Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 11 сарын 24 өдөр

Дугаар 2021/ШЦТ/438

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Төв аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Батжаргал даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Самбуу,

Улсын яллагчаар Аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор С.Сүрэнхорол,

Шүүгдэгч Ч.Б, түүний өмгөөлөгч А.Мөнхтулга,

Шүүгдэгч, хохирогч Ч.П, түүний өмгөөлөгч Ю.Батболд,

Хохирогч П.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийж,

Төв аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Ч.Бэд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.6-т заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар мөн хуулийн  тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар, шүүгдэгч Ч.Пид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2034002290261  дугаартай, 2 хавтаст хэргийг 2021 оны 10 дугаар сарын 21-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

 Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

1.Монгол улсын иргэн, Ч.Б, төрсөн, 26 настай, яс үндэс халх, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, ам бүл 4, эхнэр, эхнэр, хүүхдийн хамт оршин суух, улсаас авсан гавьяа шагнал, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, регистрийн дугаартай.

2.Монгол улсын иргэн, Ч.П, суманд төрсөн, 53 настай, яс үндэс халх, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 6, эхнэр, хүүхдийн хамт газар оршин суух, улсаас авсан гавьяа шагнал, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, регистрийн дугаартай.

 

Холбогдсон хэргийн талаар:

 

Шүүгдэгч Ч.Б нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.6-т заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар мөн хуулийн  тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт,

 

Шүүгдэгч Ч.П нь Эрүүгийн хуулийн  тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

         Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт:

 

Шүүгдэгч Ч.Бийн өгсөн: "Тухайн үед цагаан сар болж байсан. Хэдний өдөр гэдгийг одоо санахгүй байна. Би П.П ахтайгаа айлуудаар орж яваад буцаж явах замдаа гэрийн ойролцоо байдаг н.О гэх айлынхаар ороод тэндээсээ гараад доошоо яваад Лхагвадай гэх айлынд орж даалуу тоглож байгаад Ч.Пийнд очсон. Тэнд очсон М, П, Б нар шинэ сар болж байгаа юм чинь тодорхой хэмжээний ууцгаасан байсан. Тэгээд Ч.Пийнд очоод архи уусан. Тэгээд очиход манай ах тал архи өглөө гээд үгээр идээд, зэвүүрхсэн үйл явдал болсон. Тэгээд П.П ах согтсон юм шиг орон дээр нь хэвтээд өгсөн. н.М П.Пүрвлут ахтай даалуу тоглож байгаад хоорондоо хэрэлдээд муудалцах гээд байсан. Тэгээд би П.Пад ахаа Ч.П гэх айлынд ороод хэрэггүй юм биш үү гэхэд за зүгээрээ монгол хүн байна оръё гэсэн. Тэгээд П.П ах Пийнд ороод гуталтайгаа орон дээр нь унтаад өгсөн. Тэгсэн айлын хүмүүс нь заваарсан шавар шавхайтай хүмүүс зайлцгаа гээд тэгэхээр нь би ахыг яаж ийгээд сэрээгээд чирээд гарсан. Тэгээд чирч гаргаад урьд айлд ороод унтуулсан чинь нөгөө айлынхан чинь муусайн юмнууд гээд үгээр идээд байсан. Би бас тодорхой хэмжээний согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан болохоор Мыг очоод та одоо ингэж болж байгаа юм уу өндөр настай хүн байж манай ах зүгээр л согтуу л байна гэсэн чинь л миний өөдөөс галын хайч бариад дайрсан. Галын хайч барьж дайрсан гэдэг нь М миний өөдөөс 2-3 удаа цохисон. Би биеэ хамгаалаад галын хайчийг булаагаад авахад М хашхирахад намайг Мыг зодож байна гэж ойлгосон юм шиг байгаа юм. Би тухайн үед Шүүх эмнэлэгт үзүүлээгүй л болохоос миний биед нүүр самардсан урсан гэх мэт олон гэмтэлтэй байсан. Тэгсэн чинь цаанаас Ч.Б хашхираад гараад ирсэн. Тэгээд л учир зүггүй намайг цохиод самардаад маажсан. Тэгээд над руу дайраад байхаар нь түлхсэн чинь гарт байсан хормойн боолт таараад нүдэн тус газар нь цохисон. Тэрнээс би алгын чинээ эмэгтэй хүнийг зодоод байх хүн биш. Тэгсэн чинь цаанаас Ч.Пийн хүү Б хажуу айлын залуу Гансүх  гээд 2 залуу орж ирээд П.П ахыг чамайг ингэж зодох шалтгаан гарч ирдэг байж гээд П.П ахыг учир зүггүй зодож эхэлсэн. Би П.П ахыг зодуулахгүйн тулд ахын дээр нь гарч хэвтсэн. Тэгээд Ч.Бын дүү нь бичлэг хийгээд байсан. Тэр бичлэгт санаатайгаар болсон үйл явцыг гаргахгүй намайг харлуулахын тулд хэсэг хэсгээр нь тастаж хавтаст хэрэгт хавсаргасан байсан." гэх мэдүүлэг,

 

