| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Мөнхөөгийн Эрдэнэ-Очир |
| Хэргийн индекс | 179/2017/0076/Э |
| Дугаар | 2017/ШЦТ/38 |
| Огноо | 2017-03-18 |
| Зүйл хэсэг | 215.3., |
| Улсын яллагч | Г.Ганхөлөг |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2017 оны 03 сарын 18 өдөр
Дугаар 2017/ШЦТ/38
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч М.Эрдэнэ-Очир даргалж,
Нарийн бичгийн даргаар Б.Оюунчимэгийг суулцуулан
Улсын яллагч Г.Ганхөлөг,
Хохирогч Б.Д-, Хохирогч Ч.О-, түүний өмгөөлөгч Д.Содномдорж,
Шүүгдэгчийн өмгөөлөгч М.Найдан,
Шүүгдэгч Д.Н- нарыг оролцуулан тус шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.Н-ад холбогдох эрүүгийн 201622000623 дугаартай хэргийг 2016 оны 12 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, Д.Н.
Шүүгдэгч Д.Н- нь 2016 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр Тариалан сумын нутаг дэвсгэрт тээврийн хэрэгсэл жолоодож явах үедээ Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2 дугаар зүйлийн 2.7а дахь хэсэгт хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно, 8 дугаар зүйлийн 8.2 дахь хэсэгт заасан эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно гэж заасан хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж иргэн М.А- хүзүү, нуруу нугаламын хавсарсан гэмтлийн улмаас нас барсан, иргэн Ч.О-ийн бие махбодид хүндэвтэр гэмтэл учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Д.Н- нь 2016 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр Тариалан сумын нутаг дэвсгэрт тээврийн хэрэгсэл жолоодож явах үедээ Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2 дугаар зүйлийн 2.7а дахь хэсэгт хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно, 8 дугаар зүйлийн 8.2 дахь хэсэгт заасан эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно гэж заасныг зөрчсөний улмаас иргэн М.А-гийн амь нас хохирсон, иргэн Ч.О-ийн бие махбодид хүндэвтэр гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Үүнд: Шүүгдэгч Д.Н-ын шүүхийн хэлэлцүүлэгт: 2016 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр Тариалан суманд ирж яваад нүд анилдаад зүүрмэглэж яваад эсрэг урсгалд орсон байсан. А- унтаж явснаа сэрээд Нараа эгчээ гэж хашхирсан. Миний машины дугуй хажуу тийшээ орсон байсан. Намайг хаазаа хасаад, зөөлөн чигээрээ явъя гэхэд дүү маань орилоод рүлийг маань түлхэж, машин хэд, хэдэн удаа хөрвөөсөн. Би бие муутай хирнээ машин жолоодсоноос ийм байдалд хүрсэн гэж бодож байна гэв.
Хохирогч Б.Д-гийн мөрдөн байцаалтад болон шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: ...М.А- нь миний төрсөн ээж байгаа юм. ...Осол болох үед би Улаанбаатар хотод байсан юм. Тухайн үед ээж манай дүү А.Н-тэй хамт Улаанбаатар хотод сүмийн чуулганд оролцохоор очсон байсан. Тэгээд буцахдаа сүмийнхээ хүмүүстэй хамт жижиг суудлын машинаар явсан байсан. ...Ээж надад ярихдаа Булган өнгөрөөд явж байгаад Д.Н- эгч зүүрмэглээд замын хажуу тал руу орж зогссон гэсэн тэгээд тэндээс цаашаа явж байгаад дахиж зүүрмэглээд замын хажуу тал руу ороод осолд орсон гэж надад ярьсан. Машин замын хажуу тал руу ороход нь Нараа эгчээ гэж дуудсан гэж байсан. ... Одоо нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй байна. Д.Н- эгч ээжийг маань осолд орсон үеэс өөрийнхөө талаас хүмүүс авчирч ээжийг маань сахиулж, шүүх хуралдаан болохоос өмнө 6.000.000 төгрөг өгсөн бөгөөд 2017 оны 7-12 дугаар сарын хооронд 4.000.000 төгрөг өгье гэж гэрээ байгуулсан. Би 9 настай, 14 настай, 2 дүүтэйгээ үлдсэн. Ээжийн маань хайрыг орлож чадахгүй ч гэсэн хүн чанар гаргаж тусалж явахыг хүсэж байна гэв.
