Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 11 сарын 29 өдөр

Дугаар 2439

 

 

 

 

 

 

 

 

 

Т.Сийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Байгалмаа, Т.Туяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийж,

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 101/ШШ2017/03171 дугаар шийдвэртэй, Т.С нь хариуцагч Б.Б, Б.Б нарт холбуулан,

2015 оны 10 дугаар сарын 22-ны өдөр Б.Бтэй байгуулсан хувьцаа худалдах, худалдан авах гэрээ болон компанийн эрх шилжүүлэх гэрээ, Б.Б, Б.Б нарын хооронд 2016 оны 03 дугаар сарын 14-ний өдөр байгуулсан компанийн хувьцаа худалдах, худалдан авах гэрээ, эрх шилжүүлэх гэрээг тус тус хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох тухай иргэний хэргийг хариуцагч Б.Б, хариуцагч Б.Бат-Эрдэнийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Баярхүү нарын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Т.Туяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Энхжаргал, өмгөөлөгч Д.Тамир, хариуцагч Б.Бат-Эрдэнийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Баярхүү, өмгөөлөгч Б.Мөнхбат, хариуцагч Б.Б, түүний өмгөөлөгч П.Цолмонбаатар, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Энэрэл нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2015 оны 10 дугаар сарын 21-ний өдөр М.Борхүүтэй зээлийн гэрээ байгуулж, 600 000 000 төгрөгийг 2015 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр хүртэл 10 хувийн хүүтэй зээлэх бөгөөд барьцааны зорилгоор өөрийн өмчлөлийн “Лелметалл” ХХК-ийн хувьцааг 100 хувь Б.Бат-Эрдэнийн нэр дээр шилжүүлж, зээлийг сарын дараа төлж, хувьцааг буцаан авахаар тохиролцсон. Ингэхдээ би компанийн гүйцэтгэх удирдлагаар ажиллаж, өдөр тутмын үйл ажиллагааг хэвийн явуулах ба зээлсэн 600 000 000 төгрөгийг н.Байгалмаа гэж хүнд арматур худалдан авах зориулалтаар өгсөн боловч залилуулсаны улмаас зээлийг буцаан төлж чадахгүй нөхцөл байдал үүссэн юм. Манай компани 2014 онд Чингис хаан банк ХХК-иас жилийн 7 хувийн хүүтэй жижиг дунд үйлдвэрийг дэмжих сангийн зориулалтаар 600 000 000 төгрөгийг зээлсэн байсан ба 1 454 182 400 төгрөгийн өөрийн хөрөнгөтэй, Төв аймгийн Баянчандмань суманд байрлах төмөр боловсруулах үйлдвэрийг ажиллуулдаг байсан. Хариуцагч Б.Бат-Эрдэнийн зүгээс намайг компанийн үйлдвэрийн үйл ажиллагаанд оруулахаас эрс татгалзаж, чиний компани одоо минийх болсон, миний үгээр бай гэх ааш авир гаргаж, тохиролцоогоо зөрчиж эхэлсэн. Би анхнаасаа компанийхаа хувьцааг хариуцагчид худалдах зорилгоор хувьцаа худалдах, худалдан авах, эрх шилжүүлэх гэрээг байгуулаагүй, хариуцагч нар бизнесийн үйл ажиллагааны мэдлэг, туршлагатай, компанийг хамт удирдаж, үйлдвэрийн үйл ажиллагаанаас олсон орлогоос зээл болон хөрөнгө оруулалтыг төлсний дараа буцаагаад миний нэр дээр шилжүүлнэ гэсэнд итгэж гэрээ байгуулсан. Гэрээ хийхийн өмнөх 2015 оны 10 дугаар сарын 21-ний өдөр 300 000 000 төгрөгийг, 2015 оны 10 дугаар сарын 22-ны өдөр компанийн эрхийг барьцаалан эрх шилжүүлэх гэрээ хийдэггүй учир компанийн хувьцаа худалдах, худалдан авах гэрээ, компанийн эрх шилжүүлэх гэрээг байгуулсаны дараа 300 000 000 төгрөгийг н.Ганбаярын дансаар шилжүүлэн авсан. Мөнгө н.Ганбаярын дансанд орсон даруйд Тэнүүнболд констракшн ХХК-ийн захирал н.Байгалмаагийн дансанд шилжүүлж, тэрээр арматур төмөр нийлүүлнэ, хүлээж бай гээд сураггүй алга болсон. Энэ талаар Баянгол дүүргийн Цагдаагийн хоёрдугаар хэлтэст өргөдөл гаргаснаар эрүүгийн хэрэг үүсгэж, хохирогчоор намайг тогтоосон.

