Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 01 сарын 08 өдөр

Дугаар 101

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Д.Батцэцэг даргалж, шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

Нэхэмжлэгч: “Ш” СӨХ-ны нэхэмжлэлтэй,

Хариуцагч: А.О-дхолбогдох,

“283,320 төгрөг гаргуулах тухай” иргэний хэргийг хянан хэлэлцэв.    

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Д.А, хариуцагч А.О, нарийн бичгийн дарга Ж.Мөнхжаргал нар оролцов. 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “Ш” СӨХ шүүхэд гаргасан нэхэмжлэл болон гүйцэтгэх захирал Д.А шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Баянзүрх Дүүргийн 18-р хороонд байрлах Ш хотхоны “Ш” Сууц Өмчлөгчдийн Холбооны 24Б байрны 28 тоотод оршин суугч А.О нь Орон сууцны дундын өмчлөлийн эд хөрөнгийн засвар үйлчилгээний төлбөрөө cap бүр Сууц Өмчлөгчдийн Холбоонд төлөх үүргээ биелүүлэлгүй 6 cap болж байна. Хариуцагч А.Оод Иргэний Хуулийн 147-р зүйлийг зөрчиж байгааг сануулж мэдэгдэх хуудас өгсөөр атал шаардлага биелүүлэхгүй байгаа төдийгүй “би төлбөрөө төлөхгүй шүүхдээ өг” гэсэн хүсэлт гаргасан тул 2017 оны 5 сараас 10 сарыг дуустал СӨХ-нд төлбөл зохих төлбөр болох 283,320 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилсэн.

Хоёроос дээш өрх нэг байранд байхад СӨХ байгуулах ёстой гээд хуульд заасан байдаг. Би өөрөө дарга больё гэсэн санал гаргаагүй, 3-4 хүн санал болгосны дагуу материалаа бүрдүүлж өгөөд оршин суугчдын саналаар сонгогдсон. СӨХ бол хуулиараа байх ёстой, дарга нь таалагдахгүй байгаа бол солих эрхтэй. Оршин суугчдаас СӨХ-ны удирдах зөвлөлийг байгуулсан, Удирдах зөвлөл 7 гишүүн, хяналтын зөвлөл 3 гишүүнтэй. Энэ дундаас дүрэм журмын дагуу СӨХ-ны даргыг сонгодог. А.О анхнаасаа СӨХ-гоо байгуулалцаад 2017 оны 1-5 дугаар сар хүртэл мөнгөө өгөөд одоо өгөхгүй гэж байгааг ойлгохгүй байна. Хууль дүрмээрээ 3 сараас дээш хугацаагаар өгөхгүй бол шүүхэд ханддаг. Төлбөрөө өгөөгүй 3 сар болсон бол мэдэгдэл өгдөг. СӨХ албан байгууллага учраас 20 гаруй байгууллагатай харьцдаг. Жилдээ 30-40 тогтоол, 50-60 албан бичиг явуулдаг. 100 хувийн санал авдаг хүн байхгүй. 200 өрхөөс энэ хүн татгалзаад мөнгөө төлөхгүй гэж байгаа юм байна гэж ойлголоо. А.Оыг чипээ ав гэхээр мөнгөө өгдөггүй. Надад чип өгөхгүй хохироож байна гэж загнасан. Юунд мөнгө зардаг вэ гэдэг баримт нь байгаа. Байнгын үйлчилгээ хийдэг компанид 1,000,000 гаруй төгрөг өгдөг. Тайлангийн хурлыг жил бүр хийдэг. Бөөнөөр нь цуглуулах гээд чадаагүй учраас байр байраар нь цуглуулж хийсэн. Энэ жилийн тайлан гараагүй байгаа учраас хийгээгүй байгаа. Хавар 6 дугаар сард хагас жилээр тайлангийн хурал хийсэн. Би оршин суугчдын сайн сайхны төлөө явж байгаа. Заавал ингэж байх шаардлагагүй, өөрийнхөө байранд тусдаа СӨХ байгуулж болно. А.Оынх сар бүр 42,220 төгрөг төлөх үүрэгтэй. 2017 оны 6, 2017 оны 7 сарын төлбөр дээр тус тус тохижилтын ажлын зардалд өрх бүрээс 15,000 төгрөг нэмж нэхэмжилсэн. Ингээд 2017 оны 5, 6, 7, 8, 9, 10 сарын СӨХ-ны төлбөрт 6*42,220 төгрөг=253,320 төгрөг дээр тохижилтын 30,000 төгрөг, нийт 283,320 төгрөг нэхэмжилсэн. Тохижилт хийхдээ айл бүрээс санал авсан, хийсэн ажил нь нүдэнд ил харагдаж байгаа, өөрөө мэдэж байгаа. Баримт байгаа, хэрэгт өгөөгүй ...” гэв.

