүүлсэн" гэж худал мэдээлэл өгчээ. Ажил олгогч эмч Н.Досжаны өгсөн худал мэдээлэлд хууртагдаж, асуудлыг нарийвчлан хянаж үзэхгүйгээр М.Е ийг хуурамч бичиг баримт бүрдүүлсэн гэж түүнийг ажлаас халах нэг үндэслэл болгож байгаа нь үндэслэлгүй юм. Ажил олгогч М.Е ийг Эрүүл мэндийн сайдын 2013 оны 450 дугаар тушаалыг зөрчиж Нэгдсэн эмнэлгийн эмчээр хуурамчаар эмнэлгийн магадлагаа бүрдүүлсэн гэсэн асуудал үндэслэлгүй болохыг Баян-Өлгий аймгийн нэгдсэн эмнэлгийн Мэс заслын тасгийн их эмч Б.Алибек, аймгийн ОБГазрын эмч Н.Досжан нарын шүүхэд өгсөн гэрчийн мэдүүлэг, М.Е ийн өвчний түүх, өвчний карт зэргээр бүрэн няцаагдаж байгаа юм.

 

7. Монгол улсын Шадар сайдын 2014 оны 04 дүгээр сарын 14-ны өдрийн 21 дүгээр тушаалын 2 дугаар хавсралтаар батлагдсан "Онцгой байдлын асуудал эрхэлсэн байгууллагын албан хаагчийн сахилгын дүрэм"-ийн Гуравдугаар бүлгийн 4-д Албан хаагчид дор дурдсан сахилгын шийтгэл ногдуулна өөрөөр хэлбэл "4.1. сануулах, 4.2 сарын үндсэн цалинг 3 сар хүртэл хугацаагаар 30 хүртэл хувиар бууруулах, 4.3. албан тушаалдаа дүүрэн тэнцэхгүй байгааг сануулах, 4. албан тушаалын цолыг 12 сар хүртэл хугацаагаар нэг шатаар бууруулах, 4.5. албан тушаал бууруулан томилох. 4.6 төрийн албанаас нэг жилийн хугацаанд эргэж орох эрхгүйгээр халах тухай тус тус заасан байна. Гэтэл ажил олгогч нь ажилтан М.Е эд сахилгын шийтгэл ногдуулахдаа хэдийгээр дээр дурдсан 6 төрлийн сахилгын шийтгэлийн арга хэмжээг авах эрхтэй боловч хамгийн хүнд хэлбэр болох ажлаар халах сахилгын шийтгэл ногдуулж байгаа нь Монгол улсын Шадар сайдын 2014 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 21 дүгээр тушаалын 2 дугаар хавсралтаар батлагдсан "Онцгой байдлын асуудал эрхэлсэн байгууллагын албан хаагчийн сахилгын дүрэм"-ийн Гуравдугаар бүлгийн б-д Албан хаагчид ногдуулах сахилгын шийтгэл нь зөрчлийн шинж, учруулсан хохирол, гэм бурууд тохирсон байна" гэж заасныг зөрчсөн байна гэж үзэж байна. Түүнчлэн М.Е  нь ажилдаа томилогдсноос хойш ямар нэгэн зөрчил гаргаж, сахилгын шийтэл авахуулж байгаагүй, гаргасан гэх зөрчлөөс болж тухайн байгууллагад бодитой хохирол учраагүй байгааг ажил олгогч нь бодитойгоор анхаарч үзээгүйдээ гомдолтой байна.

