Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 08 сарын 29 өдөр

Дугаар 125

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Мөнхзул даргалж,

нарийн бичгийн дарга Б.Мөнхцэцэг,

улсын яллагч Б.Төгсбаяр (томилолтоор),

хохирогч Б.Пүрэвдорж,

шүүгдэгч Л.Төгөлдөр, түүний өмгөөлөгч Ж.Баярсайхан (шүүхэд төлөөлөх эрхийн үнэмлэхний дугаар 0217) нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А-1 танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Харчу овогт Лхагваагийн Төгөлдөрт Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 201626011173 дугаартай 1 хавтаст хэргийг 2016 оны 8 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Харчу овогт Лхагваагийн Төгөлдөр, Монгол Улсын иргэн, Улаанбаатар хотод 1990 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр төрсөн, 26 настай, эрэгтэй, яс үндэс халх, бүрэн дунд боловсролтой, Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн 3 дугаар хэлтэст цагдаа, жолооч ажилтай, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 4 дүгээр хороо, Их Нарангийн 4 дүгээр гудамжны 10 тоотод байнга оршин суух, ял шийтгэлгүй, регистрийн дугаар УУ90042974.

 

Холбогдсон гэмт хэргийн талаар: (яллах дүгнэлтэд дурдсанаар)

Шүүгдэгч Л.Төгөлдөр нь Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн 3 дугаар хэлтэст эргүүлийн цагдаа жолооч гэсэн албан тушаалд цагдаагийн дэд ахлагч цолтойгоор авто эргүүлийн үүрэг гүйцэтгэж байхдаа 2016 оны 4 дүгээр сарын 21-ний өглөө 06 цагийн орчим иргэн Б.Түмэннастаас гаргасан согтуу хүн таксины мөнгөө өгөхгүй байна гэсэн дуудлагын дагуу эргүүлийн офицер Д.Дашнямын хамт Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хороо, 22б байрны 43 тоотод очоод уг байрны оршин суугч Б.Пүрэвдоржийг саатуулахаар гэрээс нь гавлан авч гараад бусдыг илтэд үл хүндэтгэн албаны машинд суусангүй гэсэн ялимгүй зүйлээр шалтаглан нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж хүч хэрэглэн Б.Пүрэвдоржийг автомашины суудал руу түлхэн унагах, нүүрэн тус газарт гараараа цохих, хоолойг нь боох зэргээр зодож бие махбодид нь хөнгөн гэмтэл учруулан, өмсөж явсан майкны захыг урж догшин авирлаж танхайрсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн мэдүүлсэн мэдүүлэг:

Шүүгдэгч Л.Төгөлдөр нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2016 оны 4 дүгээр сарын 21-ний өглөө 07 цагт дуудлага ирсэн. Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хороо, Драгоны 22б байрны 43 тоотод дэслэгч Дашнямын хамт ороход Пүрэвдорж гэртээ нэг хүүхэнтэй, согтуу, архи уугаад сууж байсан. ...над руу зүүн гараараа салаавч гаргаад намайг миний гэрээс намайг баривчилж гаргаж чадахгүй, миний эгч цагдаа ажилтай гээд байсан. ...гавлаад гарах үед майк нь урагдсан байх. Түүнээс боосон асуудал байхгүй. Машинд суулгах гэхэд суухгүй болохоор нь түлхээд суулгаж, машин хөдлөх үед намайг хойноос жийсэн. ...Дашням дээр нь суугаад явж байхад намайг дахин жийхээр нь би алгадсан. ...Хэлтэс дээр очоод Пүрэвдорж нь намайг би лам хүн, чамайг үр хүүхэдтэй чинь хараана гээд байсан. ...эгч нь цагдаа хувцастай ирээд манай дүүг гарга гээд гаргасан гэв.

