Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 10 сарын 03 өдөр

Дугаар 2018/ШЦТ/355

 

 

  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хэргийн индекс: 166/2018/0263/Э

 

Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Я.Туул даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Нандинцэцэг,

Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор А.Оргилбаяр,

Хохирогчийн өмгөөлөгч Л.Оюунсувд,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Б, Б.Н,

Шүүгдэгч Р.Г нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2.2-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн  овогт Р.Г холбогдох эрүүгийн 201609000280 дугаартай хэргийг 2018 оны 07 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцлээ.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Р.Г /РД:/, 1966 оны 03 дугаар сарын 15-ны өдөр Баянхонгор аймгийн Эрдэнэцогт суманд төрсөн, 52 настай, эрэгтэй, дээд боловсролтой, дулааны тоног төхөөрөмжийн инженер мэргэжилтэй, Архангай аймгийн “Хангайн хүнс” ХХК-нд ерөнхий менежер ажилтай, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд 1 шийтгэлтэй.

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Р.Г  нь 2015 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр иргэн Б.Г-аасхамтарч мал, махны худалдаа хийнэ гэж 70000000 төгрөг дансаар хүлээн авч, үүнээс 16500000 төгрөгийг дансаар болон бэлэн мөнгөөр буцаан өгч үлдсэн 53500000 төгрөгийг мал, махны худалдаа хамтарч эрхлэлгүй "... адуу аваад хил гаргаж өгсөн, Шарын голын уурхайд хөрөнгө оруулалт хийсэн, удахгүй мөнгө орж ирнэ” гэж худал хэлж, уг авсан мөнгөө өөр зүйлд зарцуулан хуурч, бодит байдлыг нуух замаар теөрөгдөлд оруулан залилж, иргэн   Б.Г их хэмжээний буюу 53500000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Р.Г  нь 2015 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр “мал махны худалдаа хамтарч хийнэ” гэж итгүүлэн иргэн Б.Г-аас70000000 төгрөг авч, мал, махны худалдаа хамтарч эрхлэлгүй "...Эрдэнэбаатар гэж хүнд адуу аваад хил гаргаж өгсөн, Шарын голын уурхайд хөрөнгө оруулалт хийсэн, удахгүй мөнгө орж ирнэ” гэх зэргээр авсан мөнгөө өөр зүйлд зарцуулан хуурч, бодит байдлыг нуух замаар теөрөгдөлд оруулан   Б.Г их хэмжээний буюу 53500000 төгрөгийн хохирол учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2.2-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:

-Шүүгдэгч Р.Г ын мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “…Би урьдны танил найз   Б.Г тай хамтарч махны наймаа хийхээр болж, би хөдөө гадаа явж мал, махыг нь бэлтгэж өгөхөөр болсон юм. Тэгээд Г 2015 оны 9 дүгээр сарны 17-ны өдөр 70000000 төгрөг миний данс руу шилжүүлсэн юм. Удалгүй   Б.Г  30000000 төгрөг хэрэгтэй болчихлоо гээд надаас 30000000 төгрөгийг буцаагаад шилжүүлж авсан юм. 14 хоногийн дараа   Б.Г  надаас буцааж авсан мөнгөнөөсөө 20000000 төгрөгийг эргүүлж өгсөн юм. Ингээд үндсэндээ Г 60000000 төгрөг авсан юм. Би гадуур мал, мах цуглуулж явсан бөгөөд миний бэлтгэсэн мал махны ханш кг нь 5000 төгрөг байж байгаад 2500 төгрөг, бүүр тэрнээс доошоо орсон юм. Ингээд мал махны наймаа хийх байсан нь бүтэл муутай болж авсан мал махаараа шатсан.

...Уг хэрэг маргаан үүсээд Г надаас 6500000, 500000, 5000000, 1500000 төгрөг, 1500000 төгрөгөөр авсан. Ингээд би нийтдээ 15 сая төгрөгийг бэлнээр буюу дансаар өгсөн. Мөн өөрийнхөө ланд 100 маркийн тээврийн хэрэгслийг 20 сая төгрөгт тооцон 2016 оны 03 дугаар сарын 04-ний өдөр Г нэр дээр шилжүүлж өгсөн. Одоо би *****т 25 сая төгрөгийн өртэй байгаа юм.

