Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2020 оны 10 сарын 23 өдөр

Дугаар 001/ХТ2020/00720

 

КБ ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Б.Ундрах, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 183/ШШ2019/00292 дугаар шийдвэртэй,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн 989 дугаар магадлалтай,

КБ ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Э.О-д холбогдох                    

Зээлийн гэрээний үүрэгт 23.862.122 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Г.Алтанчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Г, нарийн бичгийн дарга Х.Билгүүн нар оролцов. ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч КБ ХХК-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлд: ...Э.О- нь 2017 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр зээлийн болон үл хөдлөх хөрөнгийн барьцааны гэрээг тус тус байгуулж, 21.000.000 төгрөгийг жилийн 22.8 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай зээлж, Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Нүхтийн зам гудамж, 26/1 тоот, 146,6 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалсан. Хариуцагч нь зээлийн гэрээний хугацаанд үндсэн зээлээс 630.000 төгрөг, үндсэн хүүнээс 1.591.002.29 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнээс 707.83 төгрөг буюу нийт 2.221.710.12 төгрөгийг нэхэмжлэгчид төлсөн. Хариуцагч зээл авсанд маргахгүй учраас зээлийн гэрээний дагуу төлбөр төлөх үүрэгтэй. Иймд хариуцагчаас үндсэн зээлийн төлбөрт 20.370.000 төгрөг, хуримтлуулсан хүү 3.409.479 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 82.642 төгрөг, нийт 23.862.122 төгрөгийг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд гаргасан тайлбарт: ...Зээлийн гэрээг байгуулахдаа 21.000.000 төгрөг хүссэн боловч зээл олгосны шимтгэл 0.6 хувийг банк үндэслэлгүйгээр суутгаж авсан. Нэхэмжлэгч тал Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуульд зааснаар зээлийн явцын хяналт тавиагүй, шаардах эрхээ шударгаар хэрэгжүүлээгүй. Хариуцагч 21.000.000 төгрөгийг авсан зүйл байхгүй. КБ ХХК-ийн суутгаж авсан гэх баримтыг гаргуулахаар шүүхэд хүсэлт тавьсан боловч хангаагүй. 21.000.000 төгрөгийн 0.6 хувь хасагдсан бол ямар хэмжээний дүнгийн бууралттай нэхэмжлэлийн шаардлага гаргах байсныг хэлж мэдэхгүй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрөх боломжгүй гэжээ.

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 183/ШШ2019/00292 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1, 204 дүгээр зүйлийн 204.4 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг шаардлагаас 23 468 230 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, үлдэх нэхэмжлэлийн шаардлагаас 393 892 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 158 дугаар зүйлийн 158.1, 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 417 661 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн 989 дугаар магадлалаар Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 183/ШШ2019/00292 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын 204 дүгээр зүйлийн 204.4 гэснийг 225 дугаар зүйлийн 225.1, 205 дугаар зүйлийн 205.1 гэж өөрчлөн, тогтоох хэсгийн 2 дах заалтыг Хариуцагч Э.О- үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй бол үл хөдлөх эд хөрөнгийн Ү-2206021835 дугаарт бүртгэлтэй Хан-Уул дүүргийн 4-р хороо, Нүхтийн зам гудамж, 26/1 тоот хаягт байрлах 146 м.кв талбай бүхий аялал жуулчлалын зориулалттай Э.О-гийн өмчлөлийн үл хөдлөх хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулсугай гэж бүхэлд нь өөрчлөн найруулж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчаас төлсөн 347 461 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

Хариуцагч Э.О-гийн хяналтын журмаар гаргасан гомдолд: ...Давж заалдах шатны шүүхийн магадлалын дараах хэсгүүдийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Үүнд “Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.1, 196 дугаар зүйлийн 196.1.2-т зааснаар талууд хүсэл зоригоо илэрхийлсэн баримт бичигт гарын үсэг зурснаар гэрээ байгуулагдсан гэж тооцох бөгөөд 2017 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн зээлийн гэрээний 3.1.7-д зааснаар зээлийн үнийн дүнгээс 0,6 хувийн шимтгэл тооцож авах талаар талууд харилцан тохиролцсон, уг тохиролцоог хариуцагч хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан. Иймд Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт зааснаар гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэх ёстой” гэж заасан боловч зээлийн гэрээгээр шилжүүлэх мөнгөний үнийн дүнгээс хасч тооцсон нь зээлдүүлэгч мөнгөн хөрөнгийн үүрэг болох 21.000.000 төгрөгийг бүрэн олгосон гэж үзэх үндэслэлгүй гэж үзэж байна. Мөнгөн хөрөнгийн зээлийн гэрээнд заасны дагуу бүрэн олгоогүй байтал 21.000.000 төгрөгөөс хүү, нэмэгдүүлсэн хүүг нэхэмжилж байгаа нь хариуцагч миний эрхийг зөрчиж байна. Хариуцагч надаас үндсэн зээлийн төлбөрт 20.370.000 төгрөг, хуримтлуулсан хүү 3.409.479 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 82.642 төгрөг, нийт 23.862.122 төгрөгийг шаардаж байгаа нь үндэслэлгүй байна. Мөн нэхэмжлэгчийн зээлийн тооцооллоос үзвэл үндсэн зээлийн төлбөр буураагүй нь харагдаж байна. Гэтэл Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.4 дэх хэсэгт “Үүргийн гүйцэтгэл нь төлөх хугацаа болсон бүх өрийг төлөхөд хүрэлцэхгүй бол тэргүүн ээлжинд шүүхийн зардал, дараа нь үндсэн үүрэг, эцэст нь хүүг төлүүлнэ” гэж заасны дагуу эхлээд үндсэн үүрэг, эцэст нь хүүг төлүүлнэ гэсэн дарааллын дагуу төлбөрийг авах үүрэгтэй гэж үзэж байна. Иймд хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэн хяналтын журмаар гомдол гаргаж байна гэжээ.