Шүүгдэгч Ч.Пийн өгсөн: "Би отор нүүдлээр яваад Төв аймгийн Эрдэнэсант суманд очсон. 2020 оны 02 дугаар сарын 22-23-нд шилжих шөнө шинэ сар болоод бас тухайн үед ковид гараад хөл хорьсон байсан. Цагаан сар 2020 оны 02 дугаар сарын 23-24-нд шилжих шөнө 2-3 хундага л уусан. Би тэр өдөр ерөөсөө уугаагүй. Тэгээд доод талын айлд очиж байж байгаад гэртээ ирсэн. Гэртээ ирээд гэрийнхээ зүүн талын оронд унтаж байсан. Тэгсэн чинь П.Б ааваа сэрээрэй болохоо байлаа гэсэн чинь Ч.Б намайг орноос өндийнгүүт доороо хийж зөндөө зодсон. Баруун талын шанаа зүүн талын чих дунд хурууны хумс сэт хазаад. Тэгээд манай охины зүүн талын нүд нь хөх болсон цус гоожсон уйлсан байсан. Би П.П гэх хүнийг ерөөсөө зодоогүй. Надад тэгж зодох тэнхээ, тамир байгаагүй. Хамар, чих, завжнаас цус гараад шүд байхгүй болсон байсан. Хутга барьж над руу дайрсан. Азаар манай нэг чөлөөт бөхөөр барилддаг охин дүү хутгыг нь булааж авсан." гэх мэдүүлэг,

 

 

 

Талуудын хүсэлтээр хавтаст хэргээс:

 

Шүүгдэгч Ч.Пийн яллагдагчаар өгсөн: "Надад Пыг цохиж зодсон асуудал байхгүй." гэх мэдүүлэг /хх 248-249/,

Хохирогч П.Бын өгсөн мэдүүлэг /хх 21-22, 34-35/,

Хохирогч Ч.Пийн өгсөн мэдүүлэг /хх 25-26, 32-33/,    

Хохирогч П.Пын өгсөн мэдүүлэг /хх 29-30, 233-235/,

Гэрч П.Бийн өгсөн мэдүүлэг /хх 31/,

Гэрч Ц.Мын өгсөн мэдүүлэг /хх 36-37/,  

Гэрч Ц.Ший өгсөн мэдүүлэг /хх 41-43/,   

Гэрч Д.Дгийн өгсөн мэдүүлэг /хх 45-46/,  

Шүүгдэгч Ч.Бийн өгсөн мэдүүлэг /хх 47-50, 98, 2 хх 16-17/,

Төв аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 3 дугаар сарын 03-ны өдрийн №120 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх 52-53/,

Төв аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 3 дугаар сарын 05-ны өдрийн №121 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх 57-58/,

Төв аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 3 дугаар сарын 05-ны өдрийн №124 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх 66-67/,

         Төв аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 3 дугаар сарын 05-ны өдрийн №123 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх 72-73/,

 Эд зүйлийн үнэлгээ, гэрэл зургийн үзүүлэлт /хх 78-82/,

 Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх 2/, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 5-13/, CD-г эд мөрийн баримтаар тооцож, үзлэг хийсэн тэмдэглэл /хх 14-16, 18/, эд зүйлийн үнэлгээ, гэрэл зургийн үзүүлэлт /хх 78-82/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 104, 117/, 2 ширхэг DVD, хохирогч Ч.Пийн шүд гэх зүйл зэрэг болно. 

 

Дээр дурдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай. Хохирогч, гэрч, яллагдагч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй, шинжээчийн дүгнэлт, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.

 

Шүүгдэгчийн гэм буруу болон хохирол, хор уршгийн талаар:    

 

Шүүгдэгч Ч.Б нь 2020 оны 02 дугаар сарын 25-наас 26-нд шилжих шөнө Төв аймгийн Эрдэнэсант сумын Угалзат 4-р багийн нутагт "Гичгэнэ" гэх газарт иргэн П.Б, Ч.П нарыг зодож хохирогч П.Бын эрүүл мэндэд тархи доргилт, баруун нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий хохирол, хохирогч Ч.Пийн эрүүл мэндэд баруун чамархай, чихний дэлбэн, шанаа хацар хэсгийг хамарсан цус хуралт, зөөлөн эдийн няцрал дээд уруул дотор салст шарх, 13-р шүдний хугарал, зүүн гарын дунд хуруунд шарх бүхий хөнгөн хохирол,

Шүүгдэгч Ч.П нь 2020 оны 02 дугаар сарын 25-26-нд шилжих шөнө Төв аймгийн Эрдэнэсант сумын Угалзат 4-р багийн нутагт “Гичгэнэ” гэх газарт иргэн П.Пыг "гэрт агсан согтуу тавилаа" гэх шалтгаанаар цохиж зодон улмаар түүний эрүүл мэндэд тархи доргилт, баруун нүдний дээд зовхи, баруун, зүүн бугалга, цээж, баруун гуянд цус хуралт, баруун хацарт зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол  учруулсан болох нь:

 

