Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 01 сарын 22 өдөр

Дугаар 2019/ДШМ/008

 

Г.Лт холбогдох эрүүгийн хэргийн тухай

Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч М.Мөнхдаваа даргалж, шүүгч Г.Уламбаяр, Б.Болор-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор В.Дэлгэрмаа

 Нарийн бичгийн дарга В.Ундрах-Оргил нарыг оролцуулан;

Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Батцэнгэл даргалж шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2018 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 2018/ШЗ/1023 дугаар шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор В.Дэлгэрмаагийн бичсэн эсэргүүцлээр Г.Лт холбогдох эрүүгийн 201605000193 дугаар хэргийг 2019 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр хүлээн авч, шүүгч Б.Болор-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 Монгол Улсын иргэн, Жүрмэд овогт Г.Л, эрэгтэй, яс үндэс халх, ял шийтгэлгүй, улсаас авсан гавьяа шагналгүй, бие эрүүл, хэрэг хариуцах чадвартай,

Г.Л нь Баянхонгор аймгийн Баян-Өндөр сумын Эрүүл мэндийн төвийн даргаар ажиллаж байх хугацаандаа 2016 оны 5 дугаар сарын 27-ны өдөр Баянхонгор аймгийн Баян-Өндөр сумын төвд байрлах тус сумын Эрүүл мэндийн төвд эмнэлгийн тусламж үйлчилгээ авахаар очсон бага насны хүүхэд болох 6 настай Д.Бид эмнэлгийн тусламж үзүүлэх үүргээ хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр буюу зохих ёсоор үзүүлээгүйгээс өвчтөн Д.Б нь нас барсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Баянхонгор аймгийн Прокурорын газраас Г.Лын үйлдлийг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 106 дугаар зүйлийн 106.2-д зааснаар зүйлчилж яллах дүгнэлт үйлдэн хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 2018/ШЗ/1023 тоот захирамжид:

Прокурорын яллах дүгнэлтэд яллагдагч Г.Лыг эмнэлгийн тусламж үзүүлэх үүргээ хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр биелүүлээгүй буюу зохих есоор биелүүлээгүй гэж яллаж байгаа боловч хэрэгт мөрдөн шалгах ажиллагааг дутуу гүйцэтгэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16. 2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг нотлоогүй,

Тухайлбал 3 дугаар хавтаст хэргийн 145 дугаар хуудсанд гэрчээр мэдүүлэг өгсөн В.Нг уг хэрэгт огт хамааралгүй хүмүүсийн талаар буюу яаралтаи түргэн тусламжийн их эмч Б.З, гэмтэл согог засалч их эмч Д.Жүгдэрнамжил, хүүхдийн их- эмч Б.Ц, мэдээгүйжүүлэг, эрчимт эмчилгээний их эмч П.А, хүлээн авахын их эмч Д.Жамъянмядаг нарыг таних эсэх, эдгээрт эмчилгээ оношилгооны стандарт, эмнэл зүйн талаар дүгнэлт гаргаж болох эсэх, болон дүгнэлт гаргахад татгалзах зүйл байгаа эсэх талаар асууж хариулт авч мэдүүлэг авсан нь хавтаст хэрэгт болсон хэрэгтэй огт хамааралгүй байдлыг тодруулж мэдүүлэг авсан гэж харагдаж байна.

Мөн 3 дугаар хавтаст хэргийн 156-159 дүгээр талд мэргэжлийн хяналтын шинжээч Б.Оюунцэцэгээр дүгнэлтийг гаргуулж хавсаргасан баих бөгөөд уг дүгнэлтийн 156 дугаар талд шинжээч Б Оюунцэцэг нь дүгнэлт гаргахдаа “үйлчлүүлэгч Д.Б” гэж бичсэн, мөн 158 дугаар талд "их эмч Г Лын үйлчлүүлэгч П.Д” гэж зөрүүтэй бичсэн бөгөөд үйлчлүүлэгч “Д.Б, П.Д" гэж хэнийг хэлж байгаа талаар тодорхой бичээгүй ойлгомжгүй байгаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.6 дугаар зүйлийн 1.6, Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.8-д заасан шаардлага хангаагүй,

Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39 6 дугаар зуйлийн 1.4-д заасан шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэх зөв хэрэглэх, ял оногдуулахад нөлөөлж болох ноцтой зөрүүтэй байдал гэж шүүх үзэж,

Мөн Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 196 дугаар захирамжид заасан их эмч Т.Рг үүргээ зохих ёсоор биелүүлсэн эсэхийг нарийвчлан шалгах талаар дурдсан бөгөөд их эмч Т.Ргийн үйлдлийг үүргээ зохих ёсоор биелүүлсэн эсэхийг мэргэжлийн хяналтын байцаагчаар дүгнэлт гаргуулах нь зүйтэй гэж үзлээ.

Иймд эрх бүхий этгээдээр дүгнэлт дахин нарийвчлан гаргуулах шаардлагатай гэж үзэж өмгөөлөгчийн хүсэлтийг хэсэгчлэн хангаж шийдвэрлэв.

Харин яллагдагчийн өмгөөлөгчийн зүгээс гурилан хөхүүлэг тавьсан болон эмнэлэгт хандаагүй нь өвчин хүндрэх шалтгаан болох эсэхийг шалгах гэсэн хүсэлтийг хангахаас татгалзаж шийдвэрлэв.

Учир нь Шүүхийн шинжилгээний хүрээлэнгийн шинжээч эмч 2018 оны 06 дугаар сарын 28-ний 762 дугаар дүгнэлтээр гурилан хөхүүлэг тавих арга хэмжээний улмаас өвчин түргэссэн байх боломжгүй гэсэн дүгнэлт гаргасан байх тул хүсэлтийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэв.

Дээрх ажиллагаануудыг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй байх тул хэргийг Баянхонгор аймгийн Прокурорын газарт буцаав гэжээ.

Прокурор В.Дэлгэрмаа давж заалдах шатны шүүхэд гаргасан эсэргүүцэлдээ:

Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хэргийг 2018 оны 12 дугаар сарын 18-ны өдөр хянан хэлэлцээд 1023 тоот шүүгчийн захирамжаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг нотлоогүй гэж үзсэн үндэслэлгүй юм.Үүнд:

1. 3 дугаар хавтаст хэргийн 145 дугаар хуудсанд гэрчээр мэдүүлэг өгсөн В.Нг уг хэрэгт огт хамааралгүй хүмүүсийн талаар буюу түргэн тусламжийн их эмч Б.З, гэмтэл согог засалч их эмч Д.Ж, хүүхдийн их эмч Б.Ц, мэдээгүйжүүлэлт, эрчим эмчилгээний их эмч П.А, хүлээн авахын их эмч Д.Ж нарыг таних эсэх, эдгээрт эмчилгээ оношилгооны стандарт, эмнэл зүйн талаар дүгнэлт гаргаж болох эсэх болон дүгнэлт гаргахад татгалзах зүйл байгаа эсэх талаар асууж хариулт авч мэдүүлэг авсан хэдий ч тухайн мэдүүлэг нь хэрэгт ач холбогдолгүй яллагдагчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай асуудалд нөлөөлөхгүй, хууль зөрсөн хууль бус нотлох баримт биш төдийгүй шүүхийн хэлэлцүүлгийн явцад нотлох баримтаас хасч, шийдвэрлэх бүрэн боломжтой юм.

2. 3 дугаар хавтаст хэргийн авагдсан нотлох баримт буюу Мэргэжпийн хяналтын газрын шинжээч Б.Оюунцэцэгийн гаргасан дүгнэлтэнд “Үйлчүүлэгч Д.Б, гэж, “их эмч Г.Лын үйлчлүүлэгч П.Д гэж зөрүүтэй бичсэн нь техникийн шинжтэй алдаа гэж үзэхээр байгаа бөгөөд тухайн дүгнэлтэд яллагдагч Г.Лын гэм буруутай эсэхийг тогтоож гаргасан дүгнэлт болох нь илэрхий хавтаст хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар тогтоогдож байх тул дахин дүгнэлт гаргуулах үндэслэлгүй юм. Харин шүүхээс шинжээч Б.Оюунцэцэгийг шүүх хуралдаанд биечлэн оролцуулан дүгнэлттэй холбоотой асуудлуудыг тодруулах нь зүйтэй юм.

