Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 10 сарын 12 өдөр

Дугаар 128/ШШ2020/0653

 

 

 

 

 

2020 оны 10 сарын 12 өдөр                   Дугаар 128/ШШ2020/0653                Улаанбаатар хот

                            

  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Чанцалням даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 2 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: П.А

Хариуцагч: П.Н.Ш

Нэхэмжлэлийн шаардлага: “П.Н.Шийн 2020 оны ******* дугаар сарын 17-ны өдрийн ******* дугаар мэдэгдлийг хүчингүй болгож, Улсын Гуравдугаар төв эмнэлгийн  Захирлын сонгон шалгаруулалтад бүртгэхийг даалгах, П.А миний сонгон шалгаруулалтад оролцохоор бүрдүүлсэн материалд зохих журмын дагуу үнэлгээ хийхийг Улсын Гуравдугаар төв эмнэлгийн төлөөлөн удирдах Зөвлөлд даалгуулж,  “П.Н.Ш Захирлын сонгон шалгаруулалтад Ц.Т шалгаруулсан тус эмнэлгийн төлөөлөн удирдах Зөвлөлийн шийдвэрийг хүчингүй болгуулж, Ц.Т Улсын Гуравдугаар төв эмнэлгийн Захирлаар томилсон тус эмнэлгийн төлөөлөн удирдах Зөвлөлийн шийдвэрийг хүчингүй болгуулах”-ыг хүссэн шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.М, Б.Х, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.О, хариуцагчийн өмгөөлөгч Л.Н, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.О, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.******* нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч П.А шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.М 2020 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Нэхэмжлэгч П.А нь Улсын гуравдугаар төв эмнэлгийн захирлын сонгон шалгаруулалтад оролцохоор хүсэлтээ гаргаж, холбогдох материалуудыг бүрдүүлж өгсөн. Гэтэл П.Н.Шийн 2020 оны 3 тоот мэдэгдлээр татгалзсан хариу ирүүлсэн.

Тус мэдэгдэлд “...Эрүүл мэндийн сайдын 2018 оны А/454 дүгээр тушаалд заасан шаардлагыг хангаагүй” гэж тайлбарласан. Уг журам нь Захиргааны ерөнхий хуулийн 65-67 дугаар зүйлд заасан хэм хэмжээний актын нэгдсэн бүртгэлд бүртгэгдээгүй. Энэ нь хэрэгт авагдсан Хууль зүй, дотоод хэргийн яамны 2020 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 3-2/99 дүгээр албан бичгээр нотлогддог.

Захиргааны ерөнхий хуулийн 67 дугаар зүйлд хэм хэмжээний акт хүчин төгөлдөр болох талаар заасан. Тус хуулийн 67 дугаар зүйлийн 67.2-т “Захиргааны хэм хэмжээний актыг зөвхөн улсын нэгдсэн бүртгэлд бүртгэж, “Захиргааны хэм хэмжээний актын эмхэтгэл”-д нийтэлсний дараа хүчин төгөлдөр дагаж мөрдүүлнэ”, 67 дугаар зүйлийн 67.3-т “.Энэ хуулийн 67.2-т заасан шаардлагыг зөрчсөн тохиолдолд тухайн захиргааны хэм хэмжээний акт эрх зүйн үйлчлэл үзүүлэхгүй бөгөөд биелүүлээгүй иргэн, хуулийн этгээдэд үүрэг, хариуцлага хүлээлгэхгүй” гэж заасан. Энэ заалтаас харахад хариуцагч П.Н.Ш нь эрх зүйн үйлчлэлгүй Эрүүл мэндийн сайдын 2018 оны А/454 дүгээр тушаалыг бус, харин 2019 оны 06 дугаар сарын *******-ны өдрийн 4387 дугаар улсын бүртгэлд бүртгэгдсэн 18 тоот захиргааны хэм хэмжээний актын эмхэтгэлд нийтлэгдсэн Төрийн албаны зөвлөлийн 2019 оны 27 дугаар тогтоолыг баримтлах ёстой байсан.

