Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 11 сарын 29 өдөр

Дугаар 2438

 

 

 

 

 

 

 

 

 

 

“Э” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Байгалмаа, Т.Туяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийж,

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 183/ШШ2017/01865 дугаар шийдвэртэй, “Э” ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Л.Дд холбогдох, орон сууц хөлслөх гэрээний үүргийн гүйцэтгэлд 1 900 000 төгрөг гаргуулах,

“Э” ХХК-иас гэрээнээс учирсан хохиролд 16 041 200 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Т.Туяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Э” ХХК нь иргэн Л.Дтай 2015 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр орон сууц хөлслөх гэрээ байгуулж, Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Рапид харш, 9 дүгээр байр, 29 тоот орон сууцыг 1 сарын 1 900 000 төгрөгөөр хөлслөхөөр тохиролцож, 4 сарын төлбөр болох 7 600 000 төгрөг, гэрээний барьцаанд 1 900 000 төгрөг, нийт 9 500 000 төгрөгийг Л.Дгийн дансанд шилжүүлсэн. Тэгээд 4 сарын дараа буюу 2016 оны 03 дугаар сарын 21-ний өдөр тус орон сууцыг хөлслүүлэгч талд хүлээлгэж өгсөн. Гэтэл хариуцагч Л.Д нь өнөөдрийг хүртэл барьцааны төлбөр болох 1 900 000 төгрөгийг өгөөгүй тул гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч шүүх хуралдаанд гаргасан тайлбар болон сөрөг нэхэмжлэлдээ: Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Рапид харш, 9 дүгээр байр, 29 тоот орон сууцыг тавилга, гаражийн хамт хөлслүүлэхээр тохирсон. Гэрээний дагуу хөлслөгч нь хөлслөн авсан байр буюу түүний тавилга, эд хэрэгсэлд ямар нэгэн хохирол учруулаагүй тохиолдолд барьцаа 1 900 000 төгрөгийг буцааж өгнө, хэрэв ямар нэгэн хохирол учирсан тохиолдолд үнийг нь суутган гэрээний 7 дугаар зүйлд тусгасан бөгөөд гэрээгээр хүлээлцсэн зүйлсийн жагсаалтыг баталж, талууд гэрээний хавсралтаар баталгаажуулсан байгаа. Гэтэл хөлслөгч нь гэрээний хугацаанд пракетан шалыг гэмтээсэн. Үүнийг талууд аль аль нь мэдэж байгаа. Паркетан шал өнгөө алдаад зогсохгүй, товойж гараад хөгцөрч, ус дүүрээд чийг татсан байдалтай байсан. Гэхдээ энэ нь гал тогооны өрөөний шал эвдэрч гэмтэл учирсан бөгөөд солихоос өөр аргагүй байсан. Яг энэ тохиолдолд нэхэмжлэгч талын дурдаж байгаачлан тосгуурт гэмтэл учирснаас шал эвдэрсэн байлаа гэхэд тухайн тосгуур орчмын шал нь эвдрэх байтал бүтэн өрөөний шал  бүхэлдээ гэмтсэнд нэхэмжлэгчийн буруугүй гэж үзэх боломжгүй. Тиймээс шалыг нэхэмжлэгч тал өөрийн эзэмшил, ашиглалтанд байх хугацаанд хохирол учруулсан нь тодорхой. Нэхэмжлэгч талаас байлцан пракетны өнгө сонгож авчраад хийсэн боловч тэр нь тухайн байр хүлээлцэхэд байсан пракетан шалны өнгө биш, шал өөр байсан учир хариуцагч паркетан шалыг зөвхөн том өрөө болон гал тогооны өрөөнд хамаарах биш, тухайн 114 м.кв байранд бүхэлдээ хамаарна гэж үзсэн, мөн хаалга нь хөндлөвч модоор заагтай биш, шулуун модоор үргэлжлээд явсан байдаг.

