| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Мөнхөөгийн Эрдэнэ-Очир |
| Хэргийн индекс | 179/2017/0075/Э |
| Дугаар | 2017/ШЦТ/37 |
| Огноо | 2017-03-18 |
| Зүйл хэсэг | 181.2.1, |
| Улсын яллагч | Ц.Мөнхжаргал |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2017 оны 03 сарын 18 өдөр
Дугаар 2017/ШЦТ/37
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Эрдэнэ-Очир даргалж,
Нарийн бичгийн даргаар С.Дэмбэрэлсамбууг суулцуулан
Улсын яллагч Ц.Мөнхжаргал
Шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Цогтбаяр
Шүүгдэгч Н.Б- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1-д заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Н.Б-д холбогдох эрүүгийн 201622000515 дугаартай хэргийг 2017 оны 12 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол улсын иргэн, Н.Б.
Шүүгдэгч Н.Б- 2016 оны 8 дугаар сарын 02-ны өдөр Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын төвд согтуугаар иргэн О.Э-, Г.Д-нарыг илтэд үл хүндэтгэн хүч хэрэглэн зодож О.Э-, Г.Д-нарын бие махбодид хөнгөн гэмтэл учруулсан, догшин авирлан танхайрсан гэмт хэрэг үйлдсэнд холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлгийн яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Н.Б- 2016 оны 8 дугаар сарын 02-ны өдөр Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын төвд согтуурсан үедээ иргэн О.Э-, Г.Д-нарыг илтэд үл хүндэтгэн хүч хэрэглэн зодож, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчсөн болох нь хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Үүнд: Шүүгдэгч Н.Б- шүүхийн хэлэлцүүлэгт: Мэдүүлэг өгөхгүй, яллах дүгнэлт тохирч байна. Нэмж ярих зүйл байхгүй байна гэв.
Хохирогч О.Э-гийн мөрдөн байцаалтад өгсөн: "...Би 2016 оны 08 сарын 02-ны орой 21 цагийн үед өөрийн найз Г.Д-ийн хамт сагс тоглохоор Алаг-Эрдэнэ сумын сургуулийн сагсны талбай дээр очсон. Бид хоёрыг очиход тус талбай дээр 4-5 хүүхэд сагс тоглож байсан. Тэгээд бид хоёр тэдэнтэй мэндлээд хамт тоглохоор болоод хуваагдан тоглож байхад Алаг-Эрдэнэ сумын А- гэж дууддаг Н.Б-, Ц-, П-нар согтуу ирээд надтай мэндэлсэн. Тэгээд манай найз Г.Д-дээр очоод А- чи хаанаас ирсэн юм бэ, юу хийж яваа юм бэ гээд мөрөөрөө явуурсан, зүүн гарын маань булчин руу хоёр удаа цохисон. Тэгэхээр нь би очоод манай найз байгаа юм Мөрөнгөөс ирсэн юм битгий асуудал үүсгээч би найзыгаа аваад явчихъя гэхэд А- ийшээ очоод уулзчихъя гээд Г.Д-ийг дагуулаад талбайгаас гарсан. Мөр хавьцаа нь цохиод эхлэхэд Г.Д-түүнийг түлхэж унагаасан. Тэгэхэд Г.Д-би согтуу хүнтэй юм ярихгүй, чи ууснаа шингээж сур нутгарахаад муухай зан гаргаад хэрэггүй гэж хэлсэн. Тэгэхэд А- Дүүрээрүү утасдаад миний дүү хаана байгаа юм, ах нь хүнд зодуулчихлаа хурдан хүрээд ир гээд хашгираад байсан. ...Тэгэхэд С- намайг барьж аваад анх юунаас болж зодолдсон юм бэ гээд асуугаад байсан. Ингэж байхад хажуу талаас А- орж ирээд миний зүүн талын шанаа руу хоёр удаа цохисон. Тэгэхээр нь би нар нартай угаасаа юм ярихгүй гээд амаа ангайгаад шүдээ харуулсан. Ингээд би мотоциклио унаад гэртээ харьсан..." гэх мэдүүлэг /хх-ийн 22-23 дугаар хуудас/,