                                              

Хоёр. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан болон бусад нотлох баримтууд:

1. Хохирогч Б.Пүрэвдоржийн мөрдөн байцаалтад өгсөн: 2016 оны 4 дүгээр сарын 20-ны орой 23 цагийн орчим Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хороо, 22б байрны 43 тоот гэртээ пиво уугаад сууж байхад манай найз Болортуул залгаад ...хүрээд ир гэхээр нь яваад очиход Болортуул 2 найзтайгаа архи ууж байсан. Би архинаас хамт ууж байгаад гэрээс нь 03 цагийн орчим...Болортуул, найз нь бид 3 хорооллоос такси аваад манай гэрт ирэхэд таксины мөнгө 5.000 төгрөг гарахаар нь би одоо надад бэлэн мөнгө алга байна, бэлэн бусаар буюу мобайл банкаар төлчихье гэхэд таксины жолооч мөнгө бэлнээр авна гээд хэрүүл маргаан үүссэн. Тэгээд таксины жолооч маргаан хийгээд байхаар нь гэрээсээ өөрийн хэрэглэдэг зөөврийн компьютерийг түр авч бай гэсэн боловч аваагүй цагдаад хэлнэ гээд яваад өгсөн. ...Тэгээд гэртээ Болортуултай хамт...амрах гээд байж байхад гаднаас 2 цагдаагийн албан хаагч...хаалга тогшин орж ирээд таксины мөнгө өгөхгүй, жолоочийг зодсон гэх дуудлагын дагуу ирлээ гэхээр нь би цагдаад болсон явдлыг хэлэхэд цагдаагийн хэлтэс рүү явъя гэхээр нь би гэртээ амарч байна, явахгүй гэж хэлэхэд цагдаа явах ёстой гээд хоорондоо маргалдаж эхэлсэн. Тэгээд цагдаа гав гаргаж ирээд гарыг гавална гэхэд нь би эсэргүүцэл үзүүлсэн боловч гарыг хойд талд гавлан гэрээс авч гарсан. Тэгээд би цагдаагийн машины хойд талын суудал дээр суух гэж байхад Төгөлдөр гэдэг цагдаа машин дотор түлхэн суулгаж, араас машин дотор орж ирээд миний дээр хөл дээр дарж сууж байгаад нүүр рүү гараараа хэд, хэдэн удаа цохиход нь нөгөө цагдаа нь дундуур орж салгасан. Тэгээд Сонгинохайрхан дүүргийн эрүүлжүүлэх байранд хүргэж...хүлээлгэн өгсөн. ...Эрүүлжүүлэх байранд 2 цаг орчим болоод ар гэрийнхэн ирж гаргаад, гэртээ ирээд нүүрээ харахад миний баруун талын нүдэнд цус хурж хавдсан, дух, баруун талын хацар хавдсан, гарын хоёр бугуйны арьс шалбарсан, толгой өвдөж байсан.

...Дуудлагаар цагдаагийн офицер, цагдаа хоёр ирсэн. Цагдаа Л.Төгөлдөр нь намайг машинд суулгаж байгаад зодсон, харин офицер нь дундуур орж салгасан. Төгөлдөр нь гар гавтай байхад гараараа нүүр рүү хэд хэдэн удаа цохьсон... гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 19, 20 дахь тал),

Надад одоо ямар нэгэн гомдол санал байхгүй, би Л.Төгөлдөрөөс хохирлын 200.000 төгрөг авсан. Одоо энэ хэргийн талаар маргаан байхгүй би сайн дураараа эвлэрсэн тул хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү... гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 22 дахь тал),

