| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Төмөрхүүгийн Батжаргал |
| Хэргийн индекс | 166/2017/0373/Э |
| Дугаар | 2017/ШЦТ/380 |
| Огноо | 2017-12-18 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2017 оны 12 сарын 18 өдөр
Дугаар 2017/ШЦТ/380
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 166/2017/0373/Э
Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Батжаргал даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Нандинцэцэг,
Улсын яллагчаар аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор О.Доржмаа,
Шүүгдэгч А.А.П- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж, Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн шүүгдэгч А.П-д холбогдох эрүүгийн 1718003490185 дугаартай хэргийг 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, А.П-, 1989 оны 02 дугаар сарын 11-ний өдөр Дархан-Уул аймгийн Шарын гол суманд төрсөн, 28 настай, эрэгтэй, яс үндэс халх, бүрэн дунд боловсролтой, барилгын цахилгаанчин мэргэжилтэй, ам бүл 2, дүүгийн хамт оршин суух, *************** ХК-нд өрмийн туслах ажилтай, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай,
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/:
Шүүгдэгч А.А.П- нь 2017 оны 10 дугаар сарын 31-ний өдөр Дархан-Уул аймгийн Шарын гол сумын Хайрхан багийн нутаг дэвсгэрт байрлах “Тэргэл” нэртэй хүнсний дэлгүүрийн орчим Б.Б-г зодож эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч А.А.П- нь 2017 оны 10 дугаар сарын 31-ний өдөр Дархан-Уул аймгийн Шарын гол сумын Хайрхан багийн нутаг дэвсгэрт байрлах “Тэргэл” нэртэй хүнсний дэлгүүрийн орчим Б.Б.Б-ыг зодож эрүүл мэндэд нь “уруулын шарх, 3 шүдний үгүй байдал, зүүн гуяны зөөлөн эдийн няцрал” бүхий хөнгөн хохирол учруулсан болох нь
Шүүгдэгч А.А.П-ын мөрдөн байцаалт болон шүүх хуралдаанд өгсөн:
...Би 2017 оны 10 дугаар сарын 31-ний орой 21 цагийн орчим ажлаасаа тараад найз Б- луу утсаар яриад найздаа 10 000 төгрөг зээлээч гэхэд Оргил баарны гадна ирээд ав гэж хэлсэн. Би ганцаараа яваад Оргил баарны гадна очиж Б-аас 10 000 төгрөг аваад буцаад гэрийн зүг ганцаараа алхаад явж байхад Л.- эхнэр Б-гийн хамт явж байгаатай таарсан. Бид гурав хамт Хайрхан багийн 9-р байрны орчимд явж байхад 3 жижиг биетэй банди араас дагаад байсан. Тухайн үед Б- надад энэ жижиг биетэй гурван залуу намайг янхан гэж хэлээд байна гэж хэлсэн. Би эргэж хараад та гурав яах гээд араас дагаад байгаа юм гэхэд нөгөө 3 согтуу залуучууд намайг чамд ямар хамаатай юм банди минь гээд над руу гарын салаа гаргаад байсан. Би тэгэхээр нь Б.Б-ы араас хөөсөн. Харин Л.- нөгөө хоёр залуугийн араас хөөгөөд 9-р байрны булангаар тойроод соёлын төвийн талбай зүгт гүйгээд явсан. Миний өмнө Б.Б- гүйж яваад чулуунд тээгэлдээд бүдэрч унаад надад баригдсан. Би Б.Б-ыг барьж аваад гараараа хоёр алгадаад, гараараа хоёр удаа цохиод авсан. Тэгэхэд Б.Б- блокон хашаа налаад суусан. Би Б-г дагуулаад Л.-гийн араас явсан. Бид хоёр 9-р байрны булан тойроод явж байхад Л.- өөдөөс ганцаараа гараад ирсэн. Бид гурав нийлээд гэрлүүгээ явъя гээд буцаад 9-р байрны булангаар эргээд гэрлүүгээ явж байхад Б.Б- бид гурвын өөдөөс хүрч ирээд над руу та миний шүд рүү цохиод унагаачихлаа гээд гар дээрээ унасан шүднүүдээ бариад ирсэн. Би Б.Б-д чи битгий балай юм яриад бай гэж хэлээд цаашаа Б-, Л.- нараас салаад гэрлүүгээ явсан гэх мэдүүлэг,
Хохирогч Б.Б.Б-ы мөрдөн байцаалтад өгсөн:
Би 2017 оны 10 дугаар сарын 31-ний орой 23 цагийн орчим найз Б- К- нартай Шарын гол сумын Хайрхан багийн 9-р байрны гадна таараад хамт явж байсан. Би тэр хоёртой нийлэхээс өмнө хүнтэй таараад пиво уугаад бага зэрэг халамцуу байсан. Тухайн үед Б- нэлээд согтуу байсан. Харин К- эрүүл байх шиг байсан. Бид гурав 9-р байрны гадна явж байхад бид гурвын урд нэг эмэгтэй хоёр эрэгтэй хүн явж байсан. Манай найз Б- урд алхаж явсан эмэгтэйг гичий, янхан гээд хэл амаар доромжлоод байсан. Түүнээс болоод маргаан болсон. Намайг уурхайн хувцастай залуу хүрч ирээд хавсарч унагаагаад нүүр, хөл рүү өшиглөөд зодсон. Миний үүдэн 3 шүд унаж, уруулын дотор талд 4 оёдол тавиулсан. Баруун хөлний гуя хөхөрсөн байсан. Би А.П-аас шүдний эмчилгээний зардал 550 000 төгрөг бэлнээр авсан. Надад гомдол санал байхгүй. Би шүүх хуралд суумааргүй байна гэх мэдүүлэг /хх 10/,
Гэрч Г.Л.- мөрдөн байцаалтад өгсөн:
...2017 оны 10 дугаар сарын 31-ний орой 22 цаг өнгөрч байхад би эхнэр Б- “Оргил” бааранд сууж байгаад гарч байна ирээд аваач гэхээр нь тосох гээд “Шилэн” дэлгүүрийн хажууд очоод уулзсан чинь манай эхнэрийн араас 3 жижиг биетэй залуу дагаад яваад байхаар нь би ямар учиртай гэдгийг нь асуусан чинь сая намайг энэ 3 залуу хүчиндэнэ шүү гэх зэргээр доромжлоод байсан гэхээр нь би за за гэртээ харъя согтуу хүмүүс гэж хэлчихээд явж байсан чинь араас дуулаад орилж хашхираад байсан. Тэгсэн чинь тэд нартай ******* ажилладаг А.П- зодолдоод байсан. Тэгэхээр нь би гүйгээд эхнэрийн хамт очсон чинь А.П- нэг залууг нь газар унагаачихаад өшиглөөд байсан. Тэгэхээр нь би болио наадахаа аллаа хэлээд салгах гэсэн чинь салахгүй болохоор нь эхнэрийн хамт хоёр талаас нь барьж байж салгасан. Ингээд тэднийг тэнд нь орхиод явж байтал А.П-д зодуулдаг залуу өөдөөс гарч ирээд гартаа шүдээ барьчихсан миний шүдийг унагачихлаа гэсэн. Гэтэл А.П- чи надаас шүдээ олж аваарай гээд байсан. Ингээд би эхнэрээ дагуулаад гэртээ ирсэн гэх мэдүүлэг /хх 11/,
Гэрч Н.Б-гийн мөрдөн байцаалтад өгсөн:
...Найз Б- байрны найранд очоод бид нар тэндээс нэлээд халамцуу гараад Оргил бааранд Э-, С-о нарын хамт Э-ийн төрсөн өдрийг тэмдэглэх гэж орсон. Тэгээд тэнд сууж байхад манай нөхөр Л.- 20 цагийн орчим бааранд орж ирээд намайг хамт явах уу гэхээр нь би явахгүй ээ чи гэртээ харьж бай гэсэн чинь Л.- би яаж ганцаараа харих юм бэ хамт явна гээд хүлээгээд ганцаараа сууж харагдсан. ...тэгээд нөхөртэйгээ би маргалдаад чи одоо яв би ганцаараа явна гээд эгчийн бааранд буцаж ороод арын хаалгаар нь гараад байрнууд дундуур яваад Соёлын төвийн хажуугаар гараад Спортын ордонгийн хажууд явж байтал 3 жижиг биетэй залуучууд над руу тулаад ирхээр нь яах гээд байгаа юм бэ гэхэд хүчиндэх гэж байна гэхээр нь бацаанууд битгий гай болоод байгаарай хэнээр оролдож байгаагаа мэдэж байна уу явцгаа гэсэн. Тэгсэн чинь чамайг хүчиндэхэд яадаг юм янхан минь гэж хэлээд дайраад байсан. Би явсаар байгаад гэрэлтэй газар гараад ирсэн. ...тэр хооронд нь би яваад Шилэн дэлгүүр дээр ирэхэд манай нөхөр Л.- зогсож байсан. Тэгээд бид хоёр гэртээ харих гээд явах үед нөгөө 3 залуу шүүгэлдээд орилоод дуулаад байсан. Тэгээд 9-р байрны хажуугаар явж байсан чинь А.П- тааралдаад энэ 3 хүүхэд яагаад байгаа юм гэхээр нь би намайг хүчиндэх гээд янхан гичийгээр дуудаад байгаа юм гэсэн чинь А.П- очоод нэгийг нь барьж аваад унагааж байгаад зодсон. Нөгөө хоёр нь гүйхээр нь манай нөхөр араас нь гүйгээд дэгээ тавьж унагаагаад нөгөө залуугийн араас гүйсэн. Ингээд буцаад Соёлын төвийн урд хэвтэж байсан залуу дээр ирээд зодох гэхээр нь би яах гээд байгаа юм бэ амиа яая гэсэн хүүхдүүд байна одоо боль гэсэн. Тэгээд нөгөө газар уначихсан залууг босгоод одоо зайл гээд явуулсан. Тэгээд байж байтал нөгөө эхний зодуулдаг залуу нь шүдээ барьчихсан хүрээд ирсэн гэх мэдүүлэг /хх 13/,
Гэрч А.К-гийн мөрдөн байцаалтад өгсөн:
...2017 оны 10 дугаар сарын 31-ний орой 18 цагийн орчим Б- ах Тамир бид гурав “Оргил” бааранд ороод 3 шилтэй пиво уугаад 19 цаг өнгөрч байхад гарсан. Тэгээд Тамир гэрлүүгээ яваад 20 цагийн орчим Б- ах бид хоёр уулзаад юм яриад байж байтал 21 цагийн орчим Б.Б- орилоод шилтэй пиво бариад явж байхаар нь бид хоёр уулзаад Б- ах дэлгүүрээс 2.5 литрын Сэрүүн нэртэй пиво авсан. Тэгээд бид гурав Соёлын төвийн хажууд нөгөө пиво хувааж уугаад байж байтал нэг эгч явж байхаар нь Б- ах "муу янхан минь" гэж хэлсэн чинь нөгөө эгч "чи муу дуугаа байгаарай" гэж хэлсэн чинь Б.Б- "буудлын янхан" гэж хэлсэн. Тэгэхээр нь би очоод нөгөө эгчээс уучлалт гуйсан чинь нөгөө эгч миний шанаа руу цохиод найз нартаа хэл гэсэн тэр эгч согтуу байсан. Тэгээд тэр эгч яваад Шилэн дэлгүүрийн урдаас хоёр залуутай уулзаад 9-р байрны хажуугаар гараад Тэргэл дэлгүүрийн зүгт явсан. Тэгэхээр нь бид гурав араас нь явж байтал Б- ах муухай орилоод янхан гээд байсан. Тэгээд эхлээд Б.Б-ыг галд ажилладаг гээд байсан залуу нь цохиод байсан тэгээд нөгөө уурхайд ажилладаг нь газар унагааж байгаад өшиглөөд байсан. ...тэгээд Б- ахыг галд ажилладаг залуу нь сугадаад найзыгаа ав гэсэн гэх мэдүүлэг /хх 14/,
Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 1088 дугаартай дүгнэлт:
“1.Б.Б.Б-ы биед уруулын шарх, 3 шүдний үгүй байдал, зүүн гуяны зөөлөн эдийн няцрал тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн хүчин үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. 3.Уг гэмтэл нь ГЗТЖ-ын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийн түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл болно. 4.Б.Б.Б-д учирсан гэмтэл ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй.” гэжээ /хх 16/ зэрэг хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж үзлээ.
Шүүгдэгч А.А.П- нь урьд ял шийтгэгдэж байгаагүй нь хавтаст хэргийн 29-р хуудсанд авагдсан ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсаар тогтоогдож, хохирогчид 550 000 төгрөгийн хохирол нөхөн төлж, хохирогч гомдол санал нэхэмжлэх зүйлгүй гэснээр шүүгдэгчийг гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй байна гэж үзлээ.
Шүүгдэгч нь гэм буруугийн талаар маргаагүй болохыг дурдаж, ял шийтгэл оногдуулахдаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлыг улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлсөн зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож хуульд заасан торгох ялын доод хэмжээгээр оногдуулах нь зүйтэй гэж үзэв.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөр, цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гарах зардалгүй болохыг дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 5, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2-т тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч А.П-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч А.А.П-ыг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450 000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч А.А.П-д оногдуулсан 450 000 төгрөгийн торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-т зааснаар А.А.П- нь торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.
5.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөр, цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гаргах зардалгүй болохыг дурдсугай.
6.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
7.Шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А.А.П-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.БАТЖАРГАЛ