Хариуцагч Б.Бд энэ тухай хэлж, залилуулснаас 600 000 000 төгрөгийн зээлийн өрийг хавар, өөрийн үйлдвэрийг ажиллуулж эхлэхээр төлье, үүнд мөнгөний хэрэгцээ байгаа гэхэд, мөнгө өгөх боломжтой гээд дүү Б.Бат-Өлзий бид нар БНХАУ явж үйлдвэрлэлд хэрэглэх материал авч ирсэн. Ингээд 2016 оны 5 сард ажил эхлээд 4,5 хонож байхад Б.Б намайг үйлдвэрт нэвтрэхийг хориглосон, холбоо барьж асуухад компани 100 хувь миний нэр дээр, миний мэдэлд байгаа, миний үгээр байгаарай гэсэн өнгө аястай сүрдүүлсэн. Энэ үед би түүхий эд нийлүүлдэг аж ахуйн нэгж, иргэдэд өртэй байсан ба н.Мөнхцэцэг, н.Батбаяр, н.Бат-Ирээдүй нарыг дуудаж, Б.Бтэй уулзуулж, үйлдвэр ажиллуулж байж энэ хүмүүсийн өрийг өгнө, одоо яаж төлөх вэ гэхэд Б.Б баталгаа бичиж, сар бүрийн 30-ны өдөр би үйлдвэрийн ашгаас хувь өгөх үед та нар мөнгөө авах боломжтой, би 50 хувийн ашгийг гаргаж авна гээд 2016 оны 05 дугаар сарын 23-ны өдөр Баталгаа бичсэн.

2015 оны 10 дугаар сарын 21-ний өдөр иргэн М.Борхүүтэй хийсэн 600 000 000 төгрөгийн зээлийн гэрээний барьцаанд “Лелметалл” ХХК-ийг Б.Бд шилжүүлсэн байсныг тэрээр 2016 оны 03 дугаар сарын 14-ний өдөр өөрийн төрсөн ах Б.Бөд шилжүүлсэн. Энэ талаар Чингэлтэй дүүргийн Цагдаагийн хэлтэст Б.Бд холбогдуулан Лелметалл” ХХК-ийг зээлийн гэрээгээр халхавчлан залилж, их хэмжээний хохирол учруулсан тухай гомдол гаргаснаар эрүүгийн хэрэг үүсгэн шалгасан боловч хэргийг хэрэгсэхгүй болгосон 15 тооот тогтоолыг 2017 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр прокурор гаргасан. Үүнд Б.Б нь Т.Сийн хүсэлтээр 600 000 000 төгрөгийн зээлийн оронд авсан “Лелметалл” ХХК-ийг худалдан авсан гэх боловч компанийн гүйцэтгэх удирдлагаар Т.Сийг томилсон, үйлдвэрийн үйл ажиллагааны ашгаас 50 хувийг өгнө гэх утга бүхий баримтуудаар өрийн барьцаанд авсан болох нь тогтоогдсон. Б.Б нь Т.Сийн зээлсэн 600 000 000 төгрөгөөс гадна 500 000 000 төгрөгийг нэмж өгөөд компанийг худалдан авсан гэх боловч уг төлбөрийг төлсөн нь баримтуудаар тогтоогдоогүй гэж тогтоосон. Өөрөөр хэлбэл, цагдаагийн байгууллага энэ хэргийг мөрдөн шалгахдаа “Лелметалл” ХХК-ийг 600 000 000 төгрөгийн зээлийн барьцаанд байгаа болохыг тогтоосон боловч 2016 оны 03 дугаар сарын 23-ны өдөр хариуцагч Б.Б төрсөн ах Б.Бийн нэр дээр компанийг шилжүүлсэн, үүнийг нэхэмжлэгчид хэлээгүй, тэрээр мэдээгүй байсан.

Хариуцагч Б.Бэс 2016 оны 05 дугаар сарын 23-ны өдөр баталгаа гаргасан ба анхнаасаа хуурч мэхлэх, төөрөгдүүлэх байдлаар компанийг шилжүүлж аваад ашиг хонжоо олох гэж байсан нь батлагддаг. Прокурорын шалгалтын үр дүнгээр зохигчид хоорондоо компанийг шилжүүлсэн, энэ нь иргэний асуудал, барьцаанд тавьсан нь тогтоогдож байна гэснийг нотлох баримтаар үнэлэх ёстой. Талуудын хүсэл зоригийн илэрхийллийн хувьд барьцаа байсан бол эрх шилжүүлэх гэрээ хийх ямар шаардлагатай юм бэ гэсэн. Гэтэл бодит байдалд “би таниас мөнгө зээлье” гэхэд “би чамд мөнгө зээлье, чи надад юу өгөх вэ” гэсэн, зээлийн гэрээний дагуу хувьцааг барьцаанд тавьж болохгүй учир чи миний нэр дээр шилжүүлчих, хуулийн ийм зохицуулалт байдаг гэж Т.Сийг төөрөгдүүлснээс гэрээ байгуулагдсан тул анхнаасаа хуурч мэхэлсэн байдал харагдаж байна.