...Тэр хоёр цагдаа та бид хоёрыг дагаад яв, хэлтэс рүү авч явна гэхээр нь би гэртээ амарч байж би яахаараа дагаж явдаг юм, би явахгүй гээд маргалдаад тэр хоёр руу салаавч гаргасан. Явна, явахгүй гэж маргалдаж байхад Төгөлдөр гав гаргаж ирээд гавлана гээд байхаар нь гавлуулахгүй гэж жоохон ноцолдож байгаад би тэр хоёр цагдаад өөрөө гавлуулъя, авч явах гэж байгаа бол хувцасаа өмсье...гээд гавлуулаад гэрээс гарсан. ...Намайг...авч явах үед Болортуул дагаж гарч ирсэн. Манай хаалгаар 2 цагдаа намайг авч гарах үед хөрш эгч тааралдсан. ...Төгөлдөр намайг гавлаж гараад машиныхаа арын хаалгыг онгойлгоод түлхэж суудал дээр унагасан. Тэгээд нөгөө хаалга буюу зүүн хойд талын хаалгаар орж ирээд нүүр лүү 4-5 удаа цохих үед 2 нүдний алимны болон зовхины цус хурвалт духны зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл үүссэн. Цохиж байхдаа зүүн хацар луу 2-3 удаа алгадсан. ...Мөн майкнаас татаад боох гээд байсан тэр үед хүзүүнд цус хуралт үүссэн. ...2 гарын шууны цус хуралт нь гавласнаас болж үүссэн. Зүүн шилбэнд үүссэн зулгаралт нь машинд түлхэж унагах үед машины хаалганд нидрэгдээд үүссэн байх... гэх мэдүүлэг. (хавтаст хэргийн 57-60 дахь тал),

2. Гэрч Б.Түмэннастын мөрдөн байцаалтад өгсөн: Би дүүгийнхээ машиныг 2016 оны 4 дүгээр сарын 20-ны орой гуйж аваад халтууранд явсан. ...2016 оны 4 дүгээр сарын 21-ний үүрээр 05 цаг өнгөрч байхад Ачлал их дэлгүүрийн замын хойд талаас 1 залуу, 2 хүүхэн гар өргөхөөр нь зогсож машиндаа суулгахад залуу нь Драгоны хойд талын байр руу явна гэхээр нь Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хороо, 22б байрны гадаа ирээд таксины мөнгө 5.000 төгрөг гарсан гэхэд нөгөө залуу надад бэлэн мөнгө алга, мобайлаар мөнгийг чинь төлье, дансаа өгчих гэхээр нь данс байхгүй гэхэд чи итгэхгүй байгаа бол манай гэрт ор, өглөө ирээд мөнгөө авчих гэхээр нь уг залууг дагаж гэрийг нь заалгаад аргалаад мөнгөө өгчих гээд...зогсож байхад хөрш айлын эгч гарч ирэхэд нөгөө залуу тэр эгчээс мөнгө асуухад бэлэн мөнгө алга гэсэн. Тэгтэл тэр залуу чи 5.000 төгрөгийн оронд үнэтэй зөөврийн комьпютер авах уу гээд байхаар нь би тэндээс гараад шууд 102-т 89399995 дугаараас...дуудлага өгсөн. ...Тэгээд машин дотроо сууж байхад хөдөлгөөнтийн алаг машин ирээд...2 цагдаа бууж ирэхээр нь... Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хороо, 22б байрны 43 тоотод хаалгыг нь зааж өгсөн. Хаалгыг нь цагдаа нүдэхэд нөгөө залуу хаалгаа онгойлгосон. ...хоёр цагдаатай нөгөө согтуу залуу маргалдаад байхаар нь тэндээс би шууд гараад машин дотроо очиж суусан. Удалгүй нөгөө согтуу залуугийн хоёр гарыг ард нь гавлаад 2 цагдаа аваад гарч ирсэн. ...мөнгөө авах гээд маргалдаж байх үед тэр залуугийн биед ил харагдах шарх, гэмтэл байгаагүй. ...Түүнийг машинд яаж суулгахыг хараагүй. ...Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн 3 дугаар хэлтэс дээр Пүрэвдоржийг сайн анзаарч хараагүй, ямар ч байсан 2 нүд нь улайсан байсан гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 67 дахь тал),

