Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2015 оны 11 сарын 10 өдөр

Дугаар 221/МА2015/0507

 

 

ДИ ХХК-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

            Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.М даргалж, шүүгч Н.Хонинхүү, шүүгч Д.Батбаатар нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Э.Намжим, нэхэмжлэгч ДИ ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Ц, С.М, Д.О, гуравдагч этгээд ЭЖП ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.А, түүний өмгөөлөгч Д.Н нарыг оролцуулан хийж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 594 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор ДИ ХХК-ийн нэхэмжлэлтэй, Нийслэлийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч Д.Батбаатарын илтгэснээр хянан хэлэлцээд

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Нийслэлийн Засаг даргын 2003 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 485 дугаар захирамжийн К ХХК-д эзэмшүүлэхээр, 2008 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 379, 2013 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн А/977 дугаар захирамжуудын ЭЖП ХХК-д ашиглуулахаар шийдвэрлэсэн хэсгийн ДИ ХХК-ийн эзэмшилд байгаа бетон хашааг давуулан олгосон хэсгээр хүчингүй болгуулах, 2001 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 564 дүгээр захирамжаар ДИ ХХК-д эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн газрын хэмжээг ЭЖП ХХК-тай маргаж буй 130 м.кв газрын хэмжээгээр нэмэгдүүлсэн захиргааны акт гаргахыг Нийслэлийн Засаг даргад даалгуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Нийслэлийн Засаг даргын 2003 оны 485 дугаар захирамжаар Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт 6246 м.кв газрыг К ХХК-д эзэмшүүлж, Нийслэлийн Засаг даргын 2008 оны 379 дүгээр захирамжаар дээрх газрыг ЭЖП ХХК-д шилжүүлэн эзэмшүүлж, Нийслэлийн Засаг даргын 2013 оны А/977 дугаар захирамжаар ЭЖП ХХК-ийн газар эзэмших эрхийн хугацааг сунгаж баталгаажуулсан байна.

Мөн ДИ ХХК-д Нийслэлийн Засаг даргын 2001 оны А/564 дүгээр захирамжаар Хан-Уул дүүргийн 15 дугаар хороонд 3480 м.кв газрыг үйлдвэрлэлийн зориулалтаар эзэмшүүлж, 2007 оны 129 дүгээр захирамжаар газар эзэмших эрхийн хугацааг сунгаж баталгаажуулж, Нийслэлийн Засаг даргын 2008 оны 330 дугаар захирамжаар уг газар эзэмших эрхийн хугацааг сунгаж, 2015 оны 2015 оны А/246 дугаар захирамжаар эрхийн зориулалтыг үйлчилгээтэй орон сууцны зориулалттай болгон өөрчилсөн байна.

Нийслэлийн Өмчийн харилцааны газрын кадастрын мэдээллийн санд ДИ ХХК болон ЭЖП ХХК-ийн кадастрын зураг давхцалгүй байна. Иймд ДИ ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Гуравдагч этгээд ЭЖП ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан тайлбартаа: бодит байдал дээр ДИ ХХК-ийн гаргасан хүсэлтийг хүлээн аваад Нийслэлийн Засаг даргын 2001 оны А/564 дүгээр захирамж гарч тус компанид 3480 м.кв талбай бүхий газрыг эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн баримт байна. Үүний дараа 2007 оны 129 дүгээр захирамжаар газар эзэмших эрхийг хугацааг сунгаж баталгаажуулсан байх ба 2008 онд 380 дугаар захирамжаар мөн газар эзэмших эрхийн хугацааг сунгаж, 2015 онд А/246 дугаар захирамжаар эрхийн зориулалтыг орон сууцны зориулалттай болгон өөрчилсөн шийдвэрүүдийг гаргаж байжээ.

 

Гэтэл нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь ДИ ХХК-аас 2001,2006 онуудад гаргаж байсан хүсэлтийг огт шийдэж өгөхгүй хүлээлт үүсгэж байгаад өөрт нь огт мэдэгдэлгүйгээр хүсэлт тавьсан газраас К ХХК-д газар эзэмшүүлсэн байсныг саяхан буюу Иргэний хэрэг хянан шийдвэрлэх үед олж мэдсэн мэтээр бодит байдлыг гуйвуулан нэхэмжлэл гаргасан байна.

