| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Ягнайжавын Туул |
| Хэргийн индекс | 166/2018/0347/Э |
| Дугаар | 2018/ШЦТ/376 |
| Огноо | 2018-10-22 |
| Зүйл хэсэг | 24.2.1., |
| Улсын яллагч | Н.Идэр |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 10 сарын 22 өдөр
Дугаар 2018/ШЦТ/376
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 166/2018/0347/Э
Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Я.Туул даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Тэмүүжин,
Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Н.Идэр,
Шүүгдэгч О.Ц /өөрөө өөрийгөө өмгөөлөх хүсэлт гаргасан тул өмгөөлөгч оролцоогүй/ нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Нийслэлийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ц т холбогдох эрүүгийн 1802002720210 дугаартай хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтэй ирүүлснийг 2018 оны 10 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцлээ.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, Ц 1978 оны 06 дугаар сарын 19-ний өдөр Дархан-Уул аймгийн Дархан суманд төрсөн, 40 настай, эрэгтэй, дээд боловсролтой, бизнесийн удирдлагын менежер мэргэжилтэй, “***** ХХК-ийн ерөнхий захирал ажилтай, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Улаанбаатар хотын Сүхбаатар дүүрэг ****** тоотод оршин суух бүртгэлтэй, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд:
-Сүхбаатар дүүргийн шүүхийн 2000 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн ***** дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 88 дугаар зүйлийн 2-т зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж байсан.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч О.Ц нь Дархан-Уул аймгийн Хонгор сумын 2 дугаар багийн “Хүйтний гол” гэх газарт 2018 оны 05 дугаар сарын 20-ны өдрөөс 2018 оны 05 дугаар сарын 25-ны өдрийг хүртэлх хугацаанд тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолтын үйл ажиллагааг хууль бусаар явуулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэн байдлаар/
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Гэм буруугийн талаар:
Шүүгдэгч О.Ц нь Дархан-Уул аймгийн Хонгор сумын 2 дугаар багийн “Хүйтний гол” гэх газарт 2018 оны 05 дугаар сарын 20-ны өдрөөс 2018 оны 05 дугаар сарын 25-ны өдрийг хүртэлх хугацаанд тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолтын үйл ажиллагааг хууль бусаар явуулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:
-Шүүгдэгч О.Ц-г шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Манайх бол лицензтэй компани юм. Мэргэжлийн бус хүмүүс ажиллаж байгаад хавар талбайгаас хэтрээд гарсан юм байна лээ.
...гэм буруугийн асуудал дээр маргаан байхгүй, хөнгөн ял оногдуулж өгнө үү.” гэх мэдүүлэг,
-Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хэргийн 6-14/,
-Монгол улсын Байгаль орчин, аялал жуулчлалын яамны 2018 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 06б/3932 дугаартай “...эрүүгийн 180200272 дугаартай хэрэгт хамаарах доорх солбилцол бүхий газар нь Улсын тусгай хамгаалалттай газар нутагтай давхцалгүй байна. Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийн 4.3, тус хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 2.1-т заасны дагуу Засгийн газрын 2012 оны 194 дүгээр тогтоолоор баталсан гол мөрний урсац бүрэлдэх эх, ойн сан бүхий газрын хилийн заагтай тус тус бүтэн давхцалтай байна.” гэх албан бичиг, гэрэл зургийн үзүүлэлт /хэргийн 18-19 /,