3. Гэрч Д.Хишгээгийн мөрдөн байцаалтад өгсөн: 2016 оны 4 дүгээр сарын 21-ний өглөө...байрны гадаа хүмүүс маргалдаад...манай давхарт гарч ирэхээр нь хаалгаа онгойлгоод хартал хөрш 43 тоотын Пүрэвдорж 1 залуутай таксины мөнгөнөөс болоод маргаж байсан ба Пүрэвдорж надад бэлэн мөнгө алга, чамд мобайл банк байгаа юу гэхэд жолооч байхгүй, таксины 5.000 төгрөгөө авмаар байна гэхэд Пүрэвдорж үнэтэй зүйл авах уу, зөөврийн комьпютер барьцаанд авах уу гэж байсан. Пүрэвдорж намайг хараад танд бэлэн 5.000 төгрөг байна уу гэхээр нь алга, АТМ-ээс аваад ирэх үү гэхэд зүгээр гэхээр нь буцаад гэртээ ороод ...байтал дахин үүдэнд хүмүүс маргалдаад байхаар нь хартал Пүрэвдоржийн хаалга онгорхой, цаана нь Пүрэвдорж та нар яахаараа гэртээ байгаа хүнийг авч явдаг юм гээд цагдаа нартай хэрэлдээд байсан. Тэгээд Пүрэвдоржийг 2 цагдаа ард нь гавлаад гэрээс нь гарч ирэхээр нь наад хүүхэд чинь яасан юм, эгч нь АТМ-ээс мөнгө аваад өгье гэхэд 2 цагдаа юм хэлэлгүй аваад явсан. Тэгээд Пүрэвдоржийн эгч Жавзаа руу утсаар танай дүүг цагдаа нар ирээд гавлаад аваад явлаа гэж хэлсэн. ...Тухайн үед Пүрэвдорж халамцуу байсан ба биед нь ил харагдах гэмтэл шарх байгаагүй. Пүрэвдорж цагаан өнгийн майк, хар өнгийн шорттой байсан. Пүрэвдорж хоёр цагдаа руу та нар гэрээс хүн баривчилдаг юм уу гээд орилж хашигчаад байсан... гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 74-75 дахь тал),

4. Гэрч  Б.Дашнямын мөрдөн байцаалтад өгсөн: ...2016 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр 06 цагийн үед үүрэг гүйцэтгэж байхад хэлтсийн жижүүрээс ...Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хороо, 22б байрны гадаа такси барьж ирсэн хүн мөнгө өгөхгүй байна гэх дуудлагыг хүлээн аваад...очсон. ...Тэгээд Төгөлдөр бид хоёр гомдол гаргагч залууг дагуулж Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хороо, 22б байрны 43 тоот хаалгыг нүдэхэд...Пүрэвдорж байсан. ...Пүрэвдоржид та бид нарыг дагаад яв, манай хэлтэс дээр очоод учраа ол гэсэн чинь өмнөөс та хоёр намайг баривчлах эрх байхгүй шүү, май гээд зүүн гараараа салаавч гаргасан. ...тэгээд...дахин салаавч өгөөд намайг гавла гээд хоёр гараа ардаа өгөхөөр нь Төгөлдөр гавласан. Гэрээс нь аваад гарах үед хажуу айлаас нь нэг эгч гарч ирээд юу болсон бэ гэхээр нь Төгөлдөр...асуудлыг нь шийдээд явуулна гэж хэлсэн. ...Пүрэвдоржийг машины арын суудал дээр суулгах гэхэд суухгүй байхад Төгөлдөр машины арын суудал дээр түлхэж унагаад нөгөө талын хаалгаар тойрч очоод Пүрэвдоржийг гарнаас нь татах үедээ хацар руу нь 2-3 удаа алгадахаар нь би боль гэсэн чинь Төгөлдөр машиндаа суусан. ...Пүрэвдоржийг гавлаад авч гарах үед биед нь ил харагдах гэмтэл шарх байгаагүй. ...Төгөлдөр намайг харж байхад Пүрэвдоржийн хацар руу 2-3 удаа алгадсан. Анх тас хийсэн чимээ гарахаар нь хартал Пүрэвдоржийн хацар руу алгадаж байсан. ...Пүрэвдоржийн биед учирсан 2 алимны болон зовхины салстын цус харвалт, дух, зүүн хацрын зөөлөн эдийн няцрал, хүзүүний цус харвалтыг Төгөлдөр учруулсан байх. гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 63 дахь тал),

