Баянхонгор аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 12 сарын 14 өдөр

Дугаар 2020/ШЦТ/385

 

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Батцэнгэл даргалж,

Улсын яллагч: В.Дэлгэрмаа,

Нарийн бичгийн дарга: Г.Цогдэлгэр,

Шүүгдэгч: ******* нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Баянхонгор аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор В.Дэлгэрмаагаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 2014000000426 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 12 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 Шүүгдэгч, Монгол улсын иргэн,  эмэгтэй, тусгай дунд боловсролтой, ******* овогт**************

Холбогдсон хэргийн талаар:

 ******* нь 2020 оны 10 дугаар сарын 05-ны өдөр цахим хэрэгсэл ашиглан “1072 хувьцаа 3 сая төгрөгөөр худалдаж авна” гэх хуурамч пэйж хуудас нээн зохиомол байдлыг зориудаар бий болгон*******г төөрөгдөл оруулж урьдчилгаа 140 000 төгрөгийг дансанд байршуул гэж худал хэлж итгэлийг нь урвуулан ашиглан залилж 140 000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. / яллах дүгнэлтэд бичигдсэнээр / ТОДОРХОЙЛОХ нь:

Талууд хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. Үүнд:

 Шүүгдэгч *******гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ... Тус өдөр нь 2020 оны 10 дугаар сарын 05- ний өдөх байсан юм. Миний хувьд гэх юм бол фейсбүүк аппелкейшнд үндсэн нэг хаягтай байж байгаад сүүлд өөр пейж 2 аккаунт нээсэн юм. Миний фейсбүүк дэх үндсэн хаягийн нэр нь болохоор Ариука Ариука гэж явдаг юм. Сүүлд нээсэн хаягийн нэр болохоор Хувьцаа юм байгаа.Тэгээд би фейсбүүк мэдээллээ гүйлгээд үзэж байгаад 1072 хувьцааг 3 500 000 төгрөгөөр худалдан авна гэсэн зар явж байхаар нь тэрнээс санаа аваад чатын илгээмж явуулсан юм. Тэгсэн надад Болормаа гэсэн хаягтай байсан байх би бүх чатаа устгасан болохоор санахгүй байна лав цэнхэр дээлтэй эмэгтэй хүн байсан. Миний явуулсан чатын дагуу Болормаа гэх хүн хувьцаагаа 3 000 000 төгрөгөөр худалдъя гэж хэлсэн. Тэгээд би түүнээс урьдчилгаа болгоод 140 000 төгрөгийг хийчих гэж хэлээд өөрийнхөө 5018742652 дугаарын дансыг өгсөн юм. Түүний дагуу тэр хүн надад 140 000 төгрөгийг шилжүүлсэн. Тэгээд би тэр мөнгийг нь авчхаад тухайн хаягийг устгасан...” гэх мэдүүлэг / хх-ийн 72 /

 Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ******* мэдүүлэхдээ: Өөрийн эсрэг мэдүүлэг өгөхгүй гэв.

Хохирогч*******гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ... Би 2020 оны 10 дугаар сарын 05-ны өдөр өөрийн фейсбүүк цахим хуудсаар 1072 хувьцаа 3 сая төгрөгөөр худалдаж авна гэх зарын дагуу чат бичиж холбогдох надад Хаан банкны нэг данс өгсөн тэр данс руу урьдчилгаа мөнгө шилжүүлчих тэгээд үлдсэн мөнгийг чинь би таны данс руу шилжүүлнэ гэж хэлсэн. Тэгээд би данс руу нь урьдчилгаа болох 140 000 төгрөг шилжүүлсэн чинь тэрнээс хойш намайг блок хийгээд нөгөө цахим хаяг чинь гарч ирэхээ больсон...” гэх мэдүүлэг /хх-9-10/, Хаан банкны 5018742652 дугаарын дансыг Баянхонгор сумын 1 дүгээр баг 19 дүгээр байр 35 тоотод оршин суух /НЫ97062701/ регистрийн дугаартай Баярмагнай******* эзэмшдэг талаарх лавлагаа /хх-ийн 17-18/, Хаан банкны 5018742652 дугаартай************** гэх дансны мэдээлэл /2020.10.05-ны өдөр хохирогч*******гаас 100 000 нэг удаа, 40 000 нэг удаа нийт 140 000 төгрөг шилжүүлсэн талаарх /хх-ийн 41-42/, зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав. Дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд зааснаар нотолбол зохих байдлыг нотолсон байна гэж үзлээ.

