Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 08 сарын 24 өдөр

Дугаар 117

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Мөнхзул даргалж,

нарийн бичгийн дарга Б.Мөнхцэцэг,

улсын яллагч Р.Энхтуяа (томилолтоор),

шүүгдэгч Д.Энхболд, түүний өмгөөлөгч С.Чулуунбаатар (шүүхэд төлөөлөх эрхийн үнэмлэхний дугаар 0-009) нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А-1 танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Сандаг овогт Дашпэлжээгийн Энхболдод Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 201626011191 дугаартай, 1 хавтаст хэргийг 2016 оны 8 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Сандаг овогт Дашпэлжээгийн Энхболд, Төв аймгийн Эрдэнэсант суманд 1998 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр төрсөн, 18 настай, эрэгтэй, яс үндэс халх, бүрэн дунд боловсролтой, Тээврийн дээд сургуульд холбооны инженер мэргэжлээр суралцаж байгаа, ам бүл 7, эцэг, эх, дүү нарын хамт Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хороо, Баянголын 64 дүгээр гудамж 3б тоотод оршин суух, ял шийтгэлгүй, регистрийн дугаар НФ98011618.

 

Холбогдсон гэмт хэргийн талаар: (яллах дүгнэлтэд дурдсанаар)

Шүүгдэгч Д.Энхболд нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ бусдыг илтэд үл хүндэтгэн, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж, 2016 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хороо, Баянголын 56 дугаар гудамжинд хохирогч Ш.Батнасанг үл ялих зүйлээр шалтаглан хүч хэрэглэн зодож, бие махбодид нь “зүүн шилбэний ясны далд хугарал, зүүн шилбэний зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зулгаралт, дээд уруулд зөөлөн эдийн няцрал, зүүн хацарт цус хуралт, зүүн гуянд цус хуралт” бүхий хүндэвтэр гэмтэл  учруулан догшин авирлаж танхайрсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн мэдүүлсэн мэдүүлэг:

Шүүгдэгч Д.Энхболд шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн тул нэмж мэдүүлэх шаардлагагүй” гэв.

 

Хоёр. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан болон бусад нотлох баримтууд:

1. Хохирогч Ш.Батнасангийн мөрдөн байцаалтад өгсөн: “...2016 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр 18 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хороо, 56 дугаар гудамжны 12 тоотод...хашааныхаа гадаа тамхи татаад зогсож байтал манай тэр хавьд амьдардаг зүс таних хоёр залуу буюу Энхболд, Гантулга нар нь манай зүүн талын хашааг давж гарч ирээд над руу дөхөж ирсэнээ Энхболд гэдэг залуу нь “утсаа авъя” гэхээр нь би “та нар юу яриад байгаа юм бэ, бие муутай хүн юу гэж та нарын утсыг авч байдаг юм” гэсэн чинь Энхболд нь “битгий худлаа яриад бай” гэж хэлснээ шууд миний зүүн хөл руу хоёр удаа өшиглөхөд нь би ухаан алдчихсан. Тэгээд нэг сэрэхэд хашааныхаа үүдэнд хэвтэж байсан бөгөөд манай дүү Эрдэнэчимэг ирээд түргэн дуудсан. Түүнээс хойш би хагалгаанд орж эмчилгээ хийлгэсэн. Тэр хоёр залуу шууд л над дээр ирээд утас нэхсэн. Гантулга намайг зодсон эсэхийг мэдэхгүй байна. Миний эмчилгээний зардал нийт 3.413.120 төгрөг болсон” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 7-8 дахь тал),

2. Сэжигтнээр Г.Гантулгын мөрдөн байцаалтад өгсөн “...2016 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр Номин-Эрдэнийн гэрт бид 3-ыг (Ган-Алдар, Г.Гантулга, Номин-Эрдэнэ) байж байхад гаднаас найз Энхболд орж ирсэн. Тэгээд бид нар “Их Монгол” нэртэй 0,75 граммын 2 шил архи уугаад 18 цагийн үед дууссан. Тэгээд Энхболд гэртээ харилаа гээд гарахаар нь Ган-Алдар бид хоёр хойноос нь гараад...”чи одоо согтчихсон байна, Номин-Эрдэнийнд орж архиа гаргаж байгаад харь” гэж хэлээд буцаагаад дагуулж явсан. Явж байх үед  Ган-Алдар ард үлдсэн. Тэгээд цааш явж байхад...Батнасан гэдэг ах хашааныхаа гадаа зогсож байснаа...чулуу шидчих шиг болохоор нь Энхболд бид хоёр очсон. Очоод  “яасан ахаа зүгээр үү” гэхэд тэр ах юм хэлээгүй. Тэгтэл Энхболд “өө энэ ах чинь өдөр намайг автобусанд ирж явахад утас хулгайлсан ах мөн байна ш дээ” гээд сонин юм яриад эхэлсэн чинь тэр ах “юу яриад байгаа юм бэ” гээд уурлахад нь Энхболд Батнасан ахын зүүн хөл рүү нь 2 удаа өшиглөж газар унагаагаад толгой, нуруун дээр нь дэвсээд байсан. Тэр үед Номин-Эрдэнэ гэрээс гарч ирээд бид 2 хамт Энхболдыг салгаад Номин-Эрдэнийн гэр рүү явахад Батнасан гэдэг ах хашааныхаа үүдэнд хэвтээд үлдсэн...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 47, 48 дахь тал)