Иймд нэхэмжлэгч Т.Сийн 2015 оны 10 дугаар сарын 22-ны өдөр Б.Бтэй байгуулсан хувьцааг худалдах, худалдан авах тухай гэрээ, компанийн эрх шилжүүлэх гэрээ, мөн хариуцагч Б.Б түүний ах Б.Б нарын хооронд 2016 оны 03 дугаар сарын 14-ний өдөр хийсэн хувьцаа худалдах, худалдан авах гэрээ, эрх шилжүүлэх гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Б.Б шүүхэд болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Т.С нь Б.Бат-Өлзийгээр дамжуулан Б.Бтэй танилцаад н.Байгалмаагаас арматур аваад, мөнгөө эргэлдүүлээд буцаагаад төлөхөөр зээл хүссэн гэж тайлбарласан ба энэ талаар нотлох баримт хэрэгт авагдсан, уг үйл баримтыг тогтоосон прокурорын тогтоол хэрэгт байгаа.  Гэвч Т.С М.Борхүү нарын хооронд байгуулсан зээлийн гэрээтэй холбоотой шаардлага байхгүй. Т.Сийн хувьд М.Борхүүтэй 2015 оны 10 дугаар сарын 21-нд зээлийн гэрээ байгуулж, 600 000 000 төгрөгийг зээлсэн боловч төлбөрийг төлөөгүй. Залилан мэхэлсэн гэх эрүүгийн хэрэг үүсгэсэн прокурорын тогтоол хэрэгт авагдсан бөгөөд зээлийн гэрээг Б.Бат-Эрдэнийн нэр дээр байгуулсан зүйл байхгүй. Маргааны гол зүйл болох 2015 оны 10 дугаар сарын 22-ны өдөр байгуулагдсан хувьцаа худалдах, худалдан авах гэрээ, эрх шилжүүлэх гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах гэсэн шаардлагын үндэслэлийг барьцаанд “Лелметалл” ХХК-ийн хувьцааг тавьсан, шилжүүлэх гээгүй гэж байна. Гэтэл хэлцэл байгуулагдах үед Т.С компанийн хувьцааг худалдах, бусдад шилжүүлэх хүсэл зоригийг илэрхийлснийг онцгойлон дурьдмаар байна. Нэхэмжлэгч М.Борхүүгээс зээл аваад урт цагаанд байрлах ажлын байранд ирээд Б.Бэс компанийг шилжүүлээд авчих, шилжүүлж авсан юм чинь хөрөнгө оруулаад яв, би компанийг байгуулсан, төмөрлөгийн үйлдвэрийн чиглэлээр мэдлэгтэй учир гүйцэтгэх удирдлагаар ажиллаад явъя гэсэн хүсэл зоригийг илэрхийлж Б.Б хүлээн авч, тэдгээрийн хооронд гэрээ байгуулагдсан. Үүнийг нотолж 2015 оны 10 дугаар сарын 22-ны өдөр Чингэлтэй дүүргийн урт цагааны Хаан банк ХХК-ийн салбарын хажуугийн нотариатч н.Оюунчимэг гэх хүн талуудад гэрээний эрх, үүрэг, үр дагаврыг тайлбарлаж, зохигчид Иргэний хуульд заасан гэрээний чөлөөт байдал, агуулгыг өөрсдөө тодорхойлж, бичгээр гэрээг үйлдсэн.

Барьцааг Иргэний хуульд зааснаар тусдаа зохицуулдаг бөгөөд энэхүү гэрээнд анхнаасаа “Лелметалл” ХХК-ийг Чингис хаан банк ХХК-иас 600 000 000 төгрөгийн өртэй болохыг дурьдаж, компанийн гүйцэтгэх удирдлагаар Т.Сийг ажиллуулахаар тохиролцсон. Нэхэмжлэгч тал ямар үндэслэлээр барьцаа гээд байгаагаа тодруулаагүй, хэрэв барьцаа байсан бол тухайн үед барьцааны гэрээ хийх байсан, энэ төрлийн гэрээг бичгээр хийх зохицуулалттай. М.Борхүүгээс авсан зээлийн гэрээний барьцаа, буцаагаад би авна шүү, зээлийн гэрээний үүргийг биелүүлэх юм бол буцаагаад өгөөрэй гэх тохиролцоо байсныг нотлох баримт байхгүй, хүсэл зориг нь худалдах зорилго байсан. 2015 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн гэрээний дагуу компанийн эзэмших эрхийг шилжүүлсэн тул эдгээр гэрээнүүд анхнаасаа хүчин төгөлдөр. Нэхэмжлэгч 2017 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 15 тоот прокурорын тогтоолыг үндэслэл болгож байна. Гэтэл Прокурорын тухай хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар прокурор онцгой эрх эдэлдэг, гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэгт тохирсон ял шийтгэлийг оноож, төрийн нэрийн өмнөөс шүүх хуралдаанд оролцох чиг үүрэг бүхий хууль цаазын зөвлөх атал яагаад залилсан гэх гомдлыг шалгаад эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзахдаа энэ бол барьцааны гэрээ гэж байгааг ойлгохгүй байна.

