Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2018 оны 01 сарын 23 өдөр

Дугаар 44

 

 

 

 

 

 

 

 

 

2018 оны 01 сарын 23 өдөр

      Дугаар 156/ШШ2018/00044

               Хэнтий аймаг

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

156/2017/00707/И

 

Хэнтий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Болдбаатар даргалж тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

           Нэхэмжлэгч: “Х банк ХХК”-дахь банкны эрх хүлээн авагчийн нэхэмжлэлтэй

            Хариуцагч: .......... тоотод оршин суух, Ж.Ц-д холбогдох

            “зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн 5 817 992.72 /таван сая найман зуун арван долоон мянга есөн зуун ерэн хоёр/ төгрөгийг гаргуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: хариуцагч Ж.Цог, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Уламбаяр нар оролцов.

            Нэхэмжлэгч “Х банк ХХК”-дахь банкны эрх хүлээн авагч М.Э болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нар нь биечлэн оролцох боломжгүй тул нэхэмжлэгчийг эзгүйд хэргийг шийдвэрлэж өгнө үү гэжээ. Нэхэмжлэгч нь өөрийг нь эзгүйд хэргийг шийдвэрлэж өгөх хүсэлтээ ирүүлсэн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-т зааснаар түүнийг байлцуулахгүйгээр шүүх хуралдааныг хийв.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