 

8. Баян-Өлгий аймгийн ОБХ-ийн дарга, онцгой байдлын хурандаа Ц.Баттулгын 2015.02.19-ний өдрийн № 19\29 дүгээр албан тоотод "ОБЕГ-ын захиргаа, удирдлагын газрын дарга, онцгой байдлын хурандаа Л.Болдбаатар танаа. Тус хэлтсийн Гал унтраах 31-р ангийн аврагч-гал сөнөөгч, онцгой байдлын дэд ахлагч Мусагийн Ерсерик нь Төрийн албаны тухай хуулийн 13.1.4, 13.1.5, Монгол улсын Шадар сайдын 2013 оны 91 тоо;г тушаалаар баталсан Онцгой байдлын асуудал эрхэлсэн байгууллагын алба хаах журмын 5.5.3 дахь заалтыг, ОБЕГ-ын даргын 2013 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн 02 тоот албан даалгаврыг тус тус зөрчиж, мөн Монгол улсын Эрүүл мэндийн сайдын 2013 оны 450 дүгээр тушаалыг зөрчиж, нэгдсэн эмнэлгийн эмчээр хуурамчаар эмнэлгийн магадлагаа гаргуулсан дэд ахлагч М.Е ийг төрийн албанаас нэг жилийн хугацаанд эргэж орох эрхгүйгээр халах саналыг уламжилж холбогдох материалыг хүргүүлэв" гэжээ. Гэтэл ОБЕГ-ын даргын 2015.03.27-ны өдрийн Б\239 дүгээр тушаалд дээр дурдсан хуулийн заалтууд болон нарийвчлсан журмуудыг огт баримтлаагүй, хууль эрх зүйн үндэслэл болгоогүй нь Б\239 дүгээр тушаал нь өөрөө хууль зүйн үндэслэлтэй эсэхэд эргэлзээтэй байна. Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 10 дугаар сарын. 12-ны өдрийн 652 дугаар шийдвэрийн хууль зүйн үндсийг хянан үзээд хүчингүйд тооцон нэхэмжлэгч М.Е ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү.

 

ХЯНАВАЛ

 

Давж заалдах шатны шүүхээс хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдолд дурдсан үндэслэл болон Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 85 дугаар зүйлийн 85.3 дахь хэсэгт заасны дагуу хэргийг бүхэлд нь хянаад нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангаж шийдвэрлэв.

 

Хариуцагч ОБЕГ-ын дарга Т.Бадрал нь 2015 оны 03 дугаар сарын 27-ны өдөр М.Е д сахилгын шийтгэл ногдуулах тухай Б/239 дүгээр тушаалыг гаргасан байх бөгөөд нэхэмжлэгч М.Е  нь эс зөвшөөрч тушаалыг хүчингүй болгуулж, ажилд эгүүлэн томилуулахаар маргажээ.

 

Тус сахилгын шийтгэл ногдуулах тухай Б/239 дүгээр тушаал нь М.Е ийг ажлын цагаар согтууруулах ундаа хэрэглэж, марш тактикийн уралдааны гүйлтийн бэлтгэлд оролцоогүй нь төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээг ноцтой зөрчсөн, Онцгой байдлын бэлтгэгдсэн албан хаагчийн тусгай шаардлага, албаны бэлэн байдал, тусгай чиг үүргээ хангалтгүй биелүүлсэн гэсэн үндэслэлүүдээр гарсан байна. Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд М.Е  нь тухайн салбарт нэрлэж заншсанаар урт амралттай /72 цаг/ байх хугацаандаа согтууруулах ундаа хэрэглэсэн байжээ. Тэрээр марш тактикийн тэмцээний гүйлтийн бэлтгэлд оролцуулахаар дуудсан тушаалыг биелүүлж, тэмцээний бэлтгэлд ирсэн боловч оролцоогүй байна. Тэмцээний бэлтгэлд оролцоогүйг анхан шатны шүүх сахилгын зөрчил гаргасан гэж зөв дүгнэсэн байна.

 

2015 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн тэмцээний бэлтгэлд М.Е  оролцоогүй нь зөрчил мөн хэдий ч маргаан бүхий актанд заасанчлан Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.3-т заасан Ард түмэнд үйлчлэх зарчмыг тууштай баримтлаагүй гэж дүгнэх боломжгүй.