 

Хэрэв ДИ ХХК нь 2001 оны А/564 дүгээр захирамжаар, хүсэлт гаргасан байсан газрын хэмжээг Нийслэлийн Засаг дарга илт хууль бусаар багасган бага хэмжээний газар олгосон нь өөрийнх нь хууль ёсны эрх ашгийг зөрчсөн байна гэж үзсэн бол Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хугацаа хэтрүүлсэн байх тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй.

 

ЭЖП ХХК нь Нийслэлийн Засаг даргын 2003 оны 485 дугаар захирамжаар олгогдсон Хан-уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 6246 м.кв талбай бүхий газрын эзэмших эрхийг худалдах худалдан авах гэрээний үндсэн дээр, эрх бүхий байгууллагын зөвшөөрөл шийдвэрээр 2008 оны 379 дүгээр захирамжаар шилжүүлэн авсан ба улмаар Нийслэлийн Засаг даргын 2013 оны А/977 дугаар захирамжаар газар эзэмших эрхийн хугацааг сунгаж баталгаажуулсан шийдвэрийн дагуу уг газрын хууль ёсны эзэмшигч болсон.

 

ДИ ХХК-ийн хүсэлтийн дагуу Нийслэлийн Засаг дарга тэдний компанид 3480 м.кв талбай бүхий газрыг 2001 онд олгосон байх ба Нийслэлийн Засаг дарга нь өөрт олгосон эрх хэмжээнийхээ хүрээнд дээрх шийдвэрүүдийг гаргасан. Мөн манай эзэмшлийн газар нь ДИ ХХК-ийн газартай кадастрын зургийн давхцал огт байхгүй гэдгийг хариуцагч тал нотолж өгсөн байх ба энэ нь иргэний хэрэгт авагдсан Шинжээчийн дүгнэлтээр ч мөн давхар тогтоогдсон болно.

ДИ ХХК нь Газрын тухай хуульд заасныг зөрчиж, манай эзэмшлийн газар руу зөвшөөрөлгүй, дур мэдэн орж барилга барьсны улмаас манай ЭЖП ХХК-ийн Архитектур төлөвлөлтийн даалгавар үндсэндээ өөрчлөгдөх болж маш их хэмжээний илүү зардал гаргах болж эрх ашиг маань хохирсон. Гэтэл энэ хууль бус үйлдлээ залруулахын оронд үүнийгээ үл ухамсарлан зориуд хариуцлагаас зайлсхийж, цаг хугацаа хожиж, барьсан барилгаа бусдад зарж борлуулаад өөрсдөө ямар ч хариуцлага хүлээхгүй байх зорилгоор энэхүү захиргааны хэрэг маргааныг үүсгэсэн гэж үзэж байна. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэглэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 594 дүгээр шийдвэрээр: Газрын тухай /1994 оны/ хуулийн 22 дугаар зүйлийн 2-ын 4, 33 дугаар зүйлийн 2-ын 5, Газрын тухай хуулийн /2002 оны/ 21 дүгээр зүйлийн 21.2.2, 31 дүгээр зүйлийн 31.3-д заасныг тус тус баримтлан ДИ ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Ц, С.М нар давж заалдах гомдолдоо: ДИ ХХК нь 1998 онд Төрийн өмчийн хорооноос зохион байгуулсан олон нийтийн дуудлага худалдаанаас Сэргээгдэх эрчим хүчний корпорацийн Төмөр бетоны заводын /хуучин нэрээр/ болон агуулахын зориулалттай, төрийн өмчийн 892 ам метр талбай бүхий барилга-ыг худалдан авсан билээ. Уг барилга нь Хан-Уул дүүргийн 15 хорооны нутаг дэвсгэрт байрладаг бөгөөд барилгын доорх талбайг оролцуулаад нийт 1.2 га газрыг хамарсан бетонон хашаатай. Тухайн үед барилгыг хүлээн авахад манай компанид хашаатай нь хамт хүлээлгэн өгсөн. 2001 онд Нийслэлийн газрын харилцаа, хот байгуулалтын газарт хашааныхаа хэмжээгээр (1.2 га) газрыг эзэмших хүсэлтийг анх удаа тавьсан ба хүсэлтийг шийдвэрлэхдээ 1.2 га газрыг үндэслэлгүйгээр, тайлбаргүйгээр барилгын сууриар 0.35 га болгон бууруулж, 4 жилийн хугацаатай ашиглуулахаар мөн оны 12 дугаар сард Нийслэлийн Засаг даргын 564 дүгээр захирамж гаргасан. Тухайн үедээ бидэнд аман байдлаар гэрээ шинэчлэгдэх үед хашаагаар чинь газар олгоё, угаас танай хашаа учир санаа зоволтгүй гэсэн байр суурь илэрхийлж бидэнд хүлээлт үүсгэсэн.

