Дорноговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 10 сарын 29 өдөр

Дугаар 115/ШШ2020/0019

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Дорноговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Сийлэгмаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

        Нэхэмжлэгч: ДГА-ийн С сумын иргэн Э.А, Д.И нарын нэхэмжлэлтэй,

       Хариуцагч: ДГА-ийн Ссумын Засаг даргад холбогдох,

          Нэхэмжлэлийн шаардлага: ДГА-ийн С сумын ЗД-ын 2020 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн “Нийтийн сервитут тогтоох тухай” А/109 дүгээр захирамжийн иргэн Э.А,  Д.И нарт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

      Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Э.А-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Э, нэхэмжлэгч Д.И-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.О, Г.Д, Д.М, хариуцагчийн өмгөөлөгч Б.Д, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Б нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

         Нэхэмжлэгч Э.А-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Э.А миний бие Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн дагуу Дорноговь аймгийн Сайншанд сумын хуучнаар 1-р баг, одоогийн 6 дугаар баг Дампилын 16-1-18 тоот хаягт байрлах 3000 м.кв газрыг хууль журмын дагуу өмчлөн авсан бөгөөд Дорноговь аймгийн Улсын бүртгэлийн газрын 2013 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 000139933 дугаар газар өмчлөх эрхийн гэрчилгээгээр хууль ёсны өмчлөгч болохыг баталгаажуулсан болно.

        Миний бие өөрийн өмчлөлийн газарт ихээхэн хэмжээний хөрөнгө оруулалт хийж амины орон сууц барихаар төлөвлөж, газрыг тэгшилж, хөрсийг дагтаршуулсан барилга барих бэлтгэлийн ажлыг гүйцэтгэж байгаа бөгөөд өмчлөлийн газрын үлдэх хэсэгт хүн амын боловсрол, соён гэгээрэлд чиглэсэн гэр бүлийн уламжлалт бизнесийн ажлын үргэлжлэл болгон хувийн хэвшлийн дунд сургуулийг байгуулахаар төлөвлөөд байгаа болно. 

         Гэтэл Сайншанд сумын Засаг даргын 2020 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 1/415 дугаар албан бичгээр Засаг даргын 2020 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн А109 дүгээр “Нийтийн сервитут тогтоох тухай” захирамжийг хүргүүлсэн.

        Миний бие уг захирамжтай танилцаад 2020 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр Сайншанд сумын Засаг даргад хандсан боловч хариу өгөөгүй. Мөн миний өмчлөлийн газрыг Сайншанд сумын 7-р багийн нутаг дэвсгэрт шилжүүлэхээр төлөвлөсөн тухай Сайншанд сумын Засаг даргын 2020 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 1/523 дугаар албан бичгийг 2020 оны 05 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авсан. Хүлээн авсан даруйдаа Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 39.1 дэх заалтыг үндэслэн 2020 оны 05 дугаар сарын 28-ны өдөр аймгийн Засаг даргад хуулийн дагуу асуудлыг шийдвэрлүүлэхээр хандсан боловч мөн хариу өгөөгүй болно. Хуульд үүрэг хүлээсэн шат шатны захиргааны байгууллагууд бидний гомдолд хариу өгөөгүй тул Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.3 дэх хэсэг, Захиргааны ерөнхий хуулийн 93 дугаар зүйл, 94.3 дахь хэсэг, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-т заасныг үндэслэн дараах үндэслэлээр нэхэмжлэл гаргаж байна.

        Сайншанд сумын Засаг даргын 2020 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн А/109 дүгээр захирамж гаргах болсон шалтгаан үндэслэл нь захирамжийн 1-т “...ерөнхий боловсролын сургуулийн барилгыг барих зориулалтаар 6 дугаар багийн нутаг дэвсгэрт Алтан жолоо гудамж /хуучнаар Дампилын 16-р хэсэг/-д 1.0 га газарт нийтийн сервитутыг байнгын хугацаатай тогтоосугай” гэж заасан байна.

         Ингээд Засаг даргаас захирамж гаргах хууль зүйн үндэслэлээ Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 33-т газар өмчлөгч иргэний эрхийг хязгаарлах эрх /сервитут/ гээд 33.1-т “Сум дүүргийн Засаг дарга улсын болон тухайн нутаг дэвсгэрийн хүн амын нийтлэг ашиг сонирхлыг хангах зайлшгүй шаардлагатай тохиолдолд иргэнд өмчлүүлсэн газарт дор дурдсан нийтийн сервитут тогтоож болно. 33.1.4-т “газар зохион байгуулалтын бусад арга хэмжээ хэрэгжүүлэх” гэж заасныг баримталсан байдаг.

         Гэтэл Засгийн газрын 2003 оны 28 дугаар тогтоолоор баталсан Газар зохион байгуулалт хийх журмаар газар зохион байгуулалтын арга хэмжээнд хамаарах хүрээг тогтоосон бөгөөд Засаг даргын А/109 дүгээр захирамжид дурдсан сургууль барих үйл ажиллагаа нь газар зохион байгуулалтын арга хэмжээнд хамаарахгүй тул сумын Засаг даргаас хуулийг буруу тайлбарлан хэрэглэж, иргэн миний өмчлөлийн газар буюу бусдын өмчид хууль бусаар халдсан хууль бус шийдвэр гэж үзэж байна.

       Төрийн эрх бүхий байгууллага албан, тушаалтан нь иргэн, хуулийн этгээдэд холбогдох аливаа шийдвэр гаргахдаа Захиргааны ерөнхий хуулийн 4.2-т “Захиргааны үйл ажиллагаанд дараах тусгай зарчмыг баримтална, 4.2.1-т хууль үндэслэх, 4.2.6-д бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах тохиолдолд тэдгээрт урьдчилан мэдэгдэх, оролцоог нь хангах, 4.2.8-д хууль ёсны итгэлийг хамгаалах” зарчмыг үйл ажиллагаандаа баримтлах ёстой.

          Гэтэл Сайншанд сумын Засаг даргын А/109 дүгээр захирамжийг гаргахдаа газар өмчлөгч иргэн надад огт мэдэгдээгүй бөгөөд Захиргааны ерөнхий хуулийн 24, 25, 26 дугаар зүйлд заасан оролцогчийг сонсох, нотлох баримт цуглуулах, сонсох ажиллагаа зэргийг огт хийгээгүй буюу хууль бус шийдвэр гаргасан байна.

        Мөн уг газар нь 2013 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 000139933 дугаар газар өмчлөх эрхийн гэрчилгээний дагуу Э.Анужин миний үл хөдлөх хөрөнгө бөгөөд Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 16.3-т “хөдлөх, үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх, өв залгамжлуулах эрхтэй. Хувийн өмчийг хууль бусаар хураах, дайчлан авахыг хориглоно. Төр, түүний эрх бүхий байгууллага нь нийгмийн зайлшгүй хэрэгцээг үндэслэн хувийн өмчийн эд хөрөнгийг дайчлан авбал нөхөх олговор, үнийг төлнө” гэж заасан баталгаатай эдлэх эрхийг зөрчиж байна. Иймд Дорноговь аймгийн Сайншанд сумын Засаг аргын 2020 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн А/109 дүгээр “Нийтийн сервитут тогтоох тухай” захирамжийн Э.Анужинд холбогдох хэсгийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

         Мөн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс, би 2020 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр Сайншанд сумын Засаг дарга Одбаяртай уулзаж энэ асуудлын талаар дээрмийн шинж чанартай болчихлоо гэж тодруулахад энэ газарт сургууль барих гэж байгаа гэж тайлбарласан. Би урьд нь төрийн албанд ажиллаж байсан бөгөөд сургууль барих гэж байхад нь чангаалцаж байх хаашаа юм гэж энэ асуудлыг яаж шийдэх гэж байгаа юм бэ, энэ асуудал бол зөвхөн 1 айлын асуудал биш 3 айлын асуудал байна гэж хэлсэн. Гэтэл 3 иргэнийг дуудаж шийднэ энэ бол дээрэмдэж байгаа хэрэг биш гэж хэлсэн.  Эвлэрэх тал дээр төрийн байгууллага санаачилгаагүй ажилласан байна. Маргаан бүхий захирамжийг түдгэлзүүлсний дараахан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Олзбаяртай би гудамжинд таарч эвлэрэн хэлэлцэх боломж байна уу гэхэд тодорхой зүйл хэлээгүй.

         Бид нар газар өмчлүүлэх хүсэлтээ өгч тухайн газраа өмчилж авч байсан. Тухайн үед гэр бүлд өмчлүүлдэг байсан бөгөөд 2009 онд иргэн бүрт өмчлүүлэхээр хууль өөрчлөгдөж тухайн үед төрийн байгууллагаас иргэн лүү шилжүүлэх ажиллагааг явуулсан. Хавтаст хэрэгт авагдсан өргөдөл зөрүүтэй байсан. Анх 3500 мкв газрыг өмчлүүлсэн зураг байна. Яг тухайн үедээ 2004 онд захирамж гарч 1000 мкв болсон. Тухайн үед нэлээн том маргаан үүсэж эцэстээ зураг,өргөдөл, захирамж зөрсөн байгаа тул дараа залруулна гэж байсан. Тухайн үед би өргөдөл өгч байсан. Хувийн хэрэгт нь өргөдөл нь байдаггүй юм байна гэдгийг өнөөдөр газрын алба орж харсан. Энэ асуудал нь өнөөдрийн маргаанд хамааралгүй, би энэ асуудлаар тодруулна. 3500 мкв гэсэн гарын үсэг нь хавтаст хэрэгт алга болчихсон байна. Би 2010 оны 01 дүгээр сард Хөгжлийн бодлогын хэлтсийн даргаар ажиллаж эхэлсэн. Энэ бол иргэний журмаар эрх нь зөрчигдсөн гэж өргөдлөө гаргасан. Энэ газрыг 2004 онд хүсэлтээ өгснөөс хойш бохир, цэврийн шугам болон урд талаараа дэд бүтцийн дулааны шугамтай болсон.

         Миний хувьд олгохоор төлөвлөсөн газар орчимд нь шугам сүлжээ байхгүй байршил болон дэд бүтэц нь ялгаатай байгаа тул хүлээн зөвшөөрөхгүй гэв.

