| Шүүх | Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашцоодолын Нямбазар |
| Хэргийн индекс | 181/2017/03843/и |
| Дугаар | 181/ШШ2018/00116 |
| Огноо | 2018-01-15 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2018 оны 01 сарын 15 өдөр
Дугаар 181/ШШ2018/00116
| 2018 оны 01 сарын 15 өдөр | Дугаар 181/ШШ2018/00116 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Нямбазар даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч:, “Н” ХХК /рд: /-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч:, Х овогт Г Э /рд: /-д холбогдох,
104,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Шинэбаяр, хариуцагч Г.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мөнхтулга нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
“Н” ХХК-ийн Номин моторс салбар нь иргэн Ж.Ганчимэгтэй 2015 оны 03 сарын 13-ны өдөр TrM/15/24 тоот “Автомашин зээлээр худалдах, худалдан авах гэрээ” байгуулсан. Мөн дээрх гэрээтэйгээр холбоотойгоор 2015 оны 03 сарын 13-ны өдөр TrN/15/24-1 тоот “Барьцааны гэрээ” байгуулсан байдаг.
Дээрх гэрээнүүдийн дагуу иргэн Ж.Ганчимэгт 5 төрлийн нийт 426,500,000 төгрөгийн үнэ бүхий машиныг нийлүүлэхээр болсон байдаг.
Гэтэл тухайн үеийн “Н” ХХК-ийн Номин моторс салбарын захирлаар ажиллаж байсан Г.Э нь 104,000,000 төгрөгийн үнэ бүхий улаан өнгийн Шевроле Тахое /Chevrolet Tahoe/ маркийн 2013 онд үйлдвэрлэгдсэн автомашиныг иргэн Ж.Ганчимэгт хүлээлгэн өгөөгүй байдаг.
Иймд иргэн Г.Эгээс 104,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:
Иргэн Ж.Ганчимэгийн зүгээс дээрх яригдаад байгаа автомашиныг нэхэмжилсэн ба 2017 оны 01 сарын 30-ны өдөр Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн эвлэрүүлэн зуучлагч Б.Оюуны дэмжлэгтэйгээр гэрээ байгуулан эвлэрсэн.
Дээрх хоёр талын нэхэмжлээд байгаа автомашиныг миний бие зуучлан иргэн Б.Батсайханд худалдсан ба Б.Батсайханаас машины үүргийг төлүүлж байгаа болно.
Одоогийн байдлаар Ж.Ганчимэгт 45,000,000 төгрөгийн төлбөрийг хийгээд байгаа болно. Өөрөөр хэлбэл, Номин моторсоос Ж.Ганчимэг нь автомашиныг хүлээн авсны дараа миний бие Ж.Ганчимэг, Б.Батсайхан нарын хооронд зуучлан автомашиныг худалдаж өгсөн.
Иймд “Н” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “Н” ХХК нь хариуцагч Г.Эд холбогдуулан, 104,000,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч бүхэлд нь эс зөвшөөрч маргаж байна.
Шүүх дараах үндэслэлээр “Н” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.
Нэхэмжлэгч “Н” ХХК нь өөрийн шаардлага, түүний үндэслэлийг Г.Э нь Номин моторс салбарын захирлаар ажиллаж байхдаа гэрээний дагуу Ж.Ганчимэгт автомашиныг хүлээлгэж өгөөгүйгээс компанид 104,000,000 төгрөгийн хохирол учирсан, Г.Э автомашиныг хувьдаа завшиж, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж тайлбарладаг бол хариуцагч Г.Э нь өөрийн татгалзал, түүний үндэслэлийг автомашиныг Ж.Ганчимэгт хүлээлгэн өгсний дараа бусдад худалдахад нь зуучилсан, Ж.Ганчимэгт тухайн автомашины үнийг төлөхөөр эвлэрсэн, “Н” ХХК нь Ж.Ганчимэгээс автомашины үнийг гаргуулахаар Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд шийдвэрлүүлсэн атлаа надаас дахин нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй гэж тайлбарлан маргадаг.
