| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Төмөрхүүгийн Батжаргал |
| Хэргийн индекс | 176/2021/0425/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/459 |
| Огноо | 2021-02-10 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Б.Сувд-Эрдэнэ |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2021 оны 02 сарын 10 өдөр
Дугаар 2021/ШЦТ/459
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Төв аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Батжаргал даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Самбуу,
Улсын яллагчаар Аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Сувд-Эрдэнэ,
Шүүгдэгч Б.Д нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийж,
Төв аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн шүүгдэгч Б.Дд холбогдох эрүүгийн 2134000000439 дугаартай, 1 хавтас хэргийг 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, Б.Д, суманд төрсөн, 25 настай, эрэгтэй, яс үндэс халх, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 5, эхнэр, хүүхдийн хамт багт оршин суух, улсаас авсан гавъяа шагнал, урь ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, регистрийн дугаартай.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Б.Д нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт:
Шүүгдэгч Б.Дын өгсөн: “Мөрдөн байцаалтад үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж ярих зүйл байхгүй. Гэм буруу хүлээн зөвшөөрч байгаа." гэх мэдүүлэг,
Талуудын хүсэлтээр хавтаст хэргээс:
Хохирогч П.Бын цагдаагийн байгууллагад гаргасан өргөдөл /хх 1/, хохирогчийн мэдүүлэг /хх 21-22/, гэрч Д.Дгийн өгсөн мэдүүлэг /хх 25-26/, гэрч Б.Эын өгсөн мэдүүлэг /хх 29-30/, Төв аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн дүгнэлт /хх 32-33/, П.Аын яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх 43-44/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 54/, шийтгэх тогтоолын хуулбар /хх 63-71/, шүүгчийн захирамжийн хуулбар /хх 72-74/, шүүгдэгчийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлт /хх 60/, хүсэлт шийдвэрлэсэн хяналтын прокурорын 2021.10.08-ны өдрийн 74 дугаартай тогтоол /хх 75-76/ хэрэгт цугларсан бусад бичгийн нотлох баримтууд болно.
Шүүгдэгчийн гэм буруу болон хохирол, хор уршгийн талаар:
Шүүгдэгч П.А нь Төв аймгийн Заамар сумын Хайлааст 3 дугаар багийн нутагт 2021 оны 8 дугаар сарын 30-ны өдөр гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох төрсөн ах П.Бтай өөрийн эхийг Увс аймаг руу нүүлгэх асуудлаас болж маргалдаж, улмаар түүнийг гурилын элдүүр мод болон гараараа цохиж зодон эрүүл мэндэд нь "уруулын салстад шарх, дух, цээжинд зулгаралт, зүүн даланд цус хуралт" бүхий хөнгөн хохирол учруулсан болох нь;
Хохирогч П.Бын өгсөн: "2021 оны 8 дугаар сарын 30-ны өдөр манай эх Төв аймгийн Заамар сумын Хайлааст байгийн төвөөс Увс аймаг руу нүүхээр болж бид хоёр эхийгээ явахаас нь өмнө гэртээ авчирч цай уулгасан. Манай эхийг Увс аймаг руу авч явахаар нагац ах Б Увс аймгаас ирчихсэн байсан. Ээжийг эхнэр бид хоёр гэрт нь хүргэж өгсөн. 1 сая төгрөгөөр Увс аймаг руу нүүлгэх унаа зар дээрээс олоод жолоочийн утасны дугаарыг нь Б ахад өгсөн. Уг нь ээж нэг сая төгрөгтэй зам руу хүргүүлэх гэхээр цаад хүн нь 200 000 төгрөгөөр явна гээд мөнгө хүрэхгүй байгаа талаар хэлсэн юм. Ээж энэ талаар дүү Ат утсаар хэлсэн. Тэгсэн А хүргэн Э нар ээжийн гэрт хүрч ирээд шууд надтай маргалдаад ээжийн зуухны өмнө байсан гурил элдэж байсан гурилын элдүүрийг авч миний нүүрэн хэсэгт 3-4 удаа цохихоор нь тонгойсон чинь нуруун дундуур 2-3 удаа цохисон. Тэгээд бид хоёрыг Б ах салгахаар нь гэрээс гарч гэрийн хойгуур тойртол араас А ирээд барьж аваад боосон. Б ах ирж салгаад тэр А, Э хоёрыг хөөж явуулсан. Төв аймаг руу Шүүх эмнэлэгт үзүүлэхээр явахдаа замын зардал гэж 200 000 төгрөг болсон. Түүнийг барагдуулбал гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй." гэх мэдүүлэг /хх 21-22/,
Шүүгдэгч П.Аын өгсөн: "2021 оны 8 дугаар сарын 30-ны өдөр өөрийн хүргэн ах Этай Төв аймгийн Заамар сумын Хайлааст 3 дугаар багийн нутгаас Төв аймгийн Цээл сумын Төв орж хүүхдийн хичээлийн хувийн хэрэг авчихаад буцах замдаа Төв аймгийн Заамар сумын Хайлааст багт байх эх Норовын гэрээр ороход гэрт Увс аймгаас Б ах ирчихсэн, мөн ах Б, түүний эхнэр Д нар 0,75 гр-ын архи задалчихсан уух гээд сууцгааж байсан. Бид хоёр ороод байж байтал ээжийг Увс аймаг руу нүүлгэх асуудлаар ярилцаж байгаад зам тээврийн зардлаас болоод Б ах хүргэн Этай маргалдсан. Над руу Б ах шүлсээ цацаад, ар нуруун дундуур цохиж аваад байхаар нь би галын урд байсан гурилын элдүүр аваад Б ах руу шидсэн чинь нурууг нь оноод цааш ойгоор газар унасан. Тэгээд намайг заамдаж авах гэхээр нь би заамдаж аваад нүүр рүү нь гараараа 2 удаа цохиж авахад Б ах, Э ах хоёр бид хоёрыг салгаад Э ах бид хоёр мотоциклтойгоо хөдлөөд явсан. Б ах цагдаад өргөдөл гаргасан байсан. Хохирлын 200 000 төгрөг нэхсэн түүнийг нь өгсөн." гэх мэдүүлэг /хх 43-44/,