Баянхонгор аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 196 дугаартай захирамжид заасан ажиллагаа болох их эмч Т.Рг үүргээ зохих ёсоор биелүүлсэн эсэхийг нарийвчлан шалгах талаар дурдсан бөгөөд тухайн холбогдох мөрдөн шалгах ажиллагааг хавтаст хэрэгт бүрэн хийсэн гэж үзнэ.

Учир нь их эмч Т.Р нь тухайн цаг хугацаанд ямар ажил албан тушаалд ажиллаж байсан зэргийг тодруулан холбогдох баримтуудыг хэрэгт хавсаргасан болно.

Мөн их эмч Т.Р нь үүргээ зохих ёсоор биелүүлээгүй гэж үзэх үндэслэлгүй болох нь хэрэгт хууль ёсны дагуу авагдсан нотлох баримтууд болох нь:

Гэрч З.Цгийн “...Р эмчийг 2016 оны 05 дугаар сарын 28-ны өдөр хаана байгаа талаар асууж тодруулаад хаана байгааг нь хүнээс олж мэдсэн Р эмчийг манай сумд ирсэн байна гэдгийг мэдээд түүнийг байгаа газарт нь очиж үзүүлсэн. Р эмч үзчихээд одоо аймаг хурдан аваад яв гэж хэлсэн. Би Р эмчид эмнэлгийн машин аймаг явчихсан тэгээд унаа олддоггүй гэж хэлсэн. Тэгтэл ийм хүнд хүүхдийг хурдан авч 5 явах хэрэгтэй гэж хэлсэн. Р эмчид их эмч хамт явахгүй гээд байна гэдгийг хэлсэн. Тэгтэл тийм зүйл байхгүй, эмчтэй яв гэж хэлсэн. Р эмчийн хэлсэн үгийг Л эмчийн гар утас руу залгаж хэлсэн. Тэгсэн эмч унаагаа олчих явъя гэж хэлсэн. Р эмч Цагаанаа гэх айлд байсан. Тэр айлд нь очиж хашааны гадаа машин дотор үзүүлсэн. Эм тариа хэрэглэх талаар зааж зөвлөсөн зүйлгүй...” гэх мэдүүлэг,

Гэрч Ч.Оийн “...Р эмчийг айлд байхад нь Ц эгч, машины 1 жолоочтойгоо явж очиж үзүүлсэн, тэгэхэд ямар нэгэн зөвлөгөө өгөөгүй, шууд аймгийн төв рүү яаралтай яв гэж хэлсэн гэсэн...”гэх мэдүүлэг,

Гэрч Т.Ргийн “...талийгаач хүүхдэд би нарийвчилсан үзлэг хийгээгүй, хүүхдийг үзүүлье гээд 2016 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн өглөөний 10-11 цагийн орчимд аваад ирэхээр нь ерөнхий байдлыг харахад хүүхдийн биеийн байдал хүнд, хүүхдийн бэлэг эрхтэн гэрэлтсэн усан хавантай, зүүн талын хонгоны хэсэгт гурилаар хөхүүллэг тавьсан байсан. Талийгаач хүүхдийг надад авчирч үзүүлсэн Ц эгч надад ярихдаа хүүхдийн хонгон дээр буруу харсан толгойтой юм гарсан гэж хэлсэн. Би тэр гарсан зүйлийг нь үзье гэж хэлээгүй, наад хүүхдээ аваад яаралтай аймаг яв гэдгийг хэлсэн. Мөн аймгийн төв рүү авч явахдаа эмч авч яваарай, замдаа нас барчихаж магадгүй шүү, хүнд байна гэдгийг ар гэрийнхэн хүмүүст маш сайн хэлж өгсөн. Ц эгч надад ярихдаа эмнэлгийн унаа алга байна гэж байсан ба би эмнэлгийн унаа харалгүйгээр өөр унаа олоод гарах шаардлагатай, өнөөдөр яв, цаг хугацаа алдаж болохгүй гэдгийг хэлсэн. Би тухайн хүүхдийг хараад оношийг тавьж ямар өвчтэй болохыг шууд тодорхойлж хэлэх боломжгүй харагдсан тийм учраас аймаг руу хурдан явж үзүүл гэдгийг зөвлөсөн. Би тэр хүүхдийг хараад оношийг шууд тодорхойлоод тийм өвчин байна тийм шатандаа явна гэдгийг тухайн үед хэлэх боломжгүй байсан. Аймаг руу авч явахдаа антибиотик өндөр тунгаар авч тариулаад ногоон тосыг төмсөг хуйхнаг орчимд бинт шингээж тавь, яаралтай аймаг руу авч яв гэдгийг хэлсэн. Би тухайн үед Баян-Өндөр суманд хувийн ажлаар очсон байсан. Би талийгаач хүүхдийг сумандаа оччихоод ажлын эхний өдөр яасан бол гээд сураг тавьтал нас барсан гэдгийг олж мэдсэн...”гэх мэдүүлгүүдээр тогтоогдож байгаа бөгөөд бусдын гэм буруутай үйлдлийг бусдад халдаах нь шударга ёсны зарчимд нийцэхгүй юм.