Хэрэв нэг жигд өнгөөр солих шаардлагатай гэвэл шалыг бүхэлд нь солих, үгүй гэвэл үүнд тааруулж гал тогооны тавилга, ханын стенк, 4 өрөө байрны шалтай нийцүүлж бүх өрөөний тавилгыг захиалгаар анхнаасаа хийлгэчихсэн болохоор өөрт учирсан хохирол буюу гэрээгээр тохирсон пракетан шалны 1 м.кв-ын үнэлгээг 140 000 төгрөгөөр тооцож нийт 16 041 200 төгрөгөөс барьцаа 1 900 000 төгрөгийг хасаад 14 141 200 төгрөгийг нэхэмжлэгч “Э” ХХК-иас гаргуулна гэжээ.

 

Нэхэмжлэгч сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа: Шалны өнгө орон сууц хүлээлгэж өгөх үед зөрсөн байдаг. Өөрөөр хэлбэл усны чийг доороосоо сар орчмын дараа өнгөндөө нөлөөлөөд, хүлээлцэх үед хувирсан байна. Талууд маргалдаад шалны өнгө зөрсөн хэсгийг солиод өгчих, тэгвэл бид хүлээж авъя гэсэн бөгөөд нэхэмжлэгч Л.Дгийн нөхөр н.Энхбаатар гэдэг хүнтэй хамт шалны пракетны өнгийг сонгосон гэж хариу тайлбартаа дурдсан байдаг. Гэтэл одоо нэхэмжлэгчийн буруутай үйл ажиллагаанаас болж шал ашиглах боломжгүй болсон, хохирол учирсан гэдгийг хүлээн зөвшөөрөхгүй. Энэ бол барьцаа 1 900 000 төгрөгийг буцаан өгөхгүй гэсэн арга. Түүнээс гадна шалыг бүхэлд нь солихгүй бол болохгүй гэдэг үүднээс сөрөг нэхэмжлэл гаргасан нь үндэслэлгүй, бүхэлд нь ашиглах боломжгүй болгосон гэдгээ ямар баримтаар нотлож байгаа нь ойлгомжгүй байна.

Гэрээгээр тохирсон ёсоор паркетны 1 м.кв-ыг 140 000 төгрөг гэсэн нь бодит үнэлгээ биш, хариуцагчийн өөрийн тогтоосон үнэ болохоос шинжээч тогтоосон үнэлгээ буюу ийм хэмжээний хохирол учирсан гэдэг нь тогтоогдохгүй байгаа. Мөн энэ тохиолдолд гэм буруугийн асуудал яригдах ёстой. Гэтэл өөрөө пракетан шалыг сольчихсон гэдгийг хүлээн зөвшөөрөөд байгаа гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 302 дугаар зүйлийн 302.1, 233 дугаар зүйлийн 233.1, 228 дугаар зүйлийн 228.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Л.Дгаас гэрээний үүргийн гүйцэтгэлд 1 900 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “Э” ХХК-д олгож, хариуцагч Л.Дгийн гэрээнээс учирсан хохиролд 14 141 200 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч “Э” ХХК-иас 2016 оны 6 дугаар сарын 10-ны өдөр төлсөн 45 350 төгрөг, хариуцагч Л.Дгаас 2016 оны 8 дугаар сарын 01-ний өдөр төлсөн 238 156 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Л.Дгаас 45 350 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “Э” ХХК-д олгож, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид илүү төлсөн 9 500 төгрөгийг буцаан олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Шүүхийн шийдвэрт хариуцагч орон сууцанд хохирол учирсныг нотлох баримтыг шүүхэд гаргаагүй гэжээ. Гэвч, шүүх хэрэгт авагдсан дараах нотлох баримтыг үнэлээгүй байна. Гэрчүүдийн мэдүүлэгт талууд орон сууц хүлээлцэх үед буюу орон сууц нь хөлслөгчийн ашиглалтад байх хугацаанд орон сууцны паркетан шал эвдэрсэн байсныг тогтоосон байна. Энэхүү эвдрэлийн талаарх зураг хэрэгт авагдсан байгаа. Түүнчлэн нэхэмжлэгчээс энэхүү эвдрэл нь гал зуухны тосгуураас ус алдсанаас болсон гэж тайлбарлаж байгаа ч тосгуураас гойжиж байсан ус нь дусал төдийхөн байсан гэж гэрчийн мэдүүлэгт тусгагдсан нь паркетан шалыг элжрэх хэмжээний ус алдах нөлөөлөл болж чадахгүйг харуулж байна.