Хэрэгт авагдсан Авлигатай тэмцэх газраас ирүүлсэн 2020 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 05/4971 дүгээр албан бичигт уг сонгон шалгаруулалт нь Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.11-т заасан “...олон нийтийн зүгээс ашиг сонирхлын зөрчилтэй гэж ойлгохуйц...” нөхцөл байдлыг бий болгосон байна гэж дүгнэсэн. Мөн Эмнэлгийн тусламж үйлчилгээний тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.3-т төрийн болон орон нутгийн өмчит төрөлжсөн мэргэшлийн эмнэлэг, нэгдсэн эмнэлгийн захиралд тавигдах шаардлагыг тусгасан ба хэрэгт нотлох баримтаар авагдсан Төрийн албаны зөвлөлийн 2019 оны 25 дугаар тогтоолын хавсралтаар батлагдсан шалгалт өгөх болзлыг нэхэмжлэгч хангасан. Эдгээр шалгуур дунд англи хэлний мэдлэг шаардсан шалгуур байдаггүй. Нэхэмжлэгч П.Аийн хувьд Оросын Холбооны Улсын Эрхүү хотын Анагаахын Их сургуулийг 1993 онд “Хүний их эмч” мэргэжлийн магистрын зэргийг хамгаалж төгссөн. Энэ диплом нь олон улсад хүлээн зөвшөөрөгддөг. Уг дипломын үнэ цэнийг ойлголгүй, бүрдүүлэх материал дутуу гэж татгалзсан нь хуульд нийцээгүй.” гэжээ.       

Хариуцагчийн өмгөөлөгч Л.Н 2020 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Төрийн болон орон нутгийн өмчит төрөлжсөн мэргэшлийн эмнэлэг, нэгдсэн эмнэлгийн захирлыг сонгон шалгаруулах журмыг баримтлан шалгаруулалт явуулж байгаа нь үндэслэлгүй. Харин Төрийн албаны зөвлөлийн баталсан тогтоолыг үндэслэх нь зүйтэй гэж нэхэмжлэгч талаас тайлбарлаж байна.

Нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилсөн, нэмэгдүүлсэн байдал зэргийг харахад өмнө нь энэ талаар маргаагүй байж байгаад шүүх хуралдааны үед ингэж тайлбарлаж байгаа нь харагдаж байна. Нэхэмжлэгчийн тайлбарласан хоёр нотлох баримт хэрэгт авагдсан байгаа. Нэхэмжлэгчийн хувьд туйлын үнэн зөв гэж үзэн өөр журмаар явуулах ёстой байсан гэж маргаж байгаа. Гэтэл энэ талаар тодорхойлсон баримт байхгүй. Учир нь аль журмаар явуулах байсан талаар маргаж байгаа бол эрх зүйн орчныг эхлээд тодорхойлсны дараагаар ингэж тайлбарлах нь зүйд нийцнэ. Эмнэлгийн тусламж үйлчилгээний тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.2-т “Төрийн болон орон нутгийн өмчит төрөлжсөн мэргэшлийн эмнэлэг, нэгдсэн эмнэлгийн захирлыг сонгон шалгаруулах журмыг эрүүл мэндийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална” гэж тодорхойлсон. Өөрөөр хэлбэл тус хуульд заасны дагуу Монгол Улсад үйл ажиллагаа явуулж байгаа төрийн болон орон нутгийн өмчит төрөлжсөн мэргэшлийн эмнэлэг, нэгдсэн эмнэлгийн захирлыг сонгон шалгаруулахдаа дээрх заалтыг үндэслэн баталсан журмыг баримтлах нь зүйтэй. Хуульд заасан агуулгыг тусгайлан нарийвчлан заасан журмаар зохицуулсан харилцааг үгүйсгэж өөр журмын дагуу явуулах ёстой байсан гэж тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй.