“Н” ХХК-ийн Номин моторс салбар, иргэн Ж.Ганчимэг нар 2015 оны 03 сарын 13-ны өдөр TrM/15/24 тоот “Автомашин зээлээр худалдах, худалдан авах гэрээ” байгуулж, “Н” ХХК нь чанарын шаардлага, техникийн үзүүлэлт хангасан Шевроле Тахое /Chevrolet Tahoe/, Шевроле Колорадо /Chevrolet Colorado/, Шевроле Каптива /Chevrolet Captiva/, Шевроле Трейлблазер /Chevrolet Trailblazer/ маркийн нийт 5 ширхэг автомашиныг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх, Ж.Ганчимэг нь 2015 оны 08 сарын 10-ны өдрийн дотор автомашинуудын үнэ 426,500,000 төгрөгийг шилжүүлэхээр тус тус харилцан тохиролцсон нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдах, худалдах авах гэрээний харилцаанд хамаарч байна.
Тухайн үед “Н” ХХК-ийн Номин моторс салбарын захирлаар ажиллаж байсан Г.Э нь гэрээний дагуу Ж.Ганчимэгт 104,000,000 төгрөгийн үнэ бүхий 2013 онд үйлдвэрлэгдсэн улаан өнгийн Шевроле Тахое /Chevrolet Tahoe/ маркийн автомашиныг хүлээлгэн өгөөгүй, компанийн хохироосон гэж нэхэмжлэгч тал тайлбарлаж байх боловч энэхүү тайлбар нь үйл баримтаар няцаагдаж байна. Үүнд:
а/. Хавтаст хэргийн 14-р хуудаст “Автомашин хүлээлцэх акт” авагдсан байх бөгөөд уг актаар Номин моторс салбар нь 2015 оны 03 сарын 15-ны өдөр улаан өнгийн Шевроле Тахое /Chevrolet Tahoe/ маркийн автомашиныг Ж.Ганчимэгт хүлээлгэн өгсөн, Ж.Ганчимэг нь хүлээн авч, гарын үсэг зурсан үйл баримт тогтоогдож байна.
б/. Хавтаст хэргийн 28-р хуудаст авагдсан 24 тоот “Эвлэрлийн гэрээ”-нд Ж.Ганчимэг нь “Би 2016 оны 11 сарын 22-ны өдрийн Хан-Уул дүүргийн 183/ШШ2016/01177 дугаартай захирамжаар “Н” ХХК-ийн өмнө “Автомашин худалдах, худалдан авах 2015 оны 03 сарын 13-ны өдрийн TrM/15/24” гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэх болсон тул Г.Эгээс дээрх машины үнийг нэхэмжлэн авах эрхтэй юм” хэмээн дурьджээ.
Дээр дурьдсан Ж.Ганчимэгийн эвлэрүүлэн зуучлагчид хандан гаргасан тайлбарыг нэхэмжлэгч “Н” ХХК баримтаар няцаагаагүй болно.
Эдгээрийг харьцуулан үзэхэд “Н” ХХК нь Ж.Ганчимэгт хүлээлгэн өгсөн автомашинуудын үнийг, үүн дотор 2013 онд үйлдвэрлэгдсэн улаан өнгийн Шевроле Тахое /Chevrolet Tahoe/ маркийн автомашины үнийг худалдан авагч Ж.Ганчимэгээс гаргуулахаар Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхээр шийдвэрлүүлсэн атлаа дахин Г.Эгээс гаргуулахаар нэхэмжилсэн нь үндэслэлгүй байна.
Өөрөөр хэлбэл, худалдах, худалдан авах гэрээний нэг тал нь Г.Э биш байх бөгөөд автомашины үнийг “Н” ХХК-д төлөх үүрэгтэй болох нь нотлогдохгүй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.НЯМБАЗАР