Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 01 сарын 18 өдөр

Дугаар 273

 

 

 

 

 

 

2018 оны 01 сарын 18 өдөр

Дугаар 101/ШШ2018/00273

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Энэбиш даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

Нэхэмжлэгч:  тоотод оршин байрлах Б ХХК-ийн /*******/ нэхэмжлэлтэй,

Хариуцагч:  байранд оршин байрлах М ХХК-д /*******/ холбогдох,

Ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 79,994,800 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Оюунцэцэг, өмгөөлөгч С.Одгариг, хариуцагчийн төлөөлөгч С.Ичинхорлоо, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар М.Оюунтунгалаг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Б ХХК шүүхэд гаргасан ннэхэмжлэлдээ болон төлөөлөгч Б.Оюунцэцэг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  Б ХХК, М ХХК нар нь 2012 оны 07 дугаар сарын 04-ний өдөр В06/012 дугаартай Бетон зуурмаг худалдах, худалдан авах болон тээвэрлэлт гүйцэтгэлийн гэрээгээр Бетон зуурмаг нийлүүлэхээр харилцан тохиролцож, гэрээ байгуулсан. Уг гэрээний дагуу Б ХХК нь Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, ******* *******, ******* ******* ******* хотхоны барилгад бетон зуурмагыг захиалагчаас ирүүлсэн графикийн дагуу нийлүүлсэн.

Гэвч М ХХК нь гэрээний үүргээ сайн дураар биелүүлэхгүй, төлбөрийг үлдэгдэл болон 79,994,800 төгрөгийг төлөхгүй өнөөдрийг хүрээд байна.

Манай компани төлбөрийг төлөхийг шаардан албадан бичиг илгээж, холбогдох ажилтнуудтай олон дахин уулзаж, шаардаж байгаа бөгөөд удахгүй төлнө, компанийн нэр өөрчлөгдсөн гэх нэрээр тооцооны үлдэглийн баталгааг М ХХК нэр дээр хийж өнөөдрийг хүрлээ.

Иймд гэрээний дагуу төлөх 79,994,800 төгрөгийг М ХХК-иас гаргуулан Б ХХК-д гаргуулан өгнө үү гэжээ.

 

Хариуцагч М ХХК-ийн төлөөлөгч С.Ичинхорлоо шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хэрэгт авагдсанаар бол Б ХХК болон М ХХК-ын нарын хооронд бетон зуурмаг болон тээвэр гүйцэтгэлийг гэрээ байгуулсан. Гэрээний дагуу тооцоо нийлж байсан баримтуудаас харагддаг. Энэ өр бол Х ХХК руу шилжсэн тул М ХХК-иас нэхэмжлэхгүй. Тиймээс хариуцагч биш тул нэхэмжилж байгаа мөнгийг төлөх үндэслэлгүй. Энэ нь тооцоо нийлсэн акт болон тамга тэмдэг гарын үсгээр харагдана. Б болон Х ХХК-тай гэрээ байгуулсан зүйлгүй байж яагаад тооцоо нийлээд байдаг вэ. М ХХК-тай хамгийн сүүлд 2012 оны 12 дугаар сарын 01-ний өдөр тооцоо нийлээд түүнээс хойш “Х” ХХК-тай тооцоо нийлсэн байдаг. Тиймээс Б ХХК-ийн өр, төлбөр “Х ХХК-нд шилжсэн гэж үзэх үндэслэлтэй байна гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Б ХХК, хариуцагч М ХХК-д холбогдуулан худалдах-худалдан авах гэрээний үүрэгт 79,994,800 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргажээ.

Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

Зохигч 2012 оны 07 дугаар сарын 04-ний өдөр Бетон зуурмаг худалдах- худалдан авах болон тээвэрлэлт, гүйцэтгэлийн гэрээ байгуулжээ. Тус гэрээний дагуу хариуцагч нь 2012 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн байдлаар 423,508,000 төгрөгийн гэрээний төлбөртэй болохыг хоёр тал тооцоо нийлж баталгаажуулжээ.

Нэхэмжлэгч гэрээний үлдэгдэл төлбөрийг 79,994,800 гэж тодорхойлон хариуцагчаас нэхэмжилж, хариуцагч М ХХК-ийн төлбөрөөс нэхэмжлэгч Б ХХК, Х ХХК нарын хооронд тооцоо нийлж 353,008,000 төгрөгийн төлбөрөөс 273,013,200 төгрөгийг бартераар барагдуулахаар 2016 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн байдлаар тохиролцсон тооцоо нийлсэн талаархи баримтыг шүүхэд нотлох баримтаар гаргажээ.

Нэхэмжлэгчийн төлөөлөгч шүүх хуралдааны явцад гаргасан тайлбартаа хариуцагч М ХХК биднийг төлбөр нэхэмжлээд очиход ийм баримт хийж өгдөг, Б,Х ХХК-иуд нэг эзэнтэй өр төлбөрөө гүйлгэж, бидэнд хийж өгсөн баримтыг нь шүүхэд гаргаж өгсөн, түүнээс хариуцагчтай өр шилжүүлсэн талаар тохиролцоогүй, мэдээгүй гэх тайлбарыг гаргажээ.

 Хариуцагчийн төлөөлөгч нэхэмжлэлээс татгалзаж, хэргийн жинхэнэ хариуцагч нь хариуцагч М ХХК биш, М ХХК төлбөрөө Х ХХК-д шилжүүлсэн гэх тайлбарыг гаргаж байх боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар татгалзлаа үндэслэл бүхий байдлаар нотлоогүй, төлөөлөгч С.Ичинхорлоо 2017 оны 10 дугаар сарын 20-ны өдөр нэхэмжлэлийн хувийг гардан авснаас хойшхи хугацаанд нэхэмжлэлийг зөвшөөрсөн, татгалзсан үндэслэл бүхий тайлбар, нотлох баримтаа шүүхэд ирүүлээгүй, төлөөлөгчийн шүүх хуралдааны явцад нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй тухай тайлбар нь нотлох баримтаар нотлогдохгүй, татгалзал үндэслэлгүй байна.

            Хариуцагч, нэхэмжлэгчийн өмнө хүлээсэн үүргээ буюу өр төлбөрөө гуравдагч этгээдэд шилжүүлэх болсон, шилжүүлсэн талаар нэхэмжлэгчид албан ёсоор мэдэгдсэн баримтгүй, нэхэмжлэгчийн зөвшөөрснөөр буюу өр шилжүүлснийг нэхэмжлэгч зөвшөөрсөн талаар зохигч өөр өөр байр суурьтай байгаа нь хариуцагч, нэхэмжлэгчийн өмнө хүлээх үүргээс чөлөөлөгдөхгүй.

Хариуцагч, нэхэмжлэгчид төлөх гэрээний үүргээс чөлөөлөгдсөн, эсхүл төлбөрийг гүйцэтгэсэн талаархи нотлох баримтыг шүүхэд гаргаагүй, татгалзлаа баримтаар нотлоогүй тул талуудын хооронд байгуулагдсан худалдах-худалдан авах гэрээний үүрэгт Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар хариуцагч М ХХК-иас 79,994,800 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Б ХХК-д олгох үндэслэлтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1заасныг баримтлан хариуцагч М ХХК-иас 79,994,800 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б ХХК-д олгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 557,924 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч М ХХК-иас 557,924 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Б ХХК-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг танилцуулснаас хойш 21 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж гардан авах үүрэгтэй ба ийнхүү гардан аваагүй нь хугацааг тоолоход саад болохгүй.

4. Шийдвэрийг эс зөвшөөрвөл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7-д зааснаар гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Э.ЭНЭБИШ