ХЯНАВАЛ:

КБ ХХК, Э.О-д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 23.862.122 төгрөг гаргуулах, барьцааны хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах нэхэмжлэл гаргасныг хариуцагч зөвшөөрөөгүй, “...шимтгэл суутгаж авсан, зээлийн төлөлтөд хяналт тавиагүй, шаардах эрхээ шударгаар хэрэгжүүлээгүй...” гэж маргасан байна.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүх хариуцагчийн гомдлоор хэргийг хянаж хууль хэрэглэх асуудлаар  болон барьцааны хөрөнгийн байршлыг заагаагүй үндэслэлээр шийдвэрт өөрчлөлт оруулжээ.

Давж заалдах шатны шүүхийн дээрх дүгнэлт зөв боловч шийдвэрийн хоёр дох заалтад өөрчлөлт оруулахдаа Иргэний хуулийн холбогдох зохицуулалтыг баримтлаагүйг залруулж магадлалд өөрчлөлт оруулж, хариуцагчийн гомдлыг хангах хууль зүйн үндэслэлгүй гэж үзлээ.

Зохигчийн хооронд 2017 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр байгуулагдсан зээлийн болон барьцааны гэрээний хүчин төгөлдөр байдал, хариуцагч Э.О- хуваарийн дагуу зээл, хүүг төлөөгүй өрийн хуримтлал үүсгэн, гэрээний үүргээ ноцтой зөрчсөний улмаас нэхэмжлэгч КБ ХХК гэрээг цуцалж, цуцлах хүртэл зээлийн үүргийг шаардсан нь хуульд нийцсэн талаархи хоёр шатны шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий болжээ.

Гэрээг цуцлах хүртэл хариуцагчийн гүйцэтгэвэл зохих үүргийг шүүх тооцоолж, үндсэн зээлд 20.370.000 төгрөг, зээлийн хүүд 3.015.588 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд нэхэмжлэлийн шаардлагын хэмжээнд 82.642 төгрөг, нийт 23.468.230 төгрөг гаргуулсан нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1-д заасантай нийцжээ.

Зээл олгохдоо 0.6 хувийн шимтгэл авсан нь хуульд нийцээгүй гэж хариуцагч маргасан боловч талууд энэ талаар гэрээгээр тохиролцсон, үйл ажиллагааны зардлыг шимтгэл хэлбэрээр тодорхойлж авсан гэх нэхэмжлэгчийн тайлбарыг үгүйсгэх үндэслэлгүй байна.

Гэрээг цуцалсан талаар анхан шатны шүүх дүгнэлт хийхдээ Иргэний хуулийн холбогдох зохицуулалтыг оновчтой зөв баримтлаагүйг давж заалдах шатны шүүх залруулжээ.

Барьцааны зүйл нь хариуцагч Э.О-гийн өөрийн өмчлөлийн хөрөнгө байх бөгөөд үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлагыг шүүх хангасан нь Иргэний хуулийн 174 дүгээр зүйлийн 174.1, 175 дугаар зүйлийн 175.1-д заасныг зөрчөөгүй, тухайлбал, хариуцагч нь зээлийн төлбөр төлөх үүргээ сайн дураар биелүүлээгүй бол барьцаа хөрөнгийг албадан дуудлага худалдааны журмаар худалдан борлуулахыг нэхэмжлэгч шаардах эрхтэй, уг дуудлага худалдаа зохион байгуулахыг шүүх Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт үүрэг болгосон нь хуулийн дагуу байна.

Харин анхан шатны шүүх дээрх шаардлагыг шийдвэрлэхдээ барьцаа хөрөнгийн мэдээллийг заагаагүйгээс давж заалдах шатны шүүх шийдвэрт өөрчлөлт оруулсан  боловч тус шүүх холбогдох хуулийг баримтлаагүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.5-д заасантай нийцээгүй байна.

Зохигчийн хооронд байгуулагдсан зээлийн гэрээний хавсралтад заасан зээлийг эргэн төлөх хуваариас үзвэл, хариуцагч нь сар бүр үндсэн зээл болон хүүгийн төлбөрийг тогтмол үнийн дүнгээр төлөх үүрэг хүлээснээс гадна зээлийн гэрээний хугацаа дуусаагүй, гэрээг цуцалсан байх тул төлөгдсөн мөнгийг Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.4-т зааснаар үндсэн зээлд тооцох учиргүй юм.

Дээрх үндэслэлээр хариуцагчийн гомдлыг хангахгүй орхиж, магадлалд өөрчлөлт оруулав.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн 989 дугаар магадлалын тогтоох хэсгийн 1 дэх заалтад “Хариуцагч Э.О-” гэсний өмнө “Иргэний хуулийн 174 дүгээр зүйлийн 174.1, 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар” гэж нэмж, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагч Э.О-гийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Хариуцагч Э.О- нь хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 277.261 төгрөг төлснийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                 Х.СОНИНБАЯР

ШҮҮГЧ                                                            Г.АЛТАНЧИМЭГ