Хохирогч П.Бын өгсөн: "Манайх Өвөрхангай аймгаас Төв аймгийн Эрдэнэсант сумын нутаг отроор малтай явж байсан. 2020 оны 02 дугаар сарын 22-ны өдөр Улаанбаатар хотоос очоод байж байхад 02 дугаар сарын 25-26-нд шилжих шөнө 23-24 цагийн хооронд гаднаас нутгийн гэх танихгүй хоёр залуучууд архи уучихсан согтуу орж ирсэн. Нэг нь гэрийн баруун орон дээр хэвтсэн. Тэгээд тэр хоёр залуу муусайн цагаачид гэх мэтээр хэл амаар гэрт байсан хүмүүсийг доромжлоод байсан. Тэгсэн цуг ирсэн дүү нь орон дээр унтаж байсан ахыгаа сэрээгээд гэрээс авч гараад хажуу талын Цолмонгийнд орсон. Тэгээд бид нар унтсан. Тэгээд удалгүй гадаа намайг аллаа гэж манай ээж М хашхирсан. Гэрээс шагайгаад хартал манай ээж Мыг Б дээлний хормойн бүсээр ороолгож байсан. Гаднаас Б, Пүрвлут нар орж ирээд миний араас барьж аваад гараараа цохиж зодсон. Би арай гэж аавын унтаж байсан орны хажууд очоод аавыг босоорой гэхэд тэр хоёр аавыг мөн цохиж зодон бид нарт гэмтэл учруулсан. Миний биед зүүн нүдний доод хэсэгт цус хурсан, баруун нүдэнд хөхөрч хавдсан, баруун нүдний ухархайд хумсаараа юм уу өөр иртэй зүйлээр урсан. Мөн гар урсан. Одоо нүд өвдөж харахад бүрэлзэж байна. Гомдолтой байна." /хх 21-22/,

 "Б миний толгой руу гурван удаа цохисон. Аавыг өднийд иртэл Б толгой руу нь шууд нэг удаа мөргөөд толгой руу нь цохиж зодоод эхэлсэн. Аав доошоо тонгойгоод байсан. Тэгээд би хажуу айл руу орж Шинээ гэдэг хүүхэнд хэлж гэр лүү оруулсан. Би гоо сайханч ажил хийдэг. Нүд хөхрөөд цус хурчихсан болохоор ажил хийх боломжгүй. Эрүүл мэнд, гоо сайхан, эдийн засгийн хувьд хохиролтой байна." гэх мэдүүлэг /хх 34-35/,

 

Хохирогч Ч.Пийн өгсөн: "2020 оны 01 дүгээр сарын 27-ний өдөр Эрдэнэсант сумын Гичгэнэ гэх газар Эрдэнэсант сумын харъяат Лхагвадай гэдэг айлынхтай айл буусан. Б, Давхарбаяр буюу П гэдэг хоёр залуу манайхаар орж тавгийн идээ, цагаа уучхаад шинэлээд гарахаар нь би гэрийнхээ зүүн талын орон дээр унтсан. Шөнө 02-03 цагийн орчим манай охин Б намайг дуудахаар сэртэл Б толгойгоороо миний уруул хэсэг рүү нэг удаа маш хүчтэй мөргөсөн. Тэгэхээр нь би тонгойгоод бостол Б нь гараараа миний баруун талын чих рүү хэд хэдэн удаа цохисон. Тэгэхээр нь та хэд чинь яаж байнаа одоо больцгоо гэтэл биднийг муусайн цагаачид, танай Баян-Өндөрийнхөн өмд гуталны хулгайчид гээд манай ууцан дээр байсан хутгийг Б аваад та нарыг ална ална гээд далайтал манай хажуу талын айлын Шинээ гэх эмэгтэй орж ирээд Бийн гарт нь байсан хутгыг аваад манай зүүн талын орны араар чулуудахаар нь гэрээсээ гараад Лхагвадай гэдэг өвгөнийд ороод тэр хүмүүсийг явахаар нь гарч гэртээ орсон. Энэ хоёр хүнтэй ямар нэг харилцаа холбоо байхгүй. Давхарбаяр, Б хоёр 23 цагийн үед манайхаар орж ирж золгоод айраг ууж 0,75 гр архины гуравны нэгийг нь ууцгаагаад хажуу талын Цолмон гэдэг айлынд байж байгаад шөнө унтаж байхад орж ирж зодсон. Миний хиймэл шүд хугарсан. Дээд буйлнаас 1 ширхэг шүд суларч ганхсан.Миний толгой тархи дүүрч өвдөөд байгаа." гэх мэдүүлэг /хх 25-26, 32-33/,    

 

Хохирогч П.Пын өгсөн: "2020 оны 02 дугаар сарын 25-ны өдөр сар шинийн хоёрны өдөр Бийн хамт морьтой айл хэсээд явж байгаад гэр рүү буцах замдаа Лхагвадай гэх айлаар буугаад тэднийд ороод хоол, цай идэж уусан бөгөөд хажуу айлын П гуай манайхаар ор гээд Б бид хоёр тэднийд орсон. Миний дотор муухайраад байхаар нь орон дээр нь гарч хэвттэл П гуайн эхнэр шавар шавхайтай гуталтайгаа орон дээр хэвтээд гээд аашлаад байсан. Тэгэхээр нь би босоод хажуу айлын Лхагвадайгийнд орж хэвтсэн. Гадаа хашхиралдаад байхаар нь гэрээс гараад хажуу айлын Пийнд орсон чинь Б тухайн айлын хүмүүстэй маргалдаж хэрүүл болж байсан. Тэгэхээр нь би Бийг барьж аваад яаж байгаа юм гээд гэрээс аваад гарсан. Тухайн айлын Алтансүх, Пийн хүү хоёр орж ирээд намайг цохиж зодсон бөгөөд би арай гэж салаад гэрийн эзэн П гуайн хажууд очоод та хамгийн ахмад нь байна салгахгүй бол болохгүй гэж хэлтэл П гуай чи муу юу юм гээд намайг заамдаж аваад мөн цохиж зодсон. Тэр үед хажуу айлын хүмүүс орж ирээд салгаад Б бид хоёр гэрээс гарсан. Миний толгой, нуруу, бөөр хэсэгт гэмтэл учирсан. Одоо толгой хааяа өвдөж байна. Гомдолтой байна. Би эмнэлгээр явж үзүүлсэн эм, тариа авсан баримтаа явцын дунд гаргаж өгнө." гэх мэдүүлэг /хх 29-30/,