5. Гэрч Б.Жавзандуламын мөрдөн байцаалтад өгсөн: Манай төрсөн дүү Бямбажавын Пүрэвдорж нь Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хороо, 22б-44 тоотод ганцаараа амьдардаг. 2016 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн 06 цаг өнгөрч байхад 22б-44 тоотод амьдардаг танил эгч миний дугаар руу залгаад танай дүүг цагдаа ирээд гавлаад явчихлаа гэхээр нь...би ээж Гантөмөртэй хамт Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн 3 дугаар хэлтсийн саатуулах байранд 07 цаг болж байх үед очиход дүү Пүрэвдоржийг камерт ганцааранг нь хийсэн, 2 гарыг нь гавласан байсан. Тэгээд дүүгээсээ юу болсон талаар асуухад таксины жолоочид одоо бэлэн мөнгө алга, мобайл банк байгаа юу гэсэн чинь шууд гарч яваад удалгүй 2 цагдаа дагуулж орж ирсэн. Цагдаа ард гавлаад машин дотроо арынхаа суудал дээр нүд рүү гараараа цохиод, алгадсан гэж хэлсэн. ...Пүрэвдоржийн баруун нүд, зүүн хацар дээр гарын хурууны ором гарсан, хүзүү болон 2 гарын шуу нь цус хурсан байсан гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 70 дахь тал),

6. Гэрч Н.Алтантэвшийн мөрдөн байцаалтад өгсөн: 2016 оны 4 дүгээр сарын 20-21-нд Сонгинохайрхан дүүгийн цагдаагийн 1 дүгээр хэлтсийн саатуулах байранд жижүүр эмчийн үүрэг гүйцэтгэж байхад...07 цаг 30 минутын үед Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн 3 дугаар хэлтсийн цагдаа жолооч Төгөлдөр ардаа гавтай нэг залууг оруулж ирэхэд тэр залуу хараалын үг хэлж байсан. ...Пүрэвдорж гэх залуугийн гаднаас харахад биед ил харагдах гэмтэл шарх байгаагүй, харин 2 нүд нь улайсан байсан ба Төгөлдөр руу чи намайг зодсон биз дээ гээд байсан гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 73 дахь тал),

7. Гэрч О.Хонгорын мөрдөн байцаалтад өгсөн: 2016 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн 07:30 цагийн үед эмч Алтантэвшийн хамт саатуулах байрны хяналтын камерийн өрөөнд байхад дэд ахлагч Төгөлдөр ардаа гавтай залууг авч орж ирэхэд тэр залуу намайг зодсон, гомдолтой гээд байсан. ...Уг залуугийн нүд, нүүр нь улайсан байсан ба цагаан өнгийн майктай байсан. Тэр залуу Төгөлдөр руу чи намайг зодсон гээд маргаад байсан гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 80 дахь тал),

 

8. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн 5483 дугаар актад:

...Хэсэг газрын үзлэгт: баруун, зүүн нүдний алимны болон зовхины салстад цэгчилсэн цус харвалттай. Зүүн хацрын төвгөр, духны зөөлөн эд хавдаж улаан ягаан цус хурсан. Хүзүүний хоолойд урд хэсэг, хоёр гарын бугуй үений эргэн тойрон улаан ягаан цус хуралттай. Зүүн шилбэний урд дунд хэсэгт 1,5х1см улаан хүрэн зулгаралттай. ДҮГНЭЛТ

1. Б.Пүрэвдоржийн биед хоёр нүдний алимны болон зовхины салстын цус харвалт, дух, зүүн хацрын зөөлөн эдийн няцрал, хүзүү хоёр гарын шууны цус хуралт, зүүн шилбэний зулгаралт бүхий гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрхи гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна... гэх дүгнэлт (хавтаст хэргийн 26 дахь тал), 