 

        Нэхэмжлэгч Д.И-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.5-д “өмчийн газарт нь нийтийн сервитут тогтоосноос болж эрх, хууль ёсны ашиг сонирхол нь энэ хуулийн 33.3-т 33.4-т зааснаар хөндөгдсөн газар өмчлөгч иргэн шүүхээр өөрийн эрх, ашиг сонирхлоо хамгаалуулж болно” гэж, мөн хуулийн 39.3-т “Иргэн энэ хуулийн 39.2-т заасан хугацаанд хариу аваагүй бол гомдлоо шүүхэд гаргана” гэж тус тус заасны дагуу энэхүү захирамжийн хавсралт хүснэгтийн 1 дэх хэсгийг хүчингүй болгуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргаж байна.

          Монгол Улсын Үндсэн хуулийн 1.2-т “Ардчилсан ёс, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, үндэсний эв нэгдлийг хангах, хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн” гэж, 5.2-т “Төр нь нийтийн болон хувийн өмчийн аливаа хэлбэрийг хүлээн зөвшөөрч, өмчлөлийн эрхийг хуулиар хамгаална” гэж 16.3-т “хөдлөх, үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх, өв залгамжлуулах эрхтэй. Хувийн өмчийг хууль бусаар хураах, дайчлан авахыг хориглоно. Төр, түүний эрх бүхий байгууллага нь нийгмийн зайлшгүй хэрэгцээг үндэслэн хувийн өмчийн эд хөрөнгийг дайчлан авбал нөхөн олговор, үнийг төлнө” гэж тус тус заасан.

          Д.И миний бие Дорноговь аймгийн Сайншанд сумын 6-р баг, Дампилын 16-1-20 тоот хаягт байрлалтай 4410000790 нэгж талбарын дугаартай, гэр бүлийн хэрэгцээний, улсын бүртгэлийн Г-0713000596 дугаарт бүртгэлтэй 3500 м.кв өмчилсөн газрын хууль ёсны өмчлөгч юм. Миний бие өөрийн өмчлөлийн газарт байшин, хүлэмж барьж амьдран суухаар төлөвлөж байтал Дорноговь аймгийн Сайншанд сумын Засаг даргын 2020 оны А/109 дүгээр захирамжаар нийтийн сервитут тогтоожээ.

          Дорноговь аймгийн Сайншанд сумын Засаг даргын 2020 оны А/109 дүгээр захирамжийг Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.6 “а” дахь заалт, 29.2 дахь заалт, Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1 дэх заалт, 33.1.4 дэх заалтыг тус тус үндэслэн гаргажээ. Захирамж гаргасан эдгээр үндэслэлийг дараах байдлаар үндэслэлгүй гэж үзэж байна.

           Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5-д Захиргааны үйл ажиллагаандаа “зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх” тусгай зарчмыг баримтлахаар хуульчилсан болно.

          Уг зарчмыг хуулийн албан бус тайлбарт тодорхойлсноос үзвэл захиргаанаас тухайн шийдвэрийг зөвхөн шаардлагатай үед л гаргах ёстой зорилгод тохирсон буюу тухайн арга зас шийдвэрийн хувилбар нь хүрэхээр зорьж буй зорилгыг дэмжсэн байх бодит нөхцөл байдалд тохирсон буюу хэмжээнээс хэтрээгүй байх гэсэн агуулгаар тайлбарлажээ.

          Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1 дэх хэсэгт газар өмчлөгч иргэний эрхийг заасан ба 27.1.1-д “бусад этгээдэд хууль буюу гэрээгээр олгогдсон эрхийг зөрчихгүйгээр хуулиар олгогдсон хэмжээ хязгаарын дотор өмчийнхөө газрыг эзэмших, ашиглах, захиран зарцуулах” гэж 27.1.5-д өмчийн газрыг нийтийн эдэлбэр, тусгай хэрэгцээнд түр ашиглуулахад харилцан тохиролцсоны дагуу зохих төлбөр авах” 27.1.8-д “өмчийнх нь газрыг улсын тусгай хэрэгцээг үндэслэн солих буюу эргүүлж авсан тохиолдолд энэ хуульд заасны дагуу нөхөх олговор авах”, 33.4-т “Өмчийн газарт нь нийтийн сервитут тогтоосноос газар өмчлөгч иргэн газраа ашиглах боломжгүй буюу ашиглахад хүндрэл бэрхшээлтэй болох тохиолдолд газар өмчлөгч иргэн нь уг газрыг худалдан авахыг, мөн түүнд учирсан хохирлыг нөхөн төлөх болон үг хүндрэл бэрхшээлтэй дүйцэхүйц хэмжээний хөлс төлөхийг нийтийн сервитут тогтоосон эрх бүхий этгээдээс шаардах эрхтэй” гэж тус тус заасан бөгөөд миний бие хууль тогтоомжид заасан газар өмчлөх эрхтэй холбоотой эрхийг бүрэн эдлэх эрхтэй.

          Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1, 33.1.4 дэх заалтын дагуу сервитут тогтоож байгаа бол уг хулийн 33.3-т зааснаар “Нийтийн сервитут нь газар өмчлөгч иргэнд аль болох бэрхшээл учруулахааргүй байна” гэснийг хангах ёстой. Гэтэл захирамжид сургууль барихаар дурдсан нь өмчлөгч өөрийн өмчлөлийн газрыг өмчлөх, эзэмших ямар ч боломжгүй болгосон нь дээрх өмчлөх эрхийг ноцтой зөрчиж байна.

         Маргаан бүхий захирамжийг гаргасан үндэслэл нь Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1-т “Сум, дүүргийн Засаг дарга улсын болон тухайн нутаг дэвсгэрийн хүн амын нийтлэг ашиг сонирхлыг хангах зайлшгүй шаардлагатай тохиолдолд иргэнд өмчлүүлсэн газарт дор дурдсан нийтийн сервитут тогтоож болно”, 33.1.4-т “газар зохион байгуулалтын бусад арга хэмжээ хэрэгжүүлэх” гэж заасныг үндэслэсэн байна. Энэ нь зөвхөн газар зохион байгуулалттай холбоотой зохицуулалт юм. Харин Дорноговь аймгийн Сайншанд сумын Засаг даргын 2020 оны А/109 дүгээр захирамжийн 1-т “хүн амын нийтлэг эрх ашиг сонирхол, хүүхдийн сурч боловсрох орчин нөхцөлийг нэмэгдүүлэх зорилгоор 640 хүүхдийн багтаамжтай ерөнхий боловсролын сургуулийн барилгыг барих зориулалтаар гэж” заажээ.

           Мөн Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 33.4-т заасан эрх буюу “Өмчийн газарт нь нийтийн сервитут тогтоосноос газар өмчлөгч иргэн газраа ашиглах боломжгүй буюу ашиглахад хүндрэл бэрхшээлтэй болох тохиолдолд газар өмчлөгч иргэн нь уг газрыг худалдан авахыг, мөн түүнд учирсан хохирлыг нөхөн төлөх болон үг хүндрэл бэрхшээлтэй дүйцэхүйц хэмжээний хөлс төлөхийг нийтийн сервитут тогтоосон эрх бүхий этгээдээс шаардах эрхтэй” гэж заасан эрхийг үл хэрэгсэж, өөр байршилд газар санал болгож байна.

            Хэрэв дээрх тохиолдлоор газрыг солих бол сервитут тогтоох бус Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 32 дугаар зүйлд заасан “Иргэний өмчийн газрыг улсын тусгай хэрэгцээг үндэслэн нөхөх олговортойгоор солих буюу эргүүлэн авах”, 37 дугаар зүйлд заасан “Иргэний өмчийн газрыг улсын тусгай хэрэгцээг үндэслэн нөхөх олговортойгоор солих буюу эргүүлэн авах үед иргэний газар өмчлөх эрхийн баталгааг хангах” гэсэн зохицуулалтын хүрээнд шийдвэрлэх өөр асуудал болно. Энэ тохиолдолд шийдвэр гаргах эрх хэмжээ ч сумын Засаг даргад байхгүй болно.

         Дорноговь аймгийн Сайншанд сумын Засаг даргын 2020 оны А/109 дүгээр захирамжаар тогтоосон сервитут нь захирамжид дурдсан ажилтай нь нийцээгүй, газар өмчлөгчийн хуулиар тогтоосон эрхийг зөрчсөн, Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1-д зааснаар сервитут тогтоосон боловч Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 32 дугаар зүйлтэй холбоотой хэрэгжих 37 дугаар зүйлийн 37.1.1-д зааснаар газар солих гэж / энэ заалтад дурдсан шаардлага хангахгүй байршилд газар санал болгосон/ байгаа зэрэг нь хуулийг илт буруу хэрэглэсэн байгаа тул энэхүү захирамж болон захирамжийн хавсралт хүснэгтийн 1 дэх хэсгийг хүчингүй болгох үндэслэл болж байна. Учир нь Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 33 дугаар зүйлд зааснаар сервитут тогтоосон газрыг өөр газраар солих зохицуулалт огт байхгүй харин уг хуулийн 33.4-т зааснаар “Өмчийн газарт нь нийтийн сервитут тогтоосноос газар өмчлөгч иргэн газраа ашиглах боломжгүй буюу ашиглахад хүндрэл бэрхшээлтэй болох тохиолдолд газар өмчлөгч иргэн нь уг газрыг худалдан авахыг, мөн түүнд учирсан хохирлыг нөхөн төлөх болон уг бэрхшээлтэй дүйцэхүйц хэмжээний хөлс төлөхийг нийтийн сервитут тогтоосон эрх бүхий этгээдээс шаардах эрхтэй” тухай заажээ.

           Мөн Дорноговь аймгийн Сайншанд сумын Засаг даргын 2020 оны А/109 дүгээр захирамжийн 1-т “Хүн амын нийтлэг эрх ашиг сонирхол, хүүхдийн сурч боловсрох нөхцөлийг нэмэгдүүлэх зорилгоор 640 хүүхдийн багтаамжтай ерөнхий боловсролын сургуулийн барилгыг барих зориулалтаар гэж” заасныг улсын төсвийн хөрөнгө оруулалтаар баригдах сургууль гэж ойлгож байгаа бол энэ нь 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр УИХ-аас баталсан Монгол Улсын 2020 оны Төсвийн тухай хуульд зааснаар санхүүжиж байгаа.

         Төсвийн санхүүжилтээр хөрөнгө оруулалт хийж сургууль барих бол Төсвийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29-т “Хөрөнгө оруулалтын төсөвт техник эдийн засгийн үндэслэл хийгдсэн, зураг төсвөө батлуулсан, хуульд заасан бусад зөвшөөрөл олгогдсон төсөл, арга хэмжээг тусгана” гэж заасан шаардлагыг биелүүлсэн байх ёстой. Энэ нь төсөв батлуулчихаад газраа хийх биш, газар болон бусад техникийн шаардлагыг биелүүлээд төсвөө батлуулсан байх ёстой гэсэн үг юм.

       Төсвийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29-т заасантай уялдуулан тодруулахад Барилгын тухай хуулийн 7 дугаар зүйлийн “Эрх бүхий байгууллага барилгын ажлын зөвшөөрөл олгохдоо доор дурдсан асуудлыг харгалзан үзнэ” гэсэн 7.1 дэх хэсгийн 7.1.1-т “барилгын үйл ажиллагаанаас шалтгаалан үүсэх иргэн, хуулийн этгээдийн өмчлөл, эзэмшил, ашиглалтад байгаа газар, үл хөдлөх эд хөрөнгөтэй холбоотой эрх, ашиг сонирхол” гэж, мөн хуулийн “Барилгын зураг төсөлд тавих шаардлага” гэсэн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсгийн 12.1.1-т “эрх бүхий байгууллагаас олгосон газрын зөвшөөрөл, зургийн даалгавар, норм, нормативын баримт бичиг, стандарт, технологийн даалгавар, тоног төхөөрөмжийн паспорт, техникийн нөхцөл, инженер хайгуулын судалгаанд үндэслэн боловсруулагдсан байх” гэж тус тус заажээ.

         Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29.1.6 дахь заалтад “хууль ёс, дэг журам, аюулгүй байдлыг хангах, иргэдийн эрх, эрх чөлөөг хамгаалах талаарх” аймаг, нийслэл, сум дүүргийн Засаг даргын нийтлэг бүрэн эрхийг заасан бөгөөд энэ эрхийг зөвхөн хууль тогтоомжийн дагуу хэрэгжүүлэх ёстой.Харин Монгол Улсн Үндсэн хуулийн 5 дугаар зүйлийн 2, 16.3-т заасныг зөрчин хүний хууль ёсны өмчлөлийн газрыг хууль бусаар авах эрх байхгүй.

        Дорноговь аймгийн Сайншанд сумын Засаг даргын 2020 оны А/109 дүгээр захирамж нь 2020 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр гарсан бол, Дорноговь аймгийн Сайншанд сумн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2020 оны 03 дугаар тогтоол нь 2020 оны 05 дугаар сарын 07-ны өдөр гарсан байна. Энэ нь захиргааны байгууллагын шийдвэрийн дараалал алдагдсан гэж үзэж болохоор байна.

       Дээрх бүх үндэслэлээр Дорноговь аймгийн Сайншанд сумын Засаг даргын 2020 оны А/109 дүгээр захирамж буюу захиргааны актын бодит зорилго бол сервитут тогтоох бус иргэний өмчлөлийн газрын авах зорилгод тулгуурласан гэж үзэж болохоор байна.

       Монгол Улсын иргэд газар өмчлүүлэх тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1-т “иргэн газар өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд нь төрийн байгууллага албан тушаалтан хууль бусаар саад учруулсан гэж үзвэл тухайн байгууллага албан тушаалтны дээд шатны байгууллага, албан тушаалтан гомдол гаргана” гэж заасны дагуу Дорноговь аймгийн Сайншанд сумын Засаг даргын 2020 оны А/109 дүгээр захирамжийн хавсралт хүснэгтийн 1 дэх хэсгийг хүчингүй болгуулахаар 2020 оны 05 дугаар сарын 26-ны өдөр Дорноговь аймгийн Сайншанд сумын Засаг даргад, 2020 оны 05 дугаар сарын 27-ны өдөр Дорноговь аймгийн Засаг даргад тус тус гомдол гаргасан. Гэвч Дорноговь аймгийн Сайншанд сумын Засаг дарга, аймгийн Засаг дарга Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.2-т “гомдлыг хүлээн авсан байгууллага, албан тушаалтан түүнийг хүлээн авснаас хойш 30 хоногийн дотор хянан шийдвэрлэж, иргэнд бичгээр хариу өгнө” гэж заасан атал 30 хоногийн дотор ямар нэг хариу өгөөгүй болно. Иймд дээрх үндэслэлээр Дорноговь аймгийн Сайншанд сумын Засаг даргын 2020 оны А/109 дүгээр захирамжийн хавсралт хүснэгтийн 1 дэх хэсгийг хүчингүйд тооцож өгнө үү.

 

          Сургууль барих зорилгоор газрыг нийтийн сервитут тогтоох асуудал нь хууль болон Засгийн газрын 2003 оны  28-р тогтоолын 3-р хавсралтад байхгүй. Энэ бол өөр ажиллагаа юм. Энэ асуудлыг буруу ойлгож гаргасан байгаа учраас захирамж нь хуулийн буруу зүйл заалтад үндэслэсэн байна. Монгол Улсын Үндсэн хуулиар олгогдсон хувийн өмчийг та нар дайчлан авах гэж байгаа нь суурь зарчим эвдэж байна гэж үзэж байна.

         Би Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуульд заасан газрыг хурааж авах тухай ямар ч зүйл зөрчөөгүй. Мөн хуульд зааснаар гадаадын иргэнд худалдсан, хууль зөрчиж хар тамхи худалдсан ч гэдэг юм уу нэг ч тийм газар өмчлөгчийн эрхийг зөрчөөгүй. Бид өөрийн зүгээс ирсэн процессыг хийж явж ирсэн. Гэтэл огт хуулийн үндэслэлгүйгээр захирамж гаргаж байгаа нь хууль бус байна. Хууль дээдлэх төрийн үйл ажиллагааны үндсэн зарчмыг зөрчиж байна.

         Хуульд байхгүй зарчмыг үндэслэж захирамж гаргасан тул хүчингүй болгож өгөөч гэж байна. Төсвийн хөрөнгө оруулалтаар сургууль барих гэж байгаа бол Төсвийн тухай хуулийг дагах ёстой. Энэ санхүүжилт нь орон нутгийн хөрөнгөөр байна уу, төсвийн хөрөнгөөр байх нь хамаагүй нэг хуульд захирагддаг. Төсвийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.4-т хөрөнгө оруулалтын төсөвт техник, эдийн засгийн үндэслэл хийгдсэн, зураг төсвөө батлуулсан, хуульд заасан бусад зөвшөөрөл олгогдсон төсөл, арга хэмжээг тусгана гэж заасан байна. Энэ төсөв хэзээ батлагдсан гэхээр 2019 онд аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлаар баталсан төсөв байна. 2019 онд төсөв баталж 5 тэрбум төгрөг тавьж 2020 онд тэрбум 300-г санхүүжүүлнэ гэж тавихдаа энэ барилга өөрөө аль хэдийн газраа олсон байх ёстой. Энэ хуультай холбоотой заалт нь Барилгын тухай хуулийн 12.1.1-т эрх бүхий байгууллагаас олгосон газрын зөвшөөрөл, зургийн даалгавар, норм, нормативын баримт бичиг, стандарт, технологийн даалгавар, тоног төхөөрөмжийн паспорт, техникийн нөхцөл, инженер хайгуулын судалгаанд үндэслэн боловсруулагдсан байх гэж заасан байна.  Эрх бүхий байгууллагаас олгосон газрын зөвшөөрөл нь 2020 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн Засаг даргын захирамж биш бид нар мэдээгүй байхад бидний газрыг авчхаад байна. Энэ барилга нь 2020 онд баригдах ёстой барилга боловч төсвийг иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар батлахдаа Төсвийн тухай  хуульд заасан бүх газар бүх техникийн тоног төхөөрөмж бэлэн болсон байх ёстой. Та нар төсөвтөө суулгачихаад тэр газартай байсан байж магадгүй. Тэр газраа яасан юм. Дараа нь сервитут тогтоож байна. Энэ бол байшин барилгатай холбоотой асуудал биш.  Иргэний өмчлөлийн газрыг булааж авсан байна. 

          Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 33.3-т нийтийн сервитут нь газар өмчлөгч иргэнд аль болох бэрхшээл учруулахааргүй байна гэсэн хамгийн гол заалт байна. Нийтийн сервитут тогтоож барилга барихаар заасан хуулийн зохицуулалт байхгүй байна. Надад бэрхшээл учруулах нь байтугай. Би энэ газрыг эзэмших эрхгүй болж байна. Нэг өглөө босоод ирэхэд таны газар байхгүй болсон гэж хэлдэг. Ардчиллын үндсэн зарчим хуулиар өмчийг хамгаална гэсэн заалт хаана байна вэ. Яагаад төрийн байгууллага хууль дээдлэх зарчмаа хэрэгжүүлэхгүй байгаа юм бэ. Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.6-т хууль ёс, дэг журам, аюулгүй байдлыг хангах, иргэдийн эрх, эрх чөлөөг хамгаалах талаар аймаг, нийслэл сум дүүргийн нийтлэг бүрэн эрхийг заасан байна.

          Газар авмаар байгаа бол сервитут тогтоох асуудлаар биш маш олон зохицуулалт байна. Барилга барих зорилгоор сервитут тогтооно гэж анх удаа сонсож байна. Иймд Дорноговь аймгийн Сайншанд сумын Засаг даргын 2020 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн А/109 дүгээр захирамжийг хүчингүй болгож өгнө үү гэв.

 

        Хариуцагч ДГА-ийн Ссумын Засаг даргаас шүүхэд бичгээр ирүүлсэн тайлбар болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын 2020 оны 297 дугаар тоот албан бичгээр тус сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэрт Дампилын хэсэгт орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар 640 хүүхдийн сургуулийн барилгыг 1 га газарт барихаар төлөвлөж тухайн төлөвлөсөн газарт аймгийн Засаг даргын 2004-2010 онд гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар 3 иргэнд өмчлүүлэхээр олгосон газарт Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуульд заасны дагуу нийтийн сервитутыг тогтоох зарчмаар газрын үнэлгээ, байршлал, шинж чанарыг дордуулахгүйгээр газрыг шилжүүлэн олгохыг чиглэл болгосон.

            Дээрх чиглэлийн дагуу Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1 дэх заалтын дагуу иргэн Э.А, Д.И нарт сумын Засаг даргын 2020 оны 1/389, 1/387 тоот албан бичгээр хүн амын нийтлэг ашиг сонирхлыг хангах зайлшгүй шаардлагаар нийтийн сервитут тогтоож байгааг урьдчилан мэдэгдсэн. Мөн дээрх иргэдэд сумын Засаг даргын 2020 оны “Нийтийн сервитут тогтоох тухай” А/109 дүгээр захирамж гарсан талаар 2020 оны 1/415, 1/416 тоот албан бичгээр мэдэгдсэн болно.

            Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2020 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн “Сумын 2020 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай” 03 дугаар тогтоолын 8 дугаар хавсралтаар гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар өмчилсөн газрын байршил шилжүүлсэн төлөвлөгөөг сумын Засаг даргын 1/523, 1/529 дүгээр албан бичгээр хүргүүлсэн.

           Сумын Засаг даргын 2020 оны “Нийтийн сервитут тогтоох тухай” А/109 дүгээр захирамж нь ерөнхий боловсролын сургуулийн хүрэлцээ, хангамжийг хүн амын нийтлэг ашиг сонирхлыг хангах зайлшгүй шаардлагыг хангасан холбогдох хуулийн хүрээнд гарсан шийдвэр юм.

           Иймд иргэн Э.А, Д.И нарын нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй болно. Сайншанд сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2020 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн Сумын 2020 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай” 03 дугаар тогтоолын 8 дугаар хавсралтаар батлагдсан газар нь нэхэмжлэгч нарын өмчлөлийн газрыг шилжүүлэхдээ холбоотой гарсан тогтоол юм. Дээрх тогтоолоос өмнө нутаг дэвсгэрийн хүн амын нийтлэг ашиг сонирхлыг хангах зайлшгүй шаардлагаар өмчлөгч иргэдийн өмчлөх эрхээ хэрэгжүүлэхийг хязгаарлаж Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.4 дэх заалтыг үндэслэн сумын Засаг даргын 2020 оны “Нийтийн сервитут тогтоох тухай” А/109 дүгээр захирамж гарсан. Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.4 дэх заалт дахь “газар зохион байгуулалтын бусад арга хэмжээ хэрэгжүүлэх” гэдэгт газрын төлөв байдал, чанарын улсын хянан баталгаа, кадастрын зураглал, дахин төлөвлөлтийн арга хэмжээнүүд хамаардаг.

          ДГА-ийн Сайншанд сумын Засаг даргын 2020 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн нийтийн сервитут тогтоох А/109 дүгээр захирамж ерөнхий боловсролын сургуулийн хүрэлцээ, хангамжийг нэмэгдүүлэх, хүн амын нийтлэг ашиг сонирхлыг хангах зайлшгүй шаардлагын дагуу холбогдож энэ шийдвэр гарсан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс энэ тайлбар дээр байр суурь нэг  байгаа.

         Хавтаст хэрэгт сургууль барих талаар тэмдэглэл байгаа. Хавтаст хэргийн 192-р хуудсанд багийн Засаг даргын тодорхойлолтод 2018-2019 онд Ерөнхий боловсролын сургуульд хэдэн хүүхэд суралцаж байгаа болон 2019-2020 онд хэдэн хүүхэд суралцаж байгаа талаарх баримт ирүүлсэн байна. Иймд 3 иргэний эрх ашиг уу, 640 хүүхдийн эрх ашиг уу гэдэг үүднээс нэхэмжлэлд ийм байдлаар дараах няцаалтыг манай талаас хийж байна.

        Нэхэмжлэгч Э.А-аас гаргасан хууль зүйн үндэслэлдээ Сайншанд сумын Засаг даргын А109 дүгээр захирамж гарахдаа газар эзэмшигч иргэн надад огт мэдэгдээгүй бөгөөд Захиргааны ерөнхий хуулийн 24, 25, 26-р зүйлд заасан оролцогчийг сонсох нотлох баримт цуглуулах сонсох ажиллагаа зэргийг огт хийгээгүй буюу хууль бус шийдвэр гаргасан байна гэж заасан байдаг. Гэвч манай зүгээс Захиргааны ерөнхий хуулийн 27-р зүйлийн 27.4-т зааснаар 27.4.2-т саналыг бичгээр авах, 27.4.3-т биечлэн уулзах, 27.4.4-т утсаар санал авах зэргээр сонсох ажиллагааг хийсэн. Дорноговь аймгийн Сайншанд сумын Засаг дарга нь биечлэн уулзсан мөн бичиг хэргийн эрхлэгч утсаар холбогдож ийм шийдвэр гарч байна. Ирж авах уу гэхэд  нэхэмжлэгч нь утсаар холбогдож ирээд зургийг нь авч 2020 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн мэдэгдлийг авахгүй явж байсан. Энэ сарын 03-ны өдөр Сайншанд сумын Засаг даргын нийтийн сервитут тогтоох тухай захирамжийн хүсэлтийг шүүх хэлэлцэн шийдвэрлэсэн. Энэ үед миний зүгээс хүсэлт гаргасан нь хавтаст хэргийн материал, шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсан байна. Энэ газар дээр ямар нэгэн газар шорооны ажил хийгдээгүй байгаа. Харин сургууль барихтай холбоотой төсөв мөнгө батлагдсан асуудал, тендер зарлагдсан асуудал энэ үе шатыг тодруулж үзсэний үндсэн дээр захирамжийг түдгэлзүүлэх асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх талаар хүсэлт гаргасан. Хүсэлтийг нэхэмжлэгчийн талд шийдсэн. Энэ үйл ажиллагааны процессын үед нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Энхжаргал газар олгосон уу гэж асуулт асуухад миний зүгээс Сайншанд сумын Засаг даргын 2020 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 109 дүгээр захирамж гарсантай холбогдуулж тус Засаг даргын зүгээс хэн нэгэн этгээдэд газар эзэмшүүлсэн шийдвэр гараагүй. Мөн сургуулийн зориулалтаар Сайншанд сумын Тамгын газрын зүгээс хэн нэгэн этгээдэд эзэмшсэн зүйл байхгүй гэж тайлбартаа хэлсэн.  Дорноговь аймгийн Засаг даргын 2020 оны  04 дүгээр сарын 17-ны өдрийн А/336 дугаар газар эзэмшүүлэх захирамжийг ач холбогдолтой баримт гэж үзэж нотлох баримтаар өгсөн байна. Энэ маргаж байгаа эрх зүйн акттай холбоотой мэдэх ёстой зүйл гэж үзэж энэ баримтыг  оруулж ирсэн гэв.

 

         Хариуцагчийн өмгөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Нэхэмжлэгч Э.А-ийн нэхэмжлэлийн гол үндэслэл бол Захиргааны ерөнхий хуулийн хууль хэрэглээний зарчмыг баримталж энэ хууль нь Засаг дарга захирамжаа гаргахдаа үндэслэх ёсгүй зүйлийг үндэслэсэн нь хууль бус байна гэж хэлж байна. Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29-р зүйлд зааснаар Засаг дарга нь үйл ажиллагаагаа явуулахдаа ямар хуулийн заалтыг баримтлах эрхийг олгосны дагуу энэ хуулийг барьсан байна. Энэ хууль Монгол Улсын Үндсэн хууль зөрчсөн мэтээр тайлбарлаж ярьж байна. Энэ  хууль нь Үндсэн хууль зөрчсөн бол та үндсэн хуулийн цэцэд хандаач.

           Дараагийн асуудал нь нөхөн олговрын тухай буюу Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 3-т заасан тухай байна. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б-ын хэлж байгаа дээр давхардуулж хэлэхэд энэ гарсан эрхийн акт нь Монгол Улсын Үндсэн хууль зөрчсөн юм бол хаана хандах ёстой юм бэ гэхээр дайчлан авах сервитут тогтоох гэж хуульд зааснаар хязгаарлалт тогтоох гэж байна. Хязгаарлалт тогтоох гэдгийг дайчлан авах руу оруулж өөрийн ойлгосноороо хууль тайлбарлах  шаардлагагүй хүмүүс буруу ойлгож магадгүй.

         Э.А-ийн нэхэмжлэл дээр нөхөн олговор авах тухай хуулийн заалтыг авсан байна. Тэгэхээр миний ойлголтоор нөхөн олговор авах гэж байгаа юм уу гаргасан актыг хүчингүй болгох үндэслэл нь өөрийнх нь нэхэмжлэлтэй тохирохгүй байна гэж үзэж байна.  Нэхэмжлэлийн агуулга нь хүчингүй болгох тухай байна. Хүчингүй болгож байгаа нь ямар хууль зөрчсөн гэдэг нь тодорхой бус байна. Энд 10 гаруй хууль байгаа бөгөөд энэ хуулиудыг судалж үзэхээр Засаг даргын эхний хууль зүйн үндэслэл дээр байхгүй гэж байна. Засаг дарга Монгол улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1, 33.4-т заасныг баримталсан байна. Мөн хуулийн 33 дугаар зүйлийн 33.1-т сум, дүүргийн Засаг дарга улсын болон тухайн нутаг дэвсгэрийн хүн амын нийтлэг ашиг сонирхлыг хангах зайлшгүй шаардлагатай тохиолдолд иргэнд өмчлүүлсэн газарт дор дурдсан нийтийн сервитут тогтоож болно гэж онцгой эрх олгосон байна. Энэ бол аймаг, нийслэлийн Засаг дарга болон Ерөнхий сайдад байдаггүй эрх. Энэ эрхээ сумын Засаг дарга хүн амын нийтлэг эрх ашиг зохицуулж миний, чиний газрыг авч болно. Энэ сумын Засаг дарга өөрөө авсан бол өөр асуудал. Гэтэл  сумын Засаг дарга нь хүн амын нийтлэг ашиг сонирхлыг хангахын тулд болон аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 12/09 дүгээр тогтоолын 3-р хавсралтаар батлагдсан 640 хүүхдийн сургуулийн барилгыг барих шаардлага нийтийн эрх, ашиг хөндсөн байна. Хууль зөрчсөн асуудал биш. Өнөөдөр энэ дээр маргаагүй. Гэхдээ энэ захирамж гаргах асуудал юунаас үндэслэсэн бэ гэхээр энэ эрхийн актаас болон аймгийн Засаг дарга газрын болон барилгын асуудалтай холбогдуулан бодлогын арга хэмжээ ярьж байгаад агентлагаас албан бичиг ирүүлсэн байна.

