Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 02 сарын 19 өдөр

Дугаар 2019/ДШМ/009

 

М.Бд холбогдох эрүүгийн хэргийн тухай

Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч М.Мөнхдаваа даргалж, шүүгч Г.Уламбаяр, Б.Болор-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор В.Дэлгэрмаа

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Мөнгөндавалгаа

Нарийн бичгийн дарга Д.Чимэдцэрэн нарыг оролцуулан;

Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Батцэнгэл даргалж шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2019 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 2019/ШЗ/45 дугаар шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор В.Дэлгэрмаагийн бичсэн 03 тоот эсэргүүцлээр М.Бд холбогдох эрүүгийн 1814005610345 дугаар хэргийг 2019 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Болор-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол улсын иргэн, Сангас анги овогт М.Б, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, улсаас авсан гавьяа шагнал, ял шийтгэлгүй,

М.Б нь 2018 оны 8 дугаар сарын 16-ны өдөр алдсан Г.Бын эзэмшлийн 11 тооны адуу буюу алдуул малыг Баянхонгор аймгийн Жинст, Баян-Овоо сумын зааг нутаг болох Аман ус гэх газарт байхад бусдын өмчлөл, эзэмшлийнх болохыг мэдсээр байж завшиж, бусдад 6.000.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Баянхонгор аймгийн Прокурорын газраас М.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж яллах дүгнэлт үйлдэн хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 45 дугаар захирамжид: Яллагдагч М.Б нь Иргэний хуулийн 117 дугаар зүйлийн 117.1-д “алдуул мал олсон этгээд нь энэ тухай орон нутгийн захиргааны буюу цагдаагийн байгууллагад мэдэгдэж малын эзнийг тогтоох хүртэл өөрийн эзэмшилд байлган маллах буюу орон нутгийн захиргааны буюу цагдаагийн байгууллагад шилжүүлэх үүрэгтэй” гэж заасан хуулийн заалтад заасан ажиллагааг хийсэн эсэх талаар тодорхой ажиллагаа хийгдээгүй, алдуул мал олсон талаар яллагдагч М Б орон нутгийн төрийн захиргааны байгууллага, цагдаагийн байгууллагад мэдэгдсэн талаар тодорхойлолтыг авч хэрэгт хийх, хавтаст хэргийн 87 дугаар талд авагдсан өмгөөлөгч Ц.Мөнгөндавалгаагаас гаргасан хүсэлтийг хангах ажиллагааг хийх шаардлагатай байна.

Эдгээр ажиллагааг хийсний дараа алдуул малыг бусдын өмчлөлд байгааг мэдсээр байж завшсан, бусдын олон тооны малыг хулгайлсан эсэхийн аль тохирох зүйлчлэлээр зүйлчилж ирүүлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ

Иймд дээрх ажиллагаануудыг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй байх тул М.Бд холбогдох хэргийг Баянхонгор аймгийн прокурорт буцааж шийдвэрлэлээ гэжээ.

Прокурор В.Дэлгэрмаа давж заалдах шатны шүүхэд гаргасан эсэргүүцэлдээ: Шүүгчийн дээрх захирамж нь үндэслэлгүй байна. Учир нь “Алдуул мал” гэх тодорхойлолтыг Иргэний хуулийн 117 дугаар зүйлийн 117.1-д “алдуул мал олсон этгээд нь энэ тухай орон нутгийн захиргааны буюу цагдаагийн байгууллагад мэдэгдэж малын эзнийг тогтоох хүртэл өөрийн эзэмшилд байлган маллах буюу орон нутгийн захиргааны буюу цагдаагийн байгууллагад шилжүүлэх үүрэгтэй” гэж,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлд алдаатай гүйлгээ, андуурагдсан илгээмж, гээгдэл эд хөрөнгө, алдуул мал завших гэж, 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “төлбөр тооцооны алдаатай гүйлгээ, андуурагдсан илгээмж, эд хөрөнгө, гээгдэл эд хөрөнгө, алдуул малыг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан бол дөрвөн зуун тавин нэгжээс хоер мянга долоон зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоер зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх. эсхүл нэг сараас зургаан сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ” гэж тус тус ялгаатай хуульчилсан байхад Эрүүгийн хуульд заасан алдаатай гүйлгээ, андуурагдсан илгээмж, гээгдэл эд хөрөнгө, алдуул мал завших ойлголт нь төлбөр тооцооны алдаатай гүйлгээ, андуурагдсан илгээмж, эд хөрөнгө, гээгдэл эд хөрөнгө, алдуул малыг бусдын өмчлөл. эзэмшилд байгааг мэдсээр байж завшсан үйлдлийг ойлгохоор хуульчилсан төдийгүй ямар нэгэн байдлаар Иргэний хуулийн 117 дугаар зүйлд заасан алдуул мал гэх ойлголтоос эрс өөр ойлголт гэж үзэхээр байна.