Шүүхээс шүүгдэгч ******* нь 2020 оны 10 дугаар сарын 05-ны өдөр цахим хэрэгсэл ашиглан “1072 хувьцаа 3 сая төгрөгөөр худалдаж авна” гэх хуурамч цахим хуудас нээн зохиомол байдлыг зориудаар бий болгон хохирогч*******г төөрөгдөл оруулж урьдчилгаа 140 000 төгрөгийг дансанд байршуул гэж худал хэлж 140 000 төгрөгийг авсан үйл баримт болсон нь хохирогч*******гийн мэдүүлэг, Хаан банкны 5018742652 дугаарын дансыг Баянхонгор сумын 1 дүгээр баг 19 дүгээр байр 35 тоотод оршин суух /НЫ97062701/ регистрийн дугаартай Баярмагнай******* эзэмшдэг талаарх лавлагаа /хх-ийн 17-18/, Хаан банкны 5018742652 дугаартай************** гэх дансны мэдээлэл болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон байна гэж дүгнэлээ.

Иймд шүүгдэгч *******г хуурч, цахим хэрэгсэл ашиглан, зохиомол байдал зориуд бий болгож бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж өмчлөгчийн эд хөрөнгийг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж дүгнэлээ. Дээрх үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэргийн шинжийг тус тус агуулсан тул шүүгдэгч *******д эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзлээ. Шүүгдэгч *******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1-д заасан “эрүүгийн хариуцлага нь тухайн хүн...үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчмыг баримтлан мөн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2-д заасан “ учруулсан хохирлыг нөхөн 3 төлсөн”-ийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдаж, учирсан хохирол, хор уршгийн шинж чанарыг харгалзан түүнд нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгож шийдвэрлэв. Уг хэрэгт шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч*******д учирсан хохирлыг нөхөн төлсөн тул шүүгдэгч *******г бусдад төлөх төлбөргүй болохыг дурдаж хэрэгт шүүгдэгчийн эд хөрөнгийг битүүмжлээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдав. Шүүгдэгч ******* нь урьд нь ял шийтгэгдсэн талаар ЦЕГ-ын мэдээллийн санд бүртгэгдсэн байх тул түүнийг урьд нь гэмт хэрэг үйлдсэн гэж үзлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1,2,3,4 , 36.6, 36.7 дугаар зүйлийн 2.1, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3.1, 36.8, 36.10-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь :

1. Шүүгдэгч******* овогт**************г хуурч, цахим хэрэгсэл ашиглаж, зохиомол байдал зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, өмчлөгчийн эд хөрөнгийг авсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч******* овогт**************г хоёр зуун дөчин / 240 / цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2-т зааснаар шүүгдэгч *******д оногдуулсан хоёр зуун дөчин / 240 / цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт наймаас дээшгүй цагаар хийлгэж байхаар тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч ******* нь шүүхээс оногдуулсан хоёр зуун дөчин / 240 / цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Шүүгдэгч ******* бусдад төлөх төлбөргүй, хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, түүний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-д зааснаар шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-д зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардаж авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар шүүхийн захиргааны ажилтан хүлээн авах хүнд биечлэн гардуулж, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс хойш шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэй болохыг дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дугаар зүйлийн 2- д зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч 4 *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.БАТЦЭНГЭЛ