Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Гантөмөрийн Мөнхзул |
Хэргийн индекс | 188/2016/0150/Э |
Дугаар | 138 |
Огноо | 2016-09-09 |
Зүйл хэсэг | 145.2., |
Улсын яллагч | Б.Гантулга |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2016 оны 09 сарын 09 өдөр
Дугаар 138
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Мөнхзул даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мөнхцэцэг,
улсын яллагч Б.Гантулга,
хохирогч Х.Шинэцэцэг,
шүүгдэгч Н.Доржсүрэн, түүний өмгөөлөгч Б.Батаа (шүүхэд төлөөлөх эрхийн үнэмлэхийн дугаар 1824) нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А-1 танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Боржигон овогт Намхайжанцангийн Доржсүрэнд Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 201626011256 дугаартай 1 хавтаст хэргийг 2016 оны 8 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Боржигон овгийн гэх Намхайжанцангийн Доржсүрэн, Монгол Улсын иргэн, Улаанбаатар хотод 1974 оны 10 дугаар сарын 22-ны өдөр төрсөн, 42 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, эх, ах, дүү нарын хамт Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо, Баянхошууны 29 дүгээр гудамжны 81 тоотод оршин суудаг гэх боловч тус хаягт оршин суудаггүй, регистрийн дугаар ЧД74102215, урьд
- Сонгинохайрхан-Жаргалант дүүргийн шүүхийн 1993 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 150 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн (1986 он) тусгай ангийн 153 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураах нэмэгдэл ял хэрэглэхгүйгээр 2 жилийн хорих, мөн хуулийн тусгай ангийн 112 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хорих ял тус тус шийтгүүлж Өршөөл үзүүлэх тухай 1991 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн хуулийн 1 дүгээр зүйлийн а-д зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заанаар оногдуулсан 2 жилийн хорих ялыг бүрэн өршөөн хэлтрүүлж, эдлэх ялыг 3 жилийн хугацаагаар тогтоож Баянзүрх дүүргийн шүүхийн шүүгчийн 1995 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн 236 дугаар шүүгчийн захирамжаар эдлээгүй үлдсэн 7 сар 12 хоногийн ялыг хугацаанаас нь өмнө тэнсэж сулалсан.
- Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 1999 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 538 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 131 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 жил хорих ял шийтгүүлж Говьсүмбэр аймаг дахь сум дундын шүүхийн шүүгчийн 2000 оны 5 дугаар сарын 03-ны өдрийн 102 дугаар захирамжаар эдлээгүй үлдсэн 4 сар 13 хоногийн ялаас тэнсэн сулалсан.
- Баянгол дүүргийн шүүхийн 2000 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн 418 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 38 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан энэ тогтоолоор оногдуулсан 1 жил 6 сарын хорих ял дээр Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 1999 оны 538 дугаар тогтоолоор оногдуулсан 1 жилийн хорих ялаас эдлээгүй үлдсэн 4 сарын хорих ялыг нэмж нэгтгэн биечлэн эдлэх хорих ялыг 2 жилийн хугацаагаар тогтоож 2002 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр ялын хугацаа дуусч суллагдсан.
- Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2004 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 342 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4 дэх хэсэгт зааснаар 10 жил 1 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлж Хан-Уул дүүргийн шүүхийн шүүгчийн 2008 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн 40 дүгээр захирамжаар Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсэгт заасныг журамлан эдлээгүй үлдсэн 6 жил 19 хоногийн хорих ялаас чөлөөлсөн.
- Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2015 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн 483 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 2 жил 3 сар хорих ял шийтгүүлж, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2015 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 113 дугаар захирамжаар Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 77 дугаар зүйлийн 77.1, Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар эдлээгүй үлдсэн 1 жил 5 сао 12 хоногийн хорих ялаас өршөөн хэлтрүүлсэн.
Холбогдсон гэмт хэргийн талаар: (яллах дүгнэлтэд бичигдсэнээр)
Шүүгдэгч Н.Доржсүрэн нь 2016 оны 5 дугаар сарын 18-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэр Хилчин хотхоны автомашины зогсоол дээрээс иргэн Ж.Санжжамцын эзэмшлийн 60-81 УНТ улсын дугаартай Приус-20 маркийн автомашины 2 ширхэг толь хулгайлж бусдад 500.000 төгрөг буюу бага бус хэмжээний хохирол учруулсан,
2016 оны 3 дугаар сард Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт байрлах 81 дүгээр гэр цэцэрлэгийн хаалга эвдэн хууль бусаар нэвтэрч 32 инчийн LCD зурагт, DVD тоглуулагч зэрэг эд зүйлс хулгайлж бусдад 444.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэргүүдийг давтан үйлдлээр, бусдын орон байранд хууль бусаар нэвтэрч үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Шүүгдэгч Н.Доржсүрэн шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн тул дахин мэдүүлэг өгөх шаардлагагүй гэв.
Хохирогч Х.Шинэцэцэг шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: ...2016 оны 3 дугаар сарын 22-ны өглөө 07 цаг 30 минутад ажилдаа ирээд...анги руугаа яваад ороход 5 цагдаа, манай байгууллагын манаачтай хамт зогсож байсан. ...ангиа тойруулаад хартал зурагт, DVD тоглуулагч байхгүй байсан. ...Хүүхдүүд чөлөөт цагаараа зурагт, DVD тоглуулагчаар хүүхэлдэйн кино үздэг учраас...хохирлоо барагдуулмаар байна... гэв.
Хоёр. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан нотлох баримтууд:
1. Хохирогч Х.Шинэцэцэгийн мөрдөн байцаалтад өгсөн: ...Би 2016 ны 3 дугаар сарын 22-ны өглөө 07 цаг 30 минут болж байхад ажилдаа ирсэн. Тэр үед манай цэцэрлэг дотор цагдаа нар орчихсон манай манаачаас байцаалт аваад сууж байсан. Тухайн үед би юу болсоныг сайн ойлголгүй гэр анги руугаа ортол манай ангиас 32 инчийн Sharp маркийн LCD дэлгэцтэй хар өнгийн хүрээтэй зурагт, Lenovo маркийн хар өнгийн DVD тоглуулагч зэрэг эд зүйлс хулгайд алдагдсан байсан. Манай гэр цэцэрлэгт орсон хулгайч монгол гэрийн үүдний тамбарын хаалганы цоожийг эвдэн дотогш орж цэцэрлэгээс дээрх 2 зүйлийг хулгайлсан байсан. Би зурагтыг нь 2013 онд Номин агуулах худалдааны төвөөс 399.999 төгрөгөөр худалдан авч байсан. Энэ зурагтны бичиг баримт одоогоор байхгүй. Би алдагдсан зурагтаа авсан үнээр нь үнэлнэ. Харин DVD тоглуулагчыг 2013 онд худалдан авч байсан гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 16 дахь тал),
- Гэрч Д.Ванчиндоржийн мөрдөн байцаалтад өгсөн: ...Миний санаж байгаагаар 2016 оны 3 дугаар сарын 21-ний өдрөөс 22-нд шилжих шөнө 81 дүгээр цэцэрлэгийн манаачийн үүрэг гүйцэтгэн ажиллаж байсан юм. Манай 81 дүгээр цэцэрлэг нь хашаан дотор байдаг ба уг хашаанд байрлах гэр ангиас шөнийн 02-06 цагийн хооронд хулгайч орж 32 инчийн Sharp маркийн LCD зурагт, Lenovo маркийн DVD тоглуулагч зэрэг эд зүйлс хулгайд алдагдсан байсан. ...хулгай хийсэн хулгайч гэр цэцэрлэгийн хаалганы цоожийг эвдэн дотогшоо орсон байсан. Би хулгай орсон талаар 22-ны өглөө 06 цаг өнгөрч байхад мэдсэн гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 20 дахь тал),
- Гэрч Т.Оюунцэцэгийн мөрдөн байцаалтад өгсөн: ...Хэрэг гарсан өдөр нь 2016 оны 3 дугаар сарын 21-22-нд шилжих шөнө байсан. Би 2016 оны 3 дугаар сарын 22-ны өглөө 08 цаг 30 минут болж байхад ажилдаа очиход манай цэцэрлэгийн багш Шинэцэцэгийн ангид хулгайч орсон байсан. Тэгээд Шинэцэцэгийн ангиас 32 инчийн Sharp маркийн LCD дэлгэцтэй зурагт 1 ширхэг, хар саарал өнгийн DVD тоглуулагч зэрэг эд зүйлс хулгайд алдагдсан байсан. Тухайн үед цэцэрлэгийн манаач Д.Ванчиндорж хэлэхдээ би шөнө 02 цагийн үед галлах гээд ороход зурагт болон DVD тоглуулагч зэрэг эд зүйлс нь хулгайд алдагдаагүй байсан. Харин өглөө 06 цаг өнгөрч байхад галлахаар гэр цэцэрлэг рүү ороход зурагт болон DVD тоглуулагч нь хулгайд алдагдсан байсан талаар надад хэлсэн... гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 19 дэх тал),
- Хулгайд алдагдсан эд зүйлийн үнэлгээ (хавтаст хэргийн 25 дахь тал),
2. Хохирогч Ж.Санжжамцын мөрдөн байцаалтад өгсөн: ...Хэрэг гардаг өдөр буюу 2016 оны 5 дугаар сарын 19-ний шөнийн 01 цагийн үед гэртээ байж байтал манай хажуу талын орцны залуу манай гэрийн хаалгыг нүдээд таны машины 2 толийг хулгайч хулгайлж байхад нь бариад цагдаа дуудаад өгчихлөө гэж хэлсэн. Тэгэхээр нь би...гараад...машины зогсоол руу очоод машинаа хартал миний эзэмшлийн 60-81 УНТ улсын дугаартай мөнгөлөг саарал өнгийн Приус-20 маркийн автомашины гадна талын 2 ширхэг толийг хугалаад хулгайлсан байдалтай байсан. Тэгээд...цагдаагийн хэлтэс дээр ирээд хугарсан байсан 2 ширхэг машины толио аваад гэртээ харьсан юм. Энэ хэргийн талаар манай ээж, эхнэр, төрсөн ах, хажуу орцны залуу гэх хүмүүс сонсож мэдсэн байгаа гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 13 дахь тал),
- Гэрч Ө.Өнөржаргалын мөрдөн байцаалтад өгсөн: ...Би хэрэг гарсан он, сар, өдрийг нь тодорхой санахгүй байна. Ямар ч гэсэн тэр орой 22 цагийн үед манай нөхөр Санжжамц байрныхаа гадна талын автомашины зогсоол дээр машинаа байрлуулчихаад гэрт орсон юм. Тэгээд би нөхрийн хамт гэртээ унтаж амраад байж байтал манай гэрийн хаалгыг шөнө дунд цохиод танай машины толийг чинь хүн хугалаад аваад явчихлаа гэж хэлсэн. Тэр үед манай нөхөр Санжжамц гэрээсээ машинаа үзэхээр гарсан... Тэгээд хэсэг хугацааны дараа нөхөр маань орж ирээд миний машины 2 талын толийг хугалаад авчихсан байна гээд надад ярьж байсан... гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 18 дахь тал),
- Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн 2 дугаар хэлтсийн алба хаагчдын ...Сонгинорхайрхан дүүргийн 6-7 хорооны нутаг дэвсгэрт Ачит 115 чиглэлд үүрэг гүйцэтгэж байх хугацаанд...Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо, Хилчин хотхоны 11 дүгээр байрны гадаа 60-81 УНТ улсын дугаартай саарал өнгийн Приус-20 маркийн автомашины 2 ширхэг толийг тодорхой оршин суух хаяггүй Ганболд овогтой Доржсүрэн гэгч хулгайлж байсныг Ачит-10-т хүлээлгэн өгөв. гэх илтгэх хуудас (хавтаст хэргийн 8 дахь тал),
- Хулгайд алдагдсан эд зүйлийн үнэлгээ (хавтаст хэргийн 24 дэх тал),
- Хэргийн газарт үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 3-5 дахь тал),
3. Шүүгдэгч Н.Доржсүрэнгийн мөрдөн байцаалтад өгсөн: ...би 2016 оны 3 дугаар сарын сүүлээр Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 42 дугаар сургуулийн хойд талд ертөнцийн зүгээр хойш харсан ногоон өнгийн төмрөн хаалгатай хуучнаар 81 дүгээр цэцэрлэгийн хашаа руу орж хашаан дотор залгаж барьсан гэрийн хаалганы цоожийг арматурын төмрөөр эвдэн орж монгол гэр дотроос 32 инчийн LCD дэлгэцтэй хар өнгийн хүрээтэй зурагт 1 ширхэг, хар өнгийн DVD тоглуулагч 1 ширхэг тус тус хулгайлаад толгойтын хуучин эцсийн буудлаас такси бариад шөнийн ломбарданд тавих гэж яваад замдаа төмөр замын хойд талын клонкоос онгорхой шөнийн ломбард асуухаар ороод буцаж гарч ирэхэд нөгөө такси хөдлөөд явчихсан байсан. Миний хулгай хийсэн эд зүйл таксинд байсан юм. Дараа нь 2016 оны 5 дугаар сарын 18-ны өдөр гэрээсээ гараад дэлгүүр орж тамхи аваад буцаж явах замдаа Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороонд байрлах Хилчин хотхоны гадна талд автомашины ил зогсоол дээр байсан Приус-20 маркийн саарал өнгийн машины 2 талын толийг хугалж аван хулгайлаад явж байтал цагдаа нарт баригдсан гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 29-30 дахь тал),
-Хохирогчийн өргөдөл (хавтаст хэргийн 11), эд зүйл түр хураан авсан тэмдэглэл (хавтаст хэргийн 9), эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл (хавтаст хэргийн 10), Нийслэлийн улсын бүртгэлийн газрын тодорхойлолт (хавтаст хэргийн 59), ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 67), шүүгдэгчийн шийтгэх тогтоолын хуулбар, таслан шийдвэрлэх тогтоолын хуулбарууд (хавтаст хэргийн 70-102) болон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай. Мөн шүүгдэгчийг сэжигтэн, яллагдагчаар, хохирогч, гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн байцаан шийтгэх хууль зөрчөөгүй, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.
Шүүх хуралдаанаар шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудаас дүгнэхэд:
Шүүгдэгч Н.Доржсүрэн нь ялтай байхдаа 2016 оны 3 дугаар сарын 22-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 81 дүгээр гэр цэцэрлэгийн хаалганы цоожийг арматурын төмрөөр эвдэн орж Sharp брэндийн 32 инчийн LCD зурагт, Lenovo брэндийн хар өнгийн DVD тоглуулагч зэрэг эд зүйлс хулгайлж бусдад 444.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан,
-давтан үйлдлээр 2016 оны 5 дугаар сарын 18-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэр Хилчин хотхоны автомашины зогсоол дээрээс иргэн Ж.Санжжамцын эзэмшлийн 60-81 УНТ улсын дугаартай Toyota брэндийн Prius-20 маркийн тээврийн хэрэгсэлийн 2 ширхэг толийг хулгайлж бусдад 500.000 төгрөг буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэргүүдийг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан болон бусад нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч Н.Доржсүрэн нь урьд Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2015 оны 483 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 3 сар хорих ял шийтгүүлж, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2015 оны 113 дугаар захирамжаар Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар эдлээгүй үлдсэн 1 жил 5 сар 12 хоногийн хорих ялаас өршөөн хэлтрүүлсэн хугацаанд буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 78 дугаар зүйлийн 78.5 дахь заалтад заасан ялгүйд тооцох хугацаа өнгөрөөгүй байхад гэмт хэрэг дахин үйлдсэн нь түүнийг ялтай байхдаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.
Шүүгдэгч Н.Доржсүрэн нь бусдын эд хөрөнгийг хулгайлж бага бус хэмжээний хохирол учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг хангасан байх ба хохирогч Х.Шинэцэцэг, Ж.Санжжамц нарын эд хөрөнгийг хулгайлсаныг давтан гэж, нөгөө талаас ялтай байх хугацаандаа гэмт хэрэг үйлдсэнийг мөн давтан гэж үзэх бөгөөд эдгээр үндэслэлээр шүүгдэгч Н.Доржсүрэнг давтан үйлдлээр, орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг үйлдсэн байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэлийг хүндрүүлэх үндэслэл болсон байна.
Иймд шүүгдэгч Н.Доржсүрэнг Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэж үзэж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь шүүгдэгчийн үйлдэлд тохирсон байх тул түүнийг гэм буруутайд тооцож хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.
Шүүх Н.Доржсүрэнгийн гэм буруутайг тогтоож Эрүүгийн хуулийн хууль ёсны болон шударга ёсны, түүнчлэн эрүүгийн хариуцлага гарцаагүй байх зарчмыг баримтлан уг гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдал, учруулсан хор уршгийн шинж чанар зэргийг харгалзан ял оногдуулах нь зүйтэй байна.
Энэ гэмт хэргийн улмаас шүүгдэгч Н.Доржсүрэн нь хохирогч Х.Шинэцэцэгт 444.000 төгрөгийн, хохирогч Ж.Санжжамцад 500.000 төгрөгийн хохирол, бусдад нийт 944.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан, хохирол нөхөн төлөгдөөгүй байна. Тиймээс шүүгдэгч Н.Доржсүрэнгээс Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар нийт 944.000 төгрөг гаргуулж, хохирогч Ж.Санжжамцад 500.000 төгрөг, хохирогч Х.Шинэцэцэгт 444.000 төгрөг тус тус олгох нь зүйтэй байна.
Шүүгдэгч Н.Доржсүрэн нь хувьд ногдох хөрөнгөтэй гэж үзэх баримтгүй, төлбөрийн чадваргүйн улмаас улсын өмгөөлөгч авсан гэх баримттай болон бусад (хавтаст хэргийн 61) баримтыг харгалзан эд хөрөнгө хураах нэмэгдэл ял хэрэглэх шаардлагагүй гэж шүүх үзэв.
Шүүх шүүгдэгч Н.Доржсүрэнд ял оногдуулахдаа үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшсэн байгааг ял хөнгөрүүлэн үзэх нөхцөл байдалд тооцов.
Шүүгдэгч Н.Доржсүрэн нь хүндэвтэр төрлийн гэмт хэрэг үйлдсэн байх боловч урьд хорих ял эдэлж байсан байх тул түүнд оногдуулсан хорих ялыг хуульд зааснаар чанга дэглэмтэй хорих ангид эдлүүлэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Н.Доржсүрэн нь 2016 оны 5 дугаар сарын 20-ны өдрөөс 2016 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр хүртэл нийт 112 хоног цагдан хоригдсон байх ба түүний цагдан хоригдсон хугацааг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцох нь зүйтэй.
Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг тус тус дурдаж шийдвэрлэв.
Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 248, 283, 284, 286, 294, 295, 296, 297 дугаар зүйлийн 297.1.1, 297.1.2, 297.1.3, 297.1.4, 298 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Боржигон овогт Намхайжанцангийн Доржсүрэнг давтан үйлдлээр бусдын эд хөрөнгийг орон байранд нэвтэрч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Доржсүрэнд эд хөрөнгө хураах нэмэгдэл ял хэрэглэхгүйгээр 2 (хоёр) жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.
3. Монгол Улсын Эрүүгийн хуулийн 52 дугаар зүйлийн 52.6 дахь хэсэгт зааснаар ялтан Н.Доржсүрэнд оногдуулсан 2 (хоёр) жилийн хугацаагаар хорих ялыг чанга дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.
4. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1, 59.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Доржсүрэнгийн цагдан хоригдсон нийт 112 (нэг зуун арван хоёр) хоногийг түүний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.
5. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч Н.Доржсүрэнгийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.
6. Монгол Улсын Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Н.Доржсүрэнгээс 944.000 (есөн зуун дөчин дөрвөн мянга) төгрөг гаргуулан хохирогч Ж.Санжжамцад 500.000 (таван зуун мянга) төгрөг, хохирогч Х.Шинэцэцэгт 444.000 (дөрвөн зуун дөчин дөрвөн мянга) төгрөгийг тус тус олгосугай.
7. Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Н.Доржсүрэнд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, түүний эдлэх ялыг 2016 оны 9 дүгээр сарын 09-ний өдрөөс эхлэн тоолсугай.
8. Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.
9. Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Н.Доржсүрэнд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.МӨНХЗУЛ