Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 10 сарын 18 өдөр

Дугаар 2018/ШЦТ/370

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хэргийн индекс: 166/2018/0342/Э

Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Я.Туул даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Тэмүүжин,

Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор О.Доржмаа,

Шүүгдэгч Д.О /өөрөө өөрийгөө өмгөөлөх хүсэлт гаргасан тул өмгөөлөгч оролцоогүй/ нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн    Д.О холбогдох эрүүгийн 1818006800405 дугаартай хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтэй ирүүлснийг 2018 оны 10 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцлээ.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн,    Д.О 1997 оны 04 сарын 21-ний өдөр Дархан-Уул аймгийн Дархан суманд төрсөн, 21 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, баяжуулалтын оператор мэргэжилтэй, “*****” ХХК-д борлуулагч ажилтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй.

Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүгдэгч Д.О нь 2018 оны 08 дугаар сарын 24-нөөс 25-нд шилжих шөнө  Дархан-Уул аймгийн Дархан сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Nice” баарны гадаа, мөн Дархан сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах төмөр замын 14 дүгээр байрны гадаа хохирогч М.Б-г зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Д.О нь 2018 оны 08 дугаар сарын 24-нөөс 25-нд шилжих шөнө  Дархан-Уул аймгийн Дархан сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Nice” баарны гадаа, мөн Дархан сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах төмөр замын 14 дүгээр байрны гадаа хохирогч М.Б-г зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:

-Шүүгдэгч О  мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...2018 оны 08 сарын 24-ны өдөр би ажлынхаа газрын*****, *****, ***** нарын хамт “Nice”  баранд 22 цаг өнгөрч байхад орсон. Тэгээд ажлын ах болох *****ын хамт барны гадаа тамхи татаад зогсож байсан чинь ***** гэх залуу /одоо нэрийг нь мэддэг болсон/ над руу муухай хараад байхаар нь би "чи яагаад над руу муухай хараад байгаа юм бэ?" гэсэн чинь тэр залуу над руу уурлаад "чи муу мангар бацаан, чам руу муухай харахаар яадаг юм бэ?” гээд над руу ойртохоор нь би сандарсандаа нүүр рүү нь гараараа нэг удаа цохичихсон. Тэгээд нөгөө залуу уурлаж маргалдаж байгаад баар луу яваад орчихсон. Тэгэхээр нь би баарнаас найзуудаа дуудах гэж байгаа юм болов уу гэж бодоод найзынхаа гэр лүү явсан. Тэгсэн чинь араас ***** 2 найзтайгаа ирээд "чи яаж байгаа юм" гээд над руу дайраад цохих гээд байхаар нь дахиад нэг удаа нүүр рүү нь цохисон юм.

...Хохирол төлбөрт нийт 740000 төгрөгийг төлсөн. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Гэм буруугийн тал дээр маргаан байхгүй, хөнгөн ял оногдуулж өгнө үү.” гэх мэдүүлэг,

-Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хэргийн 5/,

-Дархан-Уул аймаг дахь Цагдаагийн газарт иргэн Э-с гаргасан өргөдөл /хэргийн 6/,

-Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хэргийн 7-9/,

-Хохирогч Б  мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2018 оны 08 дугаар сарын 24-ний шөнө би найз Батсуурын хамт “Nice” бааранд орсон юм. Би бааранд бүжиглэж байгаад хаахын өмнө гадаа тамхи татаад зогсож байхад нэг танихгүй залуу над руу харж байснаа “яагаад муухай хараад байгаа юм бэ?” гэж хэлээд миний нүүр лүү нэг удаа цохиход миний амнаас цус гарсан. Тэгэхээр нь би хамт явсан найзыгаа баарнаас дуудаж гаргаж ирээд харсан чинь намайг цохисон залуу төмөр замын 15 дугаар байрны урд явж байхаар нь араас нь гүйж очоод бариад авах гэхэд миний нүүр лүү нэг удаа цохиод намайг газар унагаасан. Би унахдаа нүүрээрээ асфальтан зам дээр унаад, миний нүүр 3 газар шалбарсан. Тэгээд цагдаа ирээд намайг зодсон залууг аваад явсан юм.