 

Анхан шатны шүүхээс ...Сахилгын зөрчил илрүүлснээс хойш 1 сар өнгөрсөн байхад сахилгын шийтгэл ногдуулсан нь Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4-т заасан Сахилгын зөрчил илрүүлснээс хойш 1 сарын хугацаа өнгөрсөн бол сахилгын шийтгэл ногдуулж болохгүй гэсэн заалт зөрчигдсөн мэт боловч М.Е ийн гаргасан сахилгын зөрчлийн талаар Баян-Өлгий аймгийн Онцгой байдлын ерөнхий газраас нотлох баримт гаргуулах, шалгах, тодруулах, зайлшгүй цаг хугацаа шаардсан ажлын шалтгаанаар мөн хуулийн зүйл заалтын ... зөрчил гарснаас хойш 6 сараас илүү хугацаа өнгөрсөн бол сахилгын шийтгэл ногдуулж болохгүй гэсэнтэй бүрэн нийцэж байгаа гэсэн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд өгсөн тайлбар үндэслэлтэй байна гэж үзсэн нь хууль зүйн үндэслэл бүхий дүгнэлт болж чадаагүй байна.

 

Учир нь хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзвэл, М.Е  нь 2015 оны 02 дугаар сарын 13-ны өдөр зөрчил гаргасныг 2015 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн Баян-Өлгий аймаг дахь ОБХ-ийн даргын зөвлөлийн хуралдаанаар хэлэлцэж, зөрчил гаргасан нь албаны шалгалтаар тогтоогдсон гэж үзээд нэхэмжлэгчид сахилгын шийтгэл ногдуулах саналыг 2015 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 19/29 албан тоотоор ОБЕГ-ын Захиргаа удирдлагын газарт уламжлахаар шийдвэрлэжээ. Эндээс зөрчил гаргасан нь 2015 оны 02 дугаар сарын 13, харин зөрчлийг илрүүлсэн нь 2015 оны 02 дугаар сарын 19-ны өдөр гэж тооцож, хуулийн дагуу 02 дугаар сарын 19-нөөс хойш 1 сарын хугацаанд нэхэмжлэгчид сахилгын шийтгэл ногдуулах боломжтой байжээ. Гэтэл 2015 оны 03 дугаар сарын 27-ний өдөр маргаан бүхий Б/239 дүгээр тушаалаар нэхэмжлэгчид сахилгын шийтгэл ногдуулсан нь сахилгын зөрчлийг илрүүлснээс хойш 1 сар өнгөрсөн бол сахилгын шийтгэл ногдуулж болохгүй гэсэн Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4-д заасныг зөрчсөн, хуульд нийцээгүй шийдвэр болжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ...хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд тайлбарласан Баян-Өлгий аймгийн Онцгой байдлын ерөнхий газраас нотлох баримт гаргуулах, шалгах, тодруулах зайлшгүй цаг хугацаа шаардсан ажлын шалтгаанаар гэх асуудал нь нотлох баримтаар тогтоогдохгүй байгаа гэх гомдол нь үндэслэлтэй байна.

 

Учир нь хавтаст хэрэгт авагдсан баримтаас үзэхэд уг сахилгын зөрчлийг илрүүлсэн талаархи баримтыг 2015 оны 02 дугаар сарын 19-ны өдөр ОБЕГ-ын Захиргаа удирдлагын газарт 19/29 албан тоотоор явуулсан байх бөгөөд хариуцагч талаас хүлээж аваад Баян-Өлгий аймгийн Онцгой байдлын ерөнхий газраас нотлох баримт гаргуулсан, шалгасан, тодруулсан гэх байдал тогтоогдохгүй байна. Өөрөөр хэлбэл Онцгой байдлын ерөнхий газраас ямар нэг шалган тодруулсан үйл ажиллагаа явуулаагүй, харин Баян-Өлгий аймгийн Онцгой байдлын газраас ирүүлсэн баримтанд тулгуурлаж уг сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаалыг гаргасан байна. Анхан шатны шүүх Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4 дэх хэсгийг буруу тайлбарлаж асуудлыг шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна. Өөрөөр хэлбэл сахилгын зөрчлийг илрүүлснээс хойших нэг сарын хугацаа бол тухайн зөрчлийг илрүүлээд эрх бүхий байгууллага мэдсэн байдаг. Харин зөрчил гарснаас хойших 6 сарын хугацаа нь тухайн зөрчил гаргасан өдрөөс хойш 6 сарын дотор уг зөрчил илрээгүй, мэдэгдээгүй өнгөрсөн байхыг ойлгодог. Иймд шүүх тухайн гаргасан зөрчлийг 6 сараас илүү хугацаа өнгөрсөн бол сахилгын шийтгэл ногдуулж болохгүй гэсэнтэй бүрэн нийцүүлж авч үзсэн нь үндэслэлгүй байна.