"Б, П нарын хооронд хэрүүл маргаан бужигнасан үйл явдал болж байх үед гаднаас П ахын хүүхдүүд орж ирсэн. Тэр үед би гэрийн баруун талын баганын хажууд газар сууж байсан. Хүүхдүүд нь бүгд хашхираад хүн хүн рүү дайрцгаагаад байсан. Тэгэхээр нь би П ахад та одоо хүүхдүүдээ болиулаа та энэ хүүхдүүдээ тайвшруулахгүй бол болохоо байлаа гэх хэлэхэд миний өөдөөс чамд ямар хамаатай юм чамайг би алчихна шүү гээд намайг барьж аваад газар сууж байхад шууд багалзуурдаж газар хэвтүүлээд миний толгой руу ойролцоогоор тав, зургаан удаа цохисон. Тэр үед би нүүрээ дарж байгаад нэг харахад Ш ороод ирчихсэн байсан. Тэгээд тэр хүмүүс гарцгаахаар нь араас нь гарсан. Тухайн үйл явдал болох үед би архи уучихсан байсан гэхдээ ухаанаа алдаагүй, болсон үйл явдлын талаар бүгдийг мэдэж байсан. Намайг П гуайгаас өөр хүн цохиж зодоогүй. Поос эмчилгээний зардал баримтаар нэхэмжилнэ." гэх мэдүүлэг /хх 233-235/,

 

Гэрч П.Бийн өгсөн: "Намайг айл руу хүн хүргэж өгөх гээд явж байхад араас хүүхэд морьтой ирээд аав, ээж, дүүг чинь хүн зодоод байна гэхээр нь эргэж ирэхэд Б, П нар цохиж зодсон байсан. Би ирж хорьсон болохоор намайг ирснээс хойш зодоогүй." гэх мэдүүлэг /хх 31/,

 

Гэрч Ц.Мын өгсөн: "2020 оны 02 дугаар сарын 25-ны шөнө 22 цагийн орчим манай саахалт айлын Ганболд гэдэг айлынхан манай хотоор бууж шинэлсэн. Тэр үед 23 цагийн орчим саахалт айлын Давхарбаяр гэдэг залуу Бийн хамт манайхаар ирж айраг, цагаа ууж байгаад гарцгаасан. Хажуу айл Цолмонгийнд даалуу тоглож байсан Ганболдынхныг манай хүү Б, Цолмон, Гансүх нар гэрт нь хүргэж өгөхөөр явсан. Намайг хажуу талын айлаас гэртээ орж иртэл Давхарбаяр гэдэг залуу манай гэрийн баруун талын орон дээр гуталтайгаар унтаж байсан. Араас Б орж ирэхээр нь ах чинь яагаад манай орон дээр гуталтайгаа гарчихдаг юм бэ гэх хэлэхэд Б уучлаарай эгчээ би идээ амсаад ахыгаа аваад явлаа гэхээр нь би айраг хийж өгтөл уучаад ахыгаа манайхаас чирээд гарсан. Тэгээд би орнуудаа засчхаад хажуу айлын Цолмонгийнд орж бага охиноо сураглачхаад гартал гаднаас миний араас Б гэрч ирээд араас түлхэж унагаасан. Тэгэхээр нь би айсандаа хашхирч амь авраарай аллаа гэж орилсон. Тэгтэл Б намайг дээлийн хормойн боолтоор намайг ороолгох гээд саваад байхаар нь би тонгойгоод өөрт нь наалдчихсан. Тэгээд Б манай гэр лүү гүйгээд орчихоор нь хойноос очоод шагайтал манай нөхрийг зодож байсан. Би айсандаа орж чадахгүй байж байтал охин Б нүд рүү цохичихлоо гээд нүднээс нь цус гарчихсан гарч ирсэн. Манай гэрийн тавгийн идээ, айраг цагаа, ууц зэргийг тараасан. Бидний тав тухыг алдагдуулсан." гэх мэдүүлэг /хх 36-37/,   

 