Яллагдагч М.Б нь бусдын өмчлөл, эзэмшлийн алдуул малыг завших санаа, зорилготой байсан нь хавтаст хэрэгг хууль ёсны дагуу авагдсан нотлох баримтууд болох гэрчүүдийн мэдүүлгээр хангалттай нотлогдон тогтоогдсон төдийгүй түүний үйлдэл нь мал хулгайлах гэмт хэргийн шинжгүй буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлд заасан гэмт хэргийн шинжийг бүхэлд нь хангаж байгаа тул Иргэний хуулийн 117 дугаар зүйлд заасан ажиллагааг явуулах шаардлагагүй юм.

Хэрэгт авагдсан голлох нотлох баримт болох хохирогч Г.Б нь тухайн алдагдсан гэх адууг хэзээ алдсан хэзээ олж авсан, хаагуур, хаагуур эрж хайсан зэрэг нь түүний мэдүүлгээр тогтоогдсон нь хэргийн нөхцөл байдлыг давхар нотолж өгч байгаа юм.

Мөн хавтаст хэргийн 87 дугаар талд авагдсан өмгөөлөгч Ц.Мөнгөндавалгаагаас гаргасан хүсэлтийг мөрдөгчөөс Эрүүгийн хэрэг хянан шийвэрлэх тухай хуульд заасан хугацаанд хүсэлтийг хэсэгчлэн хангаж шийдвэрлэсэн тогтоол үйлдэн, өмгөөлөгчид танилцуулсан бөгөөд тухайн хүсэлтэд дурдагдсан асуудлыг бүрэн хангах эсэх нь тухайн мөрдөн шалгах ажиллагааны явцад дахь ажиллагаа бөгөөд өмгөөлөгчийн хүсэлтэд дурдагдсан асуудлыг бүрэн хангах шаардлагагүй гэж мөрдөгчөөс дүгнэж хүсэлтийг хэсэгчлэн хангаж шийдвэрлэсэн болно.

Иймд Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 45 дугаар захирамжийг бүхэлд нь хүчингүй болгуулж хэргийг анхан шатны шүүхээр хэлэлцүүлэхээр Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурорын эсэргүүцэл бичив гэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Мөнгөндавалгаа шүүх хуралдаанд гаргасан саналдаа: Миний үйлчлүүлэгч гүүг дагаад ороод ирсэн 11 тооны адууны талаар сумын Засаг даргад хэлсэн байдаг. Засаг даргыг асуух талаар хүсэлт гаргасан боловч хүсэлтийг хангаагүй. Шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж өгнө үү гэв

Прокурор В.Дэлгэрмаа шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Давж заалдах шатны шүүхэд гаргасан эсэргүүцлээ дэмжиж байна гэв.

 ТОДОРХОЙЛОХ нь:

Прокурор В.Дэлгэрмаагийн давж заалдах шатны шүүхэд гаргасан эсэргүүцэлд үндэслэн хэргийг давж заалдах шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт тус тус заасан эрх хэмжээний хүрээнд прокурорын эсэргүүцэлд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянахад:

Баянхонгор аймгийн Прокурорын газраас М.Бгийн Г.Бын эзэмшлийн 11 тооны алдуул адууг Баянхонгор аймгийн Жинст, Баян-Овоо сумын зааг нутаг, Аман ус гэх газарт бэлчиж байхад нь бусдын өмчлөл, эзэмшлийнх болохыг мэдсээр байж завшсан гэж үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэн хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

Хохирогч Г.Б нь 2018 оны 08 дугаар сарын 16-ны өдөр Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын хайрханы шил гэх газраас 11 тооны адуугаа алдаж, 2018 оны 11 дүгээр сарын 09-10-ны өдрүүдэд Баянхонгор аймгийн Жинст сумын Тариатын нуруу гэх газар, М.Бгийн адуунаас 11 тооны адуугаа олж авсан хэргийн үйл баримт болжээ.

Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг харьцуулан, шинжлэн судлахад Г.Бын 11 тооны адуу нь хэний оролцоотой ижил сүргээсээ тасран салж, байнга идээшсэн нутаг бэлчээрээсээ холдож, өөр нутаг бэлчээрт шилжин байрласан болон М.Б алдуул малыг орон нутгийн засаг захиргаанд заавал тэмдэглүүлэх үүргээ хэрэгжүүлсэн эсэх, хэрэв орон нутгийн засаг захиргаанд тэмдэглүүлээгүйгээр шууд өөрийн болгож авсан, эсэх талаарх нотлох баримт зэргийг цуглуулах ажиллагааг шүүхээс нөхөн гүйцэтгэх боломжгүй талаар дүгнэлт хийж хэргийг мөрдөн байцаалтад буцааж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж үндэслэлтэй байх тул Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 45 дугаар захирамжийг хэвээр үлдээж, прокурор В.Дэлгэрмаагийн эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүхээс дүгнэв.

 Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.2

 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр

 зүйлийн 1.1-д заасныг удирдлага болгон

 ТОГТООХ нь:

1. Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 2019/ШЗ/45 дугаар захирамжийг хэвээр үлдээж, прокурор В.Дэлгэрмаагийн 2019 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 03 тоот эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол,эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.

                          ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ М.МӨНХДАВАА                                   

                        ШҮҮГЧИД Г.УЛАМБАЯР

                                                    Б.БОЛОР-ЭРДЭНЭ