Төв аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн 353 дугаартай шинжээчийн дүгнэлт: "1.П.Бын биед дээд уруулын салстад шарх, дух, цээжинд зулгаралт, зүүн даланд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна. 3.Дээрх гэмтлүүд нь сонсгол, хөдөлмөрийн чадвар алдалтад нөлөөлөхгүй. 4.Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна." гэжээ /хх 32-33/,
гэрч Д.Д /хх 25-26/, Б.Э нарын өгсөн мэдүүлэг /хх 29-30/ зэрэг хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж үзэв.
Шүүгдэгчид холбогдох хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, хэргийн оролцогч нарын хуулиар олгогдсон эрхийг хөндөөгүй, нотолбол зохих нөхцөл байдлуудыг бүрэн нотолсон, улсын яллагчийн шүүгдэгчийг буруутгаж байгаа Эрүүгийн хуулийн зүйл хэсэг нь хэргийн бодит байдалтай тохирсон гэж дүгнэв.
Шүүгдэгчийн дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг хангасан гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч П.Аын дээрх үйлдэл нь гэм буруугийн санаатай хэлбэртэй. Шүүгдэгчийг өөрийн үйлдэл, эс үйлдэхгүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаагүй, түүнийг хүсэж үйлдээгүй байна гэж үзэх нөхцөл байдал тогтоогдоогүй тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч бусдад төлөх төлбөргүй болохыг дурдав.
Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар:
Шүүх шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзэв.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгч нар нь хоорондоо эвлэрч, хэн аль нь гомдол саналгүй гэх хүсэлт гаргасныг улсын яллагч хуульд заасны дагуу шийдвэрлэж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр хэргийг шүүхэд шилжүүлжээ. Ийнхүү хүсэлтийг хангаж шүүгдэгч П.Ат ял оногдуулах санал гаргахдаа улсын яллагчаас Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлд заасныг баримталсан байна.
Шүүгдэгч П.Ат эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг нөхөн төлсөнийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн зэрэг нөхцөл байдлыг харгалзан улсын яллагчийн шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар 700 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ялын саналтай хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлсэн нь шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, түүний гэм бурууд тохирсон, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг зөрчөөгүй байна гэж үзлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т "Шүүх ялтны хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг гурван жил хүртэл хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож болно." гэж заасан бөгөөд шүүгдэгч нарын хүсэлтийг харгалзан 700 000 төгрөгийн торгох ялыг гурван сарын хугацаанд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн сар бүр хэсэгчлэн төлөхөөр тогтоов.
Шүүгдэгч нь шүүхээс оногдуулсан торгох ялыг хуульд заасан хугацаанд биелүүлээгүй бол оногдуулсан торгох ялыг хорих ялаар сольж болохыг анхааруулах нь зүйтэй.
Эрүүгийн 2134000000349 дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоног, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн хувийн бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдав.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.4 дүгээр зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 1, 2-т тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Б.Дыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Шүүгдэгч Б.Дыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500 000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч Б.Дд оногдуулсан 500 000 төгрөгөөр торгох ялыг гурван сарын хугацаанд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн сар бүр хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-т зааснаар шүүгдэгч Б.Д нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.
5.Эрүүгийн 2134000000439 дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Б.Д нь цагдан хоригдсон хоног, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гарах зардалгүй, шүүгдэгчийн иргэний баримт бичиг шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.
6.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
7.Шийтгэх тогтоод давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Дд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.БАТЖАРГАЛ