... Надад одоо гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй.” гэх мэдүүлэг /хэргийн 18/,

-Гэрч Т.А-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...би найз нарын хамт гартал миний танил ***** “Nice” баарны гадаа сууж байсан. Уруулаа хүнд цохиулчихсан, өмсөж зүүсэн хувцас нь цус болчихсон сууж байсан. Тэгээд удалгүй автомашинаа асаагаад 14 дүгээр байрны тэнд очиход ***** газар уначихсан хэвтэж байсан юм. Тэгээд цагдаа нар ирээд зодсон гэх хүнийг аваад явсан юм.” гэх мэдүүлэг /хэргийн 21/,

-Гэрч Т.Э-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...гэртээ унтаж байхад манай найз Акерке****** гэсэн дугаараас 12 цагийн үед залгаад “танай нөхөр хүнд зодуулчихсан байна” гэхээр нь би эмнэлгийн хүлээн авах дээр яваад очиход манай нөхөр ***** нь нүүр хэсэгт нь хөхөрч хавдсан, уруул нь сэтэрчихсэн, юм ярьж чадахгүй байсан. Тархиндаа гэмтэл авсан, хэд хэдэн оёдол тавиулаад шууд эмнэлэгт хэвтсэн юм.” гэх мэдүүлэг /хэргийн 22/,

-“…Б  биед тархи доргилт, нүүр, дээд уруулын зулгаралт тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн хүчин үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Уг гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаанд сарниулах хөнгөн зэргийн гэмтэл болно. Б  биед учирсан гэмтэл нь цаашдын эрүүл мэнд, ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй.” гэх 2018 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн 899 дугаартай шинжээчийн дүгнэлт /хэргийн 25/,

-Хохирогч, яллагдагч нараас гаргасан баталгаа /хэргийн 40/ болон хавтаст хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бусад бичгийн баримтуудаар тус тус нотлогдож байна.

Шүүгдэгч О  үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч Б  биед “тархи доргилт, нүүр, дээд уруулын зулгаралт” бүхий гэмтэл учирсан бөгөөд энэ нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах, гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарч байх тул түүний үйлдлийг зүйлчилсэн хуулийн зүйл, хэсэг зөв байна.

Иймд шүүгдэгч О-д   холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж, шүүгдэгч ******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хуралдааныг явуулж, прокурорын санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн хэмжээний хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй.

Гэмт хэргийн улмаас хохирогч Б  эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан болох 2018 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн 899 дугаартай шинжээчийн дүгнэлтээр /хэргийн 25/ нотлогдож байх бөгөөд хохирогч ****** нь “надад одоо гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй.” гэх мэдүүлэг /хэргийн 18/ өгсөн байх тул шийтгэх тогтоол гарах үед шүүгдэгч Д.О-с гаргуулах төлбөргүй байна гэж үзлээ.

2. Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар:

Шүүгдэгч Д.О нь 2018 оны 08 дугаар сарын 24-нөөс 25-нд шилжих шөнө  Дархан-Уул аймгийн Дархан сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Nice” баарны гадаа, мөн Дархан сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах төмөр замын 14 дүгээр байрны гадаа хохирогч М.Б-г зодож,  эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бусад бичгийн баримтуудаар нотлогдож байх тул шүүгдэгч ******ийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна гэж шүүх үзлээ.

Эрүүгийн хариуцлага нь эрүүгийн хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрддэг ба шүүгдэгч Д.О нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай этгээд байна.

Шүүгдэгч нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас хохирогчид төлөх төлбөргүй байгаа байдлыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалд харгалзан үзлээ.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, түүний хувийн байдал зэргийг харгалзан шүүгдэгч Д.О-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, прокурорын саналыг харгалзан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 төгрөгөөр торгох ял оногдуулахаар шийдвэрлэв.

Шүүгдэгч О  гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, түүний хувийн байдал, ар гэрийн амьдралын нөхцөл байдал зэргийг харгалзан шүүхээс оногдуулсан торгох ялын 450000 төгрөгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 5 сарын хугацаанд төлж барагдуулахыг шүүгдэгч О-д   үүрэг болгож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоног хорих ялаар тооцож солихыг шүүгдэгч О-д   анхааруулах нь зүйтэй гэж үзлээ.

Энэ хэрэгт шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогчид төлөх төлбөргүй, хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаад

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5, 36.1, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч    Д.О-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч    Д.О-г 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5.3 дугаар зүйлийн 5, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.6-т зааснаар торгох ялын 450000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлж барагдуулахыг шүүгдэгч О-д   үүрэг болгож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоног хорих ялаар тооцож солихыг шүүгдэгч О-д   анхааруулсугай.

4.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.4, 1.7, 1.8, 1.9-т зааснаар шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-т зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч О-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                  Я.ТУУЛ