Өмнөговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 10 сарын 22 өдөр

Дугаар 28

 

Өмнөговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Баярмаа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Очмааг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: “С” ХХК,

Хариуцагч: ӨАИТХ

“ӨАИТХ-ын 2020 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн 136 дугаартай албан бичгийг илт хууль бус болохыг тогтоолгох” /шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагыг тодруулсан/ тухай  нэхэмжлэлийн шаардлагатай захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

“С” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Манай компани 2020 оны 03 дугаар сарын 12-ны өдөр “ФТДЛ” ХХК-тай АТГ/2020/-505 дугаар “Улс хоорондын ачаа тээвэрлэлтийн гэрээ”-г байгуулж, Ө аймгийн ЦЦ сумын нутаг дэвсгэрт байрлах ТТ ордын Цанхи талбайн нүүрсний уурхайгаас Г аймгийн ШГ сумын нутагт байрлах Чойр дахь гаалийн талбайд нүүрс тээвэрлэх үүрэг хүлээсэн юм. Гэтэл ӨАИТХТ-ийн 2020 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 90 дүгээр тогтоол, ДАИТХТ-ийн 2020 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 48 дугаар тогтоол, ГАИТХТ-ийн 2020 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 18 дугаар тогтоолууд гарч нүүрс тээвэрлэлтийн үйл ажиллагааг зогсоосон байсан боловч нүүрс тээвэрлэгч компаниуд шүүхэд нэхэмжлэл гаргасан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хэргийн оролцогч нар эвлэрэн хэлэлцэж, дээрх тогтоолуудыг аймгуудын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид өөрсдөө хүчингүй болгож шийдвэрлэсэн юм.

Ингээд “ЭТТ” ХК-д дээрх нөхцөл байдлын талаар мэдэгдээд холбогдох нотлох баримтуудыг хавсаргаж нүүрс тээвэрлэх хүсэлт гаргасан боловч ӨАИТХ-ын 2020 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн 136 дугаартай “Дорноговь, Говьсүмбэр, Тавантолгой-Манлай-Ханги чиглэлийн авто замаар Засгийн газрын 2018 оны “Тусгай зориулалтын авто зам, замын байгууламж барих ашиглах журам”-д нийцсэн хатуу хучилттай авто зам баригдаж, ашиглалтад орох хүртэл шороон замаар нүүрс тээвэрлэлт хийхийг зогсоож, аж ахуй нэгжүүдэд ачилт хийхгүй байхыг мэдэгдэж байна. Цаашид шороон замаар нүүрс тээвэрлэлт хийх боломж олгож ачилт хийсэн аж ахуй нэгж байгууллагуудад хариуцлага тооцож ажиллах болно” гэх албан бичиг ирүүлснийг олж мэдсэн.

Энэ нь хэдийгээр албан бичиг гэж байгаа боловч агуулга нь шууд эрх зүйн сөрөг үр дагавар үүсгэж байна. Учир нь уг албан бичгийн агуулга нь Авто замын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2 дахь заалтыг зөрчиж, улсын чанартай авто зам эзэмшигч нь авто замын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага буюу Зам тээвэр, хөгжлийн яам байх ба улсын чанартай авто замтай холбоотой аливаа асуудлыг яам шийдвэрлэх байтал ӨАИТХ нь өөрийн чиг үүрэгт үл хамаарах асуудлаар шийдвэр гаргасан байна гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Иймд ӨАИТХ-ын Ө аймгаас Г аймаг хүртэлх улсын чанартай авто замын асуудлаар буюу Авто замын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2 дахь хэсэгт заасныг зөрчиж, өөрийн чиг үүрэгт үл хамаарах асуудлаар 2020 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн 136 дугаартай албан бичгийг гаргаж “Эрдэнэс таван толгой” ХК-д хүргүүлсэн нь илт хууль бус болохыг тогтоож өгнө үү” гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б шүүхэд ирүүлсэн тайлбартаа: “...Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.9 дэх заалтад заасан эрхийн хүрээнд нутаг дэвсгэртээ хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангуулах ажлыг зохион байгуулж, биелэлтэд нь хяналт тавих эрхтэй бөгөөд мөн нутгийн өөрөө удирдах ёсны байгууллага нь тус хуульд тодорхойлсноор тухайн нутаг дэвсгэрийн эдийн засаг, нийгмийн асуудлыг иргэдийн ашиг сонирхолд нийцүүлэн хуулийн хүрээнд бие даан шийдвэрлэх эрх зүйн бодит чадвар бүхий байгууллага бөгөөд Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.1-д зааснаар нутаг дэвсгэртээ байгаль орчныг хамгаалах, түүний баялгийг зохистой ашиглах, нөхөн сэргээх арга хэмжээ, төсөв баталж, биелэлтэд хяналт тавих өөрийн чиг үүргийн хэмжээнд заасан эрхийн хүрээнд албан бичиг хүргүүлж холбогдох арга хэмжээг авч ажилласан.

Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 379 дүгээр тогтоолоор батлагдсан Тусгай зориулалтын авто зам, замын байгууламж барих, ашиглах журам”-ын 4.4 дэх хэсэгт “тухайн авто зам, замын байгууламжийг улсын комисс хүлээн авсны дараа тээвэрлэлтийг эхлүүлнэ” гэснийг зөрчин хөрсний эвдрэл, гэмтэл, тоосжилт үүсгэн иргэдийн амьдрах орчинд сөрөг нөлөөлөл үүсгэж шороон замаар нүүрс тээвэрлэж байгаа компаниудын нүүрс тээвэрлэж байгаа үйл ажиллагааг тусгай зориулалтын авто зам, замын байгууламж барих, ашиглах журамд нийцсэн хатуу хучилттай авто зам баригдаж, ашиглалтад орох хүртэл тээвэрлэлтийг зогсоож, аж ахуйн нэгжүүдэд ачилт хийхгүй байх шаардлагыг 2020 оны 08 дугаар 12-ны өдрийн 136 дугаар албан бичгээр хүргүүлж иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах Үндсэн хуулиар олгосон эрхийг хамгаалж, иргэдээ төлөөлсөн

Хүнд даацын тээврийн хэрэгсэл ашиглан уул уурхайн бүтээгдэхүүн тээвэрлэх тохиолдолд тээвэрлэлтийг “Хүнд даацын автотээврийн хэрэгсэл, техникийн ерөнхий шаардлага МNS 6278:2011” стандартын дагуу тусгай зориулалтын замаар гүйцэтгэх шаардлага тавигддаг тул шороон замаар тээвэрлэлт гүйцэтгэхийг хориглодог

Мөн Монгол Улсын Зам тээврийн хөгжлийн сайдын 2020 оны 04 дүгээр сарын

22-ны өдрийн “Тушаал цуцлах тухай” А/82 дугаар тушаалаар “ТТ нүүрсний уурхайгаас Г аймгийн С сум хүртэлх улсын чанартай автозамын дагуу хүнд даацын авто машинаар тээвэрлэлт гүйцэтгэхийг холбогдох стандарт, норм, норматив, техникийн баримт бичгийн дагуу хатуу хучилттай зам барих хүртэл хугацаагаар хориглосон” шийдвэр нь хүчин төгөлдөр байгаа бөгөөд тус чиглэлд дээрх шаардлага хангасан зам баригдаагүй, нэхэмжлэгчийн маргаан бүхий захиргааны актаар тодорхойлсон Өмнөговь аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын 2020 оны 136 дугаар албан бичгийг илт хууль бус болохыг тогтоосноор түүний ямар эрх, хууль ёсны ашиг сонирхол хамгаалагдах нь тодорхой бус байна.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

ӨАИТХ-аас “ЭТТ” ХК-д “...Дорноговь, Говьсүмбэр, Тавантолгой-Манлай-Ханги чиглэлийн автозамаар нүүрс тээвэрлэлт хийхийг зогсоох...” тухай 2020 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн 136 дугаар албан бичгийг  хүргүүлжээ.

 “...уг албан бичгийг үндэслэн  “ЭТТ” ХК нүүрсний ачилтаа зогсоож, Цанхи талбайн нүүрсний уурхайгаас Г аймгийн Ш сумын нутагт байрлах Чойр дахь гаалийн талбайд нүүрс тээвэрлэх боломжгүй болсон... улсын чанартай автозамд хуулиар эрх олгоогүй, чиг үүрэгт хамаарахгүй асуудлаар зохицуулалт хийсэн...” гэж нэхэмжлэгчээс илт хууль бус болохыг тогтоолгохоор маргасан байна.

Хариуцагчаас аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга нь Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.9-д заасан бүрэн эрхийн хүрээнд нутаг дэвсгэртээ хууль, тогтоомжийн хэрэгжилтийг хангуулах ажлыг зохион байгуулсан гэж тайлбарлан маргажээ.

Маргаан бүхий албан бичиг нь хариуцагчаас өөрийн чиг үүрэгт үл хамаарах, бусад этгээдэд хуулиар тусгайлан  олгосон асуудлаар зохицуулалтын арга хэмжээ авсан, энэ нь нэхэмжлэгчийн хувьд сөрөг үр дагаврыг үүсгэсэн захиргааны акт байх тул, илт хууль бус болохыг тогтоож шийдвэрлэв.

Нэхэмжлэгч “С” ХХК нь “Эрдэнэс таван толгой” ХК-ийн худалдан авагч “ФТДЛ” ХХК-тай 2020 оны 03 дугаар сарын 12-ны өдөр “Улс хоорондын ачаа тээвэрлэлтийн гэрээ” байгуулан ТТ ордын Цанхи талбайн нүүрсний уурхайгаас нүүрс тээвэрлэн Г аймгийн Ш суманд байрлах гаалийн хяналтын бүсэд хүлээлгэн өгдөг ба ачааг ЦЦ сумын нутагт орших ТТ нүүрсний уурхайгаас Г аймгийн С сум хүртэлх улсын чанартай авто замаар тээвэрлэдэг байна.

Энэхүү орон нутгийн чанартай авто замыг Зам тээврийн хөгжлийн сайдын 2019 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 134 дүгээр тушаалаар /Ө аймгийн ЦЦ сумын нутагт орших ТТ нүүрсний уурхайгаас Г аймгийн С сум хүртэлх/ улсын чанартай авто замын ангилалд шилжүүлжээ.

Авто замын тухай  хуулийн 17 дугаар зүйлийн 17.2-т “Олон улс, улсын чанартай болон тусгай зориулалтын авто зам, түүний зурвас газрыг эзэмшигч нь”  авто замын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, түүнээс эрх олгосон этгээд байхаар, мөн хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.11-д “авто замын бүрэн бүтэн байдал, ашиглалтын хэвийн нөхцөлийг хангах талаар байгууллага, аж ахуйн нэгжид үүрэг, чиглэл өгч, биелэлтийг хангуулах” чиг үүрэг мөн авто замын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын бүрэн эрхэд байхаар тус тус зохицуулсан байна.

Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2020 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 90 дүгээр тогтоолоор дээрх чиглэлийн авто замаар нүүрс тээвэрлэхийг хориглосон шийдвэрийг илт хууль бусад тооцуулах нэхэмжлэлийн шаардлагатай захиргааны хэргийг хянан шийдвэрлэсэн Өмнөговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 120/ШШ2020/0015 дугаар захирамжаар хариуцагч Хурлын даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэгчтэй эвлэрэн, хариуцагч өөрөө маргаан бүхий тогтоолоо хүчингүй болгон шийдвэрлэж байсныг дурдах нь зүйтэй.

Ийм байдлаар, Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д “иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй” буюу улсын чанартай авто замд тогтоосон чиглэлийн дагуу тээвэрлэлт зохион байгуулах, хяналт тавьж ажиллах нь хариуцагч нутгийн өөрөө удирдах байгууллагад хуулиар олгогдсон эрх хэмжээ биш,  бүрэн эрхэд үл хамаарах асуудлаар гарсан захиргааны акт болох нь нотлогдож байна.

Үүгээрээ Захиргааны ерөнхий 47 дугаар зүйлийн 47.1.3 “тухайн захиргааны байгууллага өөрийн чиг үүрэгт үл хамаарах асуудлаар захиргааны акт гаргасан” бол уг захиргааны акт илт хууль бус болно гэж зохицуулсанд хамаарч байна.

Шүүх, Авто замын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1-д “Иргэн, хуулийн этгээд нь тэдгээрийн харьяалал, өмчийн хэлбэр үл харгалзан авто зам, замын байгууламжийг зориулалтын дагуу ашиглах эрхтэй“ гэж зааснаар “зориулалтын дагуу уг замыг ашиглах” нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн хэмээн хариуцагчийг буруутгаж, түүнчлэн өөрийн эрх хэмжээний хүрээнд үл хамаарах асуудлаар захиргааны акт гаргасан нь дээрх байдлаар тогтоогдсон гэж дүгнэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.2, 106.3.12 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.3, 47.1.6 дахь хэсэг, Авто замын тухай  хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.11, 17 дугаар зүйлийн 17.2,  29 дүгээр зүйлийн 29.1 дэх хэсгийг тус тус баримтлан нэхэмжлэгч “С” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, ӨАИТХ-ын 2020 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн 136 дугаартай албан бичгийг илт хууль бус болохыг тогтоосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч “С” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч ӨАИТХ-аас 70.200 төгрөгийг гаргуулж  нэхэмжлэгчид олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Ч.БАЯРМАА