Прокурор иргэд хоорондын хэлцлийг мөрдөн байцаагчаар дамжуулан мэдүүлэг, нотолгоо, үзлэг хийж байгаад барьцааны гэрээ, хүчин төгөлдөр бусд тооцуулах гэрээ мөн, биш гэх байдлаар асуудлыг шийдвэрлэхгүй. Харин уг тогтоолд зээлийн гэрээ, компанийн хувьцааг худалдах, худалдан авах гэрээ, компанийн эрх шилжүүлэх гэрээг Т.С сайн дурын үндсэн дээр хийсэн, бусдад компанийн хувьцааг 100 хувь шилжүүлсэн гэдгээ мэдэж байсан, зээлсэн мөнгөө буцаан авч чадаагүйгээс үүссэн иргэд хоорондын маргаан буюу гэрээгээр халхавчлан бусдын эд хөрөнгийг залилан авсан гэмт хэргийн шинжгүй тул эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан гэсэн байгааг анхаарах хэрэгтэй. Иймд Иргэний хуульд заасан хэлцэл хүчин төгөлдөр бус байх буюу хүсэл зоригийн илэрхийллийг нөгөө тал ойлгоогүй, өөрөө ийм үр дүнд хүргэхийг хүсээгүй байсан, зөвхөн хэлбэрийн хувьд гадаад илрэл болгож хийсэн нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул нэхэмжлэлийг бүхэлд хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Б.Б шүүхэд болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч Б.Бтэй холбогдуулсан шаардлага нь 2015 оны буюу Т.Соос Б.Бд шилжүүлсэн хувьцаа худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулахаас үүдэлтэй гэж байгаа учир Б.Бат-Эрдэнийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарыг дэмжиж байна. Зохигчдын хүсэл зоригийн илэрхийллийг ярих ёстой. Нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй үндэслэл нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.2, 56.1.3-д заасан хүсэл зоригоо илэрхийлсэн боловч тухайн үр дагаварт хүрэхийг хүсээгүй байх урьдчилсан нөхцлийг шаарддаг, Б.Б, Т.С нарын хувьд тийм байдал байдаггүй. Уг гэрээг хийснээс хойших үйл баримтуудаар хэн, хэн нь гэрээний үүргээ хэрэгжүүлээд гэрээг дагаж мөрдөөд явсан нь нотлох баримтаас харагдана. Хувьцаа худалдах худалдан авах гэрээ барьцаа байсан бол эрх шилжүүлэх гэрээ хийх ямар шаардлагатайг тодруулах ёстой бөгөөд талууд эрх шилжүүлэх гэрээний зорилго, үр дагаврыг мэдэж байсан.

Компанийн тухай хуулиар хувьцаанд хамааралтай эрх, үүргүүдийг шилжүүлж өгсөн, хувьцаа нь барьцаа байсан бол үүнийг шилжүүлэх ямар ч шаардлагагүй, хүсэл зоригийн илэрхийлэл үргэлжлээд, хэн хэн нь хүлээн зөвшөөрөөд явж байсан, Т.Сийг гүйцэтгэх удирдлагаар ажиллаж байх үед үйлдвэрт их хэмжээний хөрөнгө оруулалт хийсэн. Зөвхөн барьцаанд авсан байсан бол уг үйлдвэрт хөрөнгө оруулалт хийх шаардлагагүй, нөгөө тал нь хөрөнгө оруулалтыг хүлээн авч ашиглаад явахгүй. Үүнээс дүгнэхэд Т.С анхнаасаа компанийн хувьцааг шилжүүлэхдээ барьцаанд тавиагүй нь илэрхий. Хариуцагч Б.Б Иргэний хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар компанийн хувьцааг худалдах, худалдан авах гэрээний дагуу шударгаар олж авсан шударга өмчлөгч юм. Хариуцагч Б.Б, Б.Б нарын хооронд ямар нэг төлбөр тооцоо байхгүй, тэд компанийн хувьцааг 1 200 000 000 төгрөгөөр худалдаж, худалдан авсан үйл баримтад зохигчид маргаагүй.

Улсын Дээд шүүхийн тогтоолд зааснаар Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.10-д заасан буюу хүчин төгөлдөр бус хэлцлийн үндсэн дээр хийсэн хэлцэл бүхэн хүчингүй болох үндэслэлгүй. Хувьцаа эзэмшигч болон гүйцэтгэх удирдлагын эрх зүйн байдал тус тусдаа ойлголт, Т.С компанийн гүйцэтгэх удирдлагаар ажиллаж байснаараа компанийн хувьцаа эзэмшигчтэй холбоотой шаардлага гаргахгүй. Хариуцагч Б.Бэс Б.Бөд шилжүүлсэн хэлцэл дүр үзүүлж хийгдээгүй, хүчин төгөлдөр хэлцэл учраас нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгоно уу гэжээ.