Хариуцагчаас сонгон шалгаруулалт зарласны дараагаар зар дээр тавигдсан бүх шаардлагыг хүлээн зөвшөөрвөл бүрдүүлэх ёстой материалыг бүрдүүлж ирүүлдэг. Тус зар дээр тавигдсан бүрдүүлэх баримт нь Эмнэлгийн тусламж үйлчилгээний тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.2-т заасан Эрүүл мэндийн сайдын баталсан дурдагдсан журмын дагуу тавигдсан. Үүний дагуу сонгон шалгаруулалтад оролцож буй этгээд дурдагдсан материалыг хариуцлагатайгаар бүрдүүлж ирүүлснээр үе шаттайгаар үнэлэх, дүгнэх шат явагдана. Эхний шалгаруулалт буюу бүрдүүлэх материалыг дутуу бүрдүүлсэн, хуурамчаар бүрдүүлсэн нөхцөл байдал тогтоогдвол дараагийн үе шатанд оролцуулахгүй. Ийм нөхцөл байдал үүссэн тул мэдэгдэл хүргүүлсэн. Уг мэдэгдлийг хүлээж авчхаад одоо нэхэмжлэл гаргаад явж байгаа.

Анх нэхэмжлэгч нэхэмжлэл гаргахдаа дээрх мэдэгдлийг хүчингүй болгуулах гэж тодорхойлсон байсан. Мөн Төрийн болон орон нутгийн өмчит төрөлжсөн мэргэшлийн эмнэлэг, нэгдсэн эмнэлгийн захирлыг сонгон шалгаруулах журмын 3.1-т заасан бүрдлийг хангасан эсэхийг тогтоолгохоор нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсон байснаас харахад нэхэмжлэгч энэ журмыг баримтлах ёстой гэдгийг бүрэн дүүрэн мэдэж байсан нь харагдаж байна. Одоо шүүхэд маргаан үүссэний дараагаар нөхцөл байдалд тохируулан уг журмаар явагдах ёсгүй байсан гэж тайлбарлаж байгаа нь хариуцлагагүй үйлдэл юм.

Эрүүл мэндийн сайдын баталсан тушаал өнөөдрийг хүртэл хүчин төгөлдөр байгаа. Тушаалаар батлагдсан журам, зааврын дагуу сонгон шалгаруулалт явагдсан. Хариуцагчийн хувьд хүчин төгөлдөр үйлчилж буй журмын дагуу сонгон шалгаруулалтыг явуулсан.

Сүүлд нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэхдээ тухайлсан өөр үндэслэл дурдаагүй. Өмнөх нэхэмжлэлийн шаардлагатайгаа уялдуулж тодорхойлсон. Бүрдүүлэх ёстой материалыг дутуу ирүүлсэн үйлдэлд хариуцагчийг буруутгах үндэслэл байхгүй. Энэ нь сонгон шалгаруулалтад оролцогчийн хариуцлагын асуудал юм. Ийм байдлаар нэхэмжлэл гаргаж байгаа нь үндэслэлгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ. 

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.О 2020 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Сонгон шалгаруулалтад оролцсон Ц.Т нь бичгээр тайлбараа гарган өгсөн байгаа.

Эрүүл мэндийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.10.5, Эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.2-т зааснаар Эрүүл мэндийн сайд нь 2018 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн А/454 дүгээр тушаалаар журам баталсан. Тус журам нь зөвхөн эмнэлгийн удирдах ажилтныг сонгон шалгаруулах журам бөгөөд нийтээр дагаж мөрдөх журам биш юм.

Эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай хуульд сонгон шалгаруулалтын журмыг Эрүүл мэндийн сайд баталж, мөрдүүлэхээр заасны дагуу сонгон шалгаруулалт явагдсан. Төрийн албаны зөвлөлийн баталсан журмаар энэ зохицуулагдахгүй. Эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.2-т заасан шаардлагыг гуравдагч этгээд нь бүрэн хангасан ба хамгийн өндөр оноо авч шалгарсан. 2020 оны ******* дугаар сарын 20-ны өдрийн 4 дүгээр тогтоолоор Улсын гуравдугаар төв эмнэлгийн захирлаар 5 жилийн хугацаатайгаар томилогдохоор хурлын шийдвэр гарсан. Улмаар П.Н.Штэй тус эмнэлгийн захирал 220 дугаар гэрээг 2020 оны 05 дугаар сарын 18-ны өдөр байгуулсан. Нэгэнт бүх болзол шаардлагыг хангаж, сонгон шалгаруулалтаар шалгарсан байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа “П.Н.Шийн 2020 оны ******* дугаар сарын 17-ны өдрийн ******* дугаар мэдэгдлийг хүчингүй болгож, Улсын Гуравдугаар төв эмнэлгийн Захирлын сонгон шалгаруулалтад бүртгэхийг даалгах, П.А миний сонгон шалгаруулалтад оролцохоор бүрдүүлсэн материалд зохих журмын дагуу үнэлгээ хийхийг Улсын Гуравдугаар төв эмнэлгийн төлөөлөн удирдах Зөвлөлд даалгуулах,” гэж тодруулж байгаад “П.Н.Шастины нэрэмжит Улсын Гуравдугаар төв эмнэлгийн Захирлын сонгон шалгаруулалтад Ц.Т шалгаруулсан тус эмнэлгийн төлөөлөн удирдах Зөвлөлийн шийдвэрийг хүчингүй болгуулж, Ц.Т Улсын Гуравдугаар төв эмнэлгийн Захирлаар томилсон тус эмнэлгийн төлөөлөн удирдах Зөвлөлийн шийдвэрийг хүчингүй болгуулах” гэж нэмэгдүүлжээ.

Шүүх болсон үйл баримтыг хэргийн оролцогчдын маргаж байгаа хүрээнд, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар  хэлэлцэгдсэн бичмэл нотлох баримтууд, хэргийн оролцогчид тэдгээрийн төлөөлөгч нараас бичгээр ирүүлсэн тайлбар болон шүүх хуралдаан дээр гаргасан нэмэлт тайлбар зэргийг судалж, нэхэмжлэлийн шаардлага тус бүрийг дараах байдлаар дүгнэж, шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгч “...Төрийн болон орон нутгийн өмчит төрөлжсөн мэргэшлийн эмнэлэг, нэгдсэн эмнэлгийн Захирлыг сонгон шалгаруулах журмын 3.1.9-д англи хэлний  мэдлэг, чадвар дүгнэх гэрчлэх албан ёсны баримт бичиг гэж заасан. Миний бие ОХУ-ын Эрхүү хотын Анагаахын их сургуулийг магистр зэрэгтэй төгссөн, диплом англи, орос хэл дээр бичигдсэн, Канад, Скандиновийн орнууд болон Израйлд их эмчээр ажиллах эрхтэй тул дээрх шаардлагыг бүрэн хангасан гэж үзэхээр байхад  төлөөлөн удирдах Зөвлөлөөс материалын бүрдэл дутуу гэж үзсэнийг хүлээн зөвшөөрөх боломжгүй...” гэж, хариуцагчаас “...нэр дэвшигч П.Аийн баримт бичгийн бүрдэл нь журмын 3.1.9-д заасан шаардлагыг хангаагүй тул гишүүдийн 100 хувийн саналаар татгалзаж, мэдэгдэл хүргүүлсэн тул сонгон шалгаруулалтын дараагийн шатанд оролцох боломжгүй болсон...” гэж маргажээ.

Нэг. “П.Н.Шийн 2020 оны ******* дугаар сарын 17-ны өдрийн ******* дугаар мэдэгдлийг хүчингүй болгож, Улсын Гуравдугаар төв эмнэлгийн Захирлын сонгон шалгаруулалтад бүртгэхийг даалгаж, П.А миний сонгон шалгаруулалтад оролцохоор бүрдүүлсэн материалд зохих журмын дагуу үнэлгээ хийхийг Улсын Гуравдугаар төв эмнэлгийн төлөөлөн удирдах Зөвлөлд даалгуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагын тухайд: Улсын Гуравдугаар төв эмнэлгийн төлөөлөн удирдах Зөвлөл нь 2020 оны 02 дугаар сарын 21-ний өдрөөс ******* дугаар сарын 16-ны хооронд тус эмнэлгийн Захирлын албан тушаалд нээлттэй сонгон шалгаруулалт зарлаж, нэр дэвшигчийн баримт бичгийг хүлээн авах зарыг тавигдах шаардлага, бүрдүүлэх материалын жагсаалт, сонгон шалгаруулалт явуулах хаягийн хамт хэвлэл мэдээллийн хэрэгслээр зарлажээ.

