| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Ягнайжавын Туул |
| Хэргийн индекс | 166/2020/0155/Э |
| Дугаар | 2020/ШЦТ/174 |
| Огноо | 2020-04-30 |
| Зүйл хэсэг | 17.4.1., |
| Улсын яллагч | Г.Уянга |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 04 сарын 30 өдөр
Дугаар 2020/ШЦТ/174
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 166/2020/0155/Э
Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Я.Туул даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Наранзаяа,
Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Г.Уянга,
Шүүгдэгч А.У- /өөрөө өөрийгөө өмгөөлөх хүсэлт гаргасан тул өмгөөлөгч оролцоогүй/ нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн А.У-д холбогдох эрүүгийн 2018002240166 дугаартай хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлснийг 2020 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр хүлээн авч, 2020 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр хянан хэлэлцлээ.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, А.У 1992 оны 10 дугаар сарын 02-ны өдөр суманд төрсөн, 28 настай, эрэгтэй, дээд боловсролтой, гадаад худалдаа гаалийн удирдлага мэргэжилтэй, ам бүл 6, хэрэг хариуцах чадвартай, урьд 1 ял шийтгэлтэй.
Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Шүүгдэгч А.У- нь 2019 оны 09 дүгээр 30-ны өдрөөс 2020 оны 02 дугаар сарын 11-ний өдрийг хүртэл “ТБИ” ХХК-д түгээлтийн ажилтнаар ажиллаж байх хугацаандаа бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө болох нийт 2143540 төгрөгийг завшиж, бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Гэм буруугийн талаар:
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр:
-Шүүгдэгч А.У-гийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “…Хохирлыг төлж барагдуулсан. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна.” гэх мэдүүлэг,
-Шүүгдэгч А.У-гийн мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн “...согтуугаар байгууллагын тээврийн хэрэгсэл жолоодож яваад автомашин мөргөсөн юм. Тэгээд эрхээ хасуулаад мөн тухайн мөргөсөн автомашиныг засварлуулж журмын хашааны мөнгө төгрөг гээд тэр бүгдэд зарцуулсан. Харин 300 орчим мянган төгрөгийг нь гэр бүлдээ зарцуулсан.
...мөнгөний асуудал тулгарсан учраас цаг хугацаа давчуу байсан учраас мөнгө олдохгүй болохоор нь энэ гэмт хэргийг үйлдсэн.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 54/,
-Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 2/,
-Харилцагчийн авлагын дэлгэрэнгүй бүртгэл, тооцоо нийлсэн акт /хавтаст хэргийн 12-14/,
-Шүүгдэгч А.У-гийн хөдөлмөрийн гэрээний хуулбар /хавтаст хэргийн 16-21/,
-Шүүгдэгч А.У-гийн ажлын байрны тодорхойлолт /хавтаст хэргийн 23-24/,
--Шүүгдэгч А.У-гээс хохирлын мөнгийг талаархи дансны хуулга /хавтаст хэргийн 29-30/,
- Хохирогч Г.Г-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:“...Дархан захын хүнс 14-ийн харилцагчаас 2020 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр 1872000 төгрөг, 2020 оны 02 дугаар сарын 08-ны өдөр “Баян Хан Хөхий” захын харилцагчаас 273540 төгрөг авч хувьдаа ашигласан нь тогтоогдож 2020 оны 02 дугаар сарын 11-ний өдөр байгууллагаас халагдах тушаал гарч ажлаас чөлөөлөгдсөн.