...Гэм буруугийн тал дээр маргаан байхгүй, би буруу зүйл хийсэн, гэмшиж байна.” гэх мэдүүлэг,

-Хохирогч   Б.Г ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...чи ерөөсөө 100 сая төгрөг олоод хүрээд ир, хоёулаа мал мах авч, үйлдвэрийн аргаар бэлтгээд Улаанбаатар руу борлуулъя, 11 сар хүртэл мал авч бэлтгэе гэсэн.

...би мөнгө хайж байгаад хамаатны дүү З-с дансаараа 70 сая төгрөг байсныг нь 2015 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр аваад маргааш нь уг мөнгөө тэр чигээр нь Б.******ын ******* тоот ХААН банкны данс руу нь ямар ч гэрээ баримт байхгүй, дансаар шилжүүлсэн. Тэгээд хэд хоногийн дараа 9 сарын 20-ны өдөр би залгаад “би эндээс хүмүүсээ аваад гарлаа, том машин хэрэгтэй юу?” гэхэд “хүн хэрэггүй, байж бай, би чамд маргааш хариу өгнө” гэж хэлээд эргээд ярихаа болиод таг болчихсон. Залгаад утас нь салгаатай, болохгүй байсан. 14 хоног бараг холбогдоогүй.

...түүний ланд-100 маркын машиныг өөрийнхөө нэр дээр шилжүүлж аваад “чи мөнгөө өгөөд энэ машинаа шилжүүлж аваарай” гэсэн. Тэр нь аймаар муу, бөөн замаскатай машин байсан.

...Р.Г  манай нягтлан ******ын дансаар 2500000 төгрөг шилжүүлсэн байдаг юм. Р.Г оос 4000000 сая төгрөг бэлнээр авсан байгаа юм. 2017 оны 8 сард би Архангай аймагт очиж Дархан-Уулийн аймгийн шүүхийн шийдвэрийг өгөх гэж очихдоо Р.Г оос 200000 төгрөг авсан юм. Тэгээд байж байтал 2017 оны 9 сарын сүүлээр миний данс руу шүүхийн шийдвэр гйцэтгэх газраас Р.Г оос гаргуулсан 5000000 сая төгрөг шилжиж орж ирсэн юм. Үүнээс өөр мөнгө төгрөг ерөөсөө Р.Г оос буцааж аваагүй байгаа.” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 50-52, 2 дугаар хавтаст хэргийн 34/,

-Дархан-Уул аймаг дахь Цагдаагийн газарт Б.Г-аасгаргасан өргөдөл /1 дүгээр хавтаст хэргийн 4/,

-  Б.Г ын Худалдаа Хөгжлийн Банкны данснаас Р.Г ын данс руу шилжүүлэг хийсэн тухай банкны баримт /1 дүгээр хавтаст хэргийн 5/,

-Ж.Ж мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтэйгээ холбогдуулан хэрэгт хавсаргахаар өгсөн “Бичил уурхайгаар ашигт малтмал олборлох тухай гэрээ байгуулах тухай” өргөдөл, бичил уурхайгаар ашигт малтмал олборлох тухай гэрээ болон бусад баримтууд /1 дүгээр хавтаст хэргийн 14-24/,

 -2015 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр шүүгдэгч Р.Г ын “Хаан банк”-ны ****** дугаартай данс руу ******аас 70000000 төгрөг шилжүүлсэн тухай дэлгэрэнгүй хуулга /1 дүгээр хавтаст хэргийн 28,

-“…Үнэлгээнд хамрагдсан дээрх автомашины зах зээлийн өнөөгийн үнэ цэнэ нь 2016 оны 08 дугаар сарын 08-ны байдлаар 12000000 /арван хоёр сая/ төгрөг байна.” гэх 2016 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн шинжээчийн дүгнэлт, эд хөрөнгийн үнэлгээний жагсаалт, гэрэл зургийн үзүүлэлт /1 дүгээр хавтаст хэргийн 45-47/,