 

Түүнчлэн 2013, 2014 онд төрийн албан хаагчаар томилогдоогүй байх явцдаа буюу иргэн М.Е ийн гаргасан зөрчлийг хариуцагч талаас тайлбартаа үндэслэл болгож байгааг хүлээж авах боломжгүй.

 

Нэхэмжлэгч М.Е  нь Баян-Өлгий аймгийн ОБХ-ийн Аврах, гал унтраах 31 дүгээр ангийн аврагч, гал сөнөөгчөөр ажиллаж байсан бөгөөд үндсэн цалин 472.321 төгрөгийн цалин авч байсан байна.

 

Иймээс 1 жилийн хугацаанд төрийн албанд эргэж орох эрхгүйгээр халсан 2015 оны 03 дугаар сарын 27-ны өдрөөс анхан шатны шүүхийн шийдвэр гарсан 2015 оны 10 дугаар сарын 12-ны өдрийг хүртэл 6 сар 15 хоногийн цалинтай тэнцэх олговорыг хариуцагчаас гаргуулан олгох нь зүйтэй гэж үзэв.

 

Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 55 дугаар тушаалын хавсралтад заасан Дундаж цалин хөлс тодорхойлох журам-ын дагуу дундаж цалин хөлсийг тодорхойлох ёстой боловч нэхэмжлэгч өөрөө ажилгүй байсан хугацааны цалин олговорыг үндсэн цалин 472.321 төгрөгийн хэмжээгээр нэхэмжилсэн байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд тооцоолж олгох нь зүйтэй.

 

Сарын үндсэн цалин х 6 сар = 472.321 х 6 = 2.563.926 төгрөг

 

Үлдсэн 15 хоногийн 11 нь ажлын өдөр байх тул: 472.321 : 22 х 11 = 236.160 төгрөг болж байна.

 

2.563.926 төгрөг + 236.160 төгрөг = 2.800.086 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгч М.Е т олгохоор шийдвэрлэв.

 

Дээрх цалинг олгохдоо эрүүл мэндийн болон хуульд заасан шимтгэл, даатгал, татварыг суутган авах нь зүйтэй.

 

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.1, 88 дугаар зүйлийн 88.1.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 652 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4 дэх хэсгийг баримтлан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, ОБЕГ-ын даргын 2015 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн Сахилгын шийтгэл ногдуулах тухай Б/239 тоот тушаалыг хүчингүй болгож, М.Е ийг урьд эрхэлж байсан Баян-Өлгий аймгийн ОБХ-ийн Аврах, гал унтраах 31 дүгээр ангийн аврагч, гал сөнөөгч-ийн ажилд эгүүлэн тогтоож, 2015 оны 03 дугаар сарын 25-ны өдрөөс 2015 оны 10 дугаар сарын 12-ны өдөр хүртэлх ажилгүй байсан 6 сар 15 хоногийн цалинтай тэнцэх олговор 2.800.086 төгрөгийг Баян-Өлгий аймгийн ОБХ-ээс  гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсгийг заасныг баримтлан нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын төсвөөс гаргуулж, буцаан олгосугай.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.5 дахь хэсгийг баримтлан давж заалдах шатны шүүх захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

 

 

 

ШҮҮХ БҮРЭЛДЭХҮҮН:

 

 

 

ШҮҮГЧ С.МӨНХЖАРГАЛ

 

ШҮҮГЧ О.НОМУУЛИН

 

ШҮҮГЧ Э.ЗОРИГТБААТАР