-Ашигт малтмал, газрын тосны газрын 2018 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 7/4420 дугаартай “...албан бичигт дурдсан солбилцолтой талбайд ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл бүртгэлгүй, ашиглалтын МҮ-000440 тоот тусгай зөвшөөрөлтэй давхцалгүй бөгөөд ойн сан, урсац бүрэлдэх эхтэй бүхэлдээ давхцалтай байна. Мөн ашигт малтмалын МҮ-000440 тоот ашиглалтын тусгай зөвшөөрөл “***** ХХК-ийн эзэмшилд хүчин төгөлдөр бүртгэлтэй байна” гэх албан бичиг /хэргийн 21/,
- Ашигт малтмал, газрын тосны газрын 2018 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 7/5338 дугаартай “...Дархан-Уул аймгийн Хонгор суманд хамаарах албан бичиг дэх доорх цэгүүд нь хүчин төгөлдөр үйлчилж буй ашигт малтмалын хайгуул болон ашиглалтын тусгай зөвшөөрлийн талбайтай давхцалгүй, ойн сан бүхий газрын хамгаалалтын бүс, урсац эх бүрэлдэх эхийн энгийн хамгаалалтын бүстэй бүхэлдээ давхцалтай байна. Мөн дээрх солбилцол бүхий талбай нь “***** ХХК-ийн ашиглалтын МҮ-000440 тоот тусгай зөвшөөрлийн талбайгаас 180 метр орчим зайтай байгаа бөгөөд кадастрын тойм зургийг хавсаргав.” гэх албан бичиг /хэргийн 23-24/,
-Хохирогчийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2018 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 1/24 дугаартай шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон хохирол төлбөрийг нэхэмжилнэ.” гэх мэдүүлэг /хэргийн 29-30/,
-Гэрч О.Н-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...манай техник байгаа газарт олборлолт явуулах тусгай зөвшөөрөл одоогоор байхгүй байгаа. Гурвалсан гэрээ байгуулах зорилгоор хөөцөлдөж байгаа. Манай компанид ер нь бол бичиг баримт байгаа. Манай захирал******, геологич *****нар нь зөвшөөрөл авч төлөвлөгөө байгуулахаар хөөцөлдөж байгаа.” гэх мэдүүлэг /хэргийн 31-33/,
-Гэрч Ц.И-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...бид нарын ухсан газар тусгай зөвшөөрөлтэй талбайд ордог байх. Би бол мэдэхгүй байна. Дарга нар ух гэсэн газар нь ухдаг. Энэ ухаж байгаа газрын доод хэсэгт нь ухчихсан байсан. Бид нарын ухсан газар нь ухаагүй эрүүл газар байсан. 2018 оны 05 дугаар сарын 20-ны өдрөөс хойш 2 хоног ажиллаж 25х70метр хэмжээтэй хөрс хуулалт хийсэн.” гэх мэдүүлэг /хэргийн 36-37/,
-Гэрч М.Н-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Дархан-Уул аймгийн Хонгор сумын 2 дугаар баг “Хүйтний гол” гэх газар байрлах уурхайд ажиллахаар болсон боловч миний барих экскаватор ажиллахгүй байсан тул кэмп дээр засвар хийж байгаад кэмпээс хойш 4 километр газарт уурхайн талбай дээр очиход 20х70 орчим метр хөрс хуулалт хийсэн байсан.” гэх мэдүүлэг /хэргийн 38-39/,
- “Тус тогтоолоор өгөгдсөн 1. Е106° 41′ 20.2″, N49° 18′ 37.7″, 2. E106° 41′ 20.5″, N49° 18′ 38.4″, 3. E106° 41′ 15.4″, N49° 18′ 38.1″, 4. E106° 41′ 15.6″, N49° 18′ 37.4″ солбилцол дахь талбайд нэг ухаш нүх үүссэн байх ба нийт 8450м2 талбай эвдэгдсэн байна. Голын гольдрол өөрчлөөгүй, ойн санд хохирол учруулаагүй, усан сан бүхий газарт хохирол учруулсан байна. Эвдэгдсэн 8450м2 талбайд хамаарах байгаль орчны хохирлын үнэлгээ нь 4639815 төгрөг байна. Тус эвдэгдсэн талбайг нөхөн сэргээлт хийх нийт зардал нь 1245905 төгрөг болж байна.” гэх Байгаль орчны зөвлөх “Нуман Алтай” ХХК-ийн 2018 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 1/24 дугаартай шинжээчийн дүгнэлт /хэргийн 49-82/,
-Шинжээч А.Ц-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...эвдэгдсэн талбайн хэмжээ нь 8.450м2, байгаль орчинд учирсан хохирлын хэмжээ нь 4639815 төгрөг, нөхөн сэргээлт хийх зардал нь 1245905 төгрөг болсон. Дээрх хохирлын хэмжээг задалж тайлбарлавал эдэлбэр газарт 11787 төгрөг, газрын хэвлийд 333490 төгрөг, газрын хөрсөнд 1579776 төгрөг, ургамлын нөмрөгт 1211948 төгрөг, усан орчинд 1514600 төгрөгийн хохирол учирсан.