-Гэрч Ч.З-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Манай найз****** гэж хүнд ажиллаж байгаад хөрөнгө оруулалтгүйн улмаас зогсчихсон уурхай байдгийг би мэдэж байсан. Тэгээд би******т “хөрөнгө оруулалт олоод танай талбай дээр ажиллавал болох уу?” гэхэд тэрээр “тэгье, гэрээ хийгээд хамтраад ажиллая” гэсэн. Тэгэхээр нь би Р.Г той холбогдооод түүнийг өмнө нь мэддэг байсан, бас мах комбинат ажиллуулдаг, мөнгө санхүүгийн хувьд бололцоотой гэж бодоод 2015 оны 2 сард ******той хотод уулзаад энэ уурхайн талаар ярьж хөрөнгө оруулалт оруулах талаар санал тавьсан. Г тэгэхэд “боломжтой юм байна” гэсэн. Тэгээд хөрөнгө оруулалт гэж надад нэг ч төгрөг бол өгөөгүй, хайж байна гээд яваад л байсан. Тэгээд 10 сарын орчим байх өөрөө Сүхбаатар, Дорнод аймгуудаар явж мал мах бөөндөж авч байна, мал хямдхан байна гэхээр нь би түүнд өсгөөд өгөөрэй гээд 5 сая төгрөг өгсөн юм. 5 сая төгрөгөө 2015 оны 10 сарын 20-ны өдөр 2500000 төгрөгийг нь ***** гэсэн хүүгийнхээ дугаараас мобайлаар, 2500000 төгрөгийг нь хүүгийнхээ ****** гэсэн данснаас шилжүүлсэн. Үүнээс хойш 2016 оны 1 сард бэлнээр 2500000 сая төгрөг өгөөд, дансаар 5 сая төгрөг өгсөн. Би нийтдээ Г-д 12500000  төгрөгийг өгсөн. Надад хэлэхдээ сүүлийн 7500000 төгрөгийг өмнөх авсан 5 сая төгрөгтэй нийлүүлээд ах дүү нараасаа гайгүй машин авч өгнө гэж хэлж байсан. Би бодохдоо түүний ах дүү нараас гайгүй машин унаад байдаг болохоор нэг машин хямдхан аваад өгчих байх гэж итгээд л хүлээгээд байгаа юм. Одоо болтол нэг ч төгрөг өгөөгүй, махны менгө орж ирэхээр чиний цалингийн зээлийг төлөөд өгчихнөө гээд байдаг юм. Бас 2016 оны машины турбо эвдэрчихлээ гээд надаас 450000 төгрөгийг өөр хүний дансаар авсан.

...би Г-оос далд уурхайн хөрөнгө оруулалтын зориулалтаар 20 сая төгрөг ямар нэгэн хэлбэрээр аваагүй.” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 54, 162/,

 

-Гэрч Б.З-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2015 оны 9 дүгээр сарын 16-нд надаас “мөнгөний хэрэгтэй байна, зээлээч” гээд ярьж байгаад 70 сая төгрөгийг 12 сар хүртэл хугацаатай, сарын 5 хувь, алданги 0.5 хувь байхаар тохирч гэрээ хийгээд зээлсэн. Би 12 сар хүртэл хүлээж байсан. Гэтэл 12 сар гаргаад над дээр ****** гэж хүнийг дагуулж ирээд “энэ хүнтэй хамтарч адуу мал, махны наймаа хийсэн, гэтэл бүтэлгүй болчихлоо, хүүг нь би өөрөө төлнө” гэж хэлсэн. Г нь надад хэлэхдээ “би Г-с мөнгө аваад адуу худалдаж аваад урагшаа хил гаргасан. Мөнгөө хүлээгээд байж байна, удахгүй мөнгө орж ирэхээр төлчихнө” гэж ярьж байсан.

...2016 оны 3 сард Г ахтай уулзаад “******тойгоо талбайн хажууд хүрээд ир” гээд гурвуулаа уулзсан. Тэгэхэд Г нь “Шарын голын уурхайд зөвшөөрөлтэй нүүрсний уурхайн талбай байгаа, хүнтэй хамтарч байгаа, Хятадууд хөрөнгө оруулахаар болсон, удахгүй мөнгө орж ирэхээр мөнгийг чинь өгчихнө, өнөө маргаашгүй мөнгө орж ирнэ” гэсэн.” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 55-56/,

 