...байгууллагад бэлнээр 1 сая төгрөгийг өгсөн. Мөн байгууллагаас авах ёстой байсан өөрийнх нь цалинг суутгаад одоо 134280 төгрөг төлөх үлдэгдэлтэй байгаа.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 35-37/,
-Гэрч З.С-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...2020 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр А.У- нь манай лангуун дээр өдөр 15 цагийн орчимд ирээд “бараа материалынхаа мөнгийг авъя, сарын сүүл боллоо” гэж хэлсэн. Тэгэхээр нь би “өө тэг тэг, ахад нь бэлэн мөнгө байхгүй байна, би завгүй байна. Чи карт авч яваад АТМ-аас авчих” гэж хэлээд явуулсан. Тэгээд миний картнаас 2000000 төгрөг аваад Улаанхүү өөртөө 1872750 төгрөгийг нь аваад үлдсэн мөнгийг нь би өөр түгээгчид тосны мөнгө ёстой байсан тэгээд өгсөн юм.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 40-41/,
-Гэрч Н.Ү-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Тухайн өдөр би хүнс 14 рүү бараа хүргэсэн юм. Тэгэхэд А.У- надад туслаад хамтдаа явсан. Тэгээд А.У- хүнс 14-ийн ах дээр очоод “тооцоогоо хэзээ хийх вэ? сарын сүүл болж байна” гэж байсан. Тэгээд би бас бараа материалаа хүргэсэн мөнгөө авах гэж байхад бэлэн мөнгө байхгүй байна гээд А.У-д виза картаа өгөөд АТМ-аас аваад хүрээд ирээч гээд явуулсан. Тэгээд А.У- виза картыг авч яваад 10 орчим минут болоод буцаж ирээд картыг нь өгсөн. Улаанхүү тэр ахад би мөнгөө авчихлаа гэж хэлж байсан.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 42/,
-Шүүгдэгч А.У-гийн мөрдөн байцаалтын шатанд гэрчээр өгсөн “...Би АТМ ороод У.Л виза картнаас өөрийнхөө Хаан банкны *****тоот данс руу 1872000 төгрөг шилжүүлэн аваад, бэлнээр 300000 төгрөг аваад Үүрцайхад аваачиж өгсөн юм. Тэгээд би гараад өөрийнхөө ажлыг хийж байгаад 16 цагийн орчимд гэртээ харьсан. Тэгээд дараа нь 2020 оны 02 дугаар сарын 08-ны өөр “Баян Хөн Хөхий” захын манай байгууллагын харилцагчаас 273540 төгрөг авсан. Энэ мөнгийг би хүнээр өөрийнхөө Хаан банкны .......... тоот данс руу мөн шилжүүлэн авсан юм. Тэгээд нийтдээ байгууллагын 2146290 төгрөгийг авч хувьдаа ашигласан.”
...2020 оны 01 дүгээр сард байгууллагынхаа ...УБҮ улсын дугаартай Бонго 3 маркийн автомашинтай шинэ хороололд явж байгаад соната 5 маркийн автомашины араас мөргөчихсөн юм. Тэгээд би өөрөө жаахан уучихсан байсан учраас тухайн үед жолоодох эрхээ хасуулаад, торгуулийн арга хэмжээ авахуулаад мөн дээрээс нь мөргөсөн машиныхаа хохирлыг барагдуулах гэх зэргээр мөнгө их хэрэг болоод байсан юм. Тэгээд л ийм зүйл хийж байгууллагын мөнгийг авч ашигласан.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 43-44/,
-Гэрч С.С-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Улаанхүү гэх “Таван Богд” ХХК-ийн түгээгчид бараа материалын мөнгө гэж 2020 оны 02 дугаар сарын 08-ны өдөр Улаанхүүгийн өөрийнх нь эзэмшлийн Хаан банкны ...... тоот данс руу 273540 төгрөг шилжүүлж өгсөн.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 45/,
-Шүүгдэгч А.У-гийн урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, хувийн байдлын талаарх бусад бичиг баримтууд /хавтаст хэргийн 69-94/,
-“...2020 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр А.У- нь тус компанид учруулсан 2151435 төгрөгийн хохирлыг бүрэн төлж барагдуулж дууссан тул бидний зүгээс цаашид нэхэмжлэх хохиролгүй, гомдлыг болсныг үүгээр мэдэгдэж байна.” гэх “ТБИ” ХХК-ийн 2020 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 02/661 дугаартай тодорхойлолт /хавтаст хэргийн 101/ болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн баримтуудыг шинжлэн судаллаа.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байгаа бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад эдгээр нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэхдээ хуульд заасан журам, шаардлагыг зөрчөөгүй, хэргийн оролцогчдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хязгаарласан нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул дээрх нотлох баримтуудыг хууль ёсны, үнэн зөв, тухайн хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлсэн болно.