Хохирогч Ч.О-ийн мөрдөн байцаалтад болон шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: ...Хотод чуулгандаа оролцчихоод 09-р сарын 25-ны өдөр наашаа Мөрөн рүү гараад замдаа Булган аймагт хоночихоод 09-р сарын 26-ны өдөр Мөрөн рүү явж байгаад Тариалан сумын нутаг дэвсгэрт зам тээврийн осолд орсон. Яг осол болох үед би унтаж байсан болохоор осол яагаад гарсныг мэдэхгүй байна. Унтаж байхад машин дайвалзаад эхэлсэн тэгээд шууд онхолдчихсон. ... Би гомдолтой байна. Учир нь ослын улмаас хүнд юм өргөж чаддаггүй. Толгой өвддөг болсон. Цаашид эмчилгээ хийлгэнэ. Өмгөөлөгчийн зардал, бариа засал, тархины шинжилгээний төлбөр нийт 1.315.000 төгрөгийг нэхэмжилж байна гэв.
Гэрч Д.Б-ын мөрдөн байцаалтад өгсөн: ...бид нар наашаа гараад 2016.09.25- ны өдөр Булганд хоноод 09-р сарын 26-ны өдөр наашаа Мөрөн рүү гарсан. Наашаа гараад би өөрийнхөө машинтай урд талд нь яваад эхнэр маань ард нөгөө машинаа бариад ойрхон зайтай явж байсан. Тэгээд наашаа явж байгаад Тариалангийн хөндий рүү орж ирээд би жаахан зайтай явж байсан гэхдээ толиндоо хараад явж байгаад нэг харахад машин харагдахгүй болохоор нь замын хажууд хэсэг зогсож хүлээгээд ирэхгүй болохоор нь буцаад явтал машин замын хажуу тал руу орчихсон 4 дугуйн дээрээ зогсож байсан. Намайг очиход М.А- машин дотроо бусад машин дотор явж байсан бусад хүмүүс нь машинаас гарчихсан байсан. Би очоод машины хаалгыг нь эвдэж байж М.А-г гаргасан. Машинаас гаргахад М.А- ухаантай байсан, угаасаа намайг очиход намайг машинаас хурдан гаргаач ээ гэж байсан. Машинаас гаргачихаад Тариалан сум руу утсаар эмнэлэг дуудсан эмнэлэг ирээд М.А-г авч явсан... гэх мэдүүлэг /хх-ийн 29-30 дугаар хуудас/,
Насанд хүрээгүй гэрч А.Н-ийн мөрдөн байцаалтад өгсөн: ...бид нар замд явж байхад машин замаас хазайгаад замаас гараад ирсэн чинь ээж Нараа эгчээ гээд дуудсан. Тэгсэн машин барьж явсан Д.Н- эгч жолооны хүрдээ зүүн гар талруугаа эргүүлээд тэгээд замын хажуу тал руу ороод өнхөрчихсөн. Осол болсны дараа ээжийн толгойноос цус гараад байсан. Тэгээд эмнэлэг ирээд аваад явсан... гэх мэдүүлэг /хх-ийн 32 дугаар хуудас/,
Гэрч П.Н-ийн мөрдөн байцаалтад өгсөн: ...2016 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр 16 цагийн орчимд Тариалан сумын эмнэлгээс миний утас руу залгаад машин унасан байна осолд орсон хүмүүс нь сумын эмнэлэг дээр байна гэхээр нь эмнэлэг дээр очиход М.А- гэдэг хүний бие нь муудаад байна гэж байсан. Д.Н- гэдэг хүн машиныг нь жолоодож явсан гэж байсан. Ямар машин байсан талаар болон дотор сууж явсан хүмүүсийнх нь овог, нэр, утасны дугаарыг нь тэмдэглэж аваад машин унасан газрыг заалгаад очиход автомашин замаас гарч онхолдсон байсан... гэх мэдүүлэг /ххийн 35 дугаар хуудас/,
Хэрэг учралын газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 5-6, 7, 16-17, 42-43, 46-47 дугаар хуудас/,
Хөвсгөл аймгийн Цагдаагийн газрын 2016 оны 12 дугаар сарын 13-ний өдрийн ...1. 2016 оны 09-р сарын 26-ны өдрийн 17 цагийн үед Тариалан сумын нутаг дэвсгэрийн асфальтон замд хөдөлгөөнд оролцож явсан Тоёото Гаяа маркийн 0979 УНД улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан Д.Н- нь МУ-ын замын хөдөлгөөний дүрмийн 2-р зүйлийн 2.7А-д ...хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох гэсэн заалтыг мөн МУ-ын замын хөдөлгөөний дүрмийн 8-р зүйлийн 8.2-д Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно гэсэн заалтуудыг тус тус зөрчиж осол үүссэн гэж үзэв. 2. Осол гарахад замын нөхцөл байдал нөлөөлсөн гэж үзсэнгүй, 3. Хурдыг тодорхойлохдоо тооромзны мөрөөр тодорхойлдог. Тиймээс хурдыг тодорхойлох боломжгүй. 4. Хохирогч Х.М.А-гийн жолооны хүрдтэй ноцолдсон гэх үйлдэл үндэслэлтэй бол МУ-ын замын хөдөлгөөний дүрмийн 4-р зүйлийн 4.2В-д Хөдөлгөөний үед жолоочийн анхаарлыг сарниулах, түүний үйлдэлд саад болох гэснийг зөрчсөн гэж үзээд зам тээврийн осол гарахад нөлөөлсөн байх боломжтой. гэх дүгнэлт /хх-ийн 37 дугаар хуудас/,