3. Насанд хүрээгүй сэжигтэн Э.Ган-Алдарын мөрдөн байцаалтад өгсөн “...2016 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр найз Гантулгын хамтаар Номин-Эрдэнийн гэрт очсон. 12 цагийн үед Энхболд хичээлээ тараад бид нар дээр ирсэн. Тэгээд бид нар “Их Монгол” нэртэй 0,75 граммын 2 шил архи уусан. ...Тэгээд Энхболд харилаа гээд гарахад нь Гантулга бид 2...буцааж оруулаад архийг нь гаргаж байгаад гэрт хариулах санаатай хойноос нь гарч уулзаад буцаад Номин-Эрдэнийн гэр рүү явж байх замд миний шээс хүрээд...гудамжинд шээчихээд эргээд харахад Гантулга, Энхболд нар манай тэр хавьд амьдардаг Батнасан ахтай гэрийнх нь үүдэнд маргалдаж байснаа Энхболд Батнасан ахын хөл рүү нь өшиглөөд газар унагаачихсан. Тэр үед Номин-Эрдэнэ гэрээсээ гарч ирж байгаа харагдахаар нь хэрэгт орчихож магадгүй гэж айгаад шууд гэр рүүгээ харьсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 52 дахь тал),

4. Гэрч Э.Номин-Эрдэнийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Гадаа хүмүүс шуугилдаад байхаар нь би гартал гудамжинд Гантулга, Энхболд нар манай гудамжинд амьдардаг Батнасан ахыг газар хэвтүүлчихсэн хажууд нь явган сууж байхаар нь би очсон чинь Батнасан ахын нүүрнээс цус гарчихсан байсан. Тэгэхээр нь би та хоёр хөгшин хүн зодоод байх даа яахав дээ гээд дагуулаад гэр рүүгээ явсан. Намайг харахад бол зодож цохиогүй” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 14 дэх тал),

5. Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн 2016 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн 5871 дугаар актад:

1. “Батнасангийн биед зүүн шилбэний ясны далд хугарал, зүүн шилбэний зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зулгаралт, дээд уруулд зөөлөн эдийн няцрал, зүүн хацарт цус хуралт, зүүн гуянд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн 4 ба түүнээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.

5. Дээрх гэмтэл тухайн хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 20 дахь тал),

6. Шүүгдэгч Д.Энхболдын мөрдөн байцаалтад сэжигтэн болон яллагдагчаар өгсөн:

“...2016 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр 12 цагийн үед би хичээлээ тараад найз Номин-Эрдэнийхээ гэрт нь очиход тэдний гэрт Номин-Эрдэнэ, Гантулга, Ган-Алдар нар байсан. Бид нар дэлгүүрээс “Их Монгол” нэртэй 0.75 литрийн 2 шил архи авч уусан бөгөөд архи дуусахад нь би гэр рүүгээ харих гээд гарч явсанаа санаж байна. Мөн замдаа нэг ахтай маргалдсанаа санаж байгаа бөгөөд түүнээс хойш юу болсоныг санахгүй байна. Сүүлд нь Ган-Алдар, Гантулга нараас асуухад архи дууссаны дараа намайг Номин-Эрдэнийн гэрээс гараад харих гээд явж байхад хойноос Гантулга, Ган-Алдар нар гарч ирээд дагуулаад буцаад Номин-Эрдэнийх рүү явж байх замд...Батнасан гэдэг хүн бид нар луу чулуу шидсэн гэсэн. Тэгээд Гантулга бид хоёр тэр хүн рүү очоод маргалдаад би тэр хүний хөл рүү өшиглөчихсөн гэж байсан. ...Би урьд нь Батнасан гэдэг хүнийг таньдаггүй байсан. Бид хоёрын хооронд ямар нэгэн хувийн таарамжгүй харилцаа байгаагүй. ...Би тэр өдөр сургуулиасаа Номин-Эрдэнийх рүү автобусаар ирсэн бөгөөд автобусанд явж байхдаа бол гар утсаа алдсан зүйл байхгүй.