Гэрч Ц.Ший өгсөн: "П ахын охин Б манай гэрт орж ирээд нөгөө Б гээд танайд байсан хоёр залуу чинь манайд ороод агсам тавиад байна. Намайг зодчихлоо гээд баруун нүднийх нь доор язарчихсан нүднийх нь тэр хавиас цус гарчихсан, баруун нүд нь хөхөрчихсөн орж ирсэн. Манай хажуу айлын Цолмон ахын эхнэр Д эгч манайд орж ирээд нөгөө хоёр залуу чинь П ахыг зодоод байна гэхээр би хувцсаа өмсөөд П ахынд орсон. П ах цусандаа холилдчихсон Б тэр хоёр зууралдчихсан байхаар нь би салгасан. П ах гараад явсан. Б, П бид гурав үлдсэн. Тэгтэл Б гараараа П ахын ширээн дээр байсан ууцыг гараараа түлхэж газар тарааж ууцан дээр байсан хутгыг гартаа барьж ална шүү, хутгалж ална шүү гээд орилж байсан. Тэгтэл П ах тэвэрч аваад зүүн орон дээр сууцгаахаар нь би Бийн хутгыг аваад зүүн орных нь араар хийсэн. Тэр үед П ах ороод ирчихсэн байсан. Удалгүй гаднаас Б, Гансүх, Оюунхорол гурав орж ирээд П, Б хоёр гэрийн зүүн хэсэгт Бийг заамдаад шахчихсан байхаар нь Гансүх бид хоёр тэнд хүмүүстэй нийлж салгаад гэрт байсан хүмүүс бүгд гарцгаасан." гэх мэдүүлэг /хх 41-43/,    

 

Гэрч Д.Дгийн өгсөн: "П ахын эхнэр М аллаа гэх чимээ гарахаар нь гүйж гараад хартал нөгөө Б гэдэг залуу гартаа галын хайч барьчихсан зодох гээд дайраад байхаар нь би галын хайчийг нь булааж автал М эгч Пийг зодчихвол ах юм бэ гэхээр нь хоёулаа хүмүүстэй газар очъё гээд Лхагвадай ахынх руу дагуулж явах гэтэл нөгөө Б П ахынд орсон. Төд удалгүй охин Б нь аавыг зодчихлоо, намайг зодчихлоо гээд уйлаад гараад ирэхээр нь би Лхагвадай ахынх руу орж гэж хэлээд явуулсан. Тэгээд би П ахын гэрийн хаалгаар шагайтал П ахын нүүр, ам нь цус болчихсон гэрийнхээ зүүн орон дээр хэвтэж байсан. Б П ахыг зодох гээд байгаа бололтой дайраад байсан. Харин Давхарбаяр миний дүү болохгүй ээ битгий зод гээд хориод тэр хоёрын голд нь орчихсон байсан. Тэгээд би Лхагвадай ахынд очиж Шинээ гэдэг охинд П ахыг хүн зодчихсон байна гэж хэлсэн." гэх мэдүүлэг /хх 45-46/,   

 

Шүүгдэгч Ч.Бийн өгсөн: "2020 оны 02 дугаар сарын 22-ны өдөр 17 цагийн орчим эхнэр, хүүхдүүдтэйгээ хамт Улаанбаатар хотоос ирж Эрдэнэсант сумын 4-р багийн нутаг Гичгэнэ гэх газар нутагладаг аав, ээж хоёрындоо сар шинэ гаргахаар ирсэн. 2020 оны 02 дугаар сарын 25-ны өдөр 10 цагийн үед би аавынхаас ганцаараа гарч нагац ах Давхарбаяр буюу П ахын гэрч очиж П ах бид хоёр хоёулаа морьтой хөдөөний айлуудаар шинэлгээ хийхээр гарсан. ...нэг харсан Пийн эхнэр П хоёр маргалдаад байсан. Тэгээд тэднийхээс гараад тэдний саахалтын Лхагвадай, Цолмон, П гэдэг айлуудаар орцгоосон. П гэдэг айлынд орж айраг архинаас уучхаад тэдний гэрийн баруун орон дээр Пыг унтуулчхаад тэднийд жоохон сууж байгаад хажуу талын Цолмон гэдэг айлынд орж сууж байгаад буцаад нөгөө П ахынд орж ахыгаа авах гэтэл П ахын эхнэр гэх эмэгтэй танай энэ ах чинь айлын орон дээр шавхайтай гуталтайгаа унтдаг юу вэ наадахыгаа манайхаа аваад зайл гэхээр нь би Пыг тэднийхээс чирээд Цолмон гэдэг айлынд оруулж орхичхоод П ахын гэрт ороход П ах гэрийнхээ зүүн талын орон дээр охинтойгоо хоёулхнаа унтаж байхаар нь П ахыг татаад танай авгай чинь манай ах бид хоёрыг загнаж гэрээс хөөлөө цагаан сар болж байхад яахаараа ийм зан гаргадаг юм гэх хэлсэн. Тэгээд П ахыг татаж босготол охин нь хажуу талаас чи яах гээд байгаа юм гээд миний нүүрийг маажихаар нь би охиныг нь баруун гараараа цааш түлхтэл миний баруун талын бөгжтэй гар тэр охины нүүрэн хэсэгт оносон .Тэгтэл П ах миний хойд талаас боож миний ухаан балартсан. Тэгээд байж байтал П ах үүднээс орж ирээд намайг дарж чи хүн зодож болохгүй гэж хэлсэн. Тэгтэл гаднаас ахиад П гуайн хүү гэх залуу Гансүх, Пийн эхнэр нар орж ирээд хөгшин хүн, эмэгтэй хүн зодлоо гээд П бид хоёрыг толгой тархигүй балбаж зодсон. Тухайн үед гэр орноо өөрсдөө буулгаж эмх замбараагүй болгосон байх. Тэр үед П ахын хажуу талынх нь айлын Шинээ гэдэг хүүхэн орж ирж П бид хоёрыг хүмүүсээс салгаж гэрээс авч гарсан.Тэр үед П ахын эхнэртэй  таарахад тэр эгч ээжээ гээд арагшаагаа үсрээд ойччихсон. Манай төрсөн дүү Доржпүрэв ирчихсэн П бид хоёрыг авч гэр рүүгээ харьцгаасан." мэдүүлэг /хх 47-50, 98/,