 

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Чингис хаан банк” ХХК-ийн хувьд тухайн компанийн эрх шилжүүлэх гэрээ 2015 оны 10 дугаар сарын 22-ны өдөр байгуулагдсан ба гэрээний дагуу зээлдэгч буюу “Лелметалл” ХХК-ийн хувьцаа эзэмшигч нь Б.Б байна гэж үзэж байгаа. “Лелметалл” ХХК буюу одоогийн хувьцаа эзэмшигч нь зээлийг зээлдүүлэгчид төлөх үүрэгтэй гэж үзээд тодорхой хэмжээний төлөлт хийгээд явж байгааг банк хүлээж авахгүй байх боломжгүй. Яагаад гэвэл зээлийн гэрээний үүрэг зөрчигдөөд байгаа юм. Бид тухайн зээлийг төлөх талаар санал, санаачлага гаргаж байгаа этгээдийг зээлээ төлөхгүй байж бай гэж хэлэх аргагүй. Компани хэний эзэмшилд шилжээд байгаа, зээлийг хэн хариуцах ёстой вэ гэдэг асуудал чухал бөгөөд санаачлага гаргаж буй хүмүүсээс зээлийн төлөлт хийсэн. Нэхэмжлэгч талын хэлээд байгаа үндэслэл байхгүй. Зээл төлсөн талаарх баримтыг гаргаж өгөхөөс өөр аргагүй учир гаргаж өгсөн гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3, 56.1.10 болон 56.5 дахь хэсэгт заасныг үндэслэн нэхэмжлэгч Т.С болон хариуцагч Б.Б нарын хооронд 2015 оны 10 дугаар сарын 22-ны өдөр байгуулсан “Лелметалл” ХХК-ийн хувьцаа худалдах, худалдан авах гэрээ, эрх шилжүүлэх гэрээ, хариуцагч Б.Б болон Б.Б нарын хооронд 2016 оны 03 дугаар сарын 14-ний өдөр байгуулсан “Лелметалл” ХХК-ийн хувьцаа худалдах, худалдан авах гэрээ, эрх шилжүүлэх гэрээг тус тус хүчин төгөлдөр бус болохыг тогтоож, “Лелметалл” ХХК-ийн хувьцаа эзэмшигчээр нэхэмжлэгч Т.Сийг бүртгэхийг Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газарт даалгаж, нэхэмжлэгч Т.Сийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 2 657 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгчээс дутуу төлсөн улсын тэмдэгтийн хураамж 6 087 750 төгрөгийг гаргуулж, улсын орлого болгох, хариуцагч Б.Бэс 2 657 950 төгрөг, хариуцагч Б.Бөөс 6 157 950 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагч Б.Б, Б.Бат-Эрдэнийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Баярхүү нар давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Шийдвэрийн үндэслэх хэсэгт эрүүгийн хэрэгт гаргасан Б.Бат-Эрдэнийн тайлбар, эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзах тухай Чингэлтэй дүүргийн прокурорын 1511, 15 тоот тогтоолуудыг дурдан, 600 000 000 төгрөгийн барьцаанд “Лелметалл” ХХК-ийг авсан болох нь тогтоогдсон, тухайн тогтоолд талууд гомдол гаргаагүй гэж дүгнээд байгаа боловч ямар ч тогтоолыг шүүхээр хэлэлцүүлээгүй. Зохигчдын байгуулсан 2015 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн хувьцаа худалдах, худалдан авах гэрээ, эрх шилжүүлэх гэрээг нэхэмжлэгчийн 2015 оны 10 дугаар сарын 21-ний өдөр М.Борхүүтэй байгуулан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийн хангах зорилгоор байгуулсан гэрээ гэж дүгнэхдээ нэхэмжлэгчийн тайлбарыг үндэслэсэн. Шүүх Иргэний хууль, Компанийн тухай хууль, Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн, шүүх хуралдааны журам зөрчиж ажиглагчаас асуулт асууж, хариулт авч түүнд үнэлэлт өгөх атал гуравдагч этгээд “Чингис хаан банк” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар болон хэрэгт хамааралтай нолтлох баримтыг үнэлээгүй.

Гэрээний нэг тал болох М.Борхүүгийн эрх, ашгийг ноцтойгоор хөндсөн дүгнэлт хийсэн атал түүнийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулаагүй зэрэг зөрчил гаргасан. Нэхэмжлэгч шаардлагаа 2015 оны 10 дугаар сарын 22-ны өдөр болон 2016 оны 03 дугаар сарын 14-ний өдөр байгуулсан хувьцаа худалдах, худалдан авах гэрээ, эрх шилжүүлэх гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох гэж тодруулсан байхад хувьцаа эзэшигчээр нэхэмжлэгч Т.Сийг бүртгэхийг Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газарт даалгаж нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийг хянан шийдвэрлээгүй. 2016 оны 03 дугаар сарын 14-ний өдөр байгуулагдсан гэрээг хүчин төгөлдөр бусд тооцож шийдвэрлэсэн боловч хэрэгт тус гэрээ нь нотлох баримтаар авагдаагүй, ямар баримтад үндэслэн уг гэрээний үнийн дүнг 1 200 000 000 төгрөгөөр тооцож, улсын тэмдэгтийн хураамж төлүүлж, хүчин төгөлдөр бус болохыг тогтоон шийдвэрлэсэн нь ойлгомжгүй. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.3 дахь хэсэгт заасныг зөрчсөн.