Төлөөлөн удирдах Зөвлөлийн 2020 оны ******* дугаар сарын 17-ны  өдрийн хуралдаанаас нэр дэвшигч Ц.Т, Ц.Э, П.А нарын  ирүүлсэн бичиг баримтыг бүрдлийг шалгаж, Ц.Т, Ц.Э нарын хоёр нэр дэвшигчийг дараагийн шатны сонгон шалгаруулалтад оролцуулахаар, харин нэр дэвшигч П.Аийн тухайд түүний ирүүлсэн баримт бичгийг сонгон шалгаруулалтын шаардлага хангаагүй гэж үзэж дараагийн шатны шалгаруулалтад оруулахаас татгалзаж, 2020 оны ******* дугаар  арын 17-ны өдрийн ******* тоот албан бичгээр мэдэгдсэн байна.

Хариуцагч нэхэмжлэгчийн ирүүлсэн баримт бичгийг шаардлага хангаагүй гэж үнэлсэн үндэслэлээ Эрүүл мэндийн сайдын 2018 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн А/454 тоот тушаалын 1 дүгээр хавсралтаар баталсан “Төрийн болон орон нутгийн өмчит төрөлжсөн мэргэшлийн эмнэлэг, нэгдсэн эмнэлгийн Захирлыг сонгон шалгаруулах журам”-ын 3.1.9-д “англи хэлний мэдлэг, чадвар дүгнэдэг toeic олон улсын шалгалтын гэрчилгээний хуулбар, эх хувийн хамт эсхүл гадаад хэлний мэдлэг чадварыг англи хэлээр суралцсан гадаад улсын их дээд сургууль, коллеж төгссөн, магистр, докторын зэрэг хамгаалсан иргэний дипломыг үндэслэх ба олон улсад хүлээн зөвшөөрөгддөг англи хэлний түвшин тогтоох шалгалт өгснийг гэрчлэх албан ёсны баримт бичиг” гэж заасныг хангаагүй гэж үзжээ.

Мөн сонгон шалгаруулалтын материалын бүрдүүлэлтийн үнэлэх хуудаст П.Аийг “англи хэлний мэдлэг, чадвар дүгнэдэг toeic олон улсын шалгалтын гэрчилгээний хуулбар, эх хувийн хамт эсхүл гадаад хэлний мэдлэг чадварыг англи хэлээр суралцсан гадаад улсын их дээд сургууль, коллеж төгссөн, магистр, докторын зэрэг хамгаалсан иргэний дипломыг үндэслэх ба олон улсад хүлээн зөвшөөрөгддөг англи хэлний түвшин тогтоох шалгалт өгснийг гэрчлэх албан ёсны баримт бичиг” гэсэн материал байхгүй гэж үзэж, бүрдүүлэх материал дутуу гэж үзэн дараагийн шатны шалгаруулалтад орох эрхгүй гэж үзжээ.

Эрүүл мэндийн сайдын 2018 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн “Журам батлах тухай” А/454 дугаар тушаалын 1 дэх заалтаар “Төрийн болон орон нутгийн өмчит төрөлжсөн мэргэшлийн эмнэлэг, нэгдсэн эмнэлгийн захирлыг сонгон шалгаруулах журам”-ыг нэгдүгээр, “Сонгон шалгаруулалтын үнэлгээ хийх заавар”-ыг хоёрдугаар, “сонгон шалгаруулалтын дүнгийн хуудас”-ыг гуравдугаар, “шалгалтын нэгдсэн хуудас”-ыг дөрөвдүгээр, “toeic шалгалтын оноог бусад шалгалтын оноотой харьцуулсан хүснэгт”-ийг тавдугаар, “тухайн албан тушаалд томилогдох хүсэлт, бүрдүүлсэн материалын баталгааг илэрхийлсэн өргөдлийн хуудас”-ыг зургаадугаар хавсралтаар тус тус баталж, Төрийн  болон орон нутгийн өмчит төрөлжсөн мэргэшлийн эмнэлэг, нэгдсэн эмнэлгийн Захирлыг энэхүү тушаалын хавсралтаар баталсан журмын дагуу шалгаруулан томилохыг эмнэлгийн Төлөөлөн удирдах Зөвлөлд үүрэг болгосон байна.