"Тухайн үед П ахын гэрт нь сууж байхад П П ахыг хөлөөрөө толгойн тус газар нь өшиглөөд дээр нь гарч суугаад гараараа нүүр лүү нь цохиж зодож эрүүл мэндэд нь хохирол учруулсан." гэх мэдүүлэг /2 хх 16-17/,

 

Төв аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 3 дугаар сарын 03-ны өдрийн №120 дугаартай шинжээчийн дүгнэлт: “1.Ч.Пийн биед баруун чамархай, чихний дэлбэн, шанаа хацар хэсгийг хамарсан цус хуралт, зөөлөн эдийн няцрал, дээд уруул дотор салстад шарх, 13-р шүдний хугарал, зүүн гарын дунд хуруунд шарх гэмтлүүд тогтоогдлоо. 2.3.4.5.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэгээс дээш удаагийн үйлчлэлээр нэг цаг хугацаанд хэрэг учрал болсон гэх өдөр үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна. 6.Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 7.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтад нөлөөлөхгүй.” гэх /хх 52-53/,

 

Төв аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 3 дугаар сарын 05-ны өдрийн №121 дугаартай шинжээчийн дүгнэлт: “1.П.Бын биед тархи доргилт, баруун нүдний зовхинд цус хуралт зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. 2.3.4.5.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна. 6.Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 7.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтад нөлөөлөхгүй.” гэх /хх 57-58/,

 

Төв аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 3 дугаар сарын 05-ны өдрийн №124 дугаартай шинжээчийн дүгнэлт: “1.Ч.Бийн зүүн чих, зүүн хацарт зулгаралт, зүүн шуу, эрүүнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2.3.4.5.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна. 6.Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй. 7.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтад нөлөөлөхгүй.” гэх /хх 66-67/,

 

 Төв аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 3 дугаар сарын 05-ны өдрийн №123 дугаартай шинжээчийн дүгнэлт: “1.П.Пын биед тархи доргилт, баруун нүдний дээд зовхи, баруун, зүүн булгалга, цээж, баруун гуянд цус хуралт, баруун хацарт зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. 2.3.4.5.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна. 6.Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 7.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтад нөлөөлөхгүй.” гэх /хх 72-73/,

 

  Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх 2/, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 5-13/, CD-г эд мөрийн баримтаар тооцож, үзлэг хийсэн тэмдэглэл /хх 14-16, 18/, эд зүйлийн үнэлгээ, гэрэл зургийн үзүүлэлт /хх 78-82/, 2 ширхэг DVD авагдсан бичлэг, эд зүйлийн үнэлгээ, гэрэл зургийн үзүүлэлт /хх 78-82/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ. 

 

   Шүүгдэгч Ч.Б нь П.Птай 2020 оны 02 дугаар сарын 25-ны өдөр цагаан сарын шинэлгээ хийж айлаар хэсэж гэр рүүгээ буцах замдаа Ч.П, н.Цолмон нарын хот айлаар орж архи согтууруулах ундааны зүйл хэрэглэн улмаар Ч.Пийн гэрт Ч.Бтэй хамт явсан П.П орон дээр нь гутал, хувцастайгаа унтсаны улмаас айлын эхнэр М "танай энэ ах чинь айлын орон дээр шавхайтай гуталтайгаа унтлаа, наадахыгаа манайхаас аваад зайл" гэж хэлснээс шалтаглан Ч.Б нь гэрийнхээ зүүн талын орон дээр охинтойгоо унтаж байсан Ч.Пийг татаж сэрээн "танай авгай чинь манай ах бид хоёрыг загнаж гэрээс хөөлөө цагаан сар болж байхад яахаараа ийм зан гаргадаг юм" гэж хэлсний улмаас П, түүний охин Б, шүүгдэгч Б нарын хооронд мөн тухайн хот айлд байсан хүмүүсийн дунд хэрүүл маргаан, зодоон үүссэн үйл баримт дээрх гэрч, хохирогч  нарын мэдүүлгээр тогтоогдсон.  

 

 Хохирогч П.П, Ч.П, Д.Б нарын эрүүл мэндэд Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар хөнгөн хохирол учирсан байх бөгөөд хохирогч Ч.П, Д.Б нарын эрүүл мэндэд учирсан хохирлын шүүгдэгч Ч.Б учруулсан болох нь хавтаст хэрэгт авагдсан гэрч, хохирогч нарын мэдүүлгээр тогтоогдсон бөгөөд шүүгдэгч Ч.Б гэм буруу дээрээ маргаагүй байна.

 

Харин шүүгдэгч Ч.П хохирогч П.Пын эрүүл мэндэд хохирол учруулаагүй, надад тийм тэнхэл ч байгаагүй гэж маргасан.