            Нэхэмжлэгч “Х банк ХХК”-дахь эрх хүлээн авагч М.Э нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Монголбанкны Ерөнхийлөгчийн 2013 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн “Х банк ХХК-д банкны эрх хүлээн авах албадлагын арга хэмжээ авах тухай А153 дугаар тушаалаар Х банк ХХК-д банкны эрх хүлээн авах албадлагын арга хэмжээг авч банкны эрх хүлээн авагчийг томилсон. Банкны тухай хуулийн 59.1 дэх хэсэгт зааснаар Х банкны эрх бүхий албан тушаалтны бүрэн эрх болон банкны хөрөнгийг захиран зарцуулах эрх банкны эрх хүлээн авагчид шилжсэн. Банкны эрх хүлээн авагчаас Банкны тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.1 -д заасны дагуу Х банкны зарим актив, пассив, хөрөнгийг Төрийн банкинд шилжүүлж Х банкны чанаргүй актив нь банкны эрх хүлээн авагчийн тэнцэлд үлдсэн. Үүнд хариуцагч Ж.Ц, Ж.Ц нарт олгосон чанаргүй зээл хамаарч байна. Иймд банкны эрх хүлээн авагчаас Банкны тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.8-д “банкны эрх хүлээн авагч нь банкны нэрийн өмнөөс нэхэмжлэл гаргах” гэж заасны дагуу нэхэмжлэл гаргаж байгаа болно. Иргэн Ж.Цо, Ж.Ц нар нь Х банктай 2012 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр 7 дугаартай “Цалингийн барьцаат зээлийн гэрээ”-г байгуулан 7 500 000 төгрөгийг жилийн 25.2 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатайгаар зээлэн авсан. Зээлийн гэрээний 2.1.2-д зээлийн мөнгөн хөрөнгийг зээлдэгчийн Х банк дахь 25000015434 тоот төгрөгийн дансанд олгохоор тохиролцсон ба Х банкнаас 2012 оны 07 дугаар сарын 27-ны өдөр тус дансанд 7 400 000 төгрөгийг шилжүүлж мемориалын баримтад Ж.Цогоо гарын үсэг зурсан. Тухайн үед Ж.Ц нь Х банкнаас 7 500 000 төгрөгийн зээл олгох хүсэлт гаргахдаа буюу цалингийн зээлийн өргөдлийн маягтад өөрийгөө Мах-Экспорт ХХК-д эрүүл ахуйн эмч ажил эрхэлдэг гэж бичин уг мэдээллийн үнэн зөв болохыг баталж гарын үсэг зурж байсан. Мөн тус байгууллагын дарга Б.Ч, Ерөнхий нягтлан бодогч Д.Э нарын Ж.Ц нь тус компанид 687 000 төгрөгийн үндсэн цалинтай эрүүл ахуйн эмч ажилтай бөгөөд 7 500 000 төгрөгийн зээлийг 36 сарын хугацаатай олгоход түүнийг цалинтай адилтгах орлогоороо төлж барагдуулах чадвартайг тодорхойлсон гарын үсэг компанийн тэмдэг бүхий тодорхойлолт, нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар зэргийг ирүүлсэн. Гэвч Мах-Экспорт ХХК-д ерөнхий нягтлан бодогчоор ажиллаж байсан Д.Э гэгч нь түүний банкинд гаргаж өгсөн тодорхойлолт, нийгмийн даатгалын дэвтрийн хуулбарыг хуурамчаар үйлдэж өгснийг Ж.Ц ашиглаж банкнаас зээл авсан байсан. Х банкны эрх хүлээн авагч Төрийн банкны хооронд 2014 оны 03 дугаар сарын 11-ний өдөр 187/2014БЭХА/365 дугаартай гэрээг байгуулж гэрээгээр Төрийн банк нь Х банкны эрх хүлээн авагчийн тэнцэл дэх гэрээний хавсралтад заасан активыг /чанаргүй зээлүүдийг/ өөрийн орон нутаг дахь салбаруудаар дамжуулан төлүүлэх ажлыг гүйцэтгэхээр тохиролцсон. Иймд Төрийн банкны Хэнтий аймаг дахь салбараас тус гэмт хэргийн шинжтэй үйлдлийг шалгуулахаар цагдаагийн байгууллагад хүсэлт гаргаснаар Хэнтий аймгийн цагдаагийн газраас 2013 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн эрүүгийн 201323000348 дугаартай хэргийг үүсгэж мөрдөн байцаалтын ажиллагааг эхлүүлсэн. Мөрдөн байцаалтын ажиллагааны явцад Мах экспорт ХХК-ийн Ж.Ц нь тус компанид ажилладаг гэх тодорхойлолтод зурсан захирал Б.Чулуунтогтохын гарын үсэг болон нийгмийн даатгалын дэвтэрт дарсан дардсууд нь хуурамчаар үйлдэгдсэн болох нь криминалистикийн шинжилгээгээр тогтоогдсон. Хэнтий аймгийн прокурорын газрын хяналтын прокурорын 2015 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 5/177 дугаартай “Эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгох тухай" тогтоолоор Дагва овогтой Эрдэнэнавчид холбогдох эрүүгийн 201323000348 дугаартай хэргийг 2015 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан баталсан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт заасан үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Уг нэхэмжлэлтэй холбоотой хэргийг эрүүгийн журмаар шалгаж байсан тул нэхэмжлэгчээс энэхүү нэхэмжлэлийг урьд нь иргэний журмаар гаргах боломжгүй байсан ба прокурорын тогтоолоор дээрх эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул иргэний журмаар нэхэмжлэл гаргаж байна. Зээлдэгч нар нь зээл авсан өдрөөс хойш 2013 оны 12 дугаар сарын 13-ны өдрийг хүртэл хугацаанд үндсэн зээлээс 4 797 534.80 төгрөг, зээлийн хүүнд 2 232 663.08 төгрөг. нэмэгдүүлсэн хүүнд 35 676.71 төгрөг, нийт 7 065 874.59 төгрөг төлсөн бөгөөд үүнээс хойш дахин ямар нэгэн төлөлт хийлгүй, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэлгүй банкийг илт хохироож байна. Х банк ХХК дахь Банкны эрх хүлээн авагчаас 2017 оны 08 дугаар сарын 28-ны өдөр тус шүүхэд хандаж зээлдэгч Ж.Ц-гоос зээлийн гэрээний үүргийг шаардаж нэхэмжлэл гаргасан боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нас барсан болохыг мэдсэн. Ингээд тус шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 1904 дугаар захирамжаар нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Зээлдэгчийн үндсэн зээл 2 702 465.20 төгрөг, зээлийн хүү 2 634 521.29 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 481 006.23 төгрөг, нийт 5 817 992.72 төгрөгийг Ж.Ц-оос гаргуулж өгнө үү гэжээ. /хх-ийн 1-4х/

Хариуцагч Ж.Ц нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие үндсэн зээлдэгч болох Ж.Ц-гийн хамт 2012 оны 04 дүгээр сарын 25-нд Х банкнаас 7 500 000 төгрөгийн зээл авсан. Ах Цогоо нь үндсэн зээлээс 7 065 879.59 төгрөгийг төлсөн. Ах Цогоо маань 2015 оны 11 дүгээр сард өвчний улмаас нас барсан. Иймд хамтран зээлдэгч болох Ж.Ц миний бие Х банкны эрх хүлээн авагчаас нэхэмжилсэн зээлийн үлдэгдэл болох 5 817 992.72 төгрөгийг бүрэн төлөх боломжгүй байна. Зээлийн хүү 2 634 521.29 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 481 006.23 төгрөгийг төлөх боломжгүй байна. Иймд үндсэн зээл болох 2 702 465.20 төгрөгийг 2018 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн 2018 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн дотор бүрэн төлж барагдуулна гэв.