Хариуцагч А.О шүүхэд гаргасан хариу тайлбар болон  шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...2016 оны 01 дүгээр сард тус СӨХ байгуулагдан хурал гэж хууль бус хуралдаан хийж “Хүрээ Хаус” ХХК-ийн захирал н.Алтанцэцэг нь СӨХ-ны дарга нь болж Д.Агваанванчигийг өөрөө нэр дэвшүүлэн сонгосон нь СӨХ байгуулах, бүртгэх журмын 1.3, 2, 3.2, 3.3, зэрэг заалтуудыг тус тус зөрчсөн болно. 2008-2016 он хүртэл “Хүрээ Хаус” ХХК нь тус байрны ашиглалтад хариуцаж байхдаа нэг ч удаа оршин суугчидтай уулзаж тайлан тооцоо хийж байгаагүй бөгөөд засвар, үйлчилгээ, цэвэрлэгээг хангалтгүй хийж ажиллаж байсан болно. Тус хуралд нийт 20 хүн оролцсон ба суугчдын 7-8% нь хамрагдсан гэж үзэж байна би өөрийн  биеэр дээрх хуралд суусан. “Ш” СӨХ байгуулагдсан цагаасаа хойш оршин суугчидтай хурал хийж тайлан тавьдаггүй бөгөөд асуудал тавьсан оршин суугчдыг байнга загнаж сүрдүүлж журмаа зөрчдөг болно. Тус хотхоны 24 дүгээр байранд гараашид автомат гараашийн удирдлага суурилуулсан ба өдийг хүртэл надад удирдлага өгөхгүй байгаа бөгөөд тус байрны доор байрлах өөрийн эзэмшлийн авто зогсоолыг ашиглаж чадахгүй хохирч байна. Тус СӨХ нь дотоод нөөц бололцоогоо ашиглан үйл ажиллагаа явуулах боломжтой байтал орон сууцны 3 өрөө байрыг түрээслэн үйл ажиллагаа явуулж байгаа нь оршин суугчдын дургүйцлийг төрүүлж байна. Анхнаасаа хууль бус байгуулагдсан СӨХ түүний үйл ажиллагааг хангах зорилгоор оршин суугчид бид хохирох ёсгүй гэж үзсэнээр 2017 оны 5 сараас эхлэн иргэн миний бие СӨХ-ны төлбөр төлөхгүй байхаар шийдсэн болно.Оршин суугчид төлбөрөө юунд зарцуулагдаж байгааг мэдэх эрхтэй.