Сонгон шалгаруулалтын үнэлгээ хийх зааврын 1.1-т “Төрийн болон орон нутгийн өмчит төрөлжсөн мэргэшлийн эмнэлэг, нэгдсэн эмнэлгийн Захирлыг сонгон шалгаруулах журмын 3.1 дэх хэсэгт заасан баримт бичгийн бүрдлийг хангасан иргэний материалд 3.4-д заасан үнэлгээ хийнэ” гэж, 1.2-д “сонгон шалгаруулах журмын 3.4 дэх хэсэгт заасан баримт бичгийн үнэлгээ хийгдсэн материалыг хоёр дахь шатны шалгаруулалтад оруулна” гэжээ.

Мөн Эмнэлгийн тусламж үйлчилгээний тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.3-д Төрийн болон орон нутгийн өмчит төрөлжсөн мэргэшлийн эмнэлэг, нэгдсэн эмнэлгийн захиралд тавигдах шаардлагыг зааж,  харин 16.2-д “Төрийн болон орон нутгийн өмчит төрөлжсөн мэргэшлийн эмнэлэг, нэгдсэн эмнэлгийн Захирлыг сонгон шалгаруулах журмыг эрүүл мэндийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална” гэж зааснаас үзвэл, нэхэмжлэгч талын “...Эмнэлгийн тусламж үйлчилгээний тухай хуульд нэгдсэн эмнэлгийн захиралд тавигдах шаардлагад хэлний мэдлэг гэж заагаагүй мөн удирдах ажилтны сонгон шалгаруулалтыг Төрийн албаны зөвлөлөөс баталсан журмаар авах ёстой байсан...” гэсэн тайлбарыг хүлээн авах боломжгүй байна.

Өөрөөр хэлбэл Эмнэлгийн тусламж үйлчилгээний тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1-д нэгдсэн эмнэлгийн гүйцэтгэх удирдлагыг тухайн эмнэлгийн төлөөлөн удирдах зөвлөлөөс сонгон шалгаруулж томилсон эмнэлгийн Захирал хэрэгжүүлэхээр, 16.2-д дээрх Захирлын орон тоон дээр нэр дэвшигчдээс авах сонгон шалгаруулах журмыг эрүүл мэндийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батлахаар, 16.3-д эрүүл мэндийн сайдын баталсан журмаар тухайн эмнэлгийн төлөөлөн удирдах Зөвлөлөөс сонгон шалгаруулж томилсон Захиралд тавигдах нийтлэг шаардлагыг заажээ.

Эрүүл мэндийн  сайдын 2018 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн А/454 тоот тушаалын тавдугаар хавсралтаар  нэр дэвшигчдийн “toeic шалгалтын оноог бусад шалгалтын оноотой харьцуулсан” хүснэгтийн баталж, төлөөлөн удирдах Зөвлөл уг хүснэгтэд заасныг дагуу  нэр дэвшигчдээс ирүүлсэн материалыг дүгнэжээ.

Хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаас нэр дэвшигч П.Аийн П.Н.Шд ирүүлсэн баримт бичгийг үзвэл Төгс сургалтын төвийн  англи хэлний ахисан түвшний дамжааг 2017 онд дүүргэсэн гэсэн гэрчилгээ, Этүгэн дээд сургуулийн гадаад хэлний тэнхимийн 80 цагийн англи хэлний дунд шатны дамжааг 2006 онд дүүргэсэн гэсэн гэрчилгээ байх бөгөөд эдгээрийг англи хэлний мэдлэг, чадвар дүгнэдэг toeic олон улсын шалгалтын гэрчилгээ болон олон улсад хүлээн зөвшөөрөгддөг англи хэлний түвшин тогтоох шалгалт өгснийг гэрчлэх албан ёсны баримт бичигтэй адилтган үзэх боломжгүй, мөн  Иркутск хотын Улсын анагаахын дээд сургуулийн дипломыг англи хэлээр суралцсан гадаад улсын их дээд сургууль, коллеж төгссөн, магистр, докторын зэрэг хамгаалсан иргэний дипломтой дүйцүүлэн үзэх боломжгүй байна.