Иймд Г.Лт холбогдох Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 1023 дугаартай шүүгчийн захирамжийг бүхэлд нь хүчингүй болгуулж хэргийг анхан шатны шүүхээр хэлэлцүүлэхээр Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэрэгт зааснаар прокурорын эсэргүүцэл бичив гэжээ.

Прокурор В.Дэлгэрмаа давж заалдах шатны шүүхийн шүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ:

Давж заалдах шатны шүүхэд гаргасан эсэргүүцлийн 1, 3 дахь заалтын дагуу өөрчлөлт оруулж, 2 дахь заалтаасаа татгалзаж байна гэв.

 ТОДОРХОЙЛОХ нь:

Прокурор В.Дэлгэрмаагийн давж заалдах шатны шүүхэд гаргасан эсэргүүцэлд үндэслэн хэргийг давж заалдах шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт тус тус заасан эрх хэмжээний хүрээнд прокурорын эсэргүүцэлд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянахад:

 Баянхонгор аймгийн Прокурорын газраас Г.Лын үйлдлийг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 106 дугаар зүйлийн 106.2-д зааснаар зүйлчилж яллах дүгнэлт үйлдэн хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлсэнийг анхан шатны шүүх хүлээн авч мөрдөн байцаалтын шатанд дутуу хийсэн ажиллагаануудыг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй гэж үзэж хэргийг Баянхонгор аймгийн Прокурорын газарт буцааж шийдвэрлэжээ.

Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлахад Баянхонгор аймгийн Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын эмчилгээний чанарын хяналтын улсын ахлах байцаагчийн “ Г.Лын эмнэлгийн тусламж үйлчилгээг зохих ёсоор үзүүлсэн эсэх” асуудлаар гаргасан шинжээчийн дүгнэлт нь “үйлчлүүлэгч Д.Б”, "их эмч Г.Лын үйлчлүүлэгч П.Д”, үйлчлүүлэгч “Д.Б, П.Д" гэх зэргээр үгийг товчлон ойлгомжгүй бичсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан шинжээчийн дүгнэлт эргэлзээтэй гэж үзэх үндэслэл болсон байх ба шүүхийн хэлэлцүүлэг, шүүх хуралдаанаар энэ нотлох баримтыг шинжлэн судлах боломжгүй байдлыг бий болгосон байх тул анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 2018/ШЭ/1023 дугаар захирамжийг хэвээр үлдээж, прокурор В.Дэлгэрмаагийн эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүхээс дүгнэв.

 Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.2

 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр

 зүйлийн 1.1 дэхь хэсэгт заасныг удирдлага болгон

 ТОГТООХ нь:

1. Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 2018/ШЭ/1023 дугаар захирамжийг хэвээр үлдээж, прокурор В.Дэлгэрмаагийн бичсэн 2018 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 34 тоот эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Гомдол,эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол,эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ М.МӨНХДАВАА

                             ШҮҮГЧИД Г.УЛАМБАЯР

                                                         Б.БОЛОР-ЭРДЭНЭ