Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2018 оны 01 сарын 18 өдөр

Дугаар 59

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

            Төв аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Энхтөр даргалж хийсэн шүүх хуралдаанаар:

            Нэхэмжлэгч:..... тоотод оршин суух .... овогт М.Ч /РД:////

            Хариуцагч: ::::: тоотод оршин суух .....овогт .... /РД:..../

            Гэрлэлт цуцлуулах, хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2017 оны 07 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, 2017 оны 07 дугаар сарын 25-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч М.Ч, хариуцагч У.Г, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Уртнасан нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Нэхэмжлэгч М.Ч шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: : “Миний бие 2009 оноос У.Г-тай амьдарч байсан ба энэ хугацаанд  охин А-Э, НЭ, ЧЭ нар төрсөн. Г нь суусан цагаасаа хойш архи ууж, уух бүрдээ гар хүрч зоддог. 2 хүүхдээ хүртэл хөх няц болтол нь зодож байсан удаа байгаа. Ер нь бол байнгын л архи уун намайг болон хүүхдүүдээ дарамталж зоддог. ...Иймд бидний гэрлэлтийг цуцлаж, хүүхдийн тэтгэлэг гаргуулж өгнө үү. Би одоо 6 сартай жирэмсэн. Нэхэмжлэлээ дэмжиж байна, нэмж гаргах тайлбаргүй.” гэв.

 

            Хариуцагч У.Г шүүхэд гаргасан тайлбар, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Би эхнэр М.Ч болон 3 охиноосоо салж гэр бүлээ цуцлуулмааргүй байна. ... Намайг гар хүрч дарамталдаг гэсэн нь ор үндэсгүй, 3 хүүхдээ хагас өнчин болгомооргүй байна. Би архи уугаад гэр орондоо агсан согтуу тавьж байгаагүй. Ийм гэр бүлээ цуцлуулахаас урьтаж эвлэрүүлэн зуучлалаар шийдүүлмээр байна. миний бие гэр бүлээрээ халуун ам бүлээрээ сайхан амьдармаар байна. Би дахиж архи уухгүй. Уучлаарай.” гэв. 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч М.Ч хариуцагч У.Г холбогдуулан гэрлэлт цуцлуулах, 3 хүүхдийн тэтгэлэг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч хүлээн зөвшөөрөх боломжгүй гэх тайлбар гаргажээ.

Нэхэмжлэгч М.Чимгээ жирэмсэн болох нь талуудын тайлбараар тогтоогдож байх бөгөөд Гэр бүлийн тухай хуулийн 12 дугаар зүйл 12.2-т “Эхнэр нь жирэмсэн буюу хүүхэд нь нэг нас хүрээгүй, ... тохиолдолд гэрлэлтийг цуцлахыг хориглоно.” гэж зааснаар тухайн нэхэмжлэлийг шүүх хянан шийдвэрлэх хуулийн үндэслэлгүй байна.

Иймд М.Ч-ийн нэхэмжлэлтэй У.Г-т холбогдох гэрлэлт цуцлуулах, хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.М.Ч-ийн нэхэмжлэлтэй хариуцагч У.Г-т холбогдох гэрлэлт цуцлуулах, 3 хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2.Нэхэмжлэгч М.Ч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар энэ шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон тал шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй бөгөөд энэхүү үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

                                  ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                             А.ЭНХТӨР