| Шүүх | Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Батмөнхийн Болор-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 1914000490023 |
| Дугаар | 2019/ДШМ/010 |
| Огноо | 2019-02-19 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Э.Гантулга |
Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2019 оны 02 сарын 19 өдөр
Дугаар 2019/ДШМ/010
Д.Цд холбогдох эрүүгийн хэргийн тухай
Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч М.Мөнхдаваа даргалж, шүүгч Г.Уламбаяр, Б.Болор-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанд:
Прокурор *******
Шүүгдэгч Д.Ц
Нарийн бичгийн дарга Д.Чимэдцэрэн нарыг оролцуулан;
Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Байгалмаа даргалж шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2019 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 2019/ШЦТ/14 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Д.Цгийн гаргасан давж заалдах гомдлоор Д.Цд холбогдох эрүүгийн 1914000490023 дугаар хэргийг 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч, шүүгч Б.Болор-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Монгол улсын иргэн, Шагдар дарь овогт Д.Ц, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, улсаас авсан гавьяа шагнал, ял шийтгэлгүй,
Д.Ц нь 2019 оны 01 дүгээр сарын 03-наас 04-нд шилжих шөнө Баянхонгор аймгийн Баянхонгор сумын ................ тоотод Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.6, 2.7, 2.8-д заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хамаарал бүхий хүн болох хамтран амьдрагч П.Б, бага насны хүү Э.Т нарыг зодож эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Баянхонгор аймгийн Прокурорын газраас Д.Цд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчилж яллах дүгнэлт үйлдэн хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.
Анхан шатны шүүх: Шүүгдэгч Шагдар дарь овогт Д.Цг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар нэг мянга таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1500 000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч Д.Цд оногдуулсан нэг мянга таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1500 000 төгрөгөөр торгох ялыг хоёр сарын хугацаанд хэсэгчлэн буюу сар бүр 750000 төгрөг төлөхөөр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч Д.Ц нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний тегрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар оолихыг мэдэгдэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5. 36.12 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Д.Цд хэрэглэсэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж, шийтгэх тогтоол хүчин тегөлдөр болмогц хүчингүй болгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 35.8 дугаар зүйлийн 1.4. 1.7-д зааснаар шүүгдэгч Д.Ц нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.4, 36.8 дугаар зүйлийн 1.8-т зааснаар эд мөрийн баримтаар хураагдсан хоёр ширхэг хутгыг устгуулахаар Шүүхийн тамгын газарт шилжүүлж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.3, 36.8 дугаар зүйлийн 1.8-т зааснаар шүүгдэгч Д.Цгийн эзэмшлийн"... самсунг маркийн гар утас..."-ыг битүүмжилсэн эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг хүчингүй болгож. дээрхи эд зүйлсийг хэрэгцээний дагуу Д.Цд буцаан олгож шийдвэрлэжээ.
Шүүгдэгч Д.Ц давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Миний бие нь 1975 онд Баянхонгор аймагт төрсөн. Ам бүл нь 5, эхнэр хүүхдүүдийн хамт амьдардаг. 2019 оны 01 сарын 03-ны орой гарч найзуудтайгаа архи ууж ирчихээд согтуугаараа эхнэр П.Б, хүү Э.Т нарыг зодож гэмтээсэн, маш муухай хэрэг үйлдсэн. Тухайн үед нилээн согтуу байсан бөгөөд гэртээ яаж ирснээ санахгүй байгаа эхнэрийнхээ хацарны доод хэсгээс цус гарч байхыг хараад ухаан орсон. Тэгээд түргэн дуудах гэтэл эхнэр өөрөө түргэн дээр очоод оёулчихъя гээд хүүгээ дагуулан явсан. Би маш их айж өөрийгөө зүхээд хийсэн үйлдэлдээ маш их харамсаж тухайн үед амиа хорлочихмоор хүртэл санагдаж байсан. Гэтэл удаа ч үгүй цагдаа нар ирж намайг баривчилсан.
П.Бтай гэр бүлийн амьдрал 2017 онд зохиогоод 1 жил 4 сар болж байгаа. Би эхнэртээ бас хүүхдүүддээ маш их хайртай архи ууж, найзуудтайгаа маргалдсанаас болж тэр уурын мунхаг, согтуугийн харгайгаар хайртай хүмүүсээ гэмтээж тэнэг үйлдэл хийсэндээ мах их харамсаж эхнэр хүүхдүүдийнхээ царайг ч харж чадахгүй гэмшиж дахин дахин уучлалт гуйж, хадам аав, ээж, ах, дүү, хань, хүүхдүүдээсээ уучлалт гуйж, цаашид дахин архи уухгүй, хайртай хүмүүсээ гомдоохгүй гэж амласан. Үүнийгээ ч хууль шүүхийн өмнө амласан Одоо бид эвлэрч хамт амьдарч байгаа.
Миний бие тодорхой эрхэлсэн ажилгүй, тогтмол орлогогүй гэр бүлдээ нэмэр тус болж амьдралаа авч явахын тулд Цагаан цахирт бичил уурхай эрхлэж олохоосоо олохгүй нь их цагаан сар болохтой холбоотой санхүүгийн хувьд хүндрэлтэй байгаа зэрэг байдлыг харгалзан торгуулийн хэмжээ хэт өндөр тусч байх тул хөнгөрүүлж.өгнө үү гэжээ.
Шүүгдэгч Д.Ц давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би тодорхой хийсэн ажилгүй, торгуулийн төлбөрийг төлөх чадваргүй тул мөнгөн торгуулийн хэмжээг багасгаж өгнө үү гэв
Прокурор ******* шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Д.Цгийн давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолд үндэслэн хэргийг давж заалдах шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт тус тус заасан эрх хэмжээний хүрээнд гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянахад:
Хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдан анхан шатны шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг хооронд нь харьцуулан шинжлэн судлахад шүүгдэгч Д.Ц нь 2019 оны 01 дүгээр сарын 03-наас 04-нд шилжих шөнийн 23 цаг 50 минутын үед Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 1-1-14 тоот дахь гэртээ, согтуугаар гэр бүлийн хамаарал бүхий харьцаатай, хамтран амьдрагч П.Б, хүү Э.Т нарыг ална гэж айлган сүрдүүлж улмаар хутга хэрэглэн далайхад П.Бгийн баруун эрүүнд зүсэгдсэн, хүү Э.Тийг аашлах, гараараа алгадах, цохих зэргээр хоёр хүнийг, Э.Тийг бага насны хүүхэд болохыг мэдсээр байж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар зодож, эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйл баримт болжээ.
Дээрхи үйл баримт нь эрүүгийн 1914000490023 дугаар хавтаст хэрэгт авагдсан хохирогч П.Б, Э.Т, гэрч ******* нарын мэдүүлэг, “...Э.Тий биед баруун нүдний доод зовхи, дух, хацарт цус хуралт, зөөлөн эдийн няцрал тогтоогдсон нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах...” , “...П.Бгийн биед тархи доргилт, доод эрүүний баруун хажуу хэсэгт шарх, зүүн нүдний дээд зовхи, духны зүүн хэсгийн цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдсон нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах...” талаар шинжилгээний дүгнэлт гаргасан Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 67, 68 тоот дүгнэлтүүд зэрэг бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг хангалттай шалгаж тодруулсан, хэргийн үйл баримтын талаар тогтоосон нотлох баримтуудыг цуглуулахдаа хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлаагүй, шүүхээс хууль ёсны үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчиж нотлох баримт цуглуулан, бэхжүүлсэн гэх үндэслэлгүй, хэргийг шийдвэрлэхэд хангалттай, үнэлэх боломжтой байна.
Шүүгдэгч Д.Цгийн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хохирогч Э.Тийг биеэ хамгаалж чадахгүй бага насны хүүхэд гэдгийг мэдсээр байж, П.Б, Э.Т нарын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт үйлдлийг Баянхонгор аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.6, 2.7, 2.8-д заасныг журамлан мөн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчилж яллах дүгнэлт үйлдэн хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байна.
Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлд заасан хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, мөрдөн байцаалтын шатанд болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчдийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна.
Харин анхан шатны шүүх шийтгэх тогтоолынхоо топорхойлох хэсэгт Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагын хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, шүүгдэгч гэм буруугийн талаар маргаагүй, хүлээн зөвшөөрсөн гэж дүгнэсэн атлаа Д.Цд торгох ял оногдуулахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасан прокурорын яллагдагчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл хэмжээний талаарх торгох ялын саналаас хүндрүүлэн оногдуулсан нь ойлгомжгүй байх тул мөн хуулийн 17.3 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж Давж заалдах шатны шүүх дүгнэв.
Мөн анхан шатны шүүх шүүгдэгчид ял оногдуулахдаа Прокурорын яллах дүгнэлтэд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.6, 2.7, 2.8-д заасан хүндрүүлэх нөхцөлийг хэрэглээгүй байх тул шийтгэх тогтоолын 2, 3 дахь заалтад өөрчлөлт оруулж, шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтуудыг хэвээр үлдээж, шүүгдэгч Д.Цгийн гомдлыг хүлээн авах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүхээс дүгнэв.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.2
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр
Зүйлийн 1.4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 2019/ШЦТ/14 дүгээр шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн
2 дахь заалтад “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар шүүгдэгч Д.Цг нэг мянга таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1 500 000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй” гэснийг “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.6, 2.7, 2.8-д тус тус заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Цг долоон зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700 000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй” гэж,
3 дахь заалтад “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар Д.Цд оногдуулсан нэг мянга таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1 500 000 төгрөгөөр торгох ялыг хоёр сарын хугацаанд хэсэгчлэн буюу сар бүр 750 000 төгрөг төлөхөөр тогтоосугай” гэснийг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Д.Цд оногдуулсан долоон зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700 000 төгрөгөөр торгох ялыг хоёр сарын хугацаанд хэсэгчлэн буюу сард 350 000 төгрөг төлөхөөр тогтоосугай” гэж тус тус өөрчлөлт оруулж, шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтуудыг хэвээр үлдээсүгэй.
2. Гомдол,эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн,Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол,эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ М.МӨНХДАВАА
ШҮҮГЧИД Г.УЛАМБАЯР
Б.БОЛОР-ЭРДЭНЭ