-Гэрч Ж мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Яг хэн хөрөнгө өгснийг мэдэхгүй, Зоригт нь надад 2016 оны 3 сарын сүүлээр 8 сая төгрөг бэлнээр, 4 сард 2 сая төгрөгийг дансаар өгсөн. Гэхдээ 2 сая төгрөгийг Батбаяр гэж найз нь надад хотод уулзахдаа бэлнээр мөнгө авчраад миний дансанд хийж өгсөн. Энэ мөнгийг яг ****** гэж хүн өгөөгүй, Зоригт л надад өгдөг. Зоригт цаашаа хэнтэй яаж ярьж мөнгө авдагийг мэдэхгүй. Г нь надтай огт ярихгүй байж байгаад одоогоос 7 хоногийн өмнө зүгээр юу байна гээд л ярьж байсан. Хөрөнгө оруулалтын талаар бол яриагүй. Би энэ авсан мөнгөөрөө газрын төлбөр, ойр зуурын цахилгааны хэрэгсэл аваад дуусгасан.

...мөнгөний тухайд бол би ****** гэж хүнээс өөрөөс нь мөнгө аваагүй.” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 9, 57/,

 

-Гэрч Г мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Манай нөхөр Г нь Дарханд байдаг найз *****тайгаа нийлж юм хийх гэж байгаа талаар тэр хоёрыг манайд ирэхэд нь сонсож байсан. Тэгтэл гэнэт өвлөөс эхлээд ***** нь ******ыг хаана байна, авсан мөнгөө өгөхгүй байна гээд залгаад байдаг болсон. Би хэзээ, хэдэн төгрөг авсан талаар болон тухайн мөнгөө юунд зарцуулсан талаар мэдэхгүй. Г манайд ирээд найз нөхөд гээд ******той уулзаад яваад байдаг байсан. Би нөхрийнхөө ажил руу ороод байдаггүй.“ гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 63/,

 

-Гэрч Д мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “ ...2015 оны сүүлээр 10-11 сарын орчим байх Улаанбаатар хотод Г гэх хүнгэй утсаар ярьж уулзаад 4 сая төгрөг бэлнээр аваад ***** захирлын дансанд шилжүүлсэн. Үүний дараахан Г захирал над руу “энэ дугаар руу залгаад дансаа явуулаадах” гэсэн. Тэгээд би тэр хүн лүү нь залгаад дансны дугаараа явуулахад миний дансанд 2500000 төгрөг шилжиж орж ирсэн. Тэгээд энэ мөнгийг нь би ***** захиралд шилжүүлж өгсөн. Ингээд нийтдээ 6500000 төгрөг авсан. Энэ хүнээс өөр мөнгө би оролцож аваагүй. Би захирлыг хүнээс мөнгө зээлж ****** гэж хүнд өгснийг нь мөнгө авснаасаа хойш 11 сард л мэдсэн. Харин 12 сард ***** захирал “хамт хот яваад ирье” гээд түүний машинтай нь хамт явсан ба өөрөө хэлэхдээ очиж мөнгөнийхөө барьцаанд машиныг нь авъя гэж явсан юм. Тэгээд очоод ******той уулзаад “мөнгөө авъя, машинаа өг” гэсэн. Тэгэхэд ****** “удахгүй мөнгө бүтэх гэж байгаа, одоохон мөнгийг чинь өгнө” гэж хэлээд машинаа өгөөгүй юм. Тэгээд бүр мөнгөө өгөхгүй байхаар нь хөдөө явчихаад эргээд хот орох замдаа уулзаж машиныг нь авна гээд Улаанбаатар салаад явсан. Тэгээд ирэхдээ машиныг нь аваад ирсэн юм. Одоо тэр машиныг нь шилжүүлж, дархан дугаар авсан. Сүүлдээ мөнгөний хэрэг болоод “Энхжин Инвест” ББСБ-д барьцаанд тавьсан. Одоо бол гражид байж байгаа.” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 64/,

-Шүүгдэгч Р.Г ын хэрэг хариуцах чадвартай болохыг нотолсон Шүүх сэтгэц эмгэг судлалын 44/16 дугаартай магадлагаа /1 дүгээр хавтаст хэргийн 103/,

-Гэрч Б.С мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “ ...би ****** ахаас нэг ч төгрөг аваагүй. Надад үлдээгээд явсан 2 үхэр, 1 адууг нь Улаанбаатар хот руу аваачиж Дэнжийн мянгын зах дээр зарж борлуулаад 1780000 төгрөгийг дансаар нь шилжүүлсэн.” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 165/,