Цогцост үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 41 дүгээр хуудас/, Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2016 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 671 дугаартай ...1.М.А-гийн А.Н-ийн биед гэмтэл тогтоогдлоо. 2. Тухайн үед биед духанд зулгаралт бүхий гэмтэл учирсан байна. 3. Тухайн цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. 4 Хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 5. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй болно. 6 цаашид энгийн хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй. гэх дүгнэлт /хх-ийн 39 дүгээр хуудас/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2016 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 13824 дугаартай ...1.М.А-гийн биед хүзүүний 2, 6, 7-р нугалмын хугарал, нугас дарагдал биеийн доод хэсгийн саажил, мултрал, хуйхны шарх, тархи доргилт гэмтэл тогтоогдлоо. 2. Уг гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.5-д зааснаар учрах үедээ амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. 4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөх эсэх нь эдгэрэх эмчилгээнээс хамаарна. 5. Уг гэмтэл нь тухайн болсон хэргийн нөхцөлд үүссэн байх боломжтой гэх дүгнэлт /хх-ийн 54 дүгээр хуудас/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2016 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 1985 дугаартай задлан шинжилгээ хийсэн ...1. Талийгаачийн цогцост хүзүү, нуруу нугалмын хавсарсан гэмтэл, 2 уушигны гялтан доорхи баруун бөөрний хальсан доорхи цус хуралт, хүзүүний 6, 7-р нугалмын их биеийн хөндлөн хугарал, нугас бүрэн бус дарагдсан, нугалам орчмын гялтан доор цус хуралт, дээрх хугарал орчмын зөөлөн эд, гялтангийн цус хуралт, баруун чамархайн цус хуралт, 2 гарын бугалга, сарвууны цус хуралт бүхий гэмтлүүд тогтоогдлоо. 2.Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтлүүд бөгөөд хүзүү, нуруу нугаламын гэмтлүүд нь учрах үед амь насанд аюултай хүнд гэмтэл болно. 5.Талийгаач нь хүзүү, нуруу нугаламын хавсарсан гэмтлийн улмаас нас баржээ. 6.Талийгаач ОI бүлгийн цустай байна гэх дүгнэлт /хх-ийн 48-50 дугаар хуудас/,
Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2016 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 523 дугаартай 1.Ч.О-ий биед гэмтэл тогтоогдлоо.2. Ч.О-ий биед тохойн үений зөөлөн эдийн няцрал, тархи доргилт, гуя, ташаа, шилбэ, өвдөгт цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо. 3. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.4.дээрх гэмтэл нь хэрэг учрал болсон гэх хугацаанд үүсгэгдсэн байна.5. Дээрх гэмтэл нь ШЭГЗТЖ-ын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэх дүгнэлт /хх-ийн 65 дугаар хуудас/,
Мөн Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 587 дугаартай ...1. Ч.О-ийн биед гэмтэл тогтоогдлоо. 2. Ч.О-ийн биед цээжний хэнхэрцгийн баруун дал, ясны босоо далд хугарал бүхий гэмтэл тогтоогдлоо. 3.Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 4Хэрэг учрал болсон гэх хугацаанд үүсгэгдсэн байна. 5 дээрх гэмтэл нь ШЭГЗТЖ-ын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. 6. Цаашид хөдөлмөрийн чадвар алдангид нөлөөлөхгүй болно. гэх дүгнэлт /хх-ийн 67 дугаар хуудас/ зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан арга хэрэгслийн дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг шийдвэрлэхэд хангалттай гэж үнэллээ.
