Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 11 сарын 29 өдөр

Дугаар 2441

 

 

 

 

 

 

 

 

 

 

Б, Бнарын нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Байгалмаа, Т.Туяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийж,

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 181/ШШ2017/02251 дүгээр шийдвэртэй, Б, Бнарын нэхэмжлэлтэй, хариуцагч “Ж” ХХК-д холбогдох, нөхөн сэргээлт хийх хуулиар хүлээсэн үүргээ гүйцэтгээгүйгээс байгаль орчинд учирсан хохирол, нөхөн сэргээх төлбөрт нийт 3 965 000 000 төгрөгийг гаргуулж, Засгийн газрын Байгаль орчин, уур амьсгалын санд оруулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Т.Туяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Туяацэцэг, Битгэмжлэгдсэн төлөөлөгч М.Цэрэндэжид, хариуцагчийн төлөөлөгч Г.Чинтөмөр, хариуцагчийн өмгөөлөгч П.Цолмонбаатар, Н.Баярхүү, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Билгүүн нар оролцов.

 

Нэхэмжлэгч нар шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч “Ж” ХХК нь Ихрийн аманд 2006-2011 оны хооронд уул, уурхайн үйл ажиллагаа явуулсан байдаг. Ингэхдээ байгаль орчны нөхөн сэргээлт хийлгүйгээр байгаль орчинд хохирол учруулсан. 2009 онд Засгийн газрын тогтоол, шийдвэрийн дагуу алтны шороон ордуудыг ашигласнаас байгаль орчинд учруулсан хохирлыг тогтоолгох болж олон ордод хохирол тооцуулсан. Эдгээр ордуудын нэг нь Ихрийн амны орд юм. Байгаль орчны үнэлгээний хууль, тогтоомжийн дагуу мэргэжлийн байгууллага үнэлгээ тогтоодог ба “Кондиц” ХХК нь тухайн хохирлыг тооцсон. Уг хохирлыг Байгаль орчны яамнаас баталсан Байгаль орчны хохирлын нөхөн төлбөр тооцох аргачлал, арга зүйгээр тооцон гаргасан байдаг. Тухайн арга зүй нь байгаль орчинд учирсан хохирлыг бүрэлдэхүүн тус бүрээр тооцдог аргачлал бөгөөд бүрэлдэхүүн гэдэгт эдэлбэр газар, агаар, хөрс, газрын хэвлий, гүний ус, ой мод, ургамал, амьтанд учирч байгаа хохирлыг мэргэжлийн байгууллагаар тооцуулж, Байгаль орчны яам хүлээн авснаар ойлгож байгаа юм. “Жи юу энд голд” ХХК-ийн үйл ажиллагаа явуулж байсан газарт техникийн болон биологийн нөхөн сэргээлтийн ажлын зардлын тооцоо, хохирол зэргийг бүрэлдэхүүн тус бүрээр нь “Кондиц” ХХК гаргасан ба байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ, техник эдийн засгийн үндэслэл, уулын ажлын төлөвлөгөөнд яаж олборлолт явуулна гэснийг тооцон дүгнэлтээ гаргасан байна.

Ихрийн ам нь 653.7 кг алтны нөөцтэй орд юм. Уг алтыг олборлоод урт нэртэй хуулийн дагуу тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлсэн гээд тухайн ордод нөхөн сэргээлт хийлгүй тэр чигт нь орхисон байдаг. Уулын ажлын төлөвлөгөө ёсоор алттай шороог усаар баяжуулаад угаах ажил байсан. Монгол банкны эрдэнэсийн санд худалдсан алтны талаарх мэдээллийг үзэхэд 395 кг алт тушаасан байдаг. Хариуцагч тал ч үүнийгээ хүлээн зөвшөөрдөг. Ихрийн аманд уурхайн эдэлбэр газарт 6 нүх ухаад тэр нүхэнд ус татан дүүргэж технологийн үйл ажиллагаа явуулсан байдаг. “Кондиц” ХХК дүгнэлтээ үндэслэлтэй гаргасан. Уг технологиор тооцоход 3,9 тэрбум төгрөгийн хохирол учирсан гэсэн дүгнэлт гарсан. Хариуцагч нь уурхайд биологийн нөхөн сэргээлт явуулаагүй, 21 га газарт техникийн нөхөн сэргээлт хийсэн гэх боловч газар дээр хаягдалтай, овоолсон шороо хэвээр байгаа.