...”***** ХХК-ны зөвшөөрөлгүйгээр ашигт малтмал олборлох үйл ажиллагааг явуулсан талбайд очиж шинжилгээ хийхэд “***** ХХК-ны МY-000440 дугаартай ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй талбайн захаас ухсан нүх хооронд 180 метр орчим боловч энэ хоорондох талбай нь техникээр түрж тэгшилсэн талбай байсан нь техникийн ул мөрөөс тодорхой харагдаж байсан.” гэх мэдүүлэг /хэргийн 87-88/,
-Ашигт малтмал ашиглалтын тусгай зөвшөөрөл /хэргийн 99-103/,
-Байгаль орчинд учирсан хохирол, төлбөрийг төлсөн баримт /хэргийн 193/ болон хавтас хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан бусад бичгийн баримтуудаар тус тус нотлогдож байна.
Шүүгдэгч О.Ц-г эзэмшлийн “***** ХХК нь Дархан-Уул аймгийн Хонгор сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр болох “Хүйтний гол” гэх газарт ашигт малтмал олборлох ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй талбай эзэмшдэг бөгөөд зөвшөөрөлтэй талбайгаас 180 метр орчим зайтай талбайд ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолтын үйл ажиллагааг хууль бусаар явуулсан болох нь хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн баримтуудаар нотлогдож байх тул түүний үйлдсэн гэмт хэргийг зүйлчилсэн хуулийн зүйл хэсэг зөв байна.
Иймд шүүгдэгч О.Ц-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй байна гэж шүүх үзлээ.
Шүүгдэгч О.Ц-г үйлдсэн гэмт хэргийн улмаас нийт 8.450м2 талбай эвдэгдсэн бөгөөд эвдэгдсэн талбайд хамаарах байгаль орчны хохирлын үнэлгээ нь 4639815 төгрөг, нөхөн сэргээлт хийх нийт зардал нь 1245905 төгрөг болж байгаа нь Байгаль орчны зөвлөх “Нуман Алтай” ХХК-ийн гаргасан 2018 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 1/24 дугаартай шинжээчийн дүгнэлтээр /хэргийн 49-82/ нотлогдож байх бөгөөд шүүгдэгч О.Ц нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, төлбөрийг төлж барагдуулсан /хэргийн 193/ байх тул шийтгэх тогтоол гарах үед шүүгдэгчээс гаргуулах төлбөргүй байна гэж үзлээ.
2. Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар:
Шүүгдэгч О.Ц-г эзэмшлийн “***** ХХК нь Дархан-Уул аймгийн Хонгор сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр болох “Хүйтний гол” гэх газарт ашигт малтмал олборлох ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй талбай эзэмшдэг бөгөөд зөвшөөрөлтэй талбайгаас 180 метр орчим зайтай талбайд ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолтын үйл ажиллагааг хууль бусаар явуулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бусад бичгийн баримтуудаар нотлогдож байх тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй байна гэж шүүх үзлээ.
Эрүүгийн хариуцлага нь эрүүгийн хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрддэг ба шүүгдэгч О.Ц нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай этгээд байна.
Шүүгдэгч О.Ц нь бусдад төлөх төлбөргүй байгааг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцох үндэслэлтэй байх ба эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрч гэмшиж байгаа байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1-т зааснаар 5500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5500000 төгрөгөөр торгох ял оногдуулж, мөн нөхцөл байдлыг харгалзан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 12 сарын хугацаанд хэсэгчлэн төлж барагдуулахыг шүүгдэгч О.Ц-т үүрэг болгож шийдвэрлэв.
Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаад
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5, 36.1, 36.2, 36.5, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Ц-ыг тусгай зөвшөөрөлгүйгээр, хууль бусаар ашигт малтмал олборлож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч Ц т 5500 /таван мянга таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5500000 /таван сая таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5.3 дугаар зүйлийн 5, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.6-т зааснаар торгох ялын 5500000 төгрөгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 12 сарын хугацаанд хэсэгчлэн төлж барагдуулахыг шүүгдэгч Ц-т үүрэг болгож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоног хорих ялаар тооцож солихыг шүүгдэгч Ц-т анхааруулсугай.
4.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.4, 1.7, 1.8, 1.9-т зааснаар шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-т зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Я.ТУУЛ