 

Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар болон  хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Нэхэмжлэгч “Х банк ХХК”-дахь банкны эрх хүлээн авагч нь Ж.Ц-д холбогдуулан “зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн 5 817 992.72 /таван сая найман зуун арван долоон мянга есөн зуун ерэн хоёр/ төгрөгийг гаргуулах”-аар нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.

Хариуцагч Ж.Ц, Ж.Ц нар нь Х банкнаас 7 500 000 төгрөгийн зээл авсан болох нь 2012 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 7 дугаартай барьцаат зээлийн гэрээний хуулбар /хх-ийн 19-22х/, нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл /хх-ийн 1-4х/, хариуцагчийн тайлбар /хх-ийн 45х/ зэрэг баримтаар тогтоогдож байна.

Зээлдэгч Ж.Ц нь зээл авсан өдрөөс хойш 2013 оны 12 дугаар сарын 13-ны өдрийг хүртэл хугацаанд үндсэн зээлээс 4 797 534.80 төгрөг, зээлийн хүүнд 2 232 663.08 төгрөг. нэмэгдүүлсэн хүүнд 35 676.71 төгрөг, нийт 7 065 874.59 төгрөг төлсөн байна.

Үндсэн зээлдэгч болох Ж.Ц /РД:СИ55050615/ нь 2015 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр нас барсан байна.

Нэхэмжлэгч тал нь одоо үндсэн зээлийн үлдэгдэл 2 702 465.20 төгрөг, зээлийн хүү     2 634 521.29 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 481 006.23 төгрөг, нийт 5 817 992.72 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар нэхэмжилж байна.

Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.1-т: хүлээсэн үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тал хууль болон гэрээнд зааснаар нөгөө талдаа төлөх ёстой мөнгөн төлбөрийг анз гэнэ гэж, мөн хуулийн 232 дугаар зүйлийн 232.8-д: анзын хэмжээ илт их байвал хэргийн нөхцөл байдлыг харгалзан шүүх түүнийг багасгаж болно гэж тус тус заажээ.

Нэхэмжлэгч “Х банк ХХК”-дахь банкны эрх хүлээн авагчийн хариуцагчаас нэхэмжилж байгаа анзын хэмжээ илт их буюу хүү болон нэмэгдүүлсэн хүүгийн хамт               3 115 527.52 /гурван сая нэг зуун арван таван мянга таван зуун хорин долоо/ төгрөг байгаа нь зээлдэгчийн хувьд төлөхөд хүндрэл үүсэхүйц байгаа тул шүүх анзын хэмжээг багасгаж 97 535 /ерөн долоон мянга таван зуун гучин тав/ төгрөгөөр тогтоох нь зүйтэй гэж үзлээ.

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-т: Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж заажээ.

Иймээс үндсэн зээлийн үлдэгдэл 2 702 465.20 төгрөг дээр шүүхээс багасгаж тогтоосон 97 535 төгрөгийн анзыг нэмж нийт 2 800 000 /хоёр сая найман зуун/ төгрөгийг хариуцагч Ж.Ц-оос гаргуулж нэхэмжлэгч байгууллагад олгох нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.

Иймд нэхэмжлэгч “Х банк ХХК”-дахь банкны эрх хүлээн авагчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Жич: нэхэмжлэгч байгууллагын нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэж байгаа тул хариуцагчаас тэр хэмжээгээр шүүхийн зардлыг нөхөн төлүүлэх нь зүйтэй болно.

 

       Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон                                                                                                                       

 

ТОГТООХ НЬ:

 

1. Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.8, 451 дүгээр зүйлийн 451.1, 453.1-д зааснаар хариуцагч Ж.Ц-оос үндсэн зээл 2 702 465 төгрөг, зээлийн хүүд 97 535 төгрөг, нийт 2 800 000 /хоёр сая найман зуун мянга/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “Х банк ХХК”-дахь банкны эрх хүлээн авагчид олгож, нэхэмжлэлээс үлдэх 3 017 992 /гурван сая арван долоон мянга есөн зуун ерэн хоёр/ төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.12-т зааснаар нэхэмжлэгч Х банк ХХК дахь банкны эрх хүлээн авагчийг улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлсөн болохыг дурдсугай.  

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2-т зааснаар хариуцагч Ж.Ц-оос 59 750 /тавин есөн мянга долоон зуун тавь/ төгрөгийг гаргуулж улсын орлого болгосугай.

  4. Шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шүүх хуралдаанд оролцсон тал Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4-т зааснаар шийдвэрийг 7 хоногийн дотор ёсчлогдсоноос хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба  шийдвэрийг гардан аваагүй нь 119 дүгээр зүйлийн 119.7-д зааснаар гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг хэргийн оролцогчдод мэдэгдсүгэй.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ                         Ж.БОЛДБААТАР