2017 оны 6, 7 сард тус тус 15,000 төгрөг, нийт 30,000 төгрөг нэхэмжилснийг хүлээн зөвшөөрөхгүй. Тохижилт хийх талаар оршин суугчид биднээс зөвшөөрөл аваагүй тул төлөхгүй. Би анх 2008 онд байрны захиалга өгөөд 2009 онд байрандаа орсон. Түүнээс хойш төлбөр тооцоо хийж байсан. 2016 онд СӨХ байгуулагдахад анхны хуралд нь суусан. Тэр үед оршин суугчдаас 20 орчим хүн ирсэн байсан. Тэр хурлаар Алтанцэцэг гэж хүн хурлыг нээгээд, СӨХ байгуулах шаардлагатай байна. Бид судалж үзээд Д.Аг гэж хүнийг сонгохоор шийдлээ гээд СӨХ-ны даргаар сонгосон. СӨХ-ны хууль судлаад үзэхэд оршин суугчдын 50 хувь нь оролцсон байх шаардлагатай юм билээ. Тайлангийн хурал хийсэн гэдэг нь худлаа. Би зарласан хурал болгонд нь суудаг. Фэйсбүүк хуудсандаа хурлын тайлан, тооцоо зэргийг тавьж болно. Гэтэл тийм зүйл байдаггүй. Энэ үндэслэлүүдээр СӨХ-ны мөнгийг төлөхөөс татгалзаж байна. Чип тавьсан гэж 27,000 төгрөгийн төлбөр авсан. 2 сард ажиллаад эвдэрсэн. Яагаад эвдэрсэн бэ? гэхэд чанарын шаардлага хангахгүй чип тавиулсан байна гэсэн. Энэ жил дахиад завсар хийгээд шинэ чип тавилаа 37,000 төгрөг өг гэсэн. Одоо дахиад 10,000 төгрөг нэхэж байгаа. 10,000 төлөөд чипийг авъя гэхэд СӨХ-ны мөнгийг төлөөд ав гэсэн. СӨХ-ны мөнгө шүүхэд маргаантай байгаа болохоор асуудлаа шийдээд чипээ авъя гэхэд өгөхгүй гэсэн. Тушаасан мөнгө нь 35,000 төгрөг байсан. Нягтлангаас нь 2000 төгрөгийн зөрүү нь яасан бэ гэж асуухад дарга мэднэ гэж хэлсэн. Жигүүр грандаас байрыг авахад чиптэй хаалгатай байсан. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь зөвшөөрөхгүй байна ...” гэв.

Шүүх хуралдаанаар зохигчийн гаргасан тайлбар, хэрэгт цугларсан бичмэл баримтуудыг шинжлэн хэлэлцээд

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч “Ш” СӨХ хариуцагч А.Оод холбогдуулан “сууц өмчлөгчдийн холбооны зардалд 253,320 төгрөг, тохижилтын зардалд 30,000 төгрөг, нийт 283,320 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хариуцагч “хууль бусаар захирал томилогдсон, хийсэн ажлын болон санхүүгийн тайлангаа тавьдаггүй, тохижилт хийх санал аваагүй” гэх үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж байна.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.

Баянзүрх дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Ш хотхоны 24, 24А, 24В байрны оршин суугчид “Ш” СӨХ байгуулж, Баянзүрх дүүргийн Сууц өмчлөгчдийн холбооны бүртгэлд бүртгүүлэн гэрчилгээ авчээ. /хх-4/

Д.Агваанванчиг “Ш” СӨХ-ны гүйцэтгэх захирлаар 2016 оны 02 сарын 5-ны өдрөөс ажиллаж байгаа болох нь зохигчдын тайлбар, “Ш” СӨХ-ны бүртгэлийн гэрчилгээ зэргээр тогтоогдож байх тул Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.4.4-т зааснаар шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй байна.

“Ш” СӨХ-ны Удирдах зөвлөлөөс “Ш” СӨХ-ны тарифыг дундын засвар үйлчилгээний хөлс 1м.кв 200 төгрөг, дундын цахилгааны төлбөр 2,800 төгрөг, цэвэрлэгээ 3,500 төгрөг, гарааш болон байрны хамгаалалт 18,000 төгрөг, цахилгаан шатыг 1 хүн 1,650, гараашийн цэвэрлэгээ 1,000 төгрөгөөр тус тус тогтоожээ.

Энэ нь Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5-д заасантай нийцсэн байх ба “Ш” Сууц өмчлөгчдийн холбооны гишүүдийн хурлаас томилсон Удирдах зөвлөл тогтоох эрхтэй гэж үзнэ.

Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 13-р зүйлийн 13.2.3-д “Сууц өмчлөгч нь дундын өмчлөлийн эд хөрөнгийн ашиглалт, засвар, үйлчилгээ, ашиглалт хамгаалалтай холбогдсон болон бусад нийтлэг зардлыг санхүүжүүлэхэд Иргэний хуулийн 147-р зүйл болон энэ хуулийн 16-р зүйлд заасны дагуу оролцох үүрэгтэй” гэж тус тус заажээ.