9. Шүүх эмнэлгийн үзлэг хийж 5483 дугаар дүгнэлт гаргасан шинжээч эмч А.Амгаланболдын мөрдөн байцаалтад өгсөн: ...Пүрэвдоржийн биед учирсан гэмтлүүд нь хатуу мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтэл байсан. ...хоёр нүдний алимны зовхины цус харвалт, дух, зүүн хацрын зөөлөн эдийн няцрал нь зууралдаж ноцолдох үед үүсгэгдэх боломжгүй. Хатуу мохоо зүйлээр цохигдох үед үүснэ. Дээрх гэмтлүүд нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Харин хүзүү, хоёр гарын шууны цус хуралт, шилбэний зулгаралт нь гэмтлийн зэрэгт хамаарахгүй гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 79 дэх тал),

 

10. Шүүгдэгч Л.Төгөлдөрийн мөрдөн байцаалтад өгсөн: 2016 оны 4 дүгээр сарын  сарын 20-ноос 21-ний хооронд Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хорооны нутаг дэвсгэр буюу Бүргэд-112 чиглэлд цагдаагийн дэслэгч Дашнямын хамт автомашинтай үүрэг гүйцэтгэж байхад үүрийн 06 цаг 00 минутын орчим Бүргэд 10-аас Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хороо, Драгон төвийн ар талын байранд такси барьсан хүн мөнгөө төлөхгүй байна гэсэн дуудлага ирсэний дагуу очиж дуудлага өгсөн таксины жолооч Түмэннасттай уулзахад 22б байрны 43 тоотод ирсэн хүн мөнгөө төлөхгүй намайг цохиж зодсон гэхээр нь орж шалгатал Пүрэвдорж гэгч хаалгаа онгойлгохоор нь ямар учраас ирсэнээ тайлбарлан хэлтэл өөдөөс хэл амаар доромжилж, зүүн гараараа салаавч өгсөн. Тэгээд та нар намайг миний гэрээс баривчлах ямар ч эрх байхгүй гээд хоёр гараараа салаавч гарган одоо зайл гэхээр нь та ямар учраас сууж ирсэн таксины мөнгөө төлөхгүй байгаа юм, энэ асуудлаа цагдаагийн байгууллага дээр очоод шийдвэрлүүлчих гэтэл та нар миний гэрээс баривчлах эрх байхгүй гээд салаавчаа дахин гаргахаар нь бид танд хууль ёсны шаардлага тавьж байна, дагаад яв гэж хэлэхэд явахгүй гэхээр нь таныг явахгүй бол хүч хэрэглэх буюу тусгай хэрэгсэл хэрэглэнэ гэж сануултал цагдаагийн албан хаагчийн өөдөөс салаавчаа гаргаад, хэл амаар доромжлоод байхаар нь хүч хэрэглэн гарыг нь ард нь гавлан гэрээс нь авч гарсан. ...Пүрэвдорж намайг ажлаа хийгээд явж байхад хэл амаар доромжилж чи над шиг пиздад хамараа хуга шаалгуулсан банди, чамайг үр хүүхэдгүй болгон 100 жилээр хараана, би том лам хүн гэж салаавч гарган доромжилсон... гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 33-35 дахь тал),

...би шүүх эмнэлгийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна. Би Пүрэвдоржид эмчилгээний 200.000 төгрөг өгсөн... гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 39 дэх тал),

11. Хохирогчийн өргөдөл (хавтаст хэргийн 4), цагдаагийн байгууллагын нэгдсэн системээс хуулбарласан хохирогчийн хувийн байдлын талаарх баримт (хавтаст хэргийн 12-13), Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн 3 дугаар хэлтэст хандаж гаргасан хүсэлт (хавтаст хэргийн 48), эд мөрийн баримтаар тооцож хэрэгт хавсаргах тогтоол, эд зүйлд үзлэг хийсэн тэмдлэглэл (хавтаст хэргийн 55-56), Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн 3 дугаар хэлтсийн албан бичиг (хавтаст хэргийн 89),

-Шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа, оршин суугаа хаягийн тодорхойлолт (хавтаст хэргийн 41-40), цагдаагийн байгууллагын нэгдсэн системээс хуулбарласан шүүгдэгчийн мэдээллийн санд бүртгэгдсэн талаарх баримт (хавтаст хэргийн 7-9), прокурорын тогтоолын хуулбар (хавтаст хэргийн 103-105), урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 45), Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн 3 дугаар хэлтсийн тодорхойлолт, албаны үнэмлэхний хуулбар (хавтаст хэргийн 42, 44), хувийн байдлын талаарх баримтууд (хавтаст хэргийн 132, 92-99, 111-114, 106-110), албан үүргээ биелүүлэхийг түр түдгэлзүүлэх тогтоол (хавтаст хэргийн 100) болон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай. Мөн шүүгдэгчийг сэжигтэн, яллагдагчаар, хохирогч, гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн байцаан шийтгэх хууль зөрчөөгүй, шинжээчийн дүгнэлт, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.

 

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Л.Төгөлдөрийг Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн 3 дугаар хэлтэст эргүүлийн цагдаа жолооч гэсэн албан тушаалд цагдаагийн дэд ахлагч цолтойгоор авто эргүүлийн үүрэг гүйцэтгэж байхдаа 2016 оны 4 дүгээр сарын 21-ний өглөө 06 цагийн орчим иргэн Б.Түмэннастаас гаргасан согтуу хүн таксины мөнгөө өгөхгүй байна гэсэн дуудлагын дагуу эргүүлийн офицер Д.Дашнямын хамт Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хороо, 22б байрны 43 тоотод очоод уг байрны оршин суугч Б.Пүрэвдоржийг саатуулахаар гэрээс нь гавлан авч гараад бусдыг илтэд үл хүндэтгэн албаны машинд суусангүй гэсэн ялимгүй зүйлээр шалтаглан нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж хүч хэрэглэн Б.Пүрэвдоржийг автомашины суудал руу түлхэн унагах, нүүрэн тус газарт гараараа цохих, хоолойг нь боох зэргээр зодож бие махбодид нь хөнгөн гэмтэл учруулан, өмсөж явсан майкны захыг урж догшин авирлаж танхайрсан гэмт хэргийг үйлдсэн гэж Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.

 

          Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг дүгнэхэд шүүгдэгч Л.Төгөлдөрийг бусдыг илтэд үл хүндэтгэн, ялимгүй зүйлээр шалтаглан, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж танхайрсан гэх үндэслэл хангалттай нотлогдон тогтоогдоогүй байна.

          Хэрэгт цугларсан баримтаас дүгнэвэл гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл нь хохирогч нь таксигаар үйлчлүүлсэн төлбөрөө төлөлгүй таксины жолоочтой хэрүүл маргаан үүсгэж, улмаар таксины жолоочийн цагдаагийн байгууллагад гаргасан гомдол, дуудлагыг  шалгахаар очсон албаны үүргээ гүйцэтгэж байсан цагдаагийн албан хаагчийн өмнөөс хэл амаар доромжлох, салаавч үзүүлэх, хараах зэрэг зүй бус үйлдэл, авир гаргасан болох нь гэрч, шүүгдэгчийн мэдүүлгээр тогтоогдсон, мөн хохирогчийн өөрийнх нь мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлгээр давхар нотлогдсон тул дээрх гэмт хэргийг тухайн үед үүссэн таарамжгүй харьцааны улмаас үйлдэгдсэн буюу хувийн сэдэлттэй үйлдэгдсэн гэж үзэх хууль зүйн хувьд үндэслэлтэй байна.

Иймд Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Л.Төгөлдөрт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг мөн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэг болгон зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилж, шүүгдэгч Л.Төгөлдөрийг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж шүүх үзлээ.