Хохирогч Г.Д-ийн мөрдөн байцаалтад өгсөн: "...сагс тоглож байхад үл таних 3 залуу ирсэн ба тэр гурван залууг ирэхэд гадаа харанхуй болж байсан. Тэгээд тэр хүмүүс Э-г таньдаг бололтой мэнд мэндэлж байснаа над дээр ирээд намайг өдөөд мөрлөж хоргоогоод байсан. Тэгээд байж байтал Э-ирээд тухайн залууг надаас салгасан. Намайг эхэлж өдөөд байсан залууг А- гэж найзууд нь дууддаг юм байна лээ. Э-ирээд салгахаар нь би бөмбөг аваад цаашаагаа явсан чинь А- гэдэг миний араас ирээд гараараа миний биед халдаж цохисон, харин хамт ирсэн хоёр залуу нь өдөөд хатгаж намайг ямар том юм бэ, хаанаас ирсэн юм бэ гэж Э-гөөс асууж байсан ба энэ үйлдэл нь намайг ялгаварлан гадуурхаж бүлгээр дарамталж сэтгэл санаанд хохирол учруулсан. Тэгээд А- гэдэг нь миний цамцны захнаас зуураад заамдаж намайг Э-гөөс холдуулаад цохихыг оролдохоор нь би биеэ хамгаалж хойно нь хөл тавиад түлхсэн чинь А- гэдэг залуу уначихсан. Тэгээд босож ирээд дүү рүүгээ залгаад утсаар яриад байгаа бололтой намайг зодчихлоо гээд орилоод байсан. Мөн хамт явсан 2 залууруугаа орилоод байсан. Тэгээд би явах гээд сургуулийн хашаанаас гараад мотоцикль дээрээ очтол А- гэдэг залуу араас дагаж гарч ирээд чамайг явуулахгүй гэж цохиод мотоцикль дээр суусан. Гэтэл Мөрөнөө араас ирээд А- хөгшөөн наадах чинь манай найз гээд А- гэх залууг хоргоож байх зуур би жаахан холдож явсан..." гэх мэдүүлэг /хх-ийн 27-29 дүгээр хуудас/,
Насанд хүрээгүй гэрч Н.Б-ийн мөрдөн байцаалтад өгсөн: "...2016 оны 08 сарын хэдний өдөр байсныг одоо сайн санахгүй байна. Би Алаг-Эрдэнэ сумын ерөнхий боловсролын сургуулийн гадна талын шийдэн дээр өөрийн найз И-, Д.И-, Э-, түүний найз гэх залуу сумын цэцэрлэгийн барилга барьж байсан танихгүй залуугийн хамт зургуулаа гурав, гурваараа хуваагдаад сагс тоглож байхад манай нутгийн А- гэх ах, Ц-, Пүүгээ нарын хамт согтуу ирсэн. Тэгээд тэд нар сагсны талбай дотор орж ирээд А- ах Э-ахын найзыг чи дайрчихваа гээд байсан, тэгсэн чинь Мөрөнөө ахын найз нь яасан зүгээр биз дээ гэсэн чинь А- ах Э-ахын найзынх нь цээж рүү утастай гараараа цохичих шиг болсон. Тэгсэн чинь утас нь газарт унаад А- ах намайг утас олоод өг гэсэн. Тэгээд би утсыг нь олоод Пүүгий гэх ахад өгсөн. Тэгээд А- ах Э-ахын найзыг дуудаад сургуулийн заал байдаг газрын зүгт дагуулж яваад уулзаад юу ярьж байсан гэдэг нь сонсогдоогүй. Тэгээд би хувцсаа өмсөөд гэрийнхээ тийшээ И-гийн хамт явсан. Намайг явж байхад Мөрөнөө боль гээд салгаад найзыгаа явуулж байсан. И- бид хоёрыг тэндээс яваад 200-аад метр зайтай байсан гудамжныхаа үзүүрийг тойроод явж байтал ёо ёо шүд хугарчихлаа гэж Мөрөнөө ахын дуутай адилхан дуутай хүн хашгирсан бөгөөд энэ нь бүдэг сонсогдсон. Тэгээд би дэлгүүр орж нэгж авах гээд явж байтал сургуулийн наад талд байдаг жалга руу хүн гүйлдээд орж байхыг харсан. Өөр мэдэх зүйл алга..." гэх мэдүүлэг /хх-ийн 140-141 дүгээр хуудас/,