- “  Б.Г ын өмчлөлийн эргэлтийн бус хөрөнгийн 2016 оны 3 дугаар сарын байдлаарх зах зээлийн үнэ цэнэ нь 28000000 /хорин найман сая/ төгрөг байна.” гэх “Бан Хас” ХХК-ны хөрөнгийн үнэлгээний тайлан /1 дүгээр хавтаст хэргийн 167-172/,

-Архангай аймгийн Статистикийн хэлтсийн гаргасан судалгаа /1 дүгээр хавтаст хэргийн 183-185/,

-Сүхбаатар аймгийн Статистикийн хэлтсийн гаргасан судалгаа /1 дүгээр хавтаст хэргийн 188/,

-Р.Г ын эзэмшлийн ****** дугаартай дансны хуулганд үзлэг хийсэн тухай тэмдэглэл /1 дүгээр хавтаст хэргийн 210-223/

-Гэрч Г мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би Б.Г гэх хүнийг сайн танихгүй. Одоогоос 2 жил гарангийн өмнө 2015 оны 10 дугаар сарын үеэр өөрийн эзэмшилд байсан Тоёота Ланд Крузер 100 маркын 0998 Улаанбаатарын дугаартай машиныг тэр хүнд худалдаж байсан юм. Р.Г  гэдэг хүнд өөрийн эзэмшлийн тоёота ланд крузер маркын машинаа 20000000 төгрөгөөр зарж байсан. Одоо бид хоёрын хооронд ямар нэгэн тооцоо байхгүй.” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 229-230/,

-Гэрч В.М мөрдөн байцаалтын шатанд өгсөн: Манайх Архангай аймагт байдаг, манай төрсөн ах ****** нэг ангид сурч байсан **** гэдэг хүний *****9 гэсэн ХААН банкны данс руу 2013 оны 12 сарын 04-ны өдөр 6500000 төгрөгийг 100 хонь авахаар захиж шилжүүлсэн юм. Тэгээд 2014 оны 3 сарын 1-ний өдөр ****г***эдэг хүний **** гэсэн ХААН банкны данс руу нь дахин 3000000 төгрөг шилжүүлсэн юм. Тэр үед Архангайд мал хямд байхаар нь авч хавар болохоор авахаар захьсан юм. Тэгээд 2014 оны хавар болоод захисан малаа авах гээд ******* ахтай холбогдохоор “ах нь энд тэнд явж байна, малыг чинь бөөгнүүлээд явж байна” гээд байдаг байсан. Тэгээд тэр оныхоо хавар миний захиж байсан мал ирээгүй. Дараа нь болох 2015 оны хавар ярихад бас ямар нэгэн тайлбар тавиад ирээгүй юм. Тэгээд захисан малынхаа мөнгийг буцааж авья гэдэг асуудал дээрээ тулахад ****** ах “Архангай аймгийн Эрдэнэмандал сумын засаг дарга Гансүх гэдэг хүнээс мал авах гээд мөнгийг чинь өгчихсөн юм” гэж хэлээд надтай холбогдуулж яриулж байсан юм. Би тэр хүнтэй холбогдоход “ах нь ажил ихтэй явна, тэгж байгаад олоод өгнө” гэж хэлсэн. Тэгж байгаад 2015 оны 10 сарын 16-ны өдөр миний данс руу 2000000, 3000000 төгрөгөөр хоёр удаа гүйлгээ хийгдэж******* гэсэн данснаас мөнгө шилжиж орж ирсэн юм. Энэ мөнгийг ******* ах над руу шилжүүлсэн байх. Би тухайн үед юу гэж хэлж над руу шилжүүлснийг нь санахгүй байна. Архангай аймгаас ****** ах л надад мөнгөний асуудалтай, би байнга л мөнгөө нэхэж ярьж холбогддог байсан юм. Одоо ****** ахаас би 1000000 төгрөгийн авцаа байгаа. Мал захисан мөнгөө дутуу өгчихсөн байгаа юм.” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 235/,

-Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 2921 дугаартай “Эвлэрүүлэн зуучлагчийн дэмжлэгтэйгээр байгуулсан эвлэрлийн гэрээг баталгаажуулах тухай” шүүгчийн захирамж /2 дугаар хавтаст хэргийн 11/,

-Эвлэрлийн гэрээ / 2 дугаар хавтаст хэргийн 12/,

-Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 3510 дугаартай шүүгчийн захирамжийг үндэслэн бичсэн гүйцэтгэх хуудас /2 дугаар хавтаст хэргийн 13/,

-Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 3510 дугаартай “Шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай” шүүгчийн захирамж / 2 дугаар хавтаст хэргийн 14-15/,

-  Б.Г ын “Хаан банк”-ны 5119008669 дугаартай дансны дэлгэрэнгүй хуулга /2 дугаар хавтаст хэргийн 18-20/,

-Гэрч Л.Г мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би 2007-2012 онд Архангай аймгийн Эрдэнэбулган суманд байдаг “Хангай хүнс“ ХХК-нд мал мах бэлтгэн нийлүүлэгчээр ажиллаж байсан юм. Энэ үед Р.Г  “Хангай хүнс “ХХК-ны менежер ажил хийдэг байсан. Намайг ажиллаж байх хугацаанд Р.Г  бид хоёр компанид мал мах бэлтгэх гэж хувь хүмүүс болон аж ахуйн нэгжээс мал, мах худалдан авч “Хангай-хүнс” ХХК-нд нийлүүлж байсан юм. Тэгээд 2012-2016 онд би Архангай аймгийн Эрдэнэмандал сумын Засаг даргаар ажиллаж байхдаа 2015 оныхоо ээлжийн амралтаар Сүхбаатар аймаг Эрдэнэцагаан сум руу явахдаа 2013 онд би тус сумын Б.Сүх-Эрдэнээс хурдан соёолон адуу гэж нэг адуу авсан байсан юм. Тэгсэн тэр адуу нь доголон байсан болохоор би 2015 онд ээлжийн амралтаа авч, Сүх-Эрдэнэд буцааж аваачиж өгөх гэж явсан юм. Би очих гээд 2 жил болчихсон байсан юм. Энэ хугацаанд би Сүх-Эрдэнэд мал авахуулах гээд мөнгө төгрөг өгчихсөн байсан юм. Тэр үед Р.Г  надтай хамт явж мал мах бэлтгэх гээд явсан юм. Тэгж явснаас өөрөөр хамт мал мах бэлтгэх гэж явж байгаагүй ээ.” гэх мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 35/ болон хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бусад бичгийн баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

Хохирогч   Б.Г  нь шүүгдэгч Р.Г од 2015 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр 70 сая, 2015 оны 10 дугаар сарын 20-ны өдөр 20 сая, нийт 90 сая төгрөг өгч, 2015 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр Р.Г оос 30 сая төгрөг буцаан авч, үлдсэн 60 сая төгрөгөөр мал, мах бэлтгэн нийлүүлэх ажлыг хамтран эрхлэхээр харилцан тохиролцсон болох нь депозит дансны дэлгэрэнгүй хуулга /1 дүгээр хавтаст хэргийн 28-29/, шүүгдэгч, хохирогч нарын мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгүүдээр нотлогдож байна.

Шүүгдэгч Р.Г  нь хохирогч   Б.Г тай харилцан тохиролцсоны дагуу мал, мах бэлтгэн нийлүүлэх ажилд   Б.Г ыг оролцуулаагүй бөгөөд энэ шалтгаанаа “худалдаж авсан үхрээ хулгайд алдсан, махны үнэ ханш огцом буурсан зэргээс шалтгаалж мал, махны наймаа эрсдэлд орсон, уурхайд хөрөнгө оруулалт хийсэн” гэж тайлбарладаг боловч тэрээр худалдаж авсан үхрээ хулгайд алдсан талаар тухайн үед Цагдаагийн байгууллагад мэдэгдэж байгаагүй, 2015 оны 9 дүгээр сараас 2015 оны 12 дугаар сард махны үнэ огцом буураагүй, хэвийн хэмжээнд байсан болох нь Архангай, Сүхбаатар аймгийн Статистикийн хэлтсийн гаргасан судалгаагаар /1 дүгээр хавтаст хэргийн 183-185, 188/, Шарын голын уурхайд ямар нэгэн хөрөнгө оруулалт хийгээгүй /1 дүгээр хавтаст хэргийн 54, 162/ болох нь хэрэгт авагдсан бичгийн баримтуудаар тус тус нотлогдлоо.