 

Хохирогч Б.Пүрэвдорж нь энэ гэмт хэргийн улмаас эрүүл мэндэд учирсан хохиролд нийт 500.000 төгрөг (хавтаст хэргийн 19-20) нэхэмжилсэнээс холбогдох баримт хэрэгт авагдаагүй, мөрдөн байцаалтад хохирогч Б.Пүрэвдорж нь шүүгдэгч Л.Төгөлдөрөөс 200.000 төгрөг хүлээн авсан, цаашид гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй (хавтаст хэргийн 21-22) гэсэн тул гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлөгдсөн гэж үзэх үндэслэл болж байна.

Мөн хохирогч Б.Пүрэвдорж нь мөрдөн байцаалтад 2016 оны 05 дугаар сарын 28-ны өдөр мэдүүлсэн мэдүүлэгтээ шүүгдэгч Л.Төгөлдөрөөс гэм хорын хохирлыг нөхөн төлсөн тул  түүнтэй сайн дураарараа эвлэрч байгаа талаар, шүүгдэгч Л.Төгөлдөрөөс мөрдөн байцаалтад 2016 оны 05 дугаар сарын 29-ний өдөр яллагдагчаар мэдүүлэхдээ болон шүүх хуралдаанд мэдүүлэхдээ хохирогч Б.Пүрэвдорж бид хоёр сайн дураараа эвлэрсэн гэж тус тус мэдүүлсэн байна.

 

Шүүгдэгч Л.Төгөлдөр нь урьд ял шийтгэгдэж байгаагүй болох нь түүний урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 45)-р тогтоогдож байна.

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-д яллагдагч, шүүгдэгч нь Эрүүгийн хуульд заасан хөнгөн гэмт хэргийг анх удаа үйлдсэн бөгөөд учруулсан хохирлоо бүрэн төлсөн, гэм хорыг арилгасан нөхцөлд хохирогч нь яллагдагч, шүүгдэгчтэй сайн дураараа эвлэрсэн бол хэргийг хэрэгсэхгүй болгоно гэж,

-Эрүүгийн хуулийн 71 дүгээр зүйлийн 71.1-д хөнгөн гэмт хэрэг анх удаа үйлдсэн гэм буруутай этгээд хохирогчтой сайн дураараа эвлэрсэн бөгөөд учруулсан хохирлоо бүрэн төлсөн, гэм хорыг арилгасан бол түүнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлж болно гэж тус тус заасан.

Иймд шүүгдэгч Л.Төгөлдөр нь бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдон тогтоодож байгаа боловч хөнгөн гэмт хэргийн хохирогч Б.Пүрэвдорж нь шүүгдэгч Л.Төгөлдөртэй сайн дураараа эвлэрсэн байх тул Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэхь хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Төгөлдөрт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

 

Эрүүгийн 201626011173 дугаар хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй бөгөөд шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн цагаан өнгийн майк 1 ширхэгийг хэргийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахаар шийдвэрлэв.

 

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 246 дугаар зүйлийн 246.2, 283, 284, 286, 294, 295, 296, 297, 298 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

                                                  ТОГТООХ нь:

 

1. Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Л.Төгөлдөрт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг мөн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэг болгон зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилсүгэй.

 

2. Шүүгдэгч Харчу овогт Лхагваагийн Төгөлдөрийг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

3. Монгол Улсын Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 71 дүгээр зүйлийн 71.1 дэх хэсэг, Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан шүүгдэгч Лхагваагийн Төгөлдөрт холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт заасан хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй.

 

4. Хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Л.Төгөлдөр нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хохирогч Б.Пүрэвдорж нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдсугай.

 

5. Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.3 дахь заалтад зааснаар эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн ирсэн цагаан өнгийн майк 1 ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц усгтахыг Эд мөрийн баримт устгах комисс-т даалгасугай.

 

6. Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч Л.Төгөлдөрт урьд авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.

 

7. Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

8. Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Л.Төгөлдөрт урьд авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

                                   

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         Г.МӨНХЗУЛ