Хариуцагч Б.Бөөс 6 157 950 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 58 дугаар зүйлийн 58.1 дэх хэсэгт заасныг ч зөрчсөн. Шүүхээс хэрэг шийдвэрлэхдээ уг маргаанд хамааралтай, ач холбогдол бүхий нотлох баримтыг үнэлээгүй, хуулийг заалтыг буруу тайлбарлан хэрэглэсэн, үйл баримтын талаар дүгнэлт хийхдээ хөнгөмсөг хандсан бөгөөд хуулийн дагуу хийгдсэн гэрээ хэлцлүүдийг шууд үгүйсгэн, хэт нэг талын эрх ашигт нийцүүлэн дүгнэлт хийж Иргэний хуулийн 114 дүгээр зүйлд заасан өмчлөх эрхийг шударгаар олж авсан Б.Бийн эрхийг хуулийн үндэслэлгүйгээр хөндсөн.

Мөн 2016 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн баталгаагаар Б.Б, Т.С нар үйлдвэрийн үйл ажиллагаанд 1 594 391 000 төгрөгийн хөрөнгө оруулалт хийснийг харилцан зөвшөөрөх, хөрөнгө оруулалтыг үйл ажиллагаанаас олсон 50 хувийн ашгаар барагдуулах, хариуцагчийн хөрөнгө оруулалтыг түүнд буцаан төлсөн тохиолдолд компанийн 50 хувийн хувьцааг нэхэмжлэгчид буцаан шилжүүлэх, үйлдвэрийн үйл ажиллагааны орлогоос талууд 50, 50 хувиар ашиг хүртэхээр тус тус тохиролцсон байхад үүнийг ойлгомжгүй гэх дүгнэлтийг хийдэг. Хариуцагч шүүх хуралдаанд энэ талаар хангалттай тайлбарласан. Уг баталгаагаар Б.Бэс үйлдвэрийн үйл ажиллагаанд 1,5 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийснийг баталгаажуулсан. Мөн 2015 онд нэхэмжлэгч Т.С нь 822 500 000 төгрөгийг авсан ба өөрөө гарын үсэг зурсан, энэ хөрөнгө оруулалтуудыг 2015 оноос хойш хүлээн авч, шаардлагатай бараа материалуудын худалдан авалтуудыг хийж байсан. Барьцаа болгож компанийг шилжүүлэн авсан бол Б.Б компанид хөрөнгө оруулалт хийх эсэх, барьцаа болгож хувьцаагаа шилжүүлсэн бол их хэмжээний хөрөнгө оруулалтыг тодорхой хугацааны турш, олон удаагийн үйлдлээр хүлээн зөвшөөрч авах эсэхийг шүүх огт дүгнээгүй. Эндээс талуудын хүсэл зоригийн илэрхийлэл маш тодорхой харагдана. Хариуцагч Б.Бат-Эрдэнийн зүгээс  Т.Сид дансаар нийт 297 027 000 төгрөг шилжүүлсэн баримтыг нотлох баримтаар өгсөн.

Мөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гуравдагч этгээдээр оролцсон Чингис хаан банкны тайлбарт ямар нэгэн байдлаар дүгнэлт өгөөгүй. Шүүхээс эрүүгийн хэрэгт сэжигтэн, гэрчээр мэдүүлэг өгсөн хүмүүсийн мэдүүлэгт шууд үндэслэн талуудын хооронд үүссэн иргэний эрх зүйн харилцааг тодорхойлсон нь “шүүхэд урьдаас хөдөлбөргүй үнэн гэж тогтоогдсон ямар ч нотлох баримт байж болохгүй” гэсэн хуулийн заалтыг мөн зөрчсөн. Дээрх нөхцөл байдлуудаас дүгнэвэл шүүх нь нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ гэснийг зөрчсөн бөгөөд тус шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болоогүй.

Шүүх хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн. 2015 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн Т.С, Б.Б нарын хувьцаа худалдах, худалдан авах гэрээ нь Т.Сийн 2015 оны 10 дугаар сарын 21-ний өдөр М.Борхүүтэй байгуулсан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор байгуулагдсан буюу Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3-т заасан үүргийн гүйцэтгэлийг хангах барьцааны гэрээг халхавчилж хийсэн гэрээ гэж үзсэн нь Улсын Дээд шүүхийн 2010 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 17 дугаар тогтоолыг анхаараагүй.  2015 оны 10 дугаар сарын 21-ний өдөр байгуулсан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангахдаа Иргэний хуулийн 231 дүгээр зүйпийн 231.1 дэх хэсэгт заасан аргыг бус харин

 


 өмчлөх эрх шилжүүлэх тухай хэлцэл байгуулж, өөр хэлцлийг халхавчилсан, талууд зээлийн гэрээний үүргийг буцаан шаардах шаардлагыг хангахад “Лелметалл” ХХК-ийн хувьцааг барьцаалах эсхүл үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх /фидуци/-ээр тохиролцох ёстой байтал эдгээр хэлцлийг халхавчлан хувьцаа худалдах, худалдан авах гэрээ байгуулсан хэмээн дүгнэсэн.