 

Хохирогч Ч.Пын эрүүл  мэндэд  "тархи доргилт, баруун нүдний дээд зовхи, баруун, зүүн булгалга, цээж, баруун гуянд цус хуралт, баруун хацарт зөөлөн эдийн няцрал" бүхий хөнгөн хохирол учирсан энэ хохирлыг шүүгдэгч Ч.Пийн үйлдлийн улмаас учирсан болох нь хохирогч П.Пын өгсөн: "...Гадаа хашхиралдаад байхаар нь гэрээс гараад хажуу айлын Пийнд орсон чинь Б тухайн айлын хүмүүстэй маргалдаж хэрүүл болж байсан. Тэгэхээр нь би Бийг барьж аваад яаж байгаа юм гээд гэрээс аваад гарсан. Тухайн айлын Алтансүх, Пийн хүү хоёр орж ирээд намайг цохиж зодсон бөгөөд би арай гэж салаад гэрийн эзэн П гуайн хажууд очоод та хамгийн ахмад нь байна салгахгүй бол болохгүй гэж хэлтэл П гуай чи муу юу юм гээд намайг заамдаж аваад мөн цохиж зодсон. Тэр үед хажуу айлын хүмүүс орж ирээд салгаад Б бид хоёр гэрээс гарсан. Миний толгой, нуруу, бөөр хэсэгт гэмтэл учирсан. Одоо толгой хааяа өвдөж байна." гэх мэдүүлэг /хх 29-30/,

"Б, П нарын хооронд хэрүүл маргаан бужигнасан үйл явдал болж байх үед гаднаас П ахын хүүхдүүд орж ирсэн. Тэр үед би гэрийн баруун талын баганын хажууд газар сууж байсан. Хүүхдүүд нь бүгд хашхираад хүн хүн рүү дайрцгаагаад байсан. Тэгэхээр нь би П ахад та одоо хүүхдүүдээ болиулаа та энэ хүүхдүүдээ тайвшруулахгүй бол болохоо байлаа гэх хэлэхэд миний өөдөөс чамд ямар хамаатай юм чамайг би алчихна шүү гээд намайг барьж аваад газар сууж байхад шууд багалзуурдаж газар хэвтүүлээд миний толгой руу ойролцоогоор тав, зургаан удаа цохисон. Тэр үед би нүүрээ дарж байгаад нэг харахад Ш ороод ирчихсэн байсан. Тэгээд тэр хүмүүс гарцгаахаар нь араас нь гарсан. Тухайн үйл явдал болох үед би архи уучихсан байсан гэхдээ ухаанаа алдаагүй, болсон үйл явдлын талаар бүгдийг мэдэж байсан. Намайг П гуайгаас өөр хүн цохиж зодоогүй. Поос эмчилгээний зардал баримтаар нэхэмжилнэ." гэх мэдүүлэг /хх 233-235/,

 

Шүүгдэгч Ч.Бийн өгсөн: "Тухайн үед П ахын гэрт нь сууж байхад П П ахыг хөлөөрөө толгойн тус газар нь өшиглөөд дээр нь гарч суугаад гараараа нүүр лүү нь цохиж зодож эрүүл мэндэд нь хохирол учруулсан." гэх мэдүүлэг /2 хх 16-17/, Төв аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 3 дугаар сарын 05-ны өдрийн №123 дугаартай шинжээчийн дүгнэлт: “1.П.Пын биед тархи доргилт, баруун нүдний дээд зовхи, баруун, зүүн булгалга, цээж, баруун гуянд цус хуралт, баруун хацарт зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. 2.3.4.5.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна. 6.Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.” гэх /хх 72-73/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж үзэв.  

 

Улсын яллагчийн шүүгдэгч нарыг гэм буруутайд тооцуулахаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйчлэл тохирсон байх тул гэм буруугийн дүгнэлтийг хүлээн авах нь зүйтэй гэж үзэн,  

Иймд шүүгдэгч Ч.Бийг хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.6-т заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар мөн хуулийн  тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн,

Шүүгдэгч Ч.Пийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Хохирогч П.Б гэмт хэргийн улмаас нүүрэндээ гэмтэл авсны улмаас гоо сайханы ажлаа эрхэлж чадаагүй олох ёстой байсан 2 сарын орлого гэж 3 220 000 төгрөг, өмгөөлөгчийн хөлс 1 500 000 төгрөг, толгойн зураг авхуулсан төлбөр 120 000 төгрөг, сорвины тосны үнэ 158 000 төгрөг, нүдний харааны шилний үнэ 30 000 төгрөг, шил тааруулсан 40 000 төгрөг, унааны зардал 603 914 төгрөг нийт 5 671 914 төгрөг,

 

Хохирогч Ч.П эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн төлбөр 350 000 төгрөг, толгойн зураг авхуулсан төлбөр 120 000 төгрөг, шүд авхуулсан болон бусад зардалд 230 000 төгрөг, хиймэл шүд хийлгэсэн үнэ 120 000 төгрөг, гэр эд зүйлийн үнэлгээ 154 000 төгрөг нийт 974 000 төгрөг нэхэмжилж,

 

Хохирогч П.П гэм хорын хохиролтой холбоотой баримт хавтаст хэрэгт ирүүлээгүй байна.