Тус эмнэлгийн төлөөлөн удирдах Зөвлөл нь Төрийн болон орон нутгийн өмчит төрөлжсөн мэргэшлийн эмнэлэг, нэгдсэн эмнэлгийн Захирлын сонгон шалгаруулах журмын 3.1.9-д“Англи хэлний мэдлэг, чадвар дүгнэдэг toeic олон улсын шалгалтын гэрчилгээний хуулбар, эх хувийн хамт эсхүл гадаад хэлний мэдлэг чадварыг англи хэлээр суралцсан гадаад улсын их дээд сургууль, коллеж төгссөн, магистр, докторын зэрэг хамгаалсан иргэний дипломыг үндэслэх ба олон улсад хүлээн зөвшөөрөгддөг англи хэлний түвшин тогтоох шалгалт өгснийг гэрчлэх албан ёсны баримт бичиг /эх хувийн хамт/ гэж заасны дагуу нэхэмжлэгчээс дээрх баримтыг шаардсаныг буруутгах боломжгүй байна.

Хоёр. “П.Н.Ш Захирлын сонгон шалгаруулалтад Ц.Т шалгаруулсан тус эмнэлгийн төлөөлөн удирдах Зөвлөлийн шийдвэрийг хүчингүй болгуулж, Ц.Т Улсын Гуравдугаар төв эмнэлгийн Захирлаар томилсон тус эмнэлгийн төлөөлөн удирдах Зөвлөлийн шийдвэрийг хүчингүй болгуулах”-ыг хүссэн шаардлагын тухайд:                        П.Н.Ш төлөөлөн удирдах Зөвлөл нь тус эмнэлгийн захирлын сонгон шалгаруулалтын хоёр, гуравдугаар  шатны шалгаруулалтын дүнг хэлэлцээд Ц.Т нь  ерөнхий шаардлагын үнэлгээгээр 24оноо, удирдах ур чадварын үнэлгээ 30 оноо,  эмнэлгийг хөгжүүлэх төслийн  ярилцлагын  үнэлгээгээр 31.12 оноо, нийт 85.12 оноогоор сонгон шалгаруулалтад оролцсон нэр дэвшигчдээс хамгийн өндөр оноог авсан болох нь хавтаст хэрэгт авагдсан эмнэлгийн захирлын сонгон шалгаруулалтын дүнгийн хуудсаар нотлогдож байна.

Улсын Гуравдугаар төв эмнэлгийн төлөөлөн удирдах Зөвлөлийн 2020 оны ******* дугаар сарын 20-ны өдрийн  “Эмнэлгийн захирлыг томилох тухай” 04 дүгээр тогтоолоор  Төрийн  өмчит төрөлжсөн мэргэшлийн эмнэлгийн Захиралд тавигдах шаардлагыг хангаж, сонгон шалгаруулалтад хамгийн өндөр оноо авсан ******* овогтой *******ыг  Улсын Гуравдугаар  төв эмнэлгийн Захирлаар таван жилийн хугацаагаар томилсон байна.

Хариуцагчийн дээрх шийдвэрүүд нь Эмнэлгийн тусламж үйлчилгээний тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1 “Төрийн болон орон нутгийн өмчит төрөлжсөн мэргэшлийн эмнэлэг, нэгдсэн эмнэлгийн гүйцэтгэх удирдлагыг тухайн эмнэлгийн төлөөлөн удирдах зөвлөлөөс сонгон шалгаруулж томилсон эмнэлгийн захирал хэрэгжүүлнэ”, 16.2- “Төрийн болон орон нутгийн өмчит төрөлжсөн мэргэшлийн эмнэлэг, нэгдсэн эмнэлгийн захирлыг сонгон шалгаруулах журмыг эрүүл мэндийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална”,16.3-д “Төрийн болон орон нутгийн өмчит төрөлжсөн мэргэшлийн эмнэлэг, нэгдсэн эмнэлгийн захирал дараах шаардлагыг хангасан байна” гэж заасныг зөрчөөгүй, нэхэмжлэгчийн хууль ёсны эрх, ашиг сонирхлыг хөндсөн гэж үзэхээргүй байна.

