| Шүүх | Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Төмөрийн Балжинням |
| Хэргийн индекс | 140/2017/00435/И |
| Дугаар | 033 |
| Огноо | 2018-01-12 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2018 оны 01 сарын 12 өдөр
Дугаар 033
Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Балжинням даргалж, нарийн бичгийн дарга Т.Чулуунхүү, хариуцагч Б.Г нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийж, З.Б-гийн нэхэмжлэлтэй Б.Г-т холбогдох гэрлэлт цуцлуулах тухай, Б.Г-ийн сөрөг нэхэмжлэлтэй З.Б-д холбогдох хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцээд
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч З.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: 2010 оны 05-р сараас эхлэн Б.Г-тэй үерхэж эхэлсэн ба удалгүй жирэмсэн болсон тул Завхан аймагт 2010 оны 8-р сарын 27-ны өдөр гэрлэлтээ бүртгүүлсэн. Бидний дундаас 2011 оны 4-р сарын 01-ний өдөр хүү Т төрсөн ба одоог хүртэл эхийнхээ асрамжид өсч байна. Бид хоёр албан ёсоор хурим найр хийгээгүй ба миний бие 2010 оны 9-р сарын 29-ний өдөр АНУлс руу суралцахаар явсан бөгөөд одоог хүртэл тус улсад амьдарч байна. Б.Г надтай хамт АНУ-д амьдарна гэж байсан боловч 2012 оны 10 сард цаашид хамтран амьдрахгүй гэдгээ хэлсэн. Энэ үеэс хойш бид хамт амьдраагүй, эхнэр нөхрийн харилцаагүй болсон юм. Бидний хооронд одоо ямар нэгэн эд хөрөнгийн маргаангүй болно. Одоо бид тус тусын амьдралтай болсон ба цаашид хамтран амьдрах ямар ч боломжгүй болсон юм. Би АНУ-д амьдарч байгаа ба Монгол улсад очиж чадахгүй учир эвлэрүүлэн зуучлал хэрэглэхгүйгээр гэрлэлтийг цуцлуулж өгнө үү. Хүү Т-д өөрийн боломжоороо мөнгө төгрөг өгдөг ба цаашид ч мөн боломжоороо өгнө гэжээ.
Хариуцагч Б.Г шүүхэд гаргасан тайлбар, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би гэрлэлтээ цуцлуулж байгаа учир хүүхдийнхээ тэтгэмжийг хуульд заасны дагуу тогтоолгож сар бүр тогтсон өдөр Хасбанкинд байрлах Б.Т-ын 5000513888 тоот хадгаламжийн дансанд хийлгэх хүсэлтэй байна гэжээ.
Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Гэрлэгчид 2012 оны 10 сараас хойшхи хугацаанд тусдаа амьдарч байгаа цаашид гэрлэлтээ үргэлжлүүлж хамтран амьдрах боломжгүй болсон болох нь зохигчдын тайлбараар тогтоогдож байх тул гэрлэлтийг цуцлах нь зүйтэй.
Нэхэмжлэгч З.Б нь хүү Т-ийг ээж Б.Г-ийн асрамжинд өгч хүүхдийн тэтгэлэг төлөхийг хүлээн зөвшөөрсөн байна.
Гэрлэгчид нь эд хөрөнгийн маргаангүй бөгөөд хариуцагч нь гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж шийдвэрлүүлэх, хүүхдийн тэтгэлэг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, тэдний гэрлэлтийг цуцалж, 2011 оны 04-р сарын 01-ний өдөр төрсөн хүү Б.Т-ийг эх Б.Г-ийн асрамжинд үлдээх нь зүйтэй гэж үзээд
МОНГОЛ УЛСЫН ИРГЭНИЙ ХЭРЭГ ШҮҮХЭД ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН 115-Р ЗҮЙЛИЙН 115.2.1, 116, 118, 132 ДУГААР ЗҮЙЛИЙН 132.4-Д ЗААСНЫГ УДИРДЛАГА БОЛГОН
ТОГТООХ НЬ:
1. Монгол Улсын Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1, 14.4 дахь хэсэгт зааснаар Балбар овогт З-ын Б, Жаргалбат овогт Б-ийн Г нарын гэрлэлтийг цуцалсугай.
2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт зааснаар 2011 оны 04-р сарын 01-ний өдөр төрсөн хүүБ.Тулгийг эх Б.Ганчимэгийн асрамжинд үлдээсүгэй.
3. Нэхэмжлэгч З.Б, хариуцагч Б.Г нар нь эд хөрөнгийн талаар маргаангүй болохыг дурдсугай.
4. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2, 41 дүгээр зүйлийн 41.1.1, 41.2.1 дэхь хэсгүүдэд заасныг баримтлан 2011 оны 04-р сарын 01-ны өдөр төрсөн хүү Т-ийг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоосон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар сар бүр, 11-16-н нас суралцаж байгаа бол 18 насанд хүртэл амьжиргааны баталгаажих доод түвшингийн хэмжээгээр сар бүр эцэг З.Б-ээс тэтгэлэг гаргуулсугай.
5. Гэр бүлийн хуулийн 38 дугаар зүйлийн 38.5 дахь хэсэгт зааснаар хүүхдийн тэтгэлгийг гагцхүү хүүхдийн хэрэгцээнд зарцуулахыг эх Б.Г-т даалгаж, мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.6-д зааснаар тэтгэлэг хүүхдийн хэрэгцээнд зарцуулагдаагүй нь нотлогдвол тэтгэлэг төлөгч түүнийг зориулалтаар нь зарцуулуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргаж болохыг дурдсугай.
6. Шийдвэрийг биелүүлэхдээ тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээний өөрчлөлтийг харгалзахыг Шүүхийн шийдвэр биелүүлэх байгууллагад даалгасугай.
7. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Г-ээс улсын тэмдэгтийн хураамж 70200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч З.Бямбасүрэнд олгосугай.
8. Шийдвэрийн хувийг гэрлэлтийг бүртгэсэн иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад хүргүүлсүгэй.
9. Шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болно.
10. Нэхэмжлэгч, хариуцагч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ Т.БАЛЖИННЯМ