 

Хохирогч П.Бын 5 671 914 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагаас шатахууны зардал гэж нотлох баримтаар ирүүлсэн 571 572 төгрөгөөс 141 710 төгрөгийн баримт нь үг үсэг, огноо нь гаргагдахгүй тул нотлох баримтын шаардлага хангахгүй гэж үзэн хэлэлцэхгүй орхиж үлдэх 429 862 төгрөг, толгойн зураг авхуулсан гэх 120 000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, өмгөөлөгчийн хөлс гэх 1 500 000 төгрөгийг өмгөөлөгчийн хөлс нь гэмт хэргийн улмаас үүссэн гэм хорын хохиролд тооцогдохгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гэж үзэхгүй тул хэрэгсэхгүй болгож, бусад нэхэмжлэлийн шаардлагыг нь баримтаар нотлогдоогүй гэж үзэн хэлэлцэхгүй орхиж иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй орхиж шийдвэрлэв.

 

Шүүгдэгч Ч.Пийн эд хөрөнгөд болон эрүүл мэндэд нь учирсан гэм хорын хохирлыг 1-р хавтаст хэргийн 78-р хуудас, 2-р хавтаст хэргийн 39-45-р хуудсанд авагдсан баримтаар бүхэлд нь 1 044 100 төгрөгийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.    

 

   Хохирогч П.П нь гэм хорын хохирлоо нотлох баримтаа бүрдүүлж иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдав.

 

   Шүүгдэгч Ч.Б хохирогч нарт шүүхээс гаргуулахаар шийдвэрлэсэн 1 593 962 төгрөгийн хохирлыг нөхөн төлөхөөр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар ажлын 5 өдөр завсарлага авч 2021 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн эрүүгийн хариуцлага хүлээлгэх шүүх хуралдаанд хохирогч нарын хохирлыг төлж барагдуулсан байх  тул шүүгдэгч Ч.Б тогтоолоор бусдад төлөх төлбөргүй байна гэж үзэв.    

  

Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар:

 

Улсын яллагч шүүгдэгч Ч.Бэд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, шүүгдэгч Ч.Пийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулах,

Шүүгдэгч Ч.Бийн өмгөөлөгч А.Мөнхтулга миний үйлчлүүлэгч гэм буруу дээрээ маргаагүй, хохирлыг нөхөн төлсөн, урьд нь Өршөөлийн хуульд хамрагдаж байгаагүй тул 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуульд хамруулж хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэх,

 

Шүүгдэгч Ч.Пийн өмгөөлөгч Ю.Батболд миний үйлчлүүлэгчийг 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2 дахь хэсэгт зааснаар өршөөлд хамруулж хэргийг хэрэгсэхгүй болгох, мөн хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан болохыг дурдаж тус тус санал гаргав.

 

Шүүгдэгч нарын холбогдсон гэмт хэрэг 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хууль болон Эрүүгийн хуулийн хөөн хэлэлцэх зохицуулалтын аль алинд  хамаарч байх бөгөөд шүүх хүний эрх зүйн байдлыг ямар нэг хэлбэрээр дээрдүүлж байгаа эрүүгийн хуулийн бусад зохицуулалтыг хэрэглэх тул шүүгдэгч нарт холбогдох хэргийг хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэрэгсэхгүй болгох нь шүүгдэгч нарт ач холбогдолтой гэж үзэв. 

 

Шүүгдэгч Ч.Б, Ч.П нарын холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг 2020 оны 02 дугаар сарын 25-наас 26-нд шилжих шөнө үйлдэгдсэн байх бөгөөд тухайн зүйл хэсэгт заасан гэмт хэргийн ялын хэмжээ нэг сараас гурван сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, нэг сараас зургаан сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялтай байна.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т "энэ хуулийн тусгай ангид зорчих эрхийг хязгаарлах ялын дээд хэмжээг нэг жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэгт үйлдсэнээс хойш нэг жил өнгөрсөн" бол хөөн хэлэлцэх хугацаанд хамааруулахаар заасан байх тул,

 

Шүүгдэгч Ч.Бэд холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.6-т заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар мөн хуулийн  тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг,

 

Шүүгдэгч Ч.Пид холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр тус тус хэрэгсэхгүй үндэслэлтэй гэж үзэв.

 

 Эрүүгийн 2034002290261 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг CD, 2 ширхэг DVD-г хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт үлдээж, хохирогч Ч.Пийн шүд гэх зүйлийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгаж, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Ч.Б, Ч.П нар нь цагдан хоригдсон хоног, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гарах зардалгүй, шүүгдэгч нарын иргэний баримт бичиг шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдав.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.4 дүгээр зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 1, 2-т  тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч Ч.Бийг хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг,

   Шүүгдэгч Ч.Пийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг баримтлан шүүгдэгч Ч.Бэд холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.6-т заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар мөн хуулийн  тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг,

шүүгдэгч Ч.Пид холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр тус тус хэрэгсэхгүй болгосугай.

 

         3.Хохирогч П.Б, П.П нар нь гэмт хэргийн улмаас эрүүл мэндэд учирсан болон бусад гэм хорын хохирлоо нотлох баримтаа бүрдүүлж иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай. 

 

  4.Эрүүгийн 2034002290261 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг CD, 2 ширхэг DVD-г хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт үлдээж, хохирогч Ч.Пийн шүд гэх /1 ширхэг/ зүйлийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгасугай.

 

  5.Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Ч.Б, Ч.П нар нь цагдан хоригдсон хоног, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гарах зардалгүй, шүүгдэгч нарын иргэний баримт бичиг шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.

 

  6.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

  7.Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ч.Б, Ч.П нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

     

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Т.БАТЖАРГАЛ