Учир нь нэхэмжлэгч П.А нь төрийн өмчит төрөлжсөн мэргэжлийн эмнэлгийн Захирлын сонгон шалгаруулалтад нэр дэвшиж, тус шалгаруулалтад оролцоход бүрдүүлэх материалаа төлөөлөн удирдах Зөвлөлд хүргүүлсэн боловч түүний баримт бичиг Эрүүл мэндийн сайдын 2018 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн А/454 дүгээр тушаалаар батлагдсан Төрийн болон орон нутгийн өмчит төрөлжсөн мэргэшлийн эмнэлэг, нэгдсэн эмнэлгийн Захирлыг сонгон шалгаруулах журмын 3.1.9-д “англи хэлний мэдлэг, чадвар дүгнэдэг toeic олон улсын шалгалтын гэрчилгээний хуулбар, эх хувийн хамт эсхүл гадаад хэлний мэдлэг чадварыг англи хэлээр суралцсан гадаад улсын их дээд сургууль, коллеж төгссөн, магистр, докторын зэрэг хамгаалсан иргэний дипломыг үндэслэх ба олон улсад хүлээн зөвшөөрөгддөг англи хэлний түвшин тогтоох шалгалт өгснийг гэрчлэх албан ёсны баримт бичиг” гэж заасан сонгон шалгаруулалтын эхний шатны  шаардлагыг хангаагүй тул сонгон шалгаруулалтын дараагийн шатанд орох эрхгүй болжээ.

Шүүхээс П.Аийг сонгон шалгаруулалтын эхний шат болох  баримт бичгийн үнэлгээний шаардлагыг хангаагүй гэж дүгнэсэн Улсын Гуравдугаар төв эмнэлгийн төлөөлөн удирдах Зөвлөлийн шийдвэрийг буруутгаагүй тул нэхэмжлэгч тус сонгон шалгаруулалтын дараагийн шатанд оролцох болон түүнд оролцогчдын үнэлгээтэй маргах эрхгүй гэж үзлээ.

Иймд дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106.1, 106.2, 106.3.14-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ  нь:

1. Эмнэлгийн тусламж үйлчилгээний тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1, 16.2, 16.3-д заасныг баримтлан П.Аийн нэхэмжлэлтэй, П.Н.Шд холбогдуулан гаргаснаар “П.Н.Шийн 2020 оны ******* дугаар сарын 17-ны өдрийн ******* дугаар мэдэгдлийг хүчингүй болгож, Улсын Гуравдугаар төв эмнэлгийн  Захирлын сонгон шалгаруулалтад бүртгэхийг даалгах, П.А миний сонгон шалгаруулалтад оролцохоор бүрдүүлсэн материалд зохих журмын дагуу үнэлгээ хийхийг Улсын гуравдугаар төв эмнэлгийн төлөөлөн удирдах Зөвлөлд даалгуулах, П.Н.Шастины нэрэмжит Улсын Гуравдугаар төв эмнэлгийн Захирлын сонгон шалгаруулалтад Ц.Т шалгаруулсан тус эмнэлгийн төлөөлөн удирдах Зөвлөлийн шийдвэрийг хүчингүй болгуулж, Ц.Т Улсын Гуравдугаар төв эмнэлгийн захирлаар томилсон тус эмнэлгийн төлөөлөн удирдах Зөвлөлийн шийдвэрийг хүчингүй болгуулах”-ыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогчид болон тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 14 /арван дөрөв/ хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.                                 

 

 

 

 

  ШҮҮГЧ                            Д.ЧАНЦАЛНЯМ