Иймд шүүгдэгч Д.Н-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3-т зааснаар жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчсөний улмаас бусдын амь нас хохироосон, бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Хэргийн зүйлчлэл зөв байна.
Шүүгдэгч Д.Н-ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3-т зааснаар ял оногдуулахдаа анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшсэн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо сайн дураар нөхөн төлсөнг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцон үзэж, шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, түүний хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг харгалзан хорих ял оногдуулж, оногдуулах хорих ялыг биечлэн эдлүүлэхгүйгээр тэнсэж, хянан харгалзах боломжтой гэж шүүх үзэв.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд: Хохирогч Б.Д- нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчээс нэхэмжлэх зүйлгүй гэсэн ба хохирогч Ч.О- нь цаашид гарах эмчилгээний зардал, өмгөөлөгчийн зардал, бариа засал, тархины шинжилгээний төлбөр нийт 1.315.000 төгрөгийг шүүгдэгч П.Д.Н-аас гаргуулахаар нэхэмжилж байна. Шүүх нэхэмжлэлийн шаардлагаас нотлох баримтын шаардлага хангахгүй 250.000 төгрөгийн бэлэн мөнгөний орлогын баримт, Хохирогч нь өмгөөлөгчтэй сайн дурын үндсэн дээр эрх зүйн туслалцаа авах гэрээ байгуулж хөлс төлсөн нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 99.2, 100, 101 дүгээр зүйлд заасан байцаан шийтгэх ажиллагааны зардалд хамаарахгүй гэж үзсэн тул өмгөөллийн хөлс 1.000.000 төгрөг, нийт 1.250.000 төгрөгийг биелүүлэхээс татгалзаж шийдвэрлэлээ.
Мөн хохирогч Ч.О-д 459.000 төгрөгийг шүүгдэгч нь төлсөн байх тул хохирогч Ч.О-ий эрүүл мэндэд учирсан хохирол, эмчилгээний зардлыг нөхөн төлсөн, шүүгдэгчийг энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв. Харин хохирогч Ч.О- нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар шүүгдэгчээс нэхэмжилж болохыг дурдах нь зүйтэй байна.
Шүүгдэгч Д.Н- нь урьд ял шийтгэл эдэлж байгаагүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 85 дугаар хуудас/-аар тогтоогдож байна. Эрүүгийн 201622000623 дугаартай хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Д.Н- нь цагдан хоригдоогүй болохыг дурдах нь зүйтэй байна. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн Д.Н-ын В ангиллын .... дугаартай жолоочийн үнэмлэхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд шилжүүлэхийг шүүгчийн туслах О.Уранчимэгт даалгах нь зүйтэй байна.
Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286, 290, 294-298 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Д.Н-ыг жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчсөний улмаас бусдын амь нас хохироосон, бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3-т зааснаар шүүгдэгч Д.Н-ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хасч 3 /гурав/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар Д.Н-ад оногдуулсан 3 /гурав/ жил 1 /нэг/ сарын хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1-д зааснаар Д.Н-ад оногдуулсан 3 /гурав/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялыг тэнсэж, 2 /хоёр/ жилийн хугацаагаар хянан харгалзсугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.4-т зааснаар Д.Н-ын ял эдлэх, засрал хүмүүжилд хяналт тавихыг Хөвсгөл аймаг дахь Цагдаагийн газарт даалгасугай.
6. Эрүүгийн 201622000623 дугаартай хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
7. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 122 дугаар зүйлийн 122.1,122.3-т зааснаар хохирогч Ч.О-ий нэхэмжлэлээс 1.250.000 төгрөгийг биелүүлэхээс татгалзаж, цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар шүүгдэгчээс нэхэмжилж болохыг дурдсугай.
8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.2-т зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн шүүгдэгч Д.Н-ын В ангиллын .... дугаартай жолоочийн үнэмлэхийг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх Албанд шилжүүлэхийг шүүгчийн туслах О.Уранчимэгт даалгасугай.
9. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1-т зааснаар ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгчид шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
10.Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Н-ын урьд авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ М.ЭРДЭНЭ-ОЧИР