       Сумын иргэдийн хурлын тогтоол гарсан зэргээс үндэслэж энэ захирамж гарсан. Эмзэглэх хэрэггүй, хэний ч юмыг хэрэгцээ гарвал авах хуульд тусгайлан заасан эрх байдаг. Энд гомдоллох шаардлага байхгүй. Гэхдээ хуульд эрхийг нь зааж өгсөн байгаа.  Шүүхээр шийдвэрлүүлэх ёстой. Нэг ч иргэн хуулийн дагуу эрхээ хамгаалуулах гэж хууль шүүхийн байгууллагад хандаж байгаа нь бол зүйтэй байна. Энийг эцэслэн шийдвэрлүүлэх нь зүйтэй. Нэхэмжлэгч Д.Инжээгийн нэхэмжлэл дээр Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 27 дугаар зүйлийн  27.5-т  ашиглалтын төлбөр улс авбал  нөхөн олговор олгоно. Мөн хуулийн 33.4-т Өмчийн газарт нь нийтийн сервитут тогтоосноос газар өмчлөгч иргэн газраа ашиглах боломжгүй буюу ашиглахад хүндрэл бэрхшээлтэй болох тохиолдолд газар өмчлөгч иргэн нь уг газрыг худалдан авахыг, мөн түүнд учирсан хохирлыг нөхөн төлөх болон уг хүндрэл бэрхшээлтэй дүйцэхүйц хэмжээний хөлс төлөхийг нийтийн сервитут тогтоосон эрх бүхий этгээдээс шаардах эрхтэй гэсэн байна. Энэ дээр учирсан хохирлоо гаргаж ирвэл тэр шийдвэрийг нь дэмжинэ. Гэтэл энэ 2 нэхэмжлэлээс сумын Засаг даргын захирамжийг няцаасан хууль зүйн үндэслэлгүй болохыг нь баталсан 1 хуудас  нотлох баримт хэрэгт байхгүй. Энэ хүмүүс хуулийн дагуу авсан байна. Гэтэл улс орны эрх ашигт тохируулж буцааж авч болдог гэдэг хуулийн заалтыг яагаад ойлгохгүй байгаа юм бэ. Хэн ч байсан өгнө гэдгийг би тайлбарлаж байна. Ерөнхий сайд таны авсан газрыг өгч болно. Тогтоохдоо хугацаатай, хугацаагүй тогтоож болно. Хугацаатай тогтоосон тохиолдолд хохирол төлбөр төлнө. Харин энэ газар дээр ямар зүйл хийсэн гэсэн төлбөр хохиролтой холбоотой баримт яагаад байхгүй байгаа юм бэ. Цаасан дээр бичсэн ганц өгүүлбэрээр үүнийг тогтоож болохгүй. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Энхжаргал нь хууль зүйн үндэслэлээ гаргаж хэлсэн. Гэхдээ нэхэмжлэлийн ямар шаардлага гаргаж юуг няцааж байгаа нь тодорхой биш байна.

          Аймгийн Засаг даргын 2020 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн А/336 дугаар захирамжийг сая олж үзсэн. Бид нар ямар нэгэн бодлогоор хойшлуулж байгаад шүүх хурал эхлэхээр энэ захирамжийг өгнө гээгүй. Бид нар өчигдөр уулзаж энэ талаар аймгийн Засаг даргын захирамж гарсан юм уу гэж үзэхэд захирамж нь гарч төлөвлөгөө нь гарч тендер дээр тулсан байсан. Энэ захирамжид асуудал байгаа. Энэ захирамж нь энэ хүмүүсийн эрх ашгийг хөндөхгүй байгаа юм уу. Энэ захирамжийг уншиж үзэхээр энэ 3 хүний газартай холбоотой 640 хүүхдийн сургуулийн асуудалтай холбоотой захирамж байна. Энэ газартай холбогдуулж нотлох баримт цуглуулах талаар шүүхээс олон удаа албан бичиг явуулсан байна. Эндээс цугларсан нотлох баримтыг харахаар тэмдэглэлд нь энэ сургуулийг барих шаардлагатай юм уу гэдгийг тухайн баг оронд байгаа иргэдийн насны тоогоор гаргаж ирээд сургууль барих шаардлагатай гэдэг нь харагдана. Э.Энхжаргал нь хөгжлийн бодлогын хэлтсийн даргаар ажиллаж байсан. Сургууль, зам барилгын асуудлыг аймгийн хэмжээнд удирдаж байсан хүн. Энэ талаар хуулийн зохицуулалт ямар байдгийг маш сайн мэдэж байгаа. Багийн Засаг даргын тодорхойлолтод хүн амын бүтцийн талаар бичсэн байна. Дорноговь аймгийн хэмжээнд сургууль дутагдалтай байгааг хэн хүнгүй мэдэж байгаа.

         Тэгэхээр цаг үеийн байдал болон нийгмийн ашиг сонирхлын үүднээс хүний эрх хуулиар хязгаарлагддаг. Төр зохицуулалт хийхдээ хууль гаргаж иргэд дагаж мөрддөг. Газрын асуудлыг шийдсэн гэж бодож байна. 7-р багт зам дагуу газар олгохоор танай асуудлыг шийдсэн байгаа. Энэ шүүхийн шийдвэр ямар гарахаас үл хамаарч тэр газарт газар өгнө. Хавтаст хэргийн 74-р хуудсанд ерөнхий төлөвлөгөөний зураг нь байна. Энэ төлөвлөгөө нь маш нарийн судалгаатай сургуульд байх бүх стандартыг хангасан байгаа. Энэ зурагт юу байна гэхээр 2 зүйл байгааг харсан бусдыг нь мэдэхгүй байна. Зургийн баруун дээд буланд байршил нь байгаа. Тэр нь сервитут тогтоож байгаа Сайншанд сумын 6-р багийн Дампилын тэр газар байгаа. Хавтаст хэрэгт авагдсан нэхэмжлэгч Э.Анужингийн хувийн хэрэг байгаа. Тэр нь 2 өөр дугаартай байна гэж дугаарыг нь салгаж тавьсан байна. Бид энэ газрыг Э.Анужин, Д.Инжээ нарын газар биш гэж үзэхгүй. Харин төрийн албанд хуулиар олгогдсон эрх ашгийг нь тогтоож өгсөн байна.

         Засгийн газрын 2003 оны  28 дугаар тогтоол нь хуулиас давсан  байж болохгүй гэж бүгд ярьдаг. Энэ дээр эрх хязгаарлалтын талаар байхгүй. Энийг Засаг дарга захирамжид хууль зүйн үндэслэл болгоогүй. Газар зохион байгуулалт нь тус бүрдээ эрхтэй. Энэ дээр ихэвчлэн Засгийн газрын шийдвэрээр хийнэ. Сумын Засаг даргын, аймгийн Засаг даргын захирамжаар хийхгүй. Хийхдээ газрын зохион байгуулалтын мэргэшсэн байгууллагын тендер зарлаж газар зохион байгуулалтыг хийнэ. Газар зохион байгуулалтыг хийгээгүй байж яагаад энэ газрыг олгосон юм бэ гэхээр энэ тогтоолын 3-р хавсралтыг уншиж үзэхээр ойлгогдож байна. Энэ дээр хөрөнгө оруулалтын асуудлыг шийдсэн байгаа.

           Төр нь олон нийтийн эрхийг хамгаалахын тулд байдаг болохоор төрд хуулиар олгогдсон эрхийг хэрэгжүүлэхгүй бол хэн хохирох вэ гэхээр ард түмэн хохирно. Тийм учраас Засаг дарга захирамжаа гаргахдаа олон нийтийн эрх ашиг, хүүхдүүдийн эрх ашиг илүү давуу гэж үзэж хуульд заасан эрхээ эдэлж захирамжаа гаргасан байна.

          Хязгаарлалт гэж юуг хэлдэг вэ гэхээр хууль тогтоомжийн хүрээнд нийтийн эрх ашгийн хамгаалах зорилгоор тогтоодог зүйл юм. Агуулгаараа бол хууль зөрчөөгүй гэж хэлэх гэсэн юм. Тэгэхээр энэ Засаг даргын захирамж хууль зүйн үндэслэл бүхий байна. Сайншанд сумын 2025 он хүртэлх төлөвлөлт хийгдсэн явж байгаа. Энэ ажил эхэлснээр олон асуудал үүссэн. Гэхдээ эрх нь хөндөгдөж байгаа 3 иргэнд хамааралтай бид хуулийн хүрээнд энэ 3 иргэний эрх ашгийг хамгаалахын тулд давуу боломжийн газрыг олгохоор шийдвэрлэсэн байна. Заавал тэр заасан газар байхгүй болчихвол ямар асуудалтай байна вэ, тэнд өөр нэг замдаа ойрхон, сайхан газар зааж өгсөн байна. Тэгэхээр төрийн байгууллагын шийдвэр нь хэн нэгний газрыг булааж дайчлан авахад чиглэгдээгүй, нийгмийн эрх ашгийн төлөө чиглэгдсэн. Энэ захирамж нь дээрх үндэслэлээс урган гарсан бөгөөд хуулийн дагуу төр иргэний өмчийг шийдвэрлэсэн байна гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

                Дорноговь аймгийн Сайншанд сумын Засаг даргын 2020 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн “Нийтийн сервитут тогтоох тухай” А/109 дүгээр захирамжаар[1], Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.6 “а” дэд заалт, 29.2 дахь хэсэг, Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1 дэх хэсэг, 33.1.4 дэх заалтыг тус тус үндэслэн тус сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэрт Алтанжолоо гудамжинд 1.0 га газарт “Хүн амын нийтлэг ашиг сонирхол, хүүхдийн сурч боловсрох орчин нөхцөлийг нэмэгдүүлэх зорилгоор 640 хүүхдийн багтаамжтай ерөнхий боловсролын сургуулийн барилгыг барих зориулалтаар” нийтийн сервитутыг байнгын хугацаатай тогтоон, газрын байршлын координат, өмчлөгч иргэдийн нэр, газрын хаягийг хавсралтаар баталжээ.

                Нэхэмжлэгч Э.А, дээрх захирамжийн өөрт холбогдох хэсгийг хүчингүй болгуулахаар шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “...захирамж нь Захиргааны ерөнхий хуулийн 4.2.1, 4.2.6, 4.2.8 дахь заалт, 24, 25, 26 дугаар зүйл, Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 3-т заасныг зөрчсөн, ...А/109 дүгээр захирамжид дурдсан “сургууль барих үйл ажиллагаа” нь Засгийн газрын 2003 оны 28 дугаар тогтоолоор батлагдсан “Газар зохион байгуулалт хийх журам”-д заасан газар зохион байгуулалтын арга хэмжээнд хамаарахгүй” гэж, нэхэмжлэгч Д.Инжээ нь “...захирамжаар тогтоосон сервитут нь барилга барих ажилтай нийцээгүй, ...хуулийн 33.1 дэх хэсгийг үндэслэж сервитут тогтоосон боловч 32 дугаар зүйл, 37.1.1-д зааснаар  газар солих гэж байгаа нь хуулийг илт буруу хэрэглэсэн бөгөөд сервитут тогтоосон газрыг өөр газраар солих зохицуулалт огт байхгүй, ...худалдан авахыг болон хохирол төлөхийг шаардах эрхтэй гэснийг үл хэрэгсэж өөр газар санал болгосон, ...захирамжийн гол зорилго нь сервитут тогтоох бус өмчийн газрыг авах зорилгод тулгуурласан, ...Үндсэн хуулийн 5 дугаар зүйлийн 2, 16 дугаар зүйлийн 3-т заасныг зөрчиж өмчлөлийн газрыг хууль бусаар авах эрхгүй, ...” гэх зэргээр маргаж байна.

                Нэхэмжлэгч Э.А-ийн өмчлөлийн Сайншанд сумын 6 дугаар баг, Алтанжолоо гудамж, 16 дугаар хэсгийн 18 тоот /хуучнаар Сайншанд сумын 1 дүгээр баг, Дампилын 16 дугаар хэсгийн 18 тоот/ хаягт байршилтай 3000 м.кв газрын тухайд анх, Дорноговь аймгийн Засаг даргын 2004 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 300 дугаар захирамж /хавсралтын 36 дугаарт/-аар иргэн Э.Э болон түүний гэр бүлийн гишүүн эхнэр Д.Д, охин Э.А нарт 0.1 га газрыг гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар өмчлүүлэхээр шийдвэрлэсэн, мөн Засаг даргын 2010 оны 07 дугаар сарын 15-ны өдрийн А/306 дугаар захирамжаар “газрын хэмжээг бууруулж 1000 м.кв гэж буруу бичсэн” гэх үндэслэлээр Э.Э, Д.Д, Э.А нарт өмчлүүлсэн 0,1 га газрын хэмжээг 3000 м.кв болгож өөрчилсөн, улмаар 2010 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн “Өмчлөх эрх шилжүүлэх гэрээ”-гээр Э.Э, Д.Д нар газар хамтран өмчлөх эрхээ охин Э.А-д шилжүүлсэн,  уг хэлцлийг үндэслэн аймгийн Засаг даргын 2010 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн А/504 дүгээр захирамжаар иргэн Э.А-ийн өмчлөлийн газрын  хэмжээг 3000 м.кв болгож шийдвэрлэсэн, уг шийдвэрийн үндсэн дээр иргэн Э.А өмчлөлийн газраа 2013 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Г-0713001495 дугаарт бүртгүүлж, уг газрын хууль ёсны өмчлөгч болохыг баталгаажуулсан 000139933 дугаартай “Газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ”-г авснаар нэхэмжлэгч Э.А-д маргаан бүхий 3000 м.кв газрыг хууль ёсоор өмчлөх эрх үүссэн нь хэргийн 167-171, 112-113, 114, 162-166, 104-105, 6 дугаар хуудсанд тус тус авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байх ба энэхүү үйл баримтуудын тухайд хэргийн оролцогчид маргаагүй байна.

                Нэхэмжлэгч Д.И-ийн өмчлөлийн 3500 м.кв газрын тухайд мөн анх, Дорноговь аймгийн Засаг даргын 2004 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 300 дугаар захирамжаар иргэн Н.Урансүрэн болон түүний гэр бүлийн гишүүд болох охин Б.Н, хүү Б.Б, дүү Н.Х нарт хамтран 0.35 га газрыг өмчлүүлэхээр шийдвэрлэсэн ч 2010 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 000055822 дугаартай “Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ”-гээр Б.Н нь дангаар тухайн 3500 м.кв газрыг хууль ёсоор өмчлөх эрхтэй болсон улмаар иргэн Б.Н-аас өмчлөлийн газраа 2017 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн “Газар бэлэглэлийн гэрээ”-гээр иргэн Д.И-д бэлэглэснийг үндэслэж  Дорноговь аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс 2017 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 000435163 дугаартай “Газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ”-г Д.И-д олгосноор нэхэмжлэгч нь тухайн 3500 м.кв газрын хууль ёсны өмчлөгч болсон нь хавтаст хэргийн 120, 133, 130, 138, 136, 32, 135 дугаар хуудсанд авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байх ба хэргийн оролцогчид мөн энэхүү үйл баримтуудын тухайд маргаагүй болно.

                Хариуцагч Сайншанд сумын Засаг даргын гаргасан маргаан бүхий захиргааны актаар, нийтийн сервитут тогтоосон 1 га газар нь Дорноговь аймгийн Сайншанд сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэр, Алтанжолоо гудамжны 16 дугаар хэсгийн 18, 19, 20 тоот хаягт буюу тус сумын төв дөрвөн замаас баруун тийш чиглэлтэй авто зам дагуу байрлах гэр хорооллын дунд, авто замын талаасаа 40 м орчим зайд 18, 19, 20 гэсэн тоот хаягаар дараалан байршсан, иргэдэд өмчлүүлсэн боловч хашаа хайс босгоогүй, гэр, байшин бариагүй буюу ямар нэгэн суурьшлыг бий болгоогүй цулгуй газар байх бөгөөд уг 1 га газрын хоёр талаар Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр бохирын шугам сүлжээ тавигдсан, мөн хоёр талаар нь үргэлжлэн гэр хороолын суурьшлын бүс бий болсон нөхцөл байдалтай байсан нь хэрэгт авагдсан нотлох баримтууд болон шүүхээс явуулсан үзлэгээр[2] тогтоогдож байна.

        Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1-д /“Сум, .../-ын/ Засаг дарга ... тухайн нутаг дэвсгэрийн хүн амын нийтлэг ашиг сонирхлыг хангах зайлшгүй шаардлагатай тохиолдолд иргэнд өмчлүүлсэн газарт дор дурдсан нийтийн сервитут тогтоож болно” гэж зааснаар хариуцагч сумын Засаг дарга нь иргэнд өмчлүүлсэн газарт нийтийн сервитут тогтоох эрхтэй. Гэвч хариуцагчаас энэхүү зохицуулалтыг үндэслэн гаргасан маргаан бүхий захиргааны актын тухайд зорилгодоо нийцээгүй бөгөөд бодит нөхцөлд тохироогүй улмаар нэхэмжлэгч нарын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн хууль бус шийдвэр гэж үзэх үндэслэл тогтоогдож байна.

         Маргааны гол үндэслэл болж буй “Сервитут” буюу газрыг эзэмшихгүйгээр ашиглах эрхийн тухайд ерөнхийд нь тухайн газраар зорчих, нэвтрэх буюу дамжин өнгөрөх, мөн ус, дулаан, цахилгаан, харилцаа холбооны шугам сүлжээ гэх мэт инженерийн дэд бүтцэд холбогдохоор газар шорооны ажил хийх зэрэг байдлаар тодорхойлж ирсэн “эзэмшлийн бус эрх” юм.

          Улмаар иргэний өмчлөлийн газарт нийтийн сервитут тогтоохтой холбоотойгоор Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.3-т “...сервитут нь газар өмчлөгч иргэнд аль болох бэрхшээл учруулахааргүй байна”, 33.4-т “Өмчийн газар нь нийтийн сервитут тогтоосноос газар өмчлөгч иргэн газраа ашиглах боломжгүй буюу ашиглахад хүндрэл бэрхшээлтэй болох тохиолдолд газар өмчлөгч иргэн нь уг газрыг худалдан авахыг мөн түүнд учирсан хохирлыг нөхөн төлөх болон хүндрэл бэрхшээлтэй дүйцэхүйц хэмжээний хөлс төлөхийг нийтийн сервитут тогтоосон эрх бүхий этгээдээс шаардах эрхтэй”, 33.9-д “Нийтийн сервитут тогтоогдсон шаардлага хэрэгцээгүй болсон бол түүнийг тогтоосон эрх бүхий этгээдийн шийдвэрээр дуусгавар болно” хэмээн зохицуулсан байгаагаас үзвэл газарт тогтоох аливаа сервитут нь бусдын газрыг өөрийн өмчлөл, эзэмшилд бүр мөсөн шилжүүлэн авах биш зөвхөн зохих хязгаартайгаар ашиглах эрхийн тухай  асуудал болно.

         Хариуцагч Сайншанд сумын Засаг дарга, маргаан бүхий захиргааны актынхаа хууль зүйн үндэслэлд Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1-д “Сум, .../-ын/ Засаг дарга ... тухайн нутаг дэвсгэрийн хүн амын нийтлэг ашиг сонирхлыг хангах зайлшгүй шаардлагатай тохиолдолд иргэнд өмчлүүлсэн газарт дор дурдсан нийтийн сервитут тогтоож болно”, 33.1.4-т “газар зохион байгуулалтын бусад арга хэмжээ хэрэгжүүлэх” гэсэн зохицуулалтыг хэрэглэсэн уг шийдвэрийн гарчиг буюу тэргүүг “нийтийн сервитут тогтоох тухай” гэж томьёолон нэхэмжлэгч нарын өмчлөлийн газарт нийтийн сервитут тогтоож шийдвэрлэсэн байдлаас нь үзвэл уг захиргааны акт нь хэлбэрийн хувьд “нийтийн сервитут тогтоосон” мэт байх боловч уг захиргааны актын “640 хүүхдийн багтаамжтай сургуулийн барилга барих зориулалтаар...нийтийн сервитутыг байнгын хугацаатай тогтоосугай” гэсэн үндсэн агуулгаас нь үзвэл тухайн газарт “газар зохион байгуулалтын бусад арга хэмжээ хэрэгжүүлэх”-ээр нийтийн сервитут тогтоосон бус, харин нэхэмжлэгч нараас өмчлөлийн газраа ашиглах боломжийг бүрэн хязгаарласан, тэдний хувьд газар өмчлөх эрхээ цаашид огт хэрэгжүүлэх боломжгүй нөхцөл байдлыг үүсгэсэн үр дагавартай байна.

           Дээрх нөхцөл байдлуудаас үзэхэд хариуцагчийн гаргасан маргаан бүхий шийдвэр нь бодит байдал дээр нэхэмжлэгч нарын газрыг эзэмшихгүйгээр ашиглах асуудлыг шийдвэрлээгүй /сервитут тогтоогоогүй/ харин хуульд заагаагүй үндэслэлээр өмчлөгчийн эрхийг хязгаарлан нэхэмжлэгч нарын өмчлөлийн газрыг төрд шууд буцаан авсан шийдвэр байх ба энэ нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 3-т “...Хувийн өмчийг хууль бусаар хураах, дайчлан авахыг хориглоно…” гэснийг зөрчсөн бөгөөд Монгол Улсын иргэний Үндсэн хуулиар олгогдсон баталгаатай эдлэх үндсэн эрх болох “үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх” эрхийг хууль бусаар хөндсөн, улмаар агуулгын хувьд зөрчилдөөнтэй хуульд нийцээгүй шийдвэр гэж үзэх үндэслэлтэй байна.

           Мөн тухайн захиргааны акт нь захиргааны байгууллагаас гаргаж буй, улмаар нэхэмжлэгчдийн хувьд сөрөг нөлөөлөл бүхий шийдвэр болохын хувьд Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.6-д заасан “бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах тохиолдолд тэдгээрт урьдчилан мэдэгдэх, оролцоог нь хангах” зарчмыг хангасан байх шаардлагатай бөгөөд шийдвэр гаргагч нь уг зарчмыг мөн хуулийн 26 дугаар зүйлд заасан дагуу “захиргааны актыг гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй нэхэмжлэгч нарт тухайн шийдвэрийг гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгон тэдгээрээс тайлбар, санал авах” замаар хэрэгжүүлэх учиртай.

            Хэрэгт авагдсан Сайншанд сумын Засаг даргын Тамгын газрын “Явуулсан бичгийн бүртгэл”, холбогдох бусад нотлох баримтуудаас үзэхэд хариуцагч нь нэхэмжлэгч нарт хандаж 2020 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр буюу долоо хоногийн “Баасан” гаригт ”сургуулийн барилга барих болсон тул таны өмчлөлийн газарт сервитут тогтоож байгааг мэдэгдье” гэсэн агуулга бүхий албан бичгийг гаргасан байх боловч тэдгээрт албан ёсоор гардуулж өгөөгүй байхдаа буюу тухайлбал, уг албан бичгийг гарснаас хойш 5 хоногийн дараа буюу ажлын 3 дахь өдөр болох 2020 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн Лхагва гаригт маргаан бүхий А/109 дүгээр захирамжийг гаргаж мэдэгдэл хүргүүлсэн дээрх албан бичгүүдийн хамт нэхэмжлэгч Д.И-д 2020 оны 05 дугаар сарын 26-ны өдөр, нэхэмжлэгч Э.А-ийн эцэг Э.Э-д 2020 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр тус тус гардуулсан болох нь тогтоогдож байна.

         Захиргааны байгууллагаас бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн аливаа шийдвэрийг гаргахдаа хуульд заасан сонсох ажиллагаа явуулахын гол зорилго, ач холбогдол нь тухайн шийдвэрийг гаргахаас өмнө холбогдох этгээдээс тайлбар, саналыг нь авах замаар тэдний оролцоог хангах асуудал байдаг. Хариуцагч нь хэдийгээр маргаан бүхий захиргааны актыг гаргахаасаа өмнө нэхэмжлэгч нарт хандаж мэдэгдэл хүргүүлэх агуулгатай албан бичгийг гаргасан ч түүнийгээ тэдгээрт гардуулж улмаар холбогдох тайлбар, санал гаргах боломжийг нь нэгэнт олгоогүй буюу хуульд зааснаар сонсох ажиллагааг явуулалгүйгээр маргаан бүхий захиргааны актыг гаргасан байх тул хариуцагчийг захиргааны үйл ажиллагаанд зайлшгүй хэрэгжүүлбэл зохих тусгай зарчим болох “мэдэгдэх, оролцоог хангах” зарчмыг хэрэгжүүлсэн гэж үзэх үндэслэлгүй байна.

         Дээр тогтоогдож буй үйл баримтуудаар, хариуцагчийн гаргасан маргаан бүхий захиргааны акт нь холбогдох хууль болон нэхэмжлэгч нарын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хууль бус захиргааны акт болох нь тогтоогдож байх тул уг захиргааны актыг хүчингүй болгох үндэслэлтэй байна.

         Гэвч, хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар[3] маргаан бүхий газар байршиж буй Сайншанд сумын 6 дугаар баг нь 2014 оны 12 дугаар сард шинээр байгуулагдсан, 3100 гаруй хүн амтай, ерөнхий боловсролын сургуульд суралцагчдын тоо нь 2018-2019 онд 1665, 2019-2020 онд 1831 болж өссөн улмаар тус багийн харьяалах нутаг дэвсгэрт ерөнхий боловсролын ямар нэгэн сургууль байхгүй, хамгийн ойр орших Сайншанд сумын 2 дугаар сургуулийн барилга 928  хүүхэд хичээллэх хүчин чадалтай боловч 2019 оны байдлаар 1950 хүүхэд 3 ээлжээр хичээллэж, анги дүүргэлт нь хэтэрсэн, эдгээр нөхцөл байдлуудтай холбогдуулан тус багт шинээр 640 хүүхдийн багтаамжтай сургуулийн барилгыг орон нутгийн төсвийн хөрөнгөөр барьж байгуулахаар 2020 оны төсөвт тусган төлөвлөсөн зэрэг нөхцөл байдлууд тогтоогдож байгаагаас үзэхэд Сайншанд сумын 6 дугаар багт сургуулийн барилга барих хэрэгцээ шаардлага байгааг үгүйсгэх аргагүй байна.

         Нөгөөтэйгүүр, хариуцагч нь маргаан бүхий захиргааны актаар тогтоосон “газар зохион байгуулалтын бусад арга хэмжээ хэрэгжүүлэх” нийтийн сервитутыг дээрх нөхцөл шаардлагын үүднээс дахин төлөвлөлтийн арга хэмжээ хэрэгжүүлэхээр тогтоосон хэмээн тайлбарлаж байгаагаас нь үзвэл тухайн захиргааны актын “хүн амын нийтлэг ашиг сонирхлыг хангах” зорилгыг нь буруутгах боломжгүй байна.

        Дээр дурдсанчлан нийтийн ашиг сонирхлыг хангах зайлшгүй шаардлага нэгэнт үүссэн байгаа тохиолдолд хариуцагч захиргааны байгууллагын зүгээс хуулиар тогтоосон журмын хүрээнд тодорхой үйл ажиллагаа явуулах, холбогдох шийдвэрийг гаргах замаар иргэнд өмчлүүлсэн газарт дахин зохион байгуулалт хийх хууль зүйн боломжтой.

          Тухайлбал, Хот, суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-д “Монгол Улсын нутаг дэвсгэрт хот, суурин газрын барилгажсан хэсэг, нийтийн эдэлбэрийн газрыг дахин төлөвлөх, ашиглалтын шаардлага хангахгүй барилга байгууламжийг буулган шинээр барих, гэр хорооллын газрыг дахин зохион байгуулах, дахин төлөвлөн барилгажуулахтай холбогдох харилцааг зохицуулахад өмчийн төрөл, хэлбэр харгалзахгүй энэ хууль үйлчилнэ” гэж, 4 дүгээр зүйлийн 4.1.15-д “суурин газар” гэж эдэлбэр газартай, оршин суугч, дэд бүтэцтэй, хөдөө аж ахуй, үйлдвэрлэл, худалдаа, үйлчилгээ, аялал жуулчлал зэрэг салбар хөгжсөн, өөрийн удирдлага бүхий суурьшлыг; 4.1.10-т “хот, суурин газрыг дахин хөгжүүлэх” гэж ... гэр хорооллын газрыг дахин зохион байгуулах, ... цогцолбор үйл ажиллагааг; 4.1.2-т “гэр хороолол” гэж хот, суурин газрын эдэлбэр газар дахь инженерийн болон нийгмийн дэд бүтцээр бүрэн хангагдаагүй гэр, орон сууц бүхий суурьшлыг; ойлгохоор тус тус тодорхойлсон байна.

         Мөн дээрх хуулийн 17 дугаар зүйлийн 17.1-д “Гэр хороололд оршин суугчдын эрүүл, аюулгүй, таатай амьдрах орчин нөхцөл болон газар ашиглалтыг сайжруулах, газрын үнэлгээг өсгөх зорилгоор инженерийн бэлтгэл ажил, инженерийн болон нийгмийн дэд бүтэц, нийтээр ашиглах барилга байгууламж барихад зориулж иргэн, хуулийн этгээдийн өмчлөл, .../-ийн/ газрыг дахин зохион байгуулна” гэж, түүнчлэн Хот байгуулалтын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.11-т “нийгмийн дэд бүтэц” гэж соёл, боловсрол, худалдаа, ахуйн үйлчилгээний барилга байгууламжийн цогцолборыг” ойлгохоор заажээ.

        Түүнчлэн Хот, суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-д “...сум .../-ын/ Засаг дарга  хот, суурин газрыг дахин хөгжүүлэх талаар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ”, 11.1.1-д “...суурин газрын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө, газар зохион байгуулалтын төлөвлөгөө, хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөг үндэслэн төсөл санаачлах, боловсруулах, хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах”, 14 дүгээр зүйлийн 14.4-т “...сум .../-ын/ Засаг дарга нийтийн эрх ашигт хамаарах дараах арга хэмжээг хэрэгжүүлэхээр хот, суурин газрын дахин хөгжүүлэх төслийг санаачилна”, 14.4.2-т “хот, суурин газар, дүүрэг хорооллын чанартай инженерийн болон нийгмийн дэд бүтэц, нийтээр ашиглах барилга байгууламж барих” гэж  заасан байна.

         Гэр хорооллын газрыг дахин зохион байгуулах нь Хот, суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.3-т зааснаар хот, суурин газрыг дахин хөгжүүлэх үйл ажиллагааны нэг төрөл болохын хувьд хариуцагч сумын Засаг даргаас нийтийн эрх ашигт хамаарах нийгмийн дэд бүтцийн буюу боловсролын барилга байгууламж барихад зориулж иргэний өмчлөлийн газрыг дахин зохион байгуулах арга хэмжээг санаачлах, зохион байгуулж хэрэгжүүлэх бүрэн эрхтэй бөгөөд харин энэхүү эрхээ гагцхүү хуулиар тогтоосон журмын дагуу хэрэгжүүлснээр хариуцагч захиргааны байгууллагын шийдвэр болоод үйл ажиллагаа хууль дээдлэх, хуульд үндэслэх зарчмыг хангана.

           Энэхүү маргаанд хамаарах гэр хорооллын газрыг дахин зохион байгуулахтай холбоотой харилцааг Хот, суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хууль болон эрх бүхий этгээдээс баталсан холбогдох бусад журмаар нарийвчлан зохицуулсан. Тухайлбал, мөн хуулийн 14 дүгээр зүйлийн 14.7-д “Төсөл хэрэгжүүлэх үйл ажиллагаанд дараах үе шатыг баримтлах”-аар, 14.7.1-д заасан “Төслийн бэлтгэл үе шат”-нд төсөл хэрэгжүүлэх талбайг сонгох, тухайн төслийг сонгосон талбай дахь газар өмчлөгчдөд танилцуулж зөвшөөрлийг нь авах, 14.7.2-т заасан “Төлөвлөлтийн болон шийдвэр гаргуулах үе шат”-нд газрын үнэлгээ, эрх шилжүүлэлт, нэгж талбарын өөрчлөн зохион байгуулалт, нөхөх олговор, ...зэрэг асуудлыг тусгасан төлөвлөгөө боловсруулах, уг төлөвлөгөөг газар өмчлөгчтэй зөвшилцөн саналыг нь тусгаж эцэслэн боловсруулах, төсөл, төлөвлөгөөг хянаж үзээд газар өмчлөгчдийн зөвшөөрлийг авсан тохиолдолд төсөл хэрэгжүүлэхээр шийдвэр гарган улмаар төсөл хэрэгжүүлэх ажиллагааг зохион байгуулах гэх зэргээр хот, суурин газрыг дахин хөгжүүлэх /гэр хорооллын газрыг дахин зохион байгуулах/ төсөл хэрэгжүүлэх үйл ажиллагааны үе шатууд, тухайн үе шат бүрт авч хэрэгжүүлэх арга хэмжээ зэргийг тодорхой журамласнаас гадна газар өмчлөгчтэй төслийн бэлтгэл үе шатыг дуусах хүртэл харилцан тохиролцоогүй бол мөн хуулийн 14.7.3.в-д зааснаар Монгол Улсын Үндсэн хууль болон холбогдох бусад хуульд нийцүүлэн нөхөх олговортойгоор газар чөлөөлөх тухай нэхэмжлэлийг шүүхэд гарган шийдвэрлэх боломжийг ч мөн хуульчилжээ.

        Хариуцагч талаас, нэхэмжлэгч нарын өмчлөлийн газрын байршлыг шилжүүлэхээр газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгасан бөгөөд газрыг газраар нь солих боломжтой гэх тайлбарыг гаргадаг боловч уг тайлбарынх нь үндэслэл болсон Сайншанд сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2020 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 03 дугаар тогтоолоор батлагдсан төлөвлөгөөнөөс үзвэл нэхэмжлэгч нарт өмчлүүлсэн газрын байршлыг шилжүүлсэн эсэх нь тодорхойгүй байх бөгөөд улмаар нэхэмжлэгч нараас урьдчилан холбогдох саналыг нь авч харилцан тохиролцоогүй байж тэдний эрхийг нь хөндсөн шийдвэр гаргасныхаа дараа тулган шаардах байдлаар газар санал болгож байгаа нөхцөл байдал нь нэхэмжлэгч нарын эрхийг хангасан, хуулиар олгогдсон боломжийг  нь олгосон гэж үзэх үндэслэл болохгүйг дурдах нь зүйтэй байна.

          Монгол Улсын Үндсэн хуулийн 5 дугаар зүйлийн 3-т “Өмчлөгчийн эрхийг гагцхүү хуульд заасан үндэслэлээр хязгаарлаж болно” хэмээн заасан, хариуцагч захиргааны байгууллагын хувьд тухайн нутаг дэвсгэрийн хүн амын нийтлэг ашиг сонирхлыг хангах зайлшгүй шаардлагын үүднээс Сайншанд сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэрт сургуулийн барилга байгууламж барих арга хэмжээг хэрэгжүүлэх шаардлага байгаа нь дээр дурдсанаар тогтоогдсон, нөгөөтэйгүүр нэхэмжлэгч  нарын хувьд нийтийн ашиг сонирхлын үүднээс сургуулийн барилга барих” хэрэгцээ шаардлага байгааг үгүйсгээгүй бөгөөд нэхэмжлэгч Э.А-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаан дээр гаргасан “Сервитут тогтоох тухай захирамжийг би хүлээн авч сумын удирдлагуудтай уулзаж байсан. Үндэслэл нь сургууль барих гэж байгаа тухай хэлэхэд миний хувьд олон нийтийн байгууламж барихтай холбоотой асуудал юм бол бид яаж хохиролгүй үлдэх талаар асууж лавласан. Тэгэхэд аймгийн Тамгын газрын хөгжлийн бодлогын хэлтэс, газрын албанаас 3 иргэнтэй уулзаж хамтдаа асуудлыг шийднэ, одоо та нарыг дээрэмдэж байгаа асуудал биш гэж хэлж байсан. Тэрнээс хойш огт уулзаагүй. Миний хувьд 2020 оны 04 дүгээр сарын 25 өдөр энэ талаар мэдэж 2020 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр хүсэлт өгсөн боловч хариу нь ирээгүй. Энэ хугацаанд хариуцагчаас эвлэрэн хэлэлцэх ямар нэгэн санал гаргаагүй” гэх тайлбар, нэхэмжлэгч Д.Инжээгийн шүүхэд гаргасан нэхэмжлэлд “...миний бие хууль тогтоомжид заасан газар өмчлөх эрхтэй холбоотой эрхийг бүрэн эдлэх эрхтэй” гэж дурдагдсан, улмаар түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарт “...маргаж байгаа зүйл нь өмчлөлийн газар бөгөөд энэ өмчлөлийн газрыг яаж авах талаар хуулиар нарийн зохицуулж өгсөн, ...Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 3-т хөдлөх, үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх, өв залгамжлуулах эрхтэй. Хувийн өмчийг хууль бусаар хураах, дайчлан авахыг хориглоно. Төр, түүний эрх бүхий байгууллага нь нийгмийн зайлшгүй хэрэгцээг үндэслэн хувийн өмчийн эд хөрөнгийг дайчлан авбал нөхөх олговор, үнийг төлнө гэж заасан байна” гэх зэрэг тайлбаруудаас үзвэл нэхэмжлэгч нар нь сургуулийн барилга барихаар дахин зохион байгуулалт хийхээр төлөвлөсөн газрын өмчлөгч болохынхоо хувьд хуульд заасан эрхээ эдэлж, хуулиар олгогдсон боломжоор хангуулах  хүсэл зоригоо илэрхийлж байна гэж үзэхээр байна.

          Дээрхээс нөхцөл байдлуудаас үзэхэд хариуцагч захиргааны байгууллагын зүгээс нэхэмжлэгч нарын эрхийг ханган хуулиар олгогдсон боломжуудыг нь олгох замаар тухайн маргаантай асуудлыг шийдвэрлэх боломжтой байх ба энэхүү үйл ажиллагааны цар хүрээ нь шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн буюу захиргааны байгууллагын зүгээс санаачлан хэрэгжүүлэх үйл ажиллагаанууд байх тул хариуцагч нь тухайн маргаанд хамаарах Хот, суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хууль болон уг хуульд заасан зарим харилцааг нарийвчлан зохицуулсан Барилга, хот байгуулалтын сайдын 2016 оны 84 дүгээр тушаалаар батлагдсан “Хот, суурин газрыг дахин хөгжүүлэх төсөл хэрэгжүүлэх талбайг сонгох үлгэрчилсэн журам, 2018 оны 202 дугаар тушаалаар батлагдсан “Гэр хорооллын газрыг дахин зохион байгуулах үйл ажиллагааны журам”, Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 222 дугаар тогтоолоор батлагдсан “Хот, суурин газрыг дахин хөгжүүлэх үйл ажиллагааны нөхөх олговор олгох журам” түүнчлэн холбогдох бусад хууль тогтоомжид заасны дагуу зохих үйл ажиллагааг явуулж, холбогдох шийдвэрийг гаргах нь зүйтэй гэж үзэв.

            Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугар зүйлийн 106.11-д “шүүх хэргийн нөхцөл байдлыг цаашид тодруулах шаардлагатай гэж үзсэн бөгөөд нэмж тодруулах зүйлийн цар хүрээ шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн гэж үзвэл захиргааны байгууллагаас дахин шинэ акт гаргах хүртэл захиргааны актыг зургаан сар хүртэл хугацаагаар түдгэлзүүлэх”-ээр заасны дагуу маргаан бүхий захиргааны актын нэхэмжлэгч А.Анужин, Д. Инжээ нарт холбогдох хэсгийг хариуцагчаас дахин шинэ акт гаргатал буюу зургаан сар хүртэл хугацаагаар түдгэлзүүлэх үндэслэлтэй байх ба хэрэв энэхүү дурдсан хугацаанд хариуцагчаас зохих үйл ажиллагааг явуулж маргаантай асуудлаа шийдвэрлээгүй буюу дахин шинэ акт гаргаагүй тохиолдолд маргаан бүхий захиргааны актын холбогдох хэсэг /нэхэмжлэгч Э.А, Д.И нарт хамаарах хэсэг/ шууд хүчингүй болох эрх зүйн үр дагавартай болно.

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.11-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

         1. Хот, суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.1, 14 дүгээр зүйлийн 14.4.2, 14.7, 17 дугаар зүйлийн 17.1, 20 дугаар зүйл, 22 дугаар зүйлд заасныг тус тус баримтлан хариуцагч захиргааны байгууллага /Дорноговь аймгийн Сайншанд сумын Засаг дарга/-аас дахин шинэ акт гаргах хүртэл Дорноговь аймгийн Сайншанд сумын Засаг даргын 2020 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн “Нийтийн сервитут тогтоох тухай” А/109 дүгээр захирамжийн иргэн Э.А, Д.И нарт тус тус холбогдох хэсгийг зургаан сар хүртэл хугацаагаар түдгэлзүүлсүгэй.

          2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6-д зааснаар шүүхээс тогтоосон хугацаанд хариуцагч захиргааны байгууллага дахин шинэ акт гаргаагүй бол Дорноговь аймгийн Сайншанд сумын Засаг даргын 2020 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн “Нийтийн сервитут тогтоох тухай” А/109 дүгээр захирамжийн  иргэн Э.А, Д.И нарт тус тус холбогдох хэсэг хүчингүй болохыг дурдсугай.

        3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар  нэхэмжлэгч нараас улсын тэмдэгтийн хураамжид тус тус 70200 төгрөг төлснийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас нийт 140400 /нэг зуун дөчин мянга дөрвөн зуу/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Э.Анужинд 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөг, нэхэмжлэгч Д.Инжээд 70200 /далан мянга хоёр зуу/төгрөг буцаан олгосугай.

        4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1, 114.2-т зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлээд гаргасан  шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг болон давж заалдах гомдлыг шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан гаргахыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Б.СИЙЛЭГМАА

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 


[1] Хавтаст хэргийн 30-31-р хуудас,

[2] Хавтаст хэргийн 206-213-р хуудас,

[3] 1-р хавтаст хэргийн 74-75, 190-193, 239-240, 160-161, 172, 2-р хавтаст хэргийн 10-р хуудас,