Шүүгдэгч Р.Г  нь эрүүгийн хэрэг үүсгэхээс өмнө 6500000 төгрөг хохирогч   Б.Г өгсөн болох нь гэрч ******ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлгээр /1 дүгээр хавтаст хэргийн 64/ нотлогдож байгаа бөгөөд гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэмжээг 53500000 төгрөг гэж тооцож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг зөв байна.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Батхүү нь “эрүүгийн хэрэг үүсгэхээс өмнө хохиролд тооцож 20 сая төгрөгийн үнэтэй тоёота ланд крузер 100 маркын автомашиныг хохирогч   Б.Г өгсөн” гэж мэтгэлцэж байгаа боловч хохирогч   Б.Г  нь шүүгдэгч Р.Г оос 2016 оны 1 дүгээр сард тоёота ланд крузер 100 маркын автомашиныг нь “мөнгө өгөөд машинаа аваарай” гэсэн болзолтойгоор өөрийн нэр дээр шилжүүлж авсан болох нь хохирогч, шүүгдэгч нарын удаа дараагийн мэдүүлгээр нотлогдож байгаа бөгөөд “тухайн машиныг хохиролд авахгүй, мөнгөө өгөхөөр нь машиныг нь буцааж өгнө” гэж хохирогч өөрийн хүсэл зоригийг илэрхийлж байжээ.

Улмаар шүүгдэгч нь хохирогчийн хохирол төлбөрийг төлж барагдуулахгүй байгаагийн улмаас хохирогч   Б.Г  нь шүүгдэгч Р.Г той харилцан тохиролцсоны үндсэн дээр ланд крузер 100 маркын автомашиныг 20 сая төгрөгийн төлбөрт тооцож, хохирлын үнийн дүнгээс хасуулахыг хүссэн хүсэлтийг шүүх хүлээн авах үндэстэй боловч шүүгдэгчийн өмгөөлөгчийн “эрүүгийн хэрэг үүсгэхээс өмнө хохиролд автомашин хүлээлгэн өгсөн” гэх тайлбарыг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй юм.

Мөн шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Наранцэцэг нь “2017 оны 6 дугаар сарын 9-ний өдрийн 2921 дугаартай шүүгчийн захирамжаар Р.Г оос 63000000 төгрөг гаргуулж, иргэн   Б.Г олгохоор шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр байгаа учир гэм буруугийн асуудал огт яригдахгүй” гэж мэтгэлцэж байна.

Иргэн   Б.Г ын гаргасан гомдлын дагуу 2016 оны 5 дугаар сарын 16-ны өдөр Р.Г од холбогдох эрүүгийн 201609000280 дугаартай хэрэг үүссэн бөгөөд “гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг сайн дураар төлж барагдуулсан, хохирогч ямар нэгэн гомдол саналгүй болсон” гэх үндэслэлээр Дархан-Уул аймгийн Прокурорын газрын 2016 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 434 дугаартай прокурорын тогтоолоор хэргийг хууль бусаар хэрэгсэхгүй болгосны дараа талууд эвлэрүүлэн зуучлагчид хандаж, эвлэрүүлэн зуучлагчийн дэмжлэгтэйгээр гэрээ байгуулжээ.

Улмаар хохирогч   Б.Г ын гаргасан гомдлын дагуу Улсын Ерөнхий Прокурорын газрын 2017 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн 1/132 дугаартай тогтоолоор хэргийг хэрэгсэхгүй болгосон Дархан-Уул аймгийн Прокурорын газрын 2016 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 434 дугаартай прокурорын тогтоолыг хүчингүй болгож, хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явагдаж эхэлсэн байна.

Хэргийг хууль зүйн үндэслэлгүйгээр хэрэгсэхгүй болгосон байх хугацаанд талууд эвлэрүүлэн зуучлагчид хандаж, эвлэрүүлэн зуучлагчийн дэмжлэгтэйгээр гэрээ байгуулсан нь шүүгдэгч Р.Г ыг гэм буруугүй гэж үзэх үндэслэл болохгүй юм.

Иймд шүүгдэгч Р. ыг бусдыг хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, бусдад их хэмжээний буюу 53500000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1-т заасан үндэслэлээр гаргасан шүүгчийн захирамж илт үндэслэл муутай бол тухайн шүүх бүрэлдэхүүн тогтоол, шүүгч захирамж гарган хүчингүй болгох, эсхүл өөрчлөх эрхтэйг дурдаж байна.

