Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2015 оны 12 сарын 02 өдөр

Дугаар 221/МА2015/0550

 

2015 оны 12 сарын 02 өдөр

Дугаар 221/МА2015/1550

Улаанбаатар хот

 

 

 

 

 

 

 

 

Ч.Чулуунбатын нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Мөнхжаргал даргалж, шүүгч Н.Хонинхүү, О.Номуулин нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Э.Намжим, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Батчимэг нарыг оролцуулан, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 9 дүгээр сарын 09-ний өдрийн 539 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч гуравдагч этгээдийн гаргасан давж заалдах гомдлоор, Ч.Чулуунбатын нэхэмжлэлтэй, Сүхбаатар дүүргийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч О.Номуулингийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийг дэмжиж түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ч.Чулуунбат миний бие Сүхбаатар дүүргийн 15 дугаар хороо, Хандгайтын богинод Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2004 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн 113 дугаарзахирамжаар Зуслангийн зориулалтаар 400 ам дөрвөлжин метр газрыг эзэмших болж, 2004 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийн №010409593 тоот газар эзэмших эрхийн гэрчилгээгээр хуулийн дагуу эзэмших болсон.Гэтэл дээрх газрыг эзэмших эрх дуусгавар болоогүй хүчин төгөлдөр байхад иргэн Ж.Оюун-Эрдэнэд 2008 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн 260 дугаар захирамжаар давхцуулан эзэмшүүлсэн байна. Уг асуудлаар Сүхбаатар дүүргийн Өмч, газрын харилцааны албанд хандахад уг газрыг Ч.Чулуунбат миний эзэмшил гэж тодорхойлох боломжгүй гэсэн хариу өгсөн. Өөрийн газар эзэмших эрх зөрчигдсөнийг сэргээлгэхээр Нийслэлийн Засаг даргад гомдол гаргасан боловч Нийслэлийн Өмчийн харилцааны газраас 2015 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 3/881 тоот албан бичгээр уг гомдлыг шийдвэрлэлгүй Нийслэлийн шийдвэргүйцэтгэлийн албанд ханд гэсэн хариу өгсөн. Газраа 2007оноос хойш зориулалтаар нь эзэмшиж байна. Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2008 оны 260 дугаар захирамж Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-т заасан хуулийн шаардлагыг зөрчиж, иргэн Ж.Оюун-Эрдэнэд газар эзэмшүүлсэн байгаа нь хууль бус байна. Хариуцагч тал нэхэмжлэгчийг 400 м.кв газрыг эзэмшдэг тул тэр хэсэгтэй холбоотой талбайг нь зөвшөөрнө гэж хэлж байна. Газрын тухай хуулиар ямар нэгэн хэмжээгээр газрын давхцал байх ёсгүй гэж заасан тул бүгдийг нь хүчингүй болгох ёстой. Иймд Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2008 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн 260 дугаар захирамжийн Ж.Оюун-Эрдэнэд холбогдох хэсгийг хүчингүй болгож өгнө үүгэжээ.

 

Хариуцагч Сүхбаатар дүүргийн Засаг даргын шүүхэд гаргасан хариу тайлбарыг дэмжиж итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Тус дүүргийн Засаг даргын 2004 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн Газар эзэмшүүлэх тухай 113 дугаар захирамжаар Хандгайтын богино зусланд иргэн Чимэдцэрэнгийн Чулуунбат, Лхамаагийн Амгаланбаатар нарт 800 м.кв газрыг 15 жилийн хугацаатай газрын баталгаажилтаар эзэмшүүлсэн. Газрын тухай хуульд газар ашиглах, эзэмших иргэн нь заавал бүрдүүлэх материалд газрын тойм зургийг заасан байдаг. Дээрх иргэд нь 2004 онд маргаан бүхий газрыг эзэмших хүсэлт гаргахдаа уг газар хаана, ямар байршилтай газар нь тодорхойгүй кадастрын зураг хийлгээгүй, зургаа мэдээллийн санд оруулаагүй, газрын төлбөрөө тогтоосон хугацаанд төлөөгүй, газар эзэмших гэрээгүй зэргээс үзэхэд Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1 дэх хэсэгт газрыг энэ хуульдзаасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ" гэж заасныг зөрчсөн. Нэхэмжлэгч нь Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.5, 40.1.6 дахьзаалтуудыг зөрчсөн нь нотлогдож байна. Иймд дүүргийн Засаг даргын захирамж нь бусдын эрх ашгийг зөрчөөгүй, хуульд заасны дагуу эрх хэмжээнийхээ хүрээнд гаргасан захирамж тул нэхэмжлэлийг бүхэлд ньхэрэгсэхгүй болгож өгнө үү. Газрын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.2-т заасны дагуу газар эзэмшүүлэх хүсэлт гаргахад газрын нэгж талбарыг харуулсан тойм зургийг хавсаргасан байх шаардлагатай. Сүхбаатар дүүргийн Засаг дарга тойм зургийг нь анзаараагүй, эсхүл байхгүй байгааг нь мэдсээр байж захирамж гаргасан байж болох юм. Ямар ч байсан хууль зөрчиж гаргасан захирамж гэж бодож байна. Нэхэмжлэгч 2004 онд газар эзэмшиж эхэлсэн. Тэр үе бол 2002 онд Газрын тухай хууль батлагдсанаар газар зохион байгуулалтын мэдээллийн сан дөнгөж үүсч байсан үе юм. Тухайн үед Нийслэлийн өмч, газрын харилцааны албанд газар эзэмших хүсэлтэй хүмүүсийн дараалал их байдаг байсан тул хүмүүс тойм зургаа оруулалгүй буцах тохиолдол их байсан. Гэхдээ эрх бүхий байгууллагаас газрын үзлэг зайлшгүй хийдэг тул ямар ч байсан газрыг нь зааж өгсөн байх гэж бодож байна. Яагаад тойм зураггүйгээр гэрчилгээ олгосныг нь мэдэхгүй байна. Аливаа тохиолдолд газар дээр нь очиж үзлэг хийдэг. Зарим хувийн хэргүүдийг үзэхэд гараар зурсан тойм зургууд байдаг. Тиймээс ямар нэгэн байдлаар газар дээр нь очиж үзсэн л байгаа байх. Ж.Оюун-Эрдэнийн хувьд газар олгох зөвшөөрөл хүсэхдээ холбогдох бичиг баримтуудаа өгсөн байсан. Ж.Оюун-Эрдэнийн газар эзэмших эрхийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгоно гэдэг буруу. Яагаад гэвэл Ч.Чулуунбат нь 400 м.кв газрыг эзэмшдэг. Үлдсэн газрын хувьд эзэмшигчийн зүгээс маргаагүй тул нэхэмжлэлийн заримшаардлагыг буюу Ч.Чулуунбатад оногдох 400 м.кв газрын эзэмших эрхийг нь хүлээн зөвшөөрч, үлдсэн хэсгийг нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэж байна гэжээ.

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 539 дүгээр шийдвэрээр: Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-т заасныг баримтлан нэхэмжлэгчЧ.Чулуунбатын Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2008 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн 260 дугаар захирамжийн иргэн Ж.Оюун-Эрдэнэд холбогдох хэсгийг хүчингүй болгуулах тухай шаардлагаас Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2004 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн 113 дугаар захирамжаар Ч.Чулуунбатад олгосон 400 м.кв талбай бүхий газартай давхацсан хэсгийг хүчингүй болгон, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

 

Гуравдагч этгээд, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: ...Нэхэмжлэгчийг Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д заасан Газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ гэх заалтыг зөрчин газар эзэмших хүсэлтээ гаргахдаа газрынхаа байршлыг тодорхойлоогүй, газрын зургаа мэдээллийн санд оруулаагүй, газар эзэмших гэрээ байгуулаагүй зэрэг хуулийн шаардлага хангаагүй болохыг нэхэмжлэгч өөрөө болон хариуцагч байгууллага хүлээн зөвшөөрсөн байна. Гэтэл анхан шатны шүүх нэхэмжлэгч Ч.Чулуунбатад газар эзэмших гэрчилгээ олгохдоо шаардлагатай бичиг баримтыг нь шаардаагүй төрийн захиргааны байгууллагын албан тушаалтны буруу гэж үзсэн байна. Гуравдагч этгээд Ж.Оюун-Эрдэнэ нь цаг хугацааны хувьд хэдийгээр нэхэмжлэгчийн хойно газраа эзэмшиж авсан ч Газрын тухай хуульд заасан Монгол Улсын иргэний газар эзэмшихтэй холбоотой бүх шаардлагыг хангасны үндсэн дээр газраа эзэмшиж авсан ба энэ талаар талуудын хооронд ямар нэгэн маргаан үүсээгүй бөгөөд нэхэмжлэгч Ч.Чулуунбатын өөрийнх нь хайхрамжгүй байдлаас улбаалан эзэмшиж буй газар нь анхнаасаа газрын албан ёсны мэдээллийн санд ороогүй тул Ж.Оюун-Эрдэнийн хуулийн дагуу эзэмшиж байгаа газраас Ч.Чулуунбатын газартай давхцаж байна гэж үзэн хасах нь үндэслэлгүй юм. Өөрөөр хэлбэл, анхнаасаа хуулийн шаардлага хангаагүй, байрлал нь тодорхой бусаар ерөнхийлөн гаргасан Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2004 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 113 дугаар захирамж нь хууль бус гэж үзэхээр байна. Мөн шүүх шийдвэрийнхээ үндэслэх хэсэгт нэхэмжлэгч Ч.Чулуунбатад ирүүлсэн Сүхбаатар дүүргийн Өмч, газрын харилцааны албаны 2014 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 738 тоот албан бичгийг дурьдахдаа мэдээллийн санд ямар нэг давхцал байхгүй, Ч.Чулуунбат нь эдлэн газрын цэг тэмдэгт тодорхойлсон кадастрын зураг байхгүй байгаа тул маргаан бүхий газрыг Ч.Чулуунбатын эзэмшил гэж тодорхойлох боломжгүй гэх хариуг өгчээ гэжээ. Гэвч тус албан бичгийн гол хэсэг болох мэдээллийн санд ямар нэг давхцал үүсээгүй бөгөөд маргаан бүхий газар нь Ж.Оюун-Эрдэнийн нэр дээр байна гэсэн хэсгийг бичээгүй орхигдуулсан төдийгүй үргэлжлүүлэн дүгнэхдээ нэхэмжлэгч, гуравдагч этгээдүүдэд Сүхбаатар дүүргийн Засаг даргын захирамжаар эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн маргаан бүхий газар нь давхцалтай нэг газар болох нь Геомастер ХХК-ийн үйлдсэн кадастрын зургуудаар тогтоогдож байна гэжээ. Энэ нь төрийн захиргааны байгууллагын албан ёсны мэдээллийн сан бус Сүхбаатар дүүргийн Засаг даргын 113 дугаар захирамжаас хойш 3 жилийн дараа нэхэмжлэгч Ч.Чулуунбатын хувиараа хийлгүүлсэн хувийн компанийн кадастрын зургийг үндэслэн давхцал үүссэн байна гэж дүгнэсэн нь Ж.Оюун-Эрдэнийн хуулийн дагуу эзэмшдэг газраас нэхэмжлэгч Ч.Чулуунбатад 400 м.кв талбай бүхий газрыг олгон шийдвэрлэх хэт нэг талыг барьсан хийсвэр дүгнэлт болсон байна. Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, гуравдагч этгээд Ж.Оюун-Эрдэнийн 700 м.кв газрыг эзэмших эрхийг хэвээр үлдээн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангажээ.

Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2004 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 113 дугаар захирамжаар иргэн Ч.Чулуунбат, Л.Амгаланбаатар нарт Сүхбаатар дүүргийн 15 дугаар хороо, Хандгайтын богинод байрлах 800 м.кв газрыг зуслангийн зориулалтаар, 15 жилийн хугацаагаар эзэмших эрх олгосон байх ба уг захирамжаар олгосон газраас 400 м.кв газар эзэмших эрхийн гэрчилгээг нэхэмжлэгч Ч.Чулуунбатад 2004 оны 9 дүгээр сарын 08-ны өдөр олгосон, тэрээр тухайн газрыг 2007 оноос зориулалтаар нь ашиглаж байгаа болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон байна.

Нэхэмжлэгч Ч.Чулуунбат нь дээрхи олгосон газартай давхцуулан иргэн Ж.Оюун-Эрдэнэд 700 м.кв газар эзэмших эрх олгосон гэх үндэслэлээр Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2008 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн 260 дугаар захирамжийн холбогдох хэсгийг хүчингүй болгуулахыг хүссэн нэхэмжлэл гаргасныгхариуцагч болон гуравдагч этгээд эс зөвшөөрч нэхэмжлэгч нь анх газар эзэмших хүсэлт гаргахдаа хаана ямар байршилтай газар нь тодорхойгүй, кадастрын зургаа хийлгээгүй, зургаа мэдээллийн санд оруулаагүй, газрын төлбөрөө тогтоосон хугацаанд төлөөгүй, газар эзэмших гэрээгүй гэж маргажээ.

Хэдийгээр нэхэмжлэгч нь эзэмшиж буй газрынхаа кадастрын зургийг хийлгэж мэдээллийн санд оруулаагүй боловч эрх бүхий албан тушаалтанаас гаргасан шийдвэр, түүнийг үндэслэн олгосон гэрчилгээний үндсэн дээр газраа бодит байдалд зориулалтын дагуу эзэмшиж байгаа нөхцөл байдалд дүгнэлт хийвэл нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийг үгүйсгэх үндэслэлгүй, энэ талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт зөв байна.

Тодруулбал, захиргааны байгууллага, албан тушаалтан нь нэхэмжлэгч Ч.Чулуунбатын эзэмших газрын хэмжээ, заагийг газар дээр нь тэмдэгжүүлж, газар эзэмших хүсэлт, түүнд хавсаргасан баримт бичгийг хянах байтал нөхцөл байдлыг судлалгүйгээр нэхэмжлэгч Ч.Чулуунбатад газар эзэмших эрх олгосон атлаа иргэн Ж.Оюун-Эрдэнэд уг газарт давхцуулан 700 м.кв газар олгосон нь Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-т Хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна гэж заасныг зөрчжээ.

Хариуцагч нь гуравдагч этгээдэд газар эзэмшүүлэхдээ нэхэмжлэгчид эзэмшүүлсэн 400 м.кв газартай давхцуулан олгосон болох нь хэрэгт авагдсан баримтаар нотлогдсон төдийгүй газар давхацсан эсэх талаар гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч маргахгүй гэж тайлбарласан, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс нэхэмжлэгч Ч.Чулуунбатын 400 м.кв газар эзэмших эрхийг хүлээн зөвшөөрч байгаагаар давхар тогтоогдож байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, гуравдагч этгээд болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.

 

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.1, 87 дугаар зүйлийн 87.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 539 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, гуравдагч этгээд, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт заасныг баримтлан гуравдагч этгээд Ж.Оюун-Эрдэнийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

ШҮҮГЧ С.МӨНХЖАРГАЛ

ШҮҮГЧ Н.ХОНИНХҮҮ

ШҮҮГЧ О.НОМУУЛИН