 

Үүний дараа 2006 онд манай компаниас Нийслэлийн газрын албанд дахин Газар эзэмших гэрээ шинэчлэх тухай хүсэлт гаргахдаа кадастрын албаар бетон хашаагаараа кадастрын зураг хийлгэн, кадастрын зургийн дагуу буюу 1.2 га-аар газар эзэмших эрхийг баталгаажуулж өгөх хүсэлт тавьсан. Гэвч дээрх хүсэлтэд аливаа хариу, тайлбарыг бидэнд өгөөгүй Газрын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.5 дахь заалт, Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд хандаж өргөдөл, гомдол гаргах, түүнийг байгууллага, албан тушаалтнаас шийдвэрлэх тухай хуулийн 12.2, 15.4, 15.5, 16.1 дэх заалтыг тус тус зөрчин Нийслэлийн Засаг даргын 2007 оны 129 дүгээр захирамжаар өмнө ашиглаж байсан газрын хэмжээгээр (0.35 га) дахин газар эзэмшүүлэх эрхийг 15 жилийн хугацаатай олгосон нь Газрын тухай хуулийн 4.1.3 дугаар заалтыг зөрсөн. Энэ нь захиргааны байгууллагын эс үйлдэхүй гэж үзэж байна. 2008 онд манай компанийн зүгээс дахин Нийслэлийн газрын албанд биеэр очиж учир байдлыг тодруулах үед Танай газар суурьшлын бүсэд орсон тул орон сууц барих шаардлагатай. Бетон хашаан дотроо орон сууцны барилгын ерөнхий төлөвлөгөө хийгээд ирвэл хашаагаар чинь олгож болно гэж аман байдлаар мэдэгдсэний дагуу манайх бетон хашаан дотроо орон сууцны хорооллын зураг гаргуулж ерөнхий төлөвлөгөөний газраар батлуулан, тус зургийнхаа дагуу орон сууцны Дөл хорооллыг барьж байгуулан ашиглалтад оруулаад байна.

 

2006 оноос 2014 оны хооронд Нийслэлийн Өмчийн харилцааны газраас бидэнд өгсөн чиглэл, зөвлөгөө, үүрэг даалгаврыг дагаж мөрдөн, барилга барьж дууссан үед бетон хашаагаар газрыг маань олгоно гэсэн хүлээлт үүсгэсэн. Тус газар дээр барилга, орон сууцны хороолол барьж байгуулах шаардлага гарснаар манай компани хятад хөрөнгө оруулагчид компанийн хувьцааг шилжүүлж компанийн удирдлага өнгөрсөн хугацаанд хэд хэд солигдсон нь мөн дээрх асуудлыг нэхэн хэлэлцэх хугацааг удаашруулсан боловч бидэнд барилгаа барьж дуусаад газраа хашаагаар нь баталгаажуулна гэсэн хүлээлт байсаар ирсэн.

 

Гэтэл 2014 оны 10 дугаар сард манай хорооллын 1 дүгээр барилга 95 хувьтай баригдаж дуусах шатандаа орж байх үед ЭЖП ХХК-ийн зүгээс тус компанийн эзэмшлийн газар дээр барилга барьсан тул газар чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийг иргэний шүүхэд гаргаж хэрэг үүссэн. Иргэний хэрэг хянан хэлэлцэгдэж байх үед манай компанийн зүгээс Захиргааны байгууллагын буруутай үйлдэл, маргаан бүхий захиргааны акт, захиргааны байгууллагын эс үйлдэхүйн улмаас энэхүү хэрэг үүсэн манай компанийн эрх ашиг хөндөгдөж байна гэж үзэн захиргааны шүүхэд Нийслэлийн Засаг даргад холбогдуулан нэхэмжлэл гаргасныг хүлээн авч 2015 оны 05 дугаар сарын 18-ны өдөр хэрэг үүсгэх захирамж гарсан билээ.