 

Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.1 дэх хэсэгт “Хэлцлийг хуульд заасан хэлбэрээр хийнэ” гэж заасан байдаг. Барьцааны гэрээ нь Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1 дэх хэсэгт зааснаар бичгээр байгуулагдах зохицуулалттай. Т.С, Б.Б нарын, Т.С, М.Борхүү нарын хооронд ямар нэгэн барьцааны гэрээ байгуулагдаагүй. Өөрөөр хэлбэл, ямар гэрээ хэлцэл халхавчлагдаад байгаа нь ойлгомжгүй. Шүүхийн дүгнэсэн үүргийн гүйцэтгэлийг хангах барьцааны гэрээ хавтаст хэрэгт авагдаагүй, тийм гэрээ байгуулагдаагүй. Мөн хүчин төгөлдөр байгаа Т.С, М.Борхүү нарын зээлийн гэрээний барьцааг Т.С, Б.Б нарын хооронд байгуулсан байна гэж үзэх ямар үндэслэл байгаа нь ойлгомжгүй. Шүүхээс зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангахдаа хувьцаа худалдах, худалдан авах гэрээ, эрх шилжүүлэх гэрээ хийсэн байх тул тус гэрээ нь хүчин төгөлдөр бус гэж дүгнэсэн. Хэрвээ барьцааны гэрээ болгож тус хувьцаа худалдах, худалдан авах гэрээ, эрх шилжүүлэх гэрээг хийсэн гэж үзвэл энэ гэрээ нь зээлдүүлэгч М.Борхүү, зээлдэгч Т.С нарын хооронд хийгдэх байсан. Хэрвээ шүүхээс талуудын хооронд үүссэн харилцааг зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх /фидуци/-ээр тохиролцсон байна гэж дүгнэж байгаа бол 2016 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн гэрээнүүдийг хүчин төгөлдөр бусад тооцох үндэслэлгүй. Учир нь нэгэнт зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэл хангагдаагүй байхад үүргийн гүйцэтгэлийг хангах баталгаа болсон гэрээг хүчин төгөлдөр бусад тооцон шийдвэрлэж байгаа нь хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэхээр байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангаагүй гэж үзнэ.

 

Нэхэмжлэгч Т.С нь хариуцагч Б.Б, Б.Б нарт холбогдуулан 2015 оны 10 дугаар сарын 22-ны өдөр Т.С, Б.Б нарын хооронд байгуулсан компанийн хувьцаа худалдах, худалдан авах гэрээ, компанийн эрх шилжүүлэх гэрээ, 2016 оны 03 дугаар сарын 14-ний өдөр Б.Б, Б.Б нарын хооронд байгуулсан компанийн хувьцаа худалдах, худалдан авах гэрээ, компанийн эрх шилжүүлэх гэрээг тус тус хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгохоор нэхэмжлэл гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч маргажээ.

 

Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, дээрх гэрээ тус бүрийг хүчин төгөлдөр буст тооцсоноос гадна хариуцагч “Лелметалл” ХХК-ийн хувьцаа эзэмшигчээр нэхэмжлэгч Т.Сийг бүртгэхийг Оюуны өмч, Улсын бүртгэлийн Ерөнхий газарт даалгаж шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлд заасан мэтгэлцэх зарчимд нийцэхгүйгээс гадна, хууль буруу хэрэглэсэн, уг алдааг давж заалдах шатны шүүхээс хэргийн баримтад үндэслэн залруулах боломжгүй байна.

 

Нэхэмжлэгчийн шүүхэд бичгээр гаргасан нэхэмжлэлийн шаардлага, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилсөн болон бичгээр тодруулсан байдал, талуудын мэтгэлцээний явцад гаргасан тайлбар, шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсан зэргээс үзвэл, Т.С нь хариуцагч Б.Бийн нэр дээр бүртгэгдсэн “Лэлметалл” ХХК-ийн гэрчилгээг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн өмчлөлд буцаан бүртгэхийг Оюуны өмч, Улсын бүртгэлийн Ерөнхий газарт даалгах буюу уг байгууллагад холбогдуулсан нэхэмжлэл гаргаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд тухайн хуулийн этгээд хариуцагчаар оролцож, дурдсан асуудлаар зохигчид мэтгэлцээгүй байна. Өөрөөр хэлбэл шүүх нэхэмжлэлийн шаардлагад байхгүй асуудлыг хэргийн оролцогч бус этгээдэд холбогдуулж буюу нэхэмжлэлийн хүрээнд хэргийг шийдвэрлээгүй нь Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.3-т заасан зөрчигдсөн эрхийг сэргээх зорилгоор тодорхой үүргийг гүйцэтгүүлэх байдлаар иргэний эрх зүйн хамгаалалтыг хэрэглэх зохицуулалтад нийцэхгүй.