...Би одоогоор хохирогч Батнасанд 1.550.000 төгрөг өгсөн байгаа бөгөөд үлдэгдэл мөнгийг нь шүүх хурлаас өмнө өгч хохирлыг нь бүрэн барагдуулна...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 41-42, 44-45 дахь тал),

 

-Хохирогчийн амбулаториор эмчлүүлэгсэдийн карт, хөдөлмөрийн чадвар алдалт тогтоосон комиссын шийдвэрийн хуулбар (хавтаст хэргийн 66), хөдөлмөрийн чадвар алдалтын  тэтгэмж авдаг нийгмийн даатгалын дэвтэрийн хуулбар (хавтаст хэргийн 67, 68), хохирлын баримтууд (хавтаст хэргийн 69-77), хохирогчийн шүүхэд гаргасан хүсэлт (хавтаст хэргийн 95-96),

-Шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа, оршин суугаа хаягийн тодорхойлолт, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 53,55, 54), шүүгдэгч хувийн байдлыг тогтоосон баримтууд (хавтаст хэргийн 56-57) болон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай. Мөн шүүгдэгч нарыг сэжигтэн, яллагдагчаар, хохирогч, гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн байцаан шийтгэх хууль зөрчөөгүй, шинжээчийн дүгнэлт, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудыг дүгнэхэд:

Шүүгдэгч Д.Энхболд нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ бусдыг илтэд үл хүндэтгэн, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж, 2016 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр 18 цагийн орчим Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хороо, Баянголын 56 дугаар гудамжинд хохирогч Ш.Батнасанг үл ялих зүйлээр шалтаглан хүч хэрэглэн зодож, бие махбодид нь “зүүн шилбэний ясны далд хугарал, зүүн шилбэний зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зулгаралт, дээд уруулд зөөлөн эдийн няцрал, зүүн хацарт цус хуралт, зүүн гуянд цус хуралт” бүхий хүндэвтэр гэмтэл учруулан догшин авирлаж танхайрсан гэмт хэргийг үйлдсэн болох нь дээрх бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

 

Иймд шүүгдэгч Д.Энхболдыг Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх заалтад заасан гэмт хэрэг үйлдсэн гэж үзэж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь шүүгдэгчийн үйлдэлд тохирсон байх тул шүүгдэгчийг гэм буруутайд тооцож хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.

Шүүгдэгч нь урьд ял шийтгэгдэж байгаагүй болох нь түүний ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 54)-р тогтоогдож байна.

 

Хохирогч Ш.Батнасан нь энэ гэмт хэргийн улмаас эрүүл мэндэд учирсан хохиролд нийт 3.473.120 төгрөг (хавтаст хэргийн 8) нэхэмжилсэн бөгөөд холбогдох баримт хэрэгт авагдсан, шүүгдэгч нь гэмт хэргийн улмаас учирсан хохиролд 3.315.000 төгрөг нөхөн төлсөн (хавтаст хэргийн 95-96). Түүнчлэн хохирогч Ш.Батнасан нь шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ “шүүгдэгчээс 3.315.000 төгрөг хүлээн авсан, цаашид гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” (хавтаст хэргийн 95-96) гэсэн тул уг гэмт хэргийн улмаас учирсан хохирол нөхөн төлөгдсөн гэж үзэх үндэслэл болж байна.

Шүүх шүүгдэгч Д.Энхболдод ял оногдуулахдаа анх удаа хүндэвтэр гэмт хэрэгт үйлдсэн, үйлдсэн хэрэгтээ чин санаанаас гэмшиж, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн зэргийг ял хөнгөрүүлэх, согтуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэнийг ял хүндрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцов.

Мөн шүүгдэгч нь анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас бусдад учирсан хохирлыг барагдуулсан, шүүгдэгчийн хувийн байдал болон хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус харгалзан түүнд оногдуулах хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж үзэв.

 

Эрүүгийн 201626011191 дугаар хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.

 

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286, 294, 295, 296, 297, 298 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

                                                  ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Сандаг овогт Дашпэлжээгийн Энхболдыг танхайрах гэмт хэргийг догшин авирлаж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Д.Энхболдыг 3 (гурав) жил, 1 (нэг) сарын хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

 

3. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Энхболдод оногдуулсан 3 (гурав) жил, 1 (нэг) сарын хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

 

4. Хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн зүйлгүй, шүүгдэгч Д.Энхболд нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хохирогч Ш.Батнасан нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдсугай.

 

5. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт зааснаар Д.Энхболдод оногдуулсан 3 (гурав) жил 1 (нэг) сарын хорих ялыг тэнсэж, 1 (нэг) жилийн хугацаагаар хянан харгалзахаар тогтоож, тэнсэгдсэн ялтанд хяналт тавьж ажиллахыг Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтэст даалгасугай.

 

6. Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

 

7. Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

8. Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Д.Энхболдод авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

                             

 

 

            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         Г.МӨНХЗУЛ