Дээрх хуулийн заалтад зааснаар хариуцагч А.О дундын өмчлөлийн эд хөрөнгийн засвар үйлчилгээ, ашиглалттай холбогдсон зардлыг төлөх үүрэгтэй бөгөөд энэ үүргээ биелүүлээгүй байна.

Хариуцагчийн “Ш” СӨХ-ны гүйцэтгэх захирал Д.Агваанванчиг хууль бусаар сонгогдсон, санхүүгээ тайлагнадаггүй, автомашины зогсоолын чип өгдөггүй  гэх тайлбарууд нь хуулиар хүлээлгэсэн орон сууцны дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар, үйлчилгээтэй холбогдсон зардлыг төлөх үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй бөгөөд Д.Агваанванчигийг “Ш” СӨХ-ны гүйцэтгэх захирлаар хууль бусаар томилогдсоныг тогтоосон баримт байхгүй байна.

А.О Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 13 дугаар зүйлд заасан эрхээ хэрэгжүүлэх боломжтой юм.

Хариуцагч А.О “Ш” СӨХ-ны харьяалан үйл ажиллагаагаа явуулдаг Баянзүрх дүүрэг 18 дугаар хороо Ш хотхоны 24Б байрны 28 тоотод байрлах байрандаа амьдардаг,уг байрны өмчлөгч байх ба өмчлөгч биш талаар  маргаагүй, зөвшөөрсөн болно.

Хариуцагч А.Оыг “Ш” СӨХ-нд сар бүр дундын цахилгааны төлбөр 2,800 төгрөг, цэвэрлэгээ 3,500 төгрөг, гарааш болон байрны хамгаалалтын төлбөрт 18,000 төгрөг, засвар үйлчилгээний зардал 88.6 м.кв*200 төгрөг=17,720 төгрөг, баримтын үнэ 200 төгрөг, нийт 42,220 төгрөг, 2017 оны 5, 6, 7, 8, 9, 10 саруудад /42,220төгрөг*6сар/ нийт 253,320 төгрөгийг төлөх үүрэгтэй гэж үзэхээр байна.

“Ш” СӨХ байрны оршин суугчдаас тохижилт хийх талаар санал авсан эсэх нь тодорхойгүй, улмаар ямар тохижилтыг хэдэн төгрөгөөр хийсэн, айл өрхөд хуваахад хэд ногдож байгаа зэрэг баримт хэрэгт авагдаагүй байх тул  нэхэмжлэгчийн нэхэмжилж буй 2017 оны 6, 7 сард хийгдсэн тохижилтод 30,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулах үндэслэлгүй, энэ талаарх хариуцагчийн ... биднээс тохижилт хийх талаар санал аваагүй, тохижилт хийсэн талаарх санхүүгийн баримт байхгүй... гэх тайлбарыг хүлээн авах үндэслэлтэй байна.

Иймд хариуцагч А.Ооос  2017 оны 5, 6, 7, 8, 9, 10 саруудад сууц өмчлөгчдийн холбоонд төлбөл зохих төлбөрт 253,320 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “Ш” СӨХ-нд олгож, нэхэмжлэлээс тохижилтын зардалд нэхэмжилсэн 30,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэв.

Хариуцагч А.Ооос гаргаж өгсөн хэргийн 20-37-р хуудсан дахь баримтууд нь нотлох баримтын шаардлагыг хангаагүй тул нотлох баримтаар үнэлээгүй болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1, 148 дугаар зүйлийн 148.2.3 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч А.Ооос 253,320 төгрөг гаргуулж нэхэмжлэгч “Ш” СӨХ-нд олгож, нэхэмжлэлээс 30,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 13,003 төгрөгөөс илүү төлсөн 3,852 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж нэхэмжлэгч “Ш” СӨХ-нд олгож, үлдэх 9,150 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч А.Ооос 8,250 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “Ш” СӨХ-нд олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогч талууд 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолох бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                                 Д.БАТЦЭЦЭГ