Шүүгдэгч А.У- нь 2019 оны 09 дүгээр 30-ны өдрөөс 2020 оны 02 дугаар сарын 11-ний өдрийг хүртэл “ТБИ” ХХК-нд түгээлтийн ажилтнаар ажиллаж байх хугацаандаа бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө болох нийт 2143540 төгрөгийг завшиж, бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгч А.У-гийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “…хохирлыг төлж барагдуулсан. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна.” гэх мэдүүлэг, түүний мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн “...мөнгөний асуудал тулгарсан учраас цаг хугацаа давчуу байсан учраас мөнгө олдохгүй болохоор нь энэ гэмт хэргийг үйлдсэн.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 54/, “ТБИ” ХХК-ийн 2020 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 02/661 дугаартай албан бичиг зэрэг /хавтаст хэргийн 101/ хавтаст хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бусад бичгийн баримтуудаар нотлогдож байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд шүүгдэгч А.У-гийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1-т заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул улсын яллагчийн гаргасан саналыг хүлээн авч, түүнийг “ХХ” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзлээ.
“ТБИ” ХХК-ийн 2020 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 02/661 дугаартай албан бичигт “...Дархан-Уул аймгийн Цагдаагийн газарт шалгагдаж байх явцад буюу 2020 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр А.У- нь тус компанид учруулсан 2151435 төгрөгийн хохирлыг бүрэн төлж барагдуулж дуусгасан тул бидний зүгээс цаашид нэхэмжлэх хохиролгүй, гомдол саналгүй болсныг үүгээр мэдэгдэж байна.” /хавтаст хэргийн 101/ гэсэн байх тул шийтгэх тогтоол гарах үед шүүгдэгч А.У-гээс гаргуулах төлбөргүй байна гэж үзлээ.
2. Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар:
Эрүүгийн хариуцлага нь эрүүгийн хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрддэг ба шүүгдэгч А.У- нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай байна.
Шүүгдэгч А.У- нь бусдад төлөх төлбөргүй байгаа байдлыг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцох нь зүйтэй.
Ял шалгасан хуудас, шийтгэх тогтоолын хуулбар зэргээр шүүгдэгч нь урьд 1 удаа ял шийтгэгдсэн хувийн байдалтай боловч эрүүгийн хариуцлага хүлээж дуусгавар болсон нь түүний эрх зүйн байдлыг дордуулах үндэслэл болохгүй тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1-т зааснаар хоёр зуун дөчин цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэж, ялыг Дархан-Уул аймгийн нийтийн аж ахуй үйлчилгээний газарт эдлүүлэхээр шийдвэрлэлээ.
Шүүгдэгч А.У- нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдаж, шүүгдэгч А.У-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэлээ.
Шүүхээс шүүгдэгчийг өмгөөлүүлэх эрхээр нь хангасан боловч өмгөөлөгч аваагүй, шүүх хуралдаанд өөрөө өөрийгөө өмгөөлж оролцох хүсэлтээ шүүх хуралдаанд гаргасан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 1-т заасан заавал өмгөөлөгчтэй оролцох хуулийн заалтад хамаарахгүй тул түүний хүсэлтийг хүлээн авч өмгөөлөгч оролцуулалгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.1, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч А.У-г бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшиж, бага хэмжээнээс дээш буюу 2143540 /хоёр сая нэг зуун дөчин гурван мянга таван зуун дөч/ төгрөгийн хохирол учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1-т зааснаар А.У-г 240 /хоёр зуун дөч/ цагийн хугацаагаар өдөрт 8 /найм-аас дээшгүй цагаар Дархан-Уул аймгийн Нийтийн аж ахуй үйлчилгээний газарт зам талбай цэвэрлэх нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4-т зааснаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч А.У-д анхааруулсугай.
4.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.4, 1.7, 1.8, 1.9-т зааснаар шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.
5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-т зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А.У-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Я.ТУУЛ