Гэрч Т.П-ийн мөрдөн байцаалтад өгсөн: "...тэгээд С- эхэндээ тоохгүй байсан чинь Н.Б- ах С- рүү дахин залгаад би үхлээ шдээ намайг ирж аваач гэсэн. Тэгээд С-, Д- хоёр гүйгээд яваад өгсөн. Би араас нь бөмбөг саад руу хийчихээд тавчиктай явсан болохоор араас нь аяархан гүйгээд явж байгаад замдаа утсаа алга болгочихоод буцаж явж утсаа хайж олоод араас нь Алаг-Эрдэнэ сумын сургуулийн гадаа очсон, намайг очиход хүмүүс бөөгнөрчихсөн С- дотор нь болиоч гээд зогсож байсан. Харин Д- нэг үл танихгүй хүний араас хөөгөөд гүйгээд байсан. Тэгээд би Д-гийн араас гүйж очоод чи болиоч гэж хэлсэн. Тэгээд байж байтал Э-ах араас ирсэн ба Д-гийн хөөж байсан залуу нь цаашаа гэрлүүгээ гүйж байгаа бололтой явчихсан. Тэгээд Д-, Э-ах бид гурав буцаад сургуулийн хажуу талд очсон чинь Н.Б-, Ц-, П-, С- дөрөв тарчихсан зогсож байсан. Тэгээд С- Э-ах дээр очоод чи яагаад миний ахыг хүнтэй нийлж зодож байгаа юм бэ гэсэн чинь Э-А- ах чинь миний шүдийг хуга цохичихсон гэж хэлсэн чинь С- ахыгаа аваад цаашаа гол руу явсан..." гэх мэдүүлэг /хх-ийн 30-32 дугаар хуудас/,
Насанд хүрээгүй гэрч -гийн мөрдөн байцаалтад өгсөн: "...2016 оны 08-р сарын хэдний өдөр байсныг би одоо сайн санахгүй байна. Намайг Хөвсгөл аймгийн АлагЭрдэнэ сумын ерөнхий боловсролын сургуулийн гадна талын сагсны шийдэн дээр И-, Б- цоож нарын хамт сагс тоглож байгаад гэр лүүгээ явчихаад буцаад ирсэн чинь Э-ах найз Г.Д-ийнхоо хамт сагсны талбай дээр ирчихсэн байсан. Тэгээд бид нар зургуулаа болж байгаад гурав, гурваараа хуваагдаад тоглож байсан чинь манай нутгийн ах нар болох Н.Б-, П-, Ц- нар ирсэн. Ирээд тэр гурав Э-ахтай мэнд мэдсэн бөгөөд Н.Б- гэх ахын урдуур Г.Д-ах бөмбөг залаад өнгөрсөн чинь Н.Б- нь нэг юм хэлсэн. Тухайн үед юу гэж хэлж байсныг нь одоо сайн санахгүй байна. Тэгээд Н.Б- гэх ах өөрийн гартаа барьж байсан утсаараа Г.Д-гэх ахын цээж рүү нь цохиод утас нь газарт унаж байсан. Тэгээд би гэрлүүгээ явсан. Үүнээс хойш юу болсон талаар мэдэхгүй байна..." гэх мэдүүлэг /хх-ийн 33-34 дүгээр хуудас/,
Шинжээчийг байцаасан тэмдэглэл /хх-ийн 35 дугаар хуудас/,
Шинжилгээ хийлгэх шинжээч томилох тухай тогтоол /хх-ийн 36-37 дугаар хуудас/,
Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2016 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн 429 дугаартай "....1. О.Э-гийн биед гэмтэл учирсан байна. 2. О.Э-гийн биед гурван шүдний хугарал, нэг шүдний сэтрэл, зүүн зовхи, цээжинд цус хуралт, тархи доргилт бүхий гэмт учирсан байна. 3. Тухайн цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. 4. Хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 5. Гурван шүдний хугарал гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 4.11, 52.2-т зааснаар хөдөлмөрийн ерөнхий чадвар бага хэмжээгээр тогтонги алдагдуулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Бусад нэг шүдний сэтрэл, зүүн зовхи, цээжинд цус хуралт, тархи доргилт бүхий гэмтлүүд нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 6. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварт 10% нөлөөлнө. 7. О.Э-гийн биед архаг хууч өвчин тогтоогдсонгүй..." гэх дүгнэлт /хх-ийн 41 дүгээр хуудас/,
Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2016 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн 428 дугаартай "...1. Г.Д-ийн биед гэмтэл учирсан байна. 2. Г.Д-ийн биед нуруу, цээж, баруун бугалганы зулгаралт, тархи доргилт бүхий гэмтэл учирсан байна. 3. Тухайн цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. 4 Хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 5 Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 6. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй. 7. Г.Д-ийн биед архагч хууч өвчин тогтоогдсонгүй..." гэх дүгнэлт /хх-ийн 54 дүгээр хуудас/,
Шүүгдэгч Н.Б-ын мөрдөн байцаалтад хохирогчоор өгсөн мэдүүлэг /хх-ийн 137-139 дүгээр хуудас/,
Хохирогч О.Э-, Г.Д-нарын мөрдөн байцаалтад яллагдагчаар өгсөн мэдүүлэг/хх-ийн 96-101,103-108 дугаар хуудас/,
Хохирогч О.Э-, Г.Д-нар нь шүүгдэгч Н.Б-тай эвлэрсэн гэрээ /хх-ийн 154 дүгээр хуудас/ зэрэг нотлох баримтуудыг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлэн авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлсэн болно.
Иймд шүүгдэгч Н.Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1-д зааснаар танхайрах гэмт хэргийг догшин авирлаж үйлдсэн гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж шүүх үзэв.
Шүүгдэгч Н.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1- д зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэж, хорих ял оногдуулахдаа согтуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэнг ял хүндрүүлэх нөхцөл байдалд тооцож, анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшсэн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлсөнг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцон үзэж, шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг харгалзан шүүгдэгч Н.Б-д оногдуулах хорих ялыг биечлэн эдлүүлэхгүйгээр тэнсэж, хянан харгалзах боломжтой гэж шүүх үзэв.
Шүүгдэгч нь урьд ял шийтгүүлж байгаагүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас / ХХ-ийн 117 дугаар хуудас/-аар тогтоогдож байна.
Хохирогч О.Э-, Г.Д-нарын гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн эвлэрлийн гэрээг үндэслэн шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Эрүүгийн 201622000515 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна. Мөн аймгийн Прокурорын газрын 2016.12.21-ний өдрийн 29, 84, 85, 86 дугаартай ял өөрчилж сонсгох тухай, зарим сэжигтэн, яллагдагчид холбогдох үйлдлийг хэрэгсэхгүй болгох тухай прокурорын тогтоолууд хэрэгт авагдсан байгааг дурдлаа.
Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 246 дугаар зүйлийн 246.1, 283, 284, 286, 290, 294-298 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Н.Б-г танхайрах гэмт хэрэг догшин авирлаж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1-д зааснаар Н.Б-г 3 /гурав/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар шүүгдэгч Н.Б-д оногдуулсан 3 /гурав/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.1.4-т зааснаар шүүгдэгч Н.Б-д оногдуулсан 3 /гурав/ жил 1 /нэг/ сарын хорих ялыг тэнсэж, 2 /хоёр/ жилийн хугацаагаар хянан харгалзаж, тэнсэгдсэн ялтанд хяналт тавихыг Хөвсгөл аймаг дахь Цагдаагийн газарт даалгасугай.
5. Эрүүгийн 201622000515 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.Б-д урьд авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1-д зааснаар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ М.ЭРДЭНЭ-ОЧИР