Кондиц ХХК-ийн дүгнэлтийг зөвшөөрөхгүй гэж хариуцагч маргаад “Эх Монголын байгаль” ХХК-иар хохирлыг тооцуулсан. “Эх Монголын байгаль” ХХК нь хохирлыг тооцсон боловч гадаргын усанд огт хохирол учраагүй гэж үзсэн. Кондиц ХХК-ийн тайланг Байгаль орчны яам хүлээн аваад уг дүгнэлтийн хариуцлагыг “Кондиц” ХХК өөрөө хариуцна гэсэн байдаг. Тус компани 2011 онд дүгнэлт гаргасан байхад “Эх Монголын байгаль” ХХК 2014 онд дүгнэлт гаргасан нь цаг хугацаа, орон зайн хувьд үндэслэлгүй. “Кондиц” ХХК-ийн ажлын хэсэгт орж байсан 4 хүн “Эх Монголын байгаль” ХХК-ийн ажлын хэсэгт ороод өөр дүгнэлт гаргасан нь ашиг сонирхлын зөрчилд өртсөн гэсэн хардлагыг төрүүлдэг. Иймд нөхөн сэргээлтийн ажлыг хийж гүйцэтгээгүйгээс байгаль орчинд учруулсан хохирол, нөхөн сэргээлтийн зардалд нийт 3 965 000 000 төгрөгийг гаргуулж, Засгийн газрын Байгаль орчин, уур амьсгалын санд оруулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч нь Баянхонгор аймаг, Гурванбулаг сум, Ихрийн амны шороон ордонд хохирол учруулсан гэж тайлбарлаж байна. Хохирол гэж юуг хэлэх вэ гэдгийг тодорхойлох ёстой. Тооцож, хэмжиж болохуйц эрх зүйн зөрчил болон үр дагаврын шалтгаант холбоо байх ёстой. Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан харилцаанд ямар тохиолдолд хариуцлага ногдуулах вэ гэхээр гэм хор учруулагч нь гэм буруутай байх, гэм буруу нь учруулсан хохиролтой шалтгаант холбоотой эсэхийг тогтоох нь чухал юм. Эндээс үзвэл “Ж” ХХК нь Ихрийн аманд очоод хууль зөрчөөд, байгаль орчин сүйтгээд, 3.9 тэрбум төгрөгийн хохирол учруулаад, түүнийг нөхөн сэргээлгүй хаяад явсан дүр зургаар тайлбарлаж байна. Хариуцагч “Ж” ХХК нь 2007 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр 5341А гэсэн ашиглалтын тусгай зөвшөөрлийг 30 жилийн хугацаагаар эзэмших болсон. Ашигт малтмалын тухай хуульд заасан шаардлага болох байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ, байгаль орчны менежментийн төлөвлөгөө, уулын ажлын төлөвлөгөө гэх бүх холбогдох баримт бичгийг бүрдүүлээд мөн хуульд зааснаар нөөц ашигласны санг бүрдүүлээд ашиглалтын тусгай зөвшөөрлийн дагуу үйл ажиллагаа явуулж байсан компани юм.

Гэм хор учруулагчийн эрх зүйн зөрчил хаана байгааг олж харахгүй байна. Тус компани 2012 он хүртэл нөхөн сэргээлтийн ажлын тайланг холбогдох мэргэжлийн хяналтын байгууллагад хүлээлгэж өгөөд жил бүр дүгнэлт гаргуулаад ирсэн. 2009 онд урт нэртэй хууль гараад Ихрийн амны ашиглалтын тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлсэн. Байгаль орчны тухай хуульд зааснаар тухайн компани уг газартаа хоёр жилийн дотор нөхөн сэргээлт хийх ёстой байсан. “Ж” ХХК нөхөн сэргээлт хийгээд явж байх хугацаанд буюу нөхөн сэргээлт хийх хугацаа дуусаагүй байхад шүүхэд нэхэмжлэл гаргасан. Байгаль орчныг хамгаалах тухай хуульд зааснаар иргэн, аж ахуйн нэгж байгууллага нь хууль бус үйл ажиллагаагаар байгаль орчин, түүний баялагт учруулсан хохирлыг нөхөн төлөх үүрэг хүлээсэн байдаг. “Жи юу энд голд” ХХК хуулийн дагуу үйл ажиллагаа явуулсан буюу хууль зөрчиж үйл ажиллагаа явуулсан болохыг тогтоосон баримт байхгүй. 2012 он хүртэл нөхөн сэргээлтийн ажил хийгээд явж байсан. Нэхэмжлэгч нарын гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгоно уу гэжээ.

 

Шүүх: Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 17 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 9 дэх заалт, Усны тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1 дэх хэсгийн 13.1.3 дахь заалтад зааснаар хариуцагч “Ж” ХХК-иас байгаль орчинд учирсан хохирол, нөхөн сэргээх төлбөрт нийт 3 965 000 000 төгрөг гаргуулах тухай Б, Бнарын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч нар улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгч Бтэргүүлэгчдийн даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Шүүх үйл баримтыг буруу үнэлж хэргийг үнэн зөвөөр шийдвэрлээгүй. Нэхэмжлэлийн шаардлага нь байгаль орчинд учруулсан экологи эдийн засгийн хохирол байсан. Өмнө нь шат шатны шүүхэд нэхэмжлэх эрхийн тухайд маргаагүй, харин экологийн хохирол тооцсон нь бодитой эсэх дээр маргасан. Шийдвэрт “нөхөн сэргээлт хийх хуулиар хүлээсэн үүргээ гүйцэтгээгүй гэх үйлдэл, эс үйлдэхүй нь Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 11 дэх заалтад заасан үйлдэл, эс үйлдэхүйд хамаарахгүй байх тул хуульд зааснаас өөр үндэслэлээр гаргасан энэ нэхэмжлэлийн шаардлагыг нэхэмжлэгч нар гаргах эрхтэй гэж үзэх боломжгүй тул хэрэгсэхгүй болгов” гэжээ. Маргааны үйл баримт нь байгаль орчинд учруулсан хохирол, нөхөн сэргээлтийн зардлыг нэхэмжилж байгаа гэтэл шүүх нөхөн сэргээлт хийгээгүйгээс учирсан хохирол гэж хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй буюу нэхэмжлэлийн шаардлагыг буруу тайлбарласан.

Нэхэмжлэлийн шаардлага нь Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49-т заасан байгаль орчинд учруулсан хохирлыг нөхөн төлөх, Усны тухай хуулийн 10.1.19-д заасан усны экологи-эдийн засгийн үнэлгээг тооцох аргачлал, зааврыг боловсруулах, усны нөөцөд учруулсан хохирлыг тооцох журмаар гаргасан хохирлыг тус хуулийн 13.1.3-т заасан ... байгальд учруулсан хохирлыг нөхөн төлүүлэхээр нэхэмжилсэн. Гэтэл Байгаль орчинд учруулсан хохирлыг нөхөн сэргээлт хийгээгүйгээс байгаль орчинд хохирол учруулсан мэтээр мушгин гуйвуулж ойлгомжгүй дүгнэлт хийж тайлбарлан шийдвэртээ бичсэн. Тусгай зөвшөөрөл эзэмшигч аж ахуйн нэгж байгууллагад хуулиар нөхөн сэргээх үүрэгтэй, харин үйл ажиллагаанаас нь байгаль орчинд учирсан хохирол нь тусдаа эрх зүйн зохицуулалттай асуудал. Үүнийг ялгаж салгаж ойлгохгүй хэргийг шийдвэрлэсэн. Шүүхийн шийдвэр агуулгын хувьд илэрхий алдаатай, түүнээс гарах эрх зүйн үр дагавар нь алдаатай болно.

Шүүх бүрэлдэхүүн өөрчлөгдөж хэргийг хянасан. Үүнийгээ шүүгч хүрэлцэхгүй байгаа гэж тайлбарласан. Ерөнхий шүүгчийн захирамжгүй, шүүгч хүрэлцэхгүй тул би орж байна гэдгээр хуралдааныг хийсэн нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил юм. Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгч Битгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй буюу хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэн нэхэмжлэлийг бүхлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2 дахь хэсгийн 9 дэх заалт, Усны тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.3-т зааснаар хариуцагч “Жи энд юу гоулд” ХХК-иас байгаль орчинд учирсан хохирол, нөхөн сэргээх төлбөрт нийт 3 965 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2 дахь хэсгийн 9 дэх заалтаар Сум дүүргийн Засаг дарга байгаль орчныг хамгаалах, байгаль орчинд учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх, шүүхэд нэхэмжлэл гаргах зэрэг хэлбэрээр бүрэн эрхээ хэрэгжүүлнэ гэж тодорхой заасан байхад шүүх Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 11 дэх заалтыг баримтлан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь ойлгомжгүй байна.

Хариуцагч “Жи энд юу гоулд” ХХК нь Баянхонгор аймгийн Гурванбулаг сумын Ихрийн аманд байрлах алтны шороон ордод 5341А тоот тусгай зөвшөөрлийн дагуу 77 га талбайд 2006-2012 оны хооронд алт олборлож үйл ажиллагаа явуулахдаа байгаль орчинд онц их хэмжээний хохирол учруулсан нь үнэлгээний эрхтэй, тусгай зөвшөөрөлтэй “Кондиц” ХХК болон “Эх монголын байгаль” ХХК-ийн үнэлгээгээр тус тус нотлогдсон байхад шүүх хэрэг маргааныг үнэн зөв шийдвэрлэх хүсэлгүй байна. Иймд хэргийг бүхэлд нь хянаж, шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн ба хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөний улмаас шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангаагүй байна.

 

Нэхэмжлэгч Б, мөн сумын Засаг дарга нар хариуцагч “Ж” ХХК-д холбогдуулан тус аймгийн Гурванбулаг сумын Ихрийн ам, Өвөрхөшөөтийн аманд нөхөн сэргээлт хийх хуулиар хүлээсэн үүргээ гүйцэтгээгүйгээс байгаль орчинд учирсан хохирол, нөхөн сэргээх төлбөрт нийт 3 966 800 000 төгрөг гаргуулахаар нэхэмжилжээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нар Өвөрхөшөөтийн аманд учирсан хохирол, нөхөн сэргээх төлбөр гаргуулах шаардлагаас татгалзаж, Ихрийн аманд нөхөн сэргээлт хийх хуулиар хүлээсэн үүргээ гүйцэтгээгүйгээс байгаль орчинд учирсан хохирол, нөхөн сэргээх төлбөрт нийт 3 965 000 000 төгрөгийг гаргуулж Засгийн газрын Байгаль орчин, уур амьсгалын санд оруулах шаардлага гаргасныг, хариуцагч эс зөвшөөрч маргаж байна.

 

Нэхэмжлэгч нар нэхэмжлэлийн шаардлагаа, хариуцагчийн 2006-2011 онд тухайн газар нутагт уул уурхайн үйл ажиллагаа явуулсантай холбоотой байгаль орчин, түүний дотор усны нөөцөд учруулсан хохирол, нөхөн сэргээлтийн зардлыг мэргэжлийн байгууллагын буюу “Кондиц” ХХК-ийн гаргасан дүгнэлтэд үндэслэн мөнгөн илэрхийллээр тооцсон агуулгатай байна. Гэтэл шүүх “нэхэмжлэгч нар нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болгож буй нөхөн сэргээлт хийх хуулиар хүлээсэн үүргээ гүйцэтгээгүй гэх үйлдэл, эс үйлдэхүй нь Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 11 дэх заалтад заасан үйлдэл, эс үйлдэхүйд хамаарахгүй тул хуульд зааснаас өөр үндэслэлээр гаргасан энэ нэхэмжлэлийн шаардлагыг нэхэмжлэгч нар гаргах эрхтэй гэж үзэх боломжгүй” гэх дүгнэлт хийж, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг буруу байна.

 

Хэргийн үйл баримтаас үзвэл зохигчид байгаль орчинд учруулсан хохирлын үнийн дүнгийн талаар маргаж, энэ талаар гаргасан шинжээчийн дүгнэлтүүдэд үндэслэн шаардлага, татгалзлаа тайлбарлажээ. Тухайлбал, “Кондиц” ХХК нь байгаль орчинд учирсан хохирол 3 999 730 000 төгрөг, нөхөн сэргээлтийн ажлын зардал 350 000 000 төгрөг, нийт 4 349 730 000 төгрөг гэж тодорхойлсон бол, “Эх монголын байгаль” ХХК  хохирлыг 180 240 000 төгрөг, нөхөн сэргээлтийн ажлын зардлыг 77 180 000 төгрөг, нийт 257 420 000 төгрөг гэх дүгнэлтийг гаргасан байна. /4-р хх 84-135, 2-р хх 55-90/

 

Нэхэмжлэгч нар дээрх дүгнэлтүүд зөрүүтэй байгаа учраас бодит байдлыг тогтоох шаардлагатай гэж үзэн “Кондиц” ХХК болон “Эх монголын байгаль” ХХК-ийн шинжээчийг дуудаж асуух, гэрчээр мэдүүлэг авах, шүүх хуралдаанд биечлэн оролцуулах зэргээр удаа дараа хүсэлт гаргасныг шүүх үндэслэлгүйгээр хэрэгсэхгүй болгож байжээ. /3-р хх 239, 7-р хх154, 157, 167/

 

Шүүх 2016 оны 05 дугаар сарын 07-ны өдөрийн 101/ШТ2016/00627 дугаар тогтоолоор “Эх монголын байгаль” ХХК-ийн захирал С.Түмэннастыг шинжээчээр оролцуулах нэхэмжлэгчийн хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэсэн байх боловч уг хүсэлтэд “Кондиц” ХХК-ийн төлөөллийг оролцуулах хүсэлтийг огт шийдвэрлэлгүй орхигдуулсан байна. /3-р хх 237-240/ 2017 оны 09 дугаар сарын 19-ний өдрийн шүүх хуралдаанд шинжээч С.Түмэннастыг оролцуулсан боловч түүнд Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2 дахь хэсэгт зааснаар шинжээчийн эдлэх эрх, хүлээх үүрэг хариуцлагыг урьдчилан тайлбарлаж танилцуулаагүйг шүүх тодруулсан атлаа шүүх хуралдааныг үргэлжлүүлэн явуулсан нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзнэ.

 

Түүнчлэн, тухайн шинжээч нь дүгнэлтийн гол зөрүү буюу маргааны зүйл болох усны хохирлын талаарх нэхэмжлэгч талын асуултад “...усны мэргэжлийн хүн илүү тайлбар өгнө, усны хохирлын тооцоог хийсэн хүн би биш” гэж хариулснаас үзвэл шинжээч нарын гаргасан дүгнэлтийн зөрүүг тодруулах хэргийн оролцогчийн хүсэлт хангагдсан гэж үзэхгүй бөгөөд энэ тохиолдолд шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.9 дэх хэсэгт зааснаар шүүх хуралдааныг хойшлуулах заалтыг хэрэгжүүлэх боломжтой. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд нотлогдвол зохих маргааны үйл баримтыг зөв тогтоохын тулд холбогдох ажиллагааг хэрэгжүүлэх нь шүүхийн эрх хэмжээнд шийдвэрлэгдэх юм. /7-р хх 189-207/

 

Эдгээрээс дүгнэвэл байгаль орчны хохиролд хамаарах усны экологид учруулсан хохирлын талаарх шинжээчдийн дүгнэлт илт зөрүүтэй байгаа тохиолдолд дээрх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад “Кондиц” ХХК, “Эх монголын байгаль” ХХК-ийн төлөөлөгч нарыг шүүх хуралдаанд оролцуулах, газар дээр нь үзлэг хийлгэж бодит байдлыг эргэлзээгүй тогтоох талаарх нэхэмжлэгч талын хүсэлтийг шүүх хангаагүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.3-т заасан хэргийн оролцогчийн эрхийг зөрчсөн гэж үзнэ.

 

Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгч Битгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Туяацэцэг, Битгэмжлэгдсэн төлөөлөгч М.Цэрэндэжид нарын давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 181/ШШ2017/02251 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр тухайн шүүхэд буцаасугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар нэхэмжлэгч нар улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөхийг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

            ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                         Ж.ОЮУНТУНГАЛАГ

                                                           

            ШҮҮГЧИД                                                       Д.БАЙГАЛМАА

 

                                                                                    Т.ТУЯА