Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 09 сарын 28 өдөр

Дугаар 2018/ШЦТ/348

 

 

     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хэргийн индекс: 166/2018/0323/Э

 

Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Я.Туул даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Нандинцэцэг,

Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Батсүх,

Шүүгдэгч Т.Д /өөрөө өөрийгөө өмгөөлөх хүсэлт гаргасан тул өмгөөлөгч оролцоогүй/ нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Т.Д холбогдох эрүүгийн 1818006430384 дугаартай хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтэй ирүүлснийг 2018 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцлээ.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Т.Д  төрсөн, 21 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, аав, ээж, дүүгийн хамт  оршин суух бүртгэлтэй, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй.

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Т.Д нь 2018 оны 08 дугаар сарын 07-ны өдөр  иргэн Э.Б эрх чөлөөнд халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Т.Д нь 2018 оны 08 дугаар сарын 07-ны өдөр  иргэн Э.Б эрх чөлөөнд халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:

-Шүүгдэгч Т.Д мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “…Би Б хардаж гараараа баруун хацарт нь нэг удаа, зүүн хацарт нь хоёр удаа алгадаж, орон дээр сууж байхад нь хөлнөөс нь татсан. Тэгээд татагдаад нуруугаараа орны ирмэгт ирэхээр нь би хөлийг тавьсан.

...гэм буруугийн тал дээр маргах зүйл байхгүй, би хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Хариуцлагаа хүлээнэ.” гэх мэдүүлэг,

-Зөрчлийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хэргийн 6/,

-Дархан-Уул аймаг дахь Цагдаагийн газарт Э.Б гаргасан өргөдөл /хэргийн 7/,

-Хохирогч Э.Б мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2018 оны 08 дугаар сарын 7-ны өдөр би урьд нь үерхдэг байсан найз Д гэрт 14 цаг дөхөж байхад ажлаасаа гараад картаа авах гэж очсон. Нэлээд хэд хоногийн өмнө миний картыг авсан байсан юм. Ингээд картаа авах гэж очиход өгөхгүй байсан тул бид хоёр хэрэлдэж байгаад би гарч яваад эмээгийндээ оччихоод таксинд суугаад явж байтал Д залгаад “хаана байна, картыг чинь өгье” гэхээр нь “гэр лүүгээ явж байна юм, авчхаад ажил уруугаа явна.” гэж хэлсэн. Тэгээд лифтнээс буухад Д ирчихсэн орцонд зогсож байсан. Тэгээд бид хоёр манайд ороод хэрэлдсэн. Намайг хардаад “хаагуур янхантаад утсаа авахгүй байгаа юм” гээд нэг удаа алгадсан, дахиад маргалдаж байгаад хоёр удаа алгадаад, орон дээр сууж байтал хөлнөөс чирч орноос буулгасан. Т.Д нь намайг хардаад зодсон.

...Т.Д нь надаас уучлалт гуйсан, дахиж надтай орооцолдохгүй, уулзахгүй гэсэн. Би Д гомдолгүй, нэхэмжлэх зүйл байхгүй.” гэх мэдүүлэг /хэргийн 11-12/,

-Дархан-Уул аймгийн Нэгдсэн эмнэлгийн тодорхойлолт /хэргийн16/,

-“…Э.Б биед тархи доргилт, зүүн өвдөгний цус хуралт тогтоогдлоо. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаанд сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Цаашдын эрүүл мэнд, ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.” гэх 2018 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн 827 дугаартай шинжээчийн дүгнэлт /хэргийн 17/,

-“Т.Д нь надаас уучлалт гуйсан тул надад гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж өгнө үү.”гэх хохирогч Э.Б гаргасан баталгаа /хэргийн 57/,

-Хохирогч, шүүгдэгч нараас гаргасан баталгаа /хэргийн 61/ болон хавтаст хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бусад бичгийн баримтуудаар тус тус нотлогдож байна.

Шүүгдэгч Т.Д үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч Э.Б биед “...тархи доргилт, зүүн өвдөгний цус хуралт” бүхий гэмтэл учирсан бөгөөд энэ нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах, гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарч байх тул түүний үйлдлийг зүйлчилсэн хуулийн зүйл, хэсэг зөв байна.

Иймд шүүгдэгч Т.Д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хуралдааныг явуулж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй.

Гэмт хэргийн улмаас хохирогч Э.Б эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан болох нь 2018 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн 827 дугаартай шинжээчийн дүгнэлтээр /хэргийн 17/ нотлогдож байх бөгөөд хохирогч нь “ ...би Д гомдолгүй, нэхэмжлэх зүйл байхгүй.” гэх мэдүүлэг /хэргийн 11-12/ өгсөн байх тул шийтгэх тогтоол гарах үед шүүгдэгчээс гаргуулах төлбөргүй байн гэж үзлээ.

2. Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар:

Шүүгдэгч Т.Д нь 2018 оны 08 дугаар сарын 07-ны өдөр тоотод иргэн Э.Б эрх чөлөөнд халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бусад бичгийн баримтуудаар нотлогдож байх тул шүүгдэгч Т.Д гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Эрүүгийн хариуцлага нь эрүүгийн хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрддэг ба шүүгдэгч Т.Д нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай этгээд байна.

Шүүгдэгч нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас хохирогчид төлөх төлбөргүй байгаа байдлыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалд харгалзан үзлээ.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, түүний хувийн байдал зэргийг харгалзан шүүгдэгч Т.Д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500000 төгрөгөөр торгох ял оногдуулахаар шийдвэрлэв.

Шүүгдэгч Т.Д гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, түүний хувийн байдал, ар гэрийн амьдралын нөхцөл байдал зэргийг харгалзан шүүхээс оногдуулсан торгох ялын 500000 төгрөгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлж барагдуулахыг шүүгдэгч Т.Д үүрэг болгож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоног хорих ялаар тооцож солихыг шүүгдэгч Т.Д анхааруулах нь зүйтэй гэж үзлээ.

Энэ хэрэгт шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаад

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5, 36.1, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч Т.Д хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч Т.Д 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5.3 дугаар зүйлийн 5, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.6-д зааснаар торгох ялын 500000 /таван зуун мянга/ төгрөгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлж барагдуулахыг шүүгдэгч Т.Д үүрэг болгож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоног хорих ялаар тооцож солихыг шүүгдэгч Т.Д анхааруулсугай.

4.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.4, 1.7, 1.8, 1.9-т зааснаар шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-т зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Т.Д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                  Я.ТУУЛ