 

Нэхэмжлэгч Т.С нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэл болон агуулгыг тайлбарлахдаа иргэн М.Борхүүтэй 2015 оны 10 дугаар сарын 21-ний өдөр байгуулсан 600 000 000 төгрөгийн зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор хариуцагч Б.Бд өөрийн үүсгэн байгуулсан компанийг барьцаалж, 2015 оны 10 дугаар сарын 22-ны өдөр тус компанийн эрх шилжүүлэх гэрээг түүний нэрээр шилжүүлэн дүр үзүүлж, өөр хэлцлийг халхавчилж, анхнаасаа хуурч мэхлэх, төөрөгдүүлэх байдлаар хийсэн хэлцэл гэж тодорхойлж, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2, 56.1.3, 58 дугаар зүйлд зааснаар тайлбарлажээ.

 

Дээрх тохиолдолд шүүх нэхэхмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийг тодруулж, тухайн хэлцлээс үүсэх үр дагаврыг шийдвэрлэх учиртай. Тухайлбал, ямар хэлцэл халхавчлагдаж байгаа эсхүл хэлцэл хийгч этгээд хэрхэн төөрөгдсөн гэх нөхцөл байдал тодорхой бус байхад маргааны үйл баримтын талаар дүгнэлт өгөх боломжгүй. Давж заалдах шатны шүүх талуудын тайлбар болон хэргийн баримтад үндэслэн нэхэмжлэлийн шаардлагыг тодруулах боломжтой боловч хэлцлийн үр дагаврыг арилгуулахтай холбоотой нэхэмжлэлийн шаардлага тодорхой бус, зохигчид энэ талаар мэтгэлцээгүй байх тул дүгнэлт хийж, шүүхийн шийдвэрийг зөвтгөх боломжгүй юм.

 

Анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1, 62 дугаар зүйлийн 62.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэл гаргаагүй, улсын тэмдэгтийн хураамжийг хуульд заасан журмаар төлөөгүй тохиолдолд шийдвэр гаргаж, нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1-т заасантай нийцэхгүй байна.

 

Түүнчлэн, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.3 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг анхан шатны шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтын үндсэн дээр гаргах атал шүүх хэрэгт  авагдаагүй Б.Б, Б.Б нарын хооронд 2016 оны 3 дугаар сарын 14-ний өдөр хийгдсэн гэх “Лэлметалл” ХХК-ийн хувьцаа худалдах худалдан авах гэрээ, компанийн эрх шилжүүлэх гэрээг тус тус хүчин төгөлдөр бус болохыг тогтоож шийдвэрлэсэн ноцтой алдаа гаргажээ.

 

Нэхэмжлэлд заасан хүчин төгөлдөр бусд тооцуулахаар шаардаж буй гэрээ хэлцэл /2016 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн/ хэрэгт авагдаагүй байхад тухайн гэрээний нөхцөл, түүний хүчин төгөлдөр байдалд шүүхээс дүгнэлт хийх боломжгүй. Гэтэл шүүх Б.Б, Б.Б нарын хооронд хийгдсэн гэрээний үнийг шүүх хуралдааны явцад гаргасан тайлбарт үндэслэн тодорхойлж, хариуцагчаас гаргуулах улсын тэмдэгтийн хураамжийг тооцсон нь буруу байгаагаас гадна хэлцэл хийгч талууд төрөл садангийн холбоотой байх нь уг хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж үзэх, хэлцлийн дагуу эд хөрөнгө шилжүүлэн авч байгаа этгээдийг шударга бус эзэмшигч гэж шууд дүгнэх үндэслэл болохгүй.

 

Мөн хэрэгт авагдсан, талуудын гаргасан зарим нотлох баримтууд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангаагүй байна. Шүүх тэдгээр баримтыг хэрэгт хамааралгүй, нотлогооны ач холбогдолгүй, хуулиар зөвшөөрөгдөөгүй бол нотлох баримтаас хасах талаар зохицуулсан Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.9 дэх хэсэгт заасан эрхийг хэрэгжүүлэх боломжтой атал уг ажиллагааг хийгээгүйг тэмдэглэх нь зүйтэй. /хх 67-70, 162-163/

 

Иймд давж заалдах шатны шүүхээс талуудын хооронд үүссэн маргааны үйл баримт, хууль хэрэглээний талаар эрх зүйн дүгнэлт хийх боломжгүй тул дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж, хариуцагч Б.Б, хариуцагч Б.Бат-Эрдэнийн өмгөөлөгч Н.Баярхүү нарын гаргасан давж заалдах гомдлыг хангах үндэслэлтэй гэж үзэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 101/ШШ2017/03171 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагч Б.Бийн төлсөн 6 157 950 төгрөгийг, хариуцагч Б.Бат-Эрдэнийн төлсөн 2 657 950 төгрөгийг шүүгчийн захирамжаар тус тус буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

            ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                         Ж.ОЮУНТУНГАЛАГ

                                                           

            ШҮҮГЧИД                                                       Д.БАЙГАЛМАА

 

                                                                                    Т.ТУЯА