Гэмт хэргийн улмаас хохирогч   Б.Г 53500000 төгрөгийн хохирол учирсан бөгөөд мөрдөн байцаалтын шатанд Тоёота ланд крузер 100 маркын автомашиныг “2016 оны 3 дугаар сард 28000000 төгрөгийн үнэтэй байна” гэж хөрөнгийн үнэлгээний “Бан Хас” ХХК үнэлгээ гаргасан байхад /1 дүгээр хавтаст хэргийн 167-172/, “2016 оны 08 дугаар сард 12000000 төгрөгийн үнэтэй байна.” гэж “Капитал зууч” ХХК /1 дүгээр хавтаст хэргийн 45-47/ харьцангуй өөр дүгнэлт гарсан боловч хохирогч   Б.Г  нь 20 сая төгрөгт тооцож авахыг хүлээн зөвшөөрсөн байна.

Шүүгдэгч Р.Г оос хохирогч   Б.Г өгсөн 3500000 төгрөг, шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн газраар дамжуулж 5000000 төгрөг, машины үнэ 20000000 төгрөг, нийт 28500000 төгрөгийн хохирол нөхөн төлсөн гэж үзэх үндэслэлтэй учир үлдэх 25000000 төгрөгийг шүүгдэгч Р.Г оос гаргуулж, хохирогч   Б.Г олгохоор шийдвэрлэв.

2. Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар:

Шүүгдэгч Р.Г  нь 2015 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр “мал, махны худалдаа хамтарч хийнэ” гэж итгүүлэн иргэн Б.Г-аас70000000 төгрөг авч, мал, махны худалдаа хамтарч эрхлэлгүй "...Эрдэнэбаатар гэж хүнд адуу аваад хил гаргаж өгсөн, Шарын голын уурхайд хөрөнгө оруулалт хийсэн, удахгүй мөнгө орж ирнэ” гэх зэргээр авсан мөнгөө өөр зүйлд зарцуулан хуурч, бодит байдлыг нуух замаар теөрөгдөлд оруулан   Б.Г их хэмжээний буюу 53500000 төгрөгийн хохирол учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2.2-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бусад бичгийн баримтуудаар нотлогдож байх тул шүүгдэгч Р.Г ыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Эрүүгийн хариуцлага нь эрүүгийн хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрддэг ба шүүгдэгч Р.Г  нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай этгээд байна.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, түүний хувийн байдал зэргийг харгалзан шүүгдэгч Р.Г од Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2.2-т зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, мөн нөхцөл байдлыг харгалзан оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

Энэ хэрэгт шүүгдэгч нь цагдан хоригдсон 6 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцож, хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдав.

Шүүгдэгч Р.Г од тус шүүхийн шүүгчийн 2018 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн 372 дугаартай шүүгчийн захирамжаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан боловч 2018 оны 5 дугаар сарын 23-ны өдөр шүүгдэгч Р.Г ыг цагдан хорих байранд хүлээлгэн өгсөн /2 дугаар хавтаст хэргийн 70/ байх тул 2018 оны 5 дугаар сарын 23-ны өдрөөс 2018 оны 5 дугаар сарын 29-ний өдрийг хүртэл 6 хоног цагдан хоригдсон байна гэж үзлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон.

ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч    овогт Р.Г бусдыг хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, бусдад их хэмжээний буюу 53500000 /тавин гурван сая таван зуун мянга/ төгрөгийн хохирол учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2.2-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2.2-т зааснаар шүүгдэгч    овогт Р.Г 2 /хоёр/ жил хорих ял шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч Р.Г од оногдуулсан 2 жил хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч Р.Г ын энэ хэрэгт 2018 оны 5 дугаар сарын 23-ны өдрөөс 2018 оны 5 дугаар сарын 29-ний өдрийг хүртэл цагдан хоригдсон 6 /зургаа/ хоногийг эдлэх ялд нь оруулан тооцсугай.

5.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-т зааснаар шүүгдэгч Р.Г оос 25000000 /хорин таван сая/ төгрөг гаргуулж, хохирогчид олгосугай.

6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8, 1.9-т зааснаар энэ хэрэгт хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-т зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Р.Г од авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, эдлэх ялыг 2018 оны 10 дугаар сарын 3-ны өдрөөс эхлэн тоолсугай.

8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                  Я.ТУУЛ