Тосгуураас гойжсон ус тосгуурын доод талын шалыг биш түүнээс 1 метр зайд байгаа шалыг муутгасан гэж үзэх боломжгүй байхад шүүгч уг тосгуураас ус алдсан нь шалыг элжирхэд хүргэсэн гэж дүгнэж, улмаар энэ нь хөлслөгчийн буруутай эсэхийг нотлохгүй байна гэсэн нь үндэслэлгүй. Учир нь шал элжирч муудах үед уг орон сууц хөлслөгч талын 100 хувийн эзэмшил ашиглалтад байсан. Уг орон сууцанд амьдарч байсан нэхэмжлэгчийн гадаад ажилчдаас гэрчийн мэдүүлэг авах хүсэлт гаргасан ч шаардлагагүй гэж шүүгч үзсэн нь хэргийг тал бүрээс нь бодитойгоор тогтоох үндэслэл болж чадахгүй ба орон сууцанд байнга амьдарч байсан хүмүүс бодитой мэдээлэл өгөхөөр байхад байр хүлээлцэх үеийн хөндлөнгийн гэрчийн мэдүүлгээр асуудлаг шийдвэрлэж байгаа нь шударгаар хэргийг шийдвэрлэх нөхцөлийг алдагдуулсан.

Шүүхийн шийдвэр давж заалдах шатны шүүхээс хүчингүй болж, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаасан байхад нотлох баримтыг дахин бүрдүүлэх боломж байсан гэж үзэж байна. Дээрх үндэслэлээр шүүхийн шийдвэрийн дагуу хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэсэн шийдвэрийг хэрэгсэхгүй болгож, үлдсэн хэсгийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх талуудын хооронд үүссэн маргааныг шийдвэрлэхдээ нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлээгүйн улмаас шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасантай нийцэхгүй байгааг өөрчлөх нь зүйтэй гэж үзэв.

 

Нэхэмжлэгч “Э” ХХК нь хариуцагч Л.Дд холбогдуулан орон сууц хөлслөх гэрээний үүрэгт 1 900 000 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч, гэрээнээс учирсан хохиролд 16 041 200 төгрөг шаардаж сөрөг нэхэмжлэл гарган маргажээ.

 

Хариуцагч Л.Д нь Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Рапид харш хотхоны 9 дүгээр байрны 29 тоот 4 өрөө орон сууцыг өмчлөгч Б.Энхтайваны олгосон итгэмжлэл, эрх шилжүүлэх гэрээний үндсэн дээр “Э” ХХК-тай 2015 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр орон сууц хөлслөх гэрээ байгуулж, 2016 оны 03 дугаар сарын 22-ны өдөр хүртэл хугацаанд нэг сарын хөлсийг 1 900 000 төгрөгөөр тооцож, 4 сарын хугацаанд нийт 7 600 000 төгрөг төлөх, 1 900 000 төгрөгийг “барьцаа” болгон хөлслүүлэгч талд  байршуулахаар тохиролцож, төлбөрийг шилжүүлсэн, хөлслөгч талд эд зүйлстйг жагсаалтаар хүлээлгэж өгсөн нь тогтоогдсон байна. /хх 6-11, 74, 75/

 

Шүүх, талуудын хооронд орон сууц хөлслөх гэрээний харилцаа үүссэн талаар болон “барьцаа” гэх урьдчилгаа төлбөрийг тухайн гэрээг байгуулсны нотолгоо болгон төлсөн “дэнчин” гэж дүгнэсэн нь Иргэний хуулийн 233 дугаар зүйлийн 233.1, 302 дугаар зүйлийн 302.1 заасантай нийцжээ.

