Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 04 сарын 30 өдөр

Дугаар 2020/ШЦТ/175

 

 

      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс: 166/2020/0154/Э

 

Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Я.Туул даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Наранзаяа,

Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Батсүх,

Шүүгдэгч М.М.Г- /өөрөө өөрийгөө өмгөөлөх хүсэлт гаргасан тул өмгөөлөгч оролцоогүй/ нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн М.Г-эд холбогдох эрүүгийн 2018002220165 дугаартай хэргийг 2020 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцлээ.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, М.Г-, ....суманд төрсөн, 39 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, сантехникч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эхийн хамт оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй.

 

Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

Яллагдагч  М.М.Г- нь 2020 оны 03 дугаар сарын 14-ний өдөр ......  тоотод иргэн Ч.Ч.Д-той хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан эрх чөлөөнд нь халдаж, эрүүл мэндэд нь “2 шүдний үгүй байдал, доод уруулын салстын цус хуралт” бүхий  хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

   ТОДОРХОЙЛОХ нь:

1.Гэм буруугийн талаар:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр:

 

-Шүүгдэгч М.М.Г-ийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “…2020 оны 03 дугаар сарын 14-ний өдөр гэртээ байж байхад Ч.Ч.Д- залгаад “уулзмаар байна” гэсэн. Би “гэртээ амарч байна, чадахгүй” гэсэн чинь “заавал уулзмаар байна” гээд манай гэрийн гадаа ирсэн байсан. Уулзаад Ч.Ч.Д- “танд мөнгө байна уу?” гэхээр  нь “5000 төгрөг байна” гээд өгөхөд хамт явж байсан найз Б.Л- нь 3000 төгрөг гаргаад 0.75 гр архи авч уусан.

 ...манайд очиж дахин нэг шил архи уусан юм.Тухайн өдөр би 2 гар утастай байсан юм. Гэтэл ширээн дээр байсан нэг утас байхгүй байсан. Тэгээд Ч.Ч.Д-ыг чи авлаа гэхэд уурлаад намайг цохисон. Би босож ирээд Ч.Ч.Д-той зууралдахад Ч.Ч.Д- хойш сандлын ирмэг мөргөөд унасан. Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна, хөнгөн ял оногдуулж өгнө үү.” гэх мэдүүлэг,

 

-Зөрчлийн талаарх гомдол мэдээллийг харьяаллын дагуу шилжүүлэх тухай эрх бүхий албан тушаалтны санал /хавтаст хэргийн 3/,

 

-Зөрчлийн талаар амаар болон холбоо, мэдээллийн хэрэгслээр гаргасан гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл /хавтаст хэргийн 4/,

 

-Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 5-6/,

 

-Эд зүйл, баримт бичиг, гомдол, мэдээлэл, бусад баримтыг хүлээн авсан тухай тэмдэглэл /хавтаст хэргийн 7/,

 

- Эд зүйл, баримт бичиг, гомдол, мэдээлэл, бусад баримтыг хавтаст хэрэгт тусгах тухай мөрдөгчийн тогтоол /хавтаст хэргийн 8/,

 

-Хохирогч Ч.Ч.Д-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2020 оны 03 дугаар сарын 14-ний өдөр ямар ч байсан гэрт байхад эхлээд маргалдахад цээж рүү нь гараараа нэг цохисон. Тэгэхэд М.Г- ах босож ирээд надтай зууралдаж аваад гараараа миний шүд рүү цохисон. Тэгэхэд Лхагваа ах голоор орж ирээд бид хоёрыг салгаад болиулахад би М.Г- ахад “та миний шүд рүү цохичихлоо шүү дээ” гэсэн чинь “би шүд рүү чинь цохиогүй, чи мөргөсөн” гээд байсан. Тэгээд би гараад яваад өгсөн юм. Орой гэртээ хариад хоол идэх гэтэл миний доод эрүүний үүдэн 2 шүд уначихсан юм. Миний шүд зодоон болохоос өмнө бол зүгээр байсан. М.Г- ахыг цохисоны дараа буйлтайгаа хавдаад цус гарчихсан байсан. Нэхэмжлэх зүйл, гомдол санал байхгүй.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 15-16/,

 

-Гэрч Б.Л- мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Нэг ухаан ороход Ч.Д- нөгөө залуу хоёр утаснаас болоод хоорондоо маргалдаад зууралдаад барьцалдаад авчихсан байхаар нь би босож голоор нь орж салгаж болиулсан.

...би яг тодорхой хэлж мэдэхгүй байна. Хоорондоо барьцалдаад авчихсан нэг нэгнийгээ цохиж байгаа харагдсан. Тэгээд босоод ирсэн чинь Ч.Д-ын амнаас цус гарчихсан, М.Г-ийг чи миний шүд рүү цохичихлоо гэсэн.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 17-18/,

 

-Гэрч Х.Б- мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2020 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 07 цагийн орчимд Ч.Д- ажилдаа явлаа гээд гэрээс гарсан. Гарахдаа ямар нэгэн биед гэмтэж бэртсэн зүйлгүй, эрүүл саруул гарсан. Тэгээд орой 21 цагийн орчимд Ч.Д- согтуу амнаас нь цус гарчихсан, доод уруул нь хавдчихсан, үүдэн шүд нь уначихсан гээд 2 шүд барьчихсан ирэхээр нь би “яачихсан юм бэ?” гэсэн чинь “хүнд зодуулчихсан” гэж хэлж байсан.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 25/,

 

-Дархан-Уул аймгийн “Дархан Харзтай” эмнэлэгийн шүдний эмчийн үзлэг хийсэн тухай тодорхойлолт /хавтаст хэргийн 27-28/,

 

“...Ч.Ч.Д-ын биед 2 шүдний үгүй байдал, доод уруулын салстын цус хуралт тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн хүчин үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Уг гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.2-д зааснаар ерөнхий хөдөлмөрийн чадварыг бага хэмжээгээр буюу 10 хувиар тогтонги алдагдуулах хөнгөн зэргийн гэмтэл болно.” гэх Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 252 дугаартай шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 29-30/,

 

-Шинжээч эмч  Д.Т- мөрдөн байцаалтын шатанд өгсөн:  “...би 2020 оны 03 дугаар сарын 16-ны өдөр Чумбуу овогтой Ч.Д-ыг өөрийн биеэр үзсэн. Үзлэгээр Ч.Ч.Д-ын үүдэн доод 2 шүд бүрэн мултарсан, цусархаг оромтой, доод уруулын салстан өнгөц язарсан байсан. Энэ гэмтэл нь 2020 оны 03 дугаар сарын 14-ний өдөр үүссэн байх боломжтой байсан. Ч.Ч.Д- үзүүлэх үед “Дархан Харзтай” эмнэлгийн тодорхойлолт, СД-ний хамт авчирсан.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 23/ болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн баримтуудыг шинжлэн судаллаа.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байгаа бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад эдгээр нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэхдээ хуульд заасан журам, шаардлагыг зөрчөөгүй, хэргийн оролцогчдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хязгаарласан нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул дээрх нотлох баримтуудыг хