Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2017 оны 12 сарын 18 өдөр

Дугаар 2017/ШЦТ/379

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэргийн индекс: 166/2017/0372/Э

 

Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Батжаргал даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Билгүүн,  

Улсын яллагчаар аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор А.Оргилбаяр,

Шүүгдэгч О.О.О-э нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж, Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн шүүгдэгч О.О-эд холбогдох эрүүгийн 1718000000158 дугаартай хэргийг 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, ******* О.О-э, 1987 оны 8 дугаар сарын 01-ний өдөр Дархан-Уул аймгийн Дархан төрсөн, 30 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, хүүхдийн хамт улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай,

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/:

 

Шүүгдэгч О.О.О-э нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ 2017 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 21 цагийн орчим иргэн Б.Б.Н-тэй “гэрээсээ хөөлөө” хэмээн хэрүүл маргаан үүсгэж улмаар нүүр, толгойн тус газарт нь олон удаа цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч О.О.О-э нь 2017 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 21 цагийн орчим зодож эрүүл мэндэд нь “баруун нүдний зовхи, дух, зүүн шанаа, хацар, зүүн гарын 1-р хурууны зөөлөн эдийн няцрал, 2 нүдний дотор салстын улайлт” бүхий хөнгөн хохирол учруулсан болох нь

 

            Шүүгдэгч О.О.О-ий мөрдөн байцаалт болон шүүх хуралдаанд өгсөн:

 

...2017 оны 11 дүгээр сарын 09-ний өглөө 09 цаг өнгөрч байхад өөрийн найз Э-ийн хамтаар Рич буудалд найз Г-э, У- түүний найз хоёр залуу дээр очсон. Тэндээ нэг шил 0,5 литрийн архи хувааж уучихаад тэндээсээ 12 цагийн орчим гараад Лэвэл буудалд руу орсон. Нэг ортой нэг өрөө аваад тэндээ зургуулаа суугаад 0,75 литрийн архи уугаад сууж байхад Н- гэх зүс мэдэх эмэгтэй ирсэн. Тэндээсээ 17 цагийн орчим гараад Б.Н- гэдэг хүүхний гэрт очихоор болоод тэндээсээ 0,75 литрийн архи аваад зогсож байхад Б.Н- мөнгөө өгөхгүй орхиод гараад явчихсан. Тэгэхээр нь би араас гараад хөөе гэхэд орцны хаалгаа хаагаад яваад орчихсон. Тэгээд би араас нь орж чадалгүй байж байгаад тэр хавьд байдаг өөрийнхөө таних дэлгүүрээс нэг шил 0,75 литрийн архи ундаатай зээлж аваад Б.Н-ийн гэрт орох үед Э-, Г-э хоёр байсан. Тэгээд архиа задлаад хуваагаад уугаад сууж байтал Б.Н- нилээд согтчихсон гэрээсээ хөөгөөд намайг гар гээд түлхээд 2-3 удаа алгадаад авахаар нь Э- боль гээд салгатал унаад хөл нь зовиуртай болчихсон. Би тэр орой гэртээ хариад биеэ хартал миний цээжний хэсэгт хөхөрсөн байсан. Тэгээд маргааш нь цагдаад өргөдөл өгчихсөн байсан гэх мэдүүлэг,

   Хохирогч Б.Б.Н-ийн мөрдөн байцаалтад өгсөн:

   ...2017 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр манай найз Э-, Г-э, О.О-э гурав 14 цагийн орчим Лэвэл буудалд уугаад байж байна гээд намайг дуудаад байхаар нь 14 цаг өнгөрч байхад очиход буудлын 303 тоот өрөөнд манай найз нар миний танихгүй 2 залуутай тавуулаа архи уугаад байж байхаар нь тэндээ хамтдаа архи ууж байгаад 20 цагийн орчим манай гэрт Э-, Г-э, О.О-э нар очсон. Бид нар гаднаас нэг шил 0,75 литрийн архи аваад түүнийгээ уучихаад дахиад гараад дэлгүүрээс дахиж нэг шил 0,75 литрийн архи авч уусан. Тэгж байхад Э-, Г-э нар тасраад унтаад өгсөн. Харин би тэр үед О.О-этэй маргалдаж зодолдсон. Тэгээд би О.О-ийг гэрээсээ хөөж гаргасан. Миний нүүр, нүд, ам хөхөрчихсөн өөр ямар нэг шарх байхгүй байсан гэх мэдүүлэг /хх 8-9/,

Гэрч Э.Э-ийн мөрдөн байцаалтад өгсөн:

 

...2017 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр манай найз Г-э “Рич” буудалд өөрийн найзын хамт байна хүрээд ир гэхээр нь тухайн буудалд 09 цагийн орчим очиход өөрийнхөө найз гэсэн 3 хүнтэй хамт байж байсан. Тэгээд би О.О-ийн хамтаар очоод тэндээ 0,75 литрийн архийг Г-э, О.О-э бид 3 хувааж уусан харин нөгөө найз нар нь уугаагүй. Тэгээд тэр архийг дуусаад тухайн буудлын арын Лэвэл буудалд бүгдээрээ ороод тэндээ миний санаж байгаагаар дахиад нэг шил 0,75 литрийн архийг хувааж уусан тэр үед одоо яг хэдэн цаг болж байсан талаар мэдэхгүй байна ямар ч байсан миний мэдэх Б.Н- над руу залгахаар нь би Лэвэл буудалд хүрээд ир гэсэн. Тэгээд удалгүй ирээд бид нарын ууж байсан архийг дуусгасан тэрнээс хойш болсон асуудлыг тодорхой сайн санахгүй байна. Ямар ч байсан нэг сэрэхэд Б.Н-ийн гэрт нь сэрж байсан. Би тэр үед цаг хэд болж байсан талаар мэдэхгүй байна. Тэгээд намайг босож ирэхэд Б.Н- О.О-э 2 муудалцаад хоорондоо зодолдсон гээд байж байсан. Тэгээд О.О-э тэнд байгаагүй. Харин Б.Н-ийг харахад Б.Н-ийн нүүр нүд нь хөхөрсөн байдалтай байсан. Тэгээд юу болсон талаар асуухад О.О-э намайг зодчихлоо гэж хэлсэн. Тэгээд тэндээ байж байгаад шөнийн 3 цагийн орчим гэртээ харьсан гэх мэдүүлэг /хх 11/,

 

Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 1113 дугаартай шинжээчийн дүгнэлт:

 

      “1.Б.Б.Н-ийн биед баруун нүдний зовхи, дух, зүүн шанаа, дээд уруул, доод эрүүний цус хуралт, зүүн шанаа, хацар, зүүн гарын 1-р хурууны зөөлөн эдийн няцрал, 2 нүдний дотор салстын улайлт гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг хүчин үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. 3. Шүүх эмнэлгийн ГЗТЖ-ын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийн түр хугацаанд сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4.Цаашид эрүүл мэнд, ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй.” гэжээ /хх 15/ зэрэг хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж үзлээ. 

Шүүгдэгч О.О.О-э нь урьд ял шийтгэгдэж байгаагүй нь хавтаст хэргийн 28-р хуудсанд авагдсан ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсаар тогтоогдож, хохирогч хохирол төлбөр нэхэмжлээгүй байх тул шүүгдэгчийг гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй байна гэж үзлээ.

 

Шүүгдэгч нь гэм буруугийн талаар маргаагүй бөгөөд түүнд түүнд ял шийтгэл оногдуулахдаа хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдаж, хуульд заасан хэмжээгээр торгох ялын доод хэмжээг оногдуулах нь зүйтэй гэж үзэв.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөр, цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гарах зардалгүй болохыг дурдав. 

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 5, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2-т тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч О.О-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

            2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч О.О.О-ийг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450 000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.   

 

            3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч О.О.О-эд оногдуулсан 450 000 төгрөгийн торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

 

            4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-т зааснаар О.О.О-э нь торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

 

            5.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөр, цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гаргах зардалгүй болохыг дурдсугай.

 

6.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 7.Шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч О.О.О-эд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         Т.БАТЖАРГАЛ