 

Харин гэрээний 7.1-д зааснаар хөлслөгч нь барьцаанд байршуулсан 1 900 000 төгрөгийг орон сууц хөлслөх хугацаа дуусахад эд хөрөнгөд хохирол учраагүй бол барьцаа төлбөрийг буцаан олгоно гэснийг үндэслэн Иргэний хуулийн 233 дугаар зүйлийн 233.2 дахь хэсэгт зааснаар хариуцагч Л.Дгаас дэнчингийн төлбөрийг гаргуулан нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь хэргийн үйл баримттай харьцуулан дүгнэвэл учир дутагдалтай болжээ.

 

Гэрээний хугацаа дуусгавар болоход талууд тухайн орон сууцыг хүлээлцсэн тухай баримт үйлдэж, “барьцаа” болох 1 900 000 төгрөгийг галын өрөөний шалны өнгө өөрчлөгдсөн асуудлын шалтгааныг  тодруулж байж харилцан тохиролцсоны дараа төлбөр тооцоог дуусгавар болгохоор тохиролцон гарын үсэг зурж баталгаажуулсан байна. /хх 84 дэх тал арын хэсэг/

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчдын гаргасан хүсэлтээр шүүх нэр бүхий этгээдийг гэрчээр асууж, маргааны зүйлийн талаар асууж мэдүүлэг авах ажиллагааг зохих журмын дагуу явуулсан атлаа нотлох баримтаар үнэлээгүй нь буруу. Тухайлбал, нэхэмжлэгч “Э” ХХК-ийг орон сууц хөлслөх явцад буюу “2016 оны 2 дугаар сарын 11-ний өдөр ус алдсан, ... байрыг хүлээлцэх үед шалны өнгө хувирсан байсан” гэх гэрч /тус компанийн үйлчлэгч/ Т.Долгормаагийн мэдүүлэг /хх 99-100/,

“... гал тогооны холигчоос ус алдсан гээд 2 өдрийн өмнө усыг нь хаасан байсан, уян холбоо нь шүүрсэн байсан, нэг мөсөн холигч, уян холбоо 2-ыг комоор нь сольсон, ... дуудлага аваад маргааш нь очсон, үйлчлэгч эмэгтэй байсан, байрны ашиглалт хариуцсан түрээслэгч талын хүн байсан” гэх гэрч Х.Ганпүрэвийн мэдүүлэг /хх 101/,

“... 9-29 тоотод ус алдсан талаар мэдэгдсэн, ... хугацааг сайн мэдэхгүй байна, манай байгууллагаас намайг очоод үзээдэх гэж хэлэхэд би Энхбаатартай хамт цаг товлоод очиход хэрхэн засаж өгөх талаар ярилцсан, угаалтуурын урд хэсгийн шал нь хүрэн туяа үүссэн, тавилгын доор байгаа хэсгийг өөрчлөгдсөн хэсэг рүү шилжүүлж шахахаар тохиролцсон, .. шалыг хуулаад хийх гэсэн боловч ирмэг нь эвдэрч гарч ирж байсан учраас миний бие Хермис, Зуун айлын барилгын дэлгүүр, бас бус хүмүүсээс ижил төрлийн шал хайсан боловч олдоогүй, ... Хурд групп ХХК-д таньдаг хүнээс асууж ... Нарны хорооллын барилгын талбайгаас Энхбаатар болон туслах ажилтан Жанчивдоржтой хамт очиж шалаа авч, сольж хийгээд ажил дууссан, ... 50 000 төгрөг болсон гэж Энхбаатар хэлсэн, шалыг хуулаад үзэхэд доод тал нь чийгтэй, төв шугамын хаалтаас нааш тавилгын урд хэсэг шал нойтон хэвээрээ байсан, сольсон шалны хэсэг ... 2 м.кв хавьцаа байсан, ... өнгө жоохон зөрсөн гэх гэрч Э.Батцэнгэлийн мэдүүлэг /хх 102-103/ авагджээ.

