| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Галсангийн Гэрэлт-Од |
| Хэргийн индекс | 166/2017/0240/Э |
| Дугаар | 2017/ШЦТ/239 |
| Огноо | 2017-09-14 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | А.Оргилбаяр |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2017 оны 09 сарын 14 өдөр
Дугаар 2017/ШЦТ/239
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 166/2017/0240/Э
Дархан-Уул аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г. Гэрэлт-Од даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Нандинцэцэг,
Улсын яллагч А.Оргилбаяр,
Хохирогчийн өмгөөлөгч И.Атарбямба,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Оюунсувд,
Шүүгдэгч О.О нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт О.О холбогдох эрүүгийн 1718000010015 дугаартай хэргийг 2017 оны 08 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1988 оны 12 дугаар сарын 30-ны өдөр ... аймагт төрсөн, 29 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4 эхнэр, хүүхдүүдийн хамт, ... аймгийн ... сумын ... баг, ... тоотод оршин суудаг, урьд нь Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн 2009 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 146 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 03 сар 10 хоног баривчлах ялаар шийтгүүлж байсан, хэрэг хариуцах чадвартай, Б овогт О.О, РД: ...
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч О.О- нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ 2017 оны 07 дугаар сарын 14-нөөс 15-нд шилжих шөнө 02 цагийн орчим ... аймаг ... сум, ... багийн нутаг дэвсгэрт байрлах Нийтийн аж ахуйн үйлчилгээний газрын орчим иргэн А. С эрх чөлөөнд нь халдаж эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэг үйлдсэн. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Гэм буруугийн талаар
Шүүгдэгч О.О- нь согтуурсан үедээ 2017 оны 07 дугаар сарын 14-нөөс 15-нд шилжих шөнө 02 цагийн орчим ... аймаг ... сум ... багийн нутаг дэвсгэрт байрлах Нийтийн аж ахуйн үйлчилгээний газрын орчим иргэн А.С эрх чөлөөнд нь халдаж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:
Шүүгдэгч О.О-ын шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “....машинаас бид 2 гарчихсан байсан бөгөөд намайг цохих гээд дайрахаар нь би гарыг нь холдуулаад С гэзэгнээс нь барьж аваад татаж тонгойлгоод нүүр лүү нь 2 удаа өшиглөчихсөн юм. Ингэхэд С гартаа барьсан хутгаа алдаад өөрөө газар унахаар нь машиных нь түлхүүрийг салгаж ойрхон зүлэг рүү шидчихээд зугтааж нийтийн ахуйн үйлчилгээний газар луу орсон. Би жижүүрт нь ахаа намайг хүн хутгалах гээд байна, цагдаа дуудаад өгөөч гэж гуйсан, ... С орой тосгонд таарахдаа бараг бид 2-ийг мөргөх шахуу хажуугаар гарахдаа хаазлаад яваад цаана очоод хараад зогсоод байсан болохоор нь уурласан юм” гэх мэдүүлэг / хх-ийн 48-49-р хуудас/,
Хохирогч А.С “...стадионы хажуугийн хүүхдийн тоглоомын хажуугаар явж байтал О архи уучихсан байдалтай согтуу намайг дуудаад байсан. Тэгэхээр нь би авалгүй яваад өгсөн юм. Ингээд хуучин Дарханы 18-н буудал дээр ирээд байж байтал араас О өөр машинд суугаад хүрээд ирсэн. Намайг хэлэх хэлэхгүй үгээр доромжлоод ууж байсан том савтай пивоороо миний толгой руу цохиод “би чамайг хаана ч байсан дээрэлхэж чадна” гээд байсан, ...О бие засах гээд буухаар нь би буугаад машиныхаа урд гараад тамхи татаад зогсож байсан чинь О ирээд шууд миний нүүрлүү гараараа цохихоор нь би тонгойсон чинь миний үснээс зулгаагаад нүүрлүү өшиглөж аваад газарт унасан чинь миний хавирга руу өшиглөөд үснээс татаад газраар намайг чирж яваад, дараа нь хоолой боогоод “чамайг би алсан ч чадна” гэж хэлсэн. Тэгээд би нүүрлүү нь түлхэж холдуулаад О зугтааж цагдаад дуудлага өгсөн юм..” гэх мэдүүлэг /хх-ийн 11-12-р хуудас/,
Гэрч Ц.Т “...14-15-нд шилжих шөнө 02 цагийн орчим жижүүрийнхээ байранд байж байтал гаднаас нэг залуу орж ирээд намайг хүн хутгалах гээд, алах гээд байна, цагдаа дуудаад өгөөч” гээд ороод ирсэн юм. Харахад 30 дөхөж яваа болов уу гэмээр насны, архи уусан байдалтай, согтуу залуу байсан бөгөөд хувцас хунар нь бол цэвэрхэн харагдсан, ...цагдаа дуудаад өгөөч гэж орж ирсэн залуу нөгөө залууг хараад “наадах чинь гартаа хутгатай байж магадгүй шүү” гэж хэлсэн. Тэгээд би харахад бол тэр залуугийн гарт хутга харагдаагүй бөгөөд тэр залуу мөн 30 орчим насны халзан толгойтой. Хойд хэсэгтээ гэзэгтэй, нүүрийг нь харахад нүд рүүгээ цохиулсан бололтой хавдсан байдалтай залуу байсан” гэх мэдүүлэг / хх-ийн 13-р хуудас/,
Дархан-Уул аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн №719 дугаартай шинжээчийн “А.С биед тархи доргилт, нүүр, зүүн гарын бугалганы цус хуралт, нүдний алимны доргилт, хүзүү хоолойн дахь зулгаралтын гэмтэл тогтоогдлоо. Дээрхи гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Уг гэмтэл гь ГЗТЖ-ын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл болно. А. С учирсан нүдний алимны доргилт, салстын доорхи цус харвалт нь цаашдын эрүүл мэнд, хөдөлмөрийн чадварт хэрхэн нөлөөлөх нь эмчилгээ эдгэрэлтээс шалтгаална“ гэх дүгнэлт /хх-ийн 26-р хуудас/,
Дархан-Уул аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 727 дугаартай шинжээчийн “О.О-ын биед зүүн тохойны зулгаралт, баруун нүдний доод зовхины цус хуралт тогтоогдлоо. Дээрхи зулгаралт, цус хуралт нь хатуу мохоо зүйлийн хүчин үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Уг зулгаралт, цус хуралт нь ГЗТЖ-ын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй, хамрагдах талбай бага тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй болно“ гэх дүгнэлт /хх-ийн 21-р хуудас/,
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 03-р хуудас/
Гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 9-р хуудас / зэрэг хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар тогтоогдож байх ба дээрх нотлох баримтууд хуульд заасан арга хэлбэрээр авагдсан, хэрэгт хамааралтай байна.
Хохирол, иргэний нэхэмжлэлийн талаар:
Хохирогчийн өмгөөлөгч И.Атар-бямба шүүхийн хэлэлцүүлэгт “...А.С эмчилгээний зардал, хохиролд 751,440 нэхэмжилж байгаа” гэх ба шүүгдэгч О.О- “...Би өөрийн машинаа зарж байгаад төлнө” гэж гэмт хэргийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд учирсан гэм хорын хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн, нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байх тул шүүгдэгч О.О-аас 751,440 төгрөг гаргуулж, А.С олгох нь зүйтэй байна.
Шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлага бусад байдлын талаар:
Шүүгдэгч О.О-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байх ба торгох ял шийтгэх нь зүйтэй гэж үзэв.
Шүүгдэгч энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, болохыг дурдаж, хөргөгч, хөлдөөгч битүүмжилсэн тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.ГЭРЭЛТ-ОД