 

Уг хэргийг шүүхээр хэлэлцэх явцад манай талын зүгээс К ХХК-ийн 1997 оноос эзэмшиж ирсэн газар нь манай бетон хашаа руу ороогүй байсан. Энэ нь кадастрын зургаар илэрхий харагдаж байна. К ХХК-ийн эзэмшлийн газрын хугацаа сунгасан 2003 он, газрын эрхийг ЭЖП ХХК-д шилжүүлэх үе буюу 2008 оны үед газрын хэмжээ байршил учир битүүлэг байдлаар өөрчлөгдөн, манай бетон хашаа руу түрж орсон байна. Энэ нь кадастрын зургаас илт харагдаж байна. Мөн К ХХК нь газрын төлбөрөө хууль болон гэрээнд заасны дагуу төлөөгүй байтал төлсөн мэтээр тооцоо нийлсэн акт үйлдэж ЭЖП ХХК-д шилжүүлэх захирамж гаргахдаа манай хашаа руу түрж оруулан газрын хэмжээ, байршлыг өөрчилсөн байна. Манай компани 2006 онд Нийслэлийн газрын албанд хүсэлт гаргахдаа бетон хашаагаараа кадастрын албаны нэгж талбарын дугаартай кадастрын зураг хийлгэсэн нь тухайн үед манай хашаанд өөр этгээдэд газар олгоогүй байсны нотолгоо юм. Өнөөдрийн байдлаар энэ бетон хашаа байсаар байгаа. Манай барилга бетон хашаан дотроо баригдсан.

 

Энэ талаарх нотлох баримтууд хэргийн материалд авагдсан байна гэж хангалттай тайлбар, нотолгоог хийсээр байтал шүүх бидний тайлбар, үндэслэл, нотлох баримтыг үнэлсэнгүй. Дээрх захиргааны хэргийг хянан хэлэлцээд шүүгчийн 2015 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр ДИ ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон шийдвэр гаргахдаа К ХХК 1997 оноос буюу анхнаасаа манай хашаанд одоогийн маргаан бүхий газрыг хууль ёсны дагуу эзэмшиж байсан мэтээр ойлгож, үүний дагуу шийдвэрийн тогтоох хэсэгт хуучин Газрын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.2.4, 33 дугаар зүйлийн 33.2.5, одоогийн хүчин төгөлдөр Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.2, 31 дүгээр зүйлийн 31.3 дахь заалтын үндэслэн биднийг өөр хуулийн этгээдийн анхнаасаа эзэмшиж байсан газрыг эзэмшиж ашиглахыг хүссэн мэтээр, өөр этгээдэд олгосон газартай давхардсан байсан учир төрийн захиргааны байгууллага хүсэлтийг шийдвэрлээгүй гэж буруу ойлголттой хэргийг шийдвэрлэж манай талын тайлбар, нотлох баримтыг үл тоон хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

 

Иймд, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 594 дүгээр шийдвэрийг бүхэлд хүчингүй болгож, хэргийг бүхэлд дахин хянан шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болжээ.

 

ДИ ХХК-аас Нийслэлийн Засаг даргын 2003 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 485 дугаар захирамжийн К ХХК-д, 2008 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 379, 2013 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн А/977 дугаар захирамжуудын ЭЖП ХХК-д холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгуулах, мөн 2001 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 564 дүгээр захирамжаар ДИ ХХК-д эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн газрын хэмжээг ЭЖП ХХК-тай маргаж буй 130 м.кв газрын хэмжээгээр нэмэгдүүлсэн захиргааны акт гаргахыг Нийслэлийн Засаг даргад даалгуулах нэхэмжлэлийг гаргажээ.

 

Анх ДИ ХХК 2001 оны 08 дугаар сарын 20-ны өдөр Нийслэлийн газрын харилцаа, хот байгуулалтын газарт дуудлага худалдаагаар худалдан авсан үйлдвэрлэлийн болон агуулахын зориулалттай 892 м.кв талбай бүхий барилгын орчны 1.2 га газрыг баталгаажуулахаар, 2006 оны 10 дугаар сарын 19-ний өдөр Нийслэлийн газрын албанд бусдын эзэмшлийн хөрөнгө тус компанийн хашаанд байхгүй болсныг дурдаж, газар эзэмшлийн гэрээг кадастрын албанаас хийгдсэн зургийн дагуу баталгаажуулах хүсэлтүүдийг гаргаж байжээ.

 

Гэвч уг хүсэлтүүдийг гаргахаас өмнө буюу 1997 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр Нийслэлийн Засаг даргын 1997 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн А/137 дугаар шийдвэрийг үндэслэн К ХХК-ийн захирал С.Туяад Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, Улаанбаатар рашаан сувиллын өмнө байршилд 6790 м.кв газар ашиглах эрхийн гэрчилгээ олгосон, гэрээний хугацаа дуусахад 2001 оны 10 дугаар сарын 24-ний өдөр С.Туяагаас гэрээг шинэчлэн сунгуулах хүсэлт гаргасныг үндэслэн Нийслэлийн Засаг дарга 2003 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 485 дугаар захирамжаар К ХХК-ийн 6246 м.кв газрын эзэмших гэрээний хугацааг сунгаж, 15 жилийн хугацаагаар эзэмшүүлсэн нь мөн хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогджээ.

 

Тиймээс ДИ ХХК-ийг хүсэлт гаргахаас өмнө маргаан бүхий газрыг К ХХК ашиглаж, эзэмшиж байсан ДИ ХХК-ийг тухайн газрыг анхнаасаа эзэмшүүлсэн гэж дүгнэх боломжгүй.

 

Үүнээс гадна ДИ ХХК Сэргээгдэх эрчим хүчний корпорацийн төмөр бетоны заводын болон агуулахын зориулалттай 892 м.кв талбай бүхий барилгыг худалдан авч, уг барилгын 1.2 га газрыг баталгаажуулах хүсэлтийг 2001 оны 08 дугаар сарын 20-ны өдөр гаргасан боловч Нийслэлийн Засаг дарга 2001 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 564 дүгээр захирамжаар тус компанид 1.2 га газрыг бус 3480 м.кв газрыг 4 жилийн хугацаатай ашиглуулахаар шийдвэрлэсэнд ДИ ХХК

 

Маргаагүй төдийгүй тухайн эзэмшүүлсэн газрынхаа эрхийн хугацааг сунгуулах болон зориулалтыг нь өөрчлүүлэх хүсэлтүүд гаргаж шийдвэрлүүлж байсан бөгөөд Нийслэлийн Засаг даргын шийдвэрийг тухай бүрийн шийдвэрүүдийг хүлээн зөвшөөрч Газрын албатай гэрээ байгуулж байсан нь баримтаар тогтоогджээ. Эндээс уг компанийн хүсэлтүүдийг шийдвэрлэлгүй хүлээлт үүсгэсэн гэх гомдол үндэслэлгүй бөгөөд маргаан бүхий захиргааны актуудын улмаас нэхэмжлэгч ДИ ХХК-ийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөөгүй байна.

 

Өөрөөр хэлбэл Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1 /Газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ/, 27.4 /Хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгүй аливаа этгээд газар эзэмшихийг хориглоно/ гэсэн заалтуудаас үзвэл нэхэмжлэгч компанид 1.2 га газрыг эзэмших эрх хуулийн дагуу үүсээгүй бөгөөд уг газрыг хашсан байсан гэх үндэслэлээр нэхэмжлэлийг хангах боломжгүй.

 

Харин 6246 м.кв газрыг хууль ёсоор эзэмшигч К ХХК-ийн гаргасан хүсэлтээр Нийслэлийн Засаг даргын 2008 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 379 дүгээр захирамжаар ЭЖП ХХК-д шилжүүлж, 2013 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн А/977 дугаар захирамжаар газар ашиглах эрхийн хугацааг сунгасан нь Газрын тухай хуульд нийцжээ.

 

Эдгээр болон бусад асуудлаар анхан шатны шүүх үндэслэлтэй дүгнэлт хийж, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон байх тул шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж үзэв.

 

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.1, 87 дугаар зүйлийн 87.1 дэх хэсгийг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.  Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 594 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2.  Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70.200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

 

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

 

 

 

ШҮҮХ БҮРЭЛДЭХҮҮН:

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.М

 

ШҮҮГЧ Н.ХОНИНХҮҮ

 

ШҮҮГЧ Д.БАТБААТАР