Эдгээр нь гэрээний хугацаанд нэхэмжлэгчийн хөлсөлсөн орон сууцны шал ус алдалтын улмаас гэмтсэн, уг ажиллагааг өөрийн талын ажилтныг аар засварласан боловч анхны байдлаас өөрчлөгдсөн үйл баримтыг нотолж байх бөгөөд үүнд хөлслүүлэгч буруутай гэх үндэслэл тогтоогдсонгүй.

 

Хариуцагч Л.Д нь гэрээний 7.1-д зааснаар хугацаа дуусахад өөрийн эд хөрөнгөд хохирол учраагүй бол дэнчинг буцаан олгох, хэрэв хохирол учирсан бол уг “барьцаа” төлбөрөөс хохирлыг барагдуулах, 13.2-т хөлслөгчийн буруутай үйлдлээс учирсан эвдрэл гэмтэл /ус алдах... гэх мэт/ хохирлыг хөлслөгч тал хариуцан барагдуулахаар талууд тохиролцсон байна. Үүнээс үзвэл нэхэмжлэгч “Э” ХХК нь орон сууцыг гэрээгээр ашиглах явцад эд хөрөнгөд буюу шалыг гэмтээсэнтэй холбоотойгоор тодорхой хэсгийн шалыг зайлшгүй солих шаардлагатай болсон засварлах ажлыг хөлслөгч тал хариуцаж, хөлслүүлэгч талын хөрөнгөөр гүйцэтгэсэн байх тул дэнчинг буцаан олгох нөхцөл байдал үүсээгүй. Өөрөөр хэлбэл Иргэний хуулийн 233 дугаар зүйлийн 233.3 дахь хэсэгт зааснаар дэнчин тавигч этгээд нь эд хөрөнгийг бүрэн бүтэн хүлээлгэн өгөх үүргээ хэрэгжүүлээгүй нь 1 900 000 төгрөгийн дэнчинг буцаан шаардах эрхээ алдсан гэх үндэслэл болох юм.

 

Харин гал тогтооны тавилга орчмын шалны хэсэгт гэмтэл учирснаар тухайн орон сууцны 114 м.кв талбайн шалыг бүхэлд нь солих шаардлагатай буюу сөрөг нэхэмжлэлд дурдсан хэмжээний хохирол учирсан гэж эргэлзээгүй дүгнэх бодитой нөхцөл байдал тогтоогдоогүй. Иймд шүүх хариуцагчийн гаргасан сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь зөв болжээ.

 

Дээрхийг нэгтгэн дүгнэвэл, хариуцагч Л.Дгаас орон сууц хөлслөх гэрээний нотлогоо болох урьдчилан төлсөн 1 900 000 төгрөгийн дэнчинг гаргуулах тухай “Э” ХХК-ийн нэхэмжлэл, “Э” ХХК-иас гэрээнээс учирсан хохирол гэх 16 041 200 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлага тус бүрийг хэрэгсэхгүй болгон шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 183/ШШ2017/01865 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

1 дэх заалтыг “Иргэний хуулийн 302 дугаар зүйлийн 302.1, 233 дугаар зүйлийн 233.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч Л.Дгаас орон сууц хөлслөх гэрээний дэнчин 1 900 000 төгрөг гаргуулах тухай “Э” ХХК-ийн нэхэмжлэл, “Э” ХХК-иас гэрээний хохиролд 16 041 200 төгрөг гаргуулах хариуцагч Л.Дгийн сөрөг нэхэмжлэлийн шаардлага тус бүрийг хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчлөн,

2 дахь заалтын “хариуцагч Л.Дгаас 45 350 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “Э” ХХК-д олгож” гэснийг хасч, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3. дахь хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 45 350 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, шүүх хуралдаанд оролцоогүй талуудад магадлалыг гардуулснаар хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолох, энэхүү үүргээ биелүүлээгүй нь гомдол гаргахад саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

            ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                         Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

            ШҮҮГЧИД                                                       Д.БАЙГАЛМАА

 

                                                                                    Т.ТУЯА