Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 12 сарын 01 өдөр

Дугаар 3877

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Цэрэндолгор даргалж, шүүгч Д.Ганболд, шүүгч Т.Энхжаргал нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: А нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Г -т холбогдох,

 

Нэхэмжлэгчийн нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан мэдээлэлдээ хариуцагч хэвлэлийн хурал хийн няцаалт хийж, уучлалт гуйхыг даалгаж, нэхэмжлэгчийн нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг сэргээлгэх тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А, хариуцагчийн өмгөөлөгч Э, иргэдийн төлөөлөгч Ж.Жигиймаа, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Ү.Мандал нар оролцов.

    ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“Иргэн Г  2017 оны 08 дугаар сарын 17-ны өдөр Зууны мэдээ сонины байранд хэвлэлийн хурал хийж жаран тэрбумын схемийг танилцуулж байсан хуралдаа Нийслэлийн Монгол ардын намын хорооны дарга Ц.С , Шадар сайд У.Х , УИХ-ын гишүүн Л.О , Монгол ардын намын генсек А , Г , Г.Д   нар байлцсан гэж нэхэмжлэгчийн нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаалаа. Нэхэмжлэгч нь тэрхүү жаран тэрбумын схемийг танилцуулж байсан хуралд оролцоогүй, Г.Д   гэдэг хүнийг ч харж байгаагүй. Нэхэмжлэгч нь Д  ын ч юм уу, хэнийх нь ч байсан тэр жаран тэрбумтай холбоотой схем танилцуулсан ямар нэгэн хуралд суугаагүй. 2016 оны сонгуулийн үеэр энэ 60 тэрбумтай холбоотой асуудал нь хэвлэлээр гарч эхэлсэн, энэ үед манайх ерөөсөө жаран тэрбумтай холбоотой ийм яриа бол хийгдээгүй гэдгийг албан ёсоор хэлж байсан. Гэтэл хариуцагч Г  2016 оны 08 сарын 17-ны өдөр яг тухайн тэр ерөнхий төлөвлөгөө болон схем танилцуулсан гэх тэр хуралдаа нэхэмжлэгчийг байсан гэсэн тэр мэдээлэлдээ нэхэмжлэгчийн нэр төр, алдар хүндийг гутаасан гэж үзэж байгаа. Өөрсдийнхөө хийсэн хэвлэлийн хуралдаа хариуцагч нь Ц.С  дарга байсан, байгаагүй хэмээн хэвлэлийн хурлаараа зөрүүтэй мэдээлэл өгч, нэхэмжлэгчийг жаран тэрбумын асуудалдаа татан оролцуулаад байгаа нь нэхэмжлэгч А гийн нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр төрийг нь гутаасан мэдээллийг Зууны мэдээ сонины байранд байх хэвлэлийн хурлын танхимд нийтэд тараасан гэж үзэж байгаа. Нэхэмжлэгч А гийн нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан тул хариуцагчийг Зууны мэдээ сонины байранд хэвлэлийн хурал хийн нэхэмжлэгчийн нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасандаа няцаалт хийж, уучлалт гуйхыг шүүхээс даалгаж өгнө үү” гэв.

 Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүх хуралдаанд  гаргасан тайлбартаа:

“Энэ нэхэмжлэлийн шаардлага дээр улс төрийн нөхцөл байдал нөлөөлсөн. Энэ хэвлэлийн хурал хийх үед улс төрийн байдал ямар байсныг та бүхэн мэдэж байгаа байх. Нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд тайлбар өгөхөд ганцхан зүйл байгаа, жаран тэрбумыг танилцуулж байсан хуралдаанд У.Х , Ц.С , Л.О  байсан гэж нэр хүндэд халдлаа гэдэг ийм хэмжээнд байгаа. Гэтэл бид нар сая ганцхан тэр  CD-г л нягталлаа бидэнд өөр баримт байхгүй байгаа. Тэнд нь нэр төрд нь халдсан уу, үгүй юу гэдгийг үзлэг хийлгээд буулгалаа. Саяын буулгасан зүйл дээр Нийслэлийн намын хорооны ажлыг яаж өндөр түвшинд гаргах уу, яаж уялдуулах уу гэдэг схемийн талаар ярьж байсан гэж сая тодорхой яригдлаа. Тэгэхээр жаран тэрбум гэдэг асуудал бол энд нэг ч яригдаагүй. Жаран тэрбумын холбоотой асуудлаар ийм яриа болсон, тэрэн дээр А  генсек оролцсон, тэрийгээ ярьсангүй гэж нэг ч гарсангүй. Бид нотлох баримтад үзлэг хийхдээ харлаа. Тэрэн дээр сая миний ярьдагаар 2016 оны сонгуульд  нийслэлийн намын хорооны үйл ажиллагааг сайжруулах талаарх төлөвлөгөө схемүүдээ ярилцаж байсан гэдгээ л ярилаа. Схем төлөвлөгөө гэдэг бол жаран тэрбум л байж таараа, тэрэнлүү л орох ёстой гэж нэхэмжлэгч зүтгүүлээд байна. Схем гэдэг бол ард түмэн жаран тэрбум гэж ойлгоно гэж өрөөсгөлөөр ярьж байна. Схем төлөвлөгөө гэдэг бол намын төлөвлөгөө, яаж оролцох уу, бүтэц гээд маш олон зүйлийг схемд оруулаад ярьж болно. Зөвхөн нарийвчилсан асуудлаар би жаран тэрбумтай холбоогүй, нэр төр гутаалаа гэж ярьж байгаа бол жаран тэрбумтай холбоотой асуудлаар нотлох баримтаа гаргаад нотлох үүрэг нь  өөрсдөд нь байгаа. Нотлож гаргаж ирж байгаа нь саяын дискэн дээр бичсэн байсан өөрийнх нь хэвлэлийн бага хурлын яриаг нь гаргаж ирж байна. Энэ яриан дээр Г  гэж хүн жаран тэрбумтай холбоотой нэг ч зүйл яриагүй гэж нотлох баримтаас бид үзлээ. Тийм болохоор нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү, нэр төрд нь халдсан зүйл байхгүй. Намынхаа нэр төр, эв нэгдэлийг хангаж энэ хурлаа хийсэн. Харин ч энэ хүмүүсийн нэр төрийг хамгаалж ярьсан. Өөрөөр хэлэх юм бол ийм жаран тэрбумын асуудал  яригдаагүй, дандаа схем, намын бүтэц зохион байгуулалт, сонгуульд яаж оролцох уу гэдэг асуудлыг ярилцахад тэр хүмүүс байсан. Харин яагаад тэр жаран тэрбумын асуудал яригдаагүй гэдгийг мэдсээр байж энийгээ хэлэхгүй байгаа юм бэ гэдэг үгийг л ярилаа. Энэ бол тэр хүмүүс ийм жаран тэрбумын асуудал яригдаагүй гэдгийг мэдсээр байж, ингээд хамт байсан гээд тэр зургаа үзүүлж байна. Ингээд бид нарын энэ үйл ажиллагааг сайжруулах талаар ярьсан яриа энэ жаран тэрбумын асуудалд ямар ч холбоогүй юм шүү гэдгийг яагаад хэлэхгүй байгаа юм бэ гэдэг асуудлыг гаргаж ирж тавьсаны төлөө жаран тэрбум руу оруулж ирж хутгаж, заавал схем гэдэг үг бол жаран тэрбум гэж ойлгож байгаа, ард түмэн тэгж ойлгож байгаа гэж яриад байгааг нь бид ойлгохгүй байна. Ингэж заавал зүтгүүлэх асуудал бол саяын тэр намын хуралтай холбоотойгоор улс төрийн шинж чанартай өнгө аястайгаар л энэ нэхэмжлэлийн шаардлага гарсан байна гэж бид үзэж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдэж өгөхийг хүсэж байна” гэв.

   Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

      ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч А  нь хариуцагч Г т холбогдуулан нэхэмжлэгчийн нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан мэдээлэлдээ хариуцагч хэвлэлийн хурал хийн няцаалт хийж, уучлалт гуйхыг даалгаж, нэхэмжлэгчийн нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг сэргээлгэх тухай шаардлага бүхий нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв. 

ТВ 9 телевизийн байранд байрлах Үндэсний мэдээллийн төвд 2017 оны 08 дугаар сарын 17-ны өдөр Г , А , Э нар хэвлэлийн хурал хийсэн болох нь уг хэвлэлийн хурлын талаарх бичлэг болон зохигчдын тайлбараар тогтоогдож байна. Энэ талаар зохигчид маргаагүй.

   Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ хариуцагчийн хэвлэлийн хурал дээр хийсэн мэдээлэлд дурдсан хуралд нэхэмжлэгч оролцоогүй байхад хариуцагч Г  ерөнхий төлөвлөгөө болон жаран тэрбумын схем танилцуулсан гэх тэр хуралд нэхэмжлэгчийг байсан гэсэн мэдээллийг Зууны мэдээ сонины байранд байрлах хэвлэлийн хурлын танхимд нийтэд тарааж нэхэмжлэгч А гийн нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр төрийг нь гутаасан гэж тайлбарласан.

 

Хариуцагч нь хэвлэлийн хурал дээр жаран тэрбумтай холбоотой зүйл яриагүй, дандаа схем, намын бүтэц зохион байгуулалт, сонгуульд яаж оролцох вэ гэдэг асуудлыг ярилцахад тэр хүмүүс байсан, харин яагаад тэр жаран тэрбумын асуудал яригдаагүй гэдгийг мэдсээр байж энийгээ хэлэхгүй байгаа юм бэ гэдэг үгийг л ярьсан, нэхэмжлэгчийн нэр төрд халдсан зүйл байхгүй гэх тайлбарыг гарган маргажээ.

 

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа нотлохоор 2017 оны 08 дугаар сарын 17-ны өдөр ТВ 9 телевизийн байранд байрлах Үндэсний мэдээллийн төвд Г  нарын хийсэн хэвлэлийн хурлын бичлэгийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т зааснаар шүүхэд гаргаж өгсөн.

Хэвлэлийн хурал дээр хариуцагч Г  нь “...Энэ танилцуулга уулзалт “Шинэ монгол хаад” группийн 4 давхарт болсон. ...Энэ дунд Д   өөрийнхөө хийж байсан ерөнхий төлөвлөгөө юмнуудаа ярьж байсан. Энэ дээр өнөөдөр бодит үнэнээр нь хэлэхэд байсан улсууд нь энэ телевиз радиогоор гараад байгаа хүмүүс бол бишээ. Нийслэлийн намын хорооны дарга Ц.С , одоогийн шадар сайд У.Х , манай намын генсек А , О, Д, Г гэсэн ийм хүмүүсийн бүрэлдэхүүнтэй ийм уулзалт ярилцлага болсон. Гэтэл энэ улсууд маань өнөөдрийг хүртэл тэр санхүүгийн схемтэй холбоотой, тэр төрийн албыг зарж үрэхтэй холбоотой тийм асуудал яригдаагүй гэдгийг Х, О гишүүн, А  генсек яагаад өнөөдрийг хүртэл ярихгүй, энэний төлөө дуугарахгүй байгааг би бол ойлгохгүй байгаа...” гэж мэдээлэл хийсэн нь хэвлэлийн хурлын бичлэгээр тогтоогдож байна. /хх-78-82/

 

Хариуцагч нь хэвлэлийн хурал дээр жаран тэрбумын асуудал яригдаагүй гэх тайлбарыг гаргаж байх боловч тухайн мэдээлэлд дурдагдаж буй уулзалт ярилцлага, хурлаар хэлэлцсэн асуудал нь чухал бус, мэдээлэлд дурдагдаж буй уулзалт ярилцлага, хуралд нэхэмжлэгч А  байсан эсэх нь нэхэмжлэгчийн нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд гутаагдсан эсэхийг шийдвэрлэхэд ач холбогдолтой.

Хариуцагч нь хэвлэлийн хурал дээр түүний мэдээлэлд дурдсан уулзалт ярилцлага, хуралд нэхэмжлэгч А  байсан талаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1, 107 дугаар зүйлийн 107.3-т зааснаар баримтаар нотлох үүргээ хэрэгжүүлж, нотлоогүй болно.

Иргэний хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2-т “Иргэний нэр, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан мэдээ тараасан этгээд түүнийхээ үнэн зөвийг нотолж чадахгүй бол эрх нь зөрчигдсөн этгээдийн шаардлагаар уг мэдээг тараасан хэлбэр, хэрэгсэл, эсхүл өөр хэлбэр, хэрэгслээр няцаах үүрэг хүлээнэ”, 21.3-т “Бодит баримтыг бүрэн гүйцэд мэдээлээгүйгээс бусдын нэр, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан бол энэ хуулийн 21.2-т заасан журмаар няцаах үүрэг хүлээнэ”, мөн хуулийн 511 дүгээр зүйлийн 511.1-д “Бусдын нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан мэдээ тараасан этгээд түүнийгээ бодит байдалд нийцэж байгааг нотолж чадахгүй бол эд хөрөнгийн хохирол арилгасныг үл харгалзан, эдийн бус гэм хорыг мөнгөн болон бусад хэлбэрээр арилгах үүрэг хүлээнэ” гэж тус тус зааснаар нэхэмжлэгч шаардлага гаргах эрхтэй бөгөөд бусдын нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан мэдээ тараасан, уг мэдээ бодит байдалд нийцэж байгааг тараасан этгээд нотолж чадахгүй тохиолдолд хариуцлага хүлээх үндэслэл болно.

 

Хариуцагч Г ын хэвлэлийн хурал дээр нэхэмжлэгч А тай холбоотой  хийсэн мэдээлэл нь үнэн зөв болох нь баримтаар тогтоогдохгүй байх тул хариуцагчийн хэвлэлийн хурал дээр хийсэн мэдээлэл нь хэвлэл мэдээллийн хэрэгслээр олон нийтэд тарсны улмаас нэхэмжлэгчийн нэр төр, нэр хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан мэдээ тараасан байна гэж дүгнэх үндэслэлтэй.

            Иймд дээрх үндэслэлээр 2017 оны 08 дугаар сарын 17-ны өдөр ТВ 9 телевизийн байранд байрлах Үндэсний мэдээллийн төвд хийсэн хэвлэлийн хурлын нэхэмжлэгч А тай холбоотой хэлсэн мэдээлэлд хэвлэлийн бага хурал хийн няцаалт хийж, уучлалт гуйж, нэхэмжлэгчийн нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан мэдээллийг залруулахыг хариуцагч Г т даалгаж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

  ТОГТООХ нь:

 

          1. Иргэний хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2, 21.3, 511 дүгээр зүйлийн 511.2-т заасныг баримтлан хариуцагч Г т 2017 оны 08 дугаар сарын 17-ны өдөр ТВ 9 телевизийн байранд байрлах Үндэсний мэдээллийн төвд хийсэн хэвлэлийн хурлын нэхэмжлэгч А тай холбоотой хэлсэн мэдээлэлд хэвлэлийн бага хурал хийн няцаалт хийж, уучлалт гуйж, нэхэмжлэгчийн нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан мэдээллийг залруулахыг даалгасугай.

 

          2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г аас улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч А д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

4. Хариуцагч Г  шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд албадан гүйцэтгэж Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг явуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт зөвшөөрсүгэй.

 

 

 

 

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                              Д.ЦЭРЭНДОЛГОР

 

                        ШҮҮГЧИД                                                                 Д.ГАНБОЛД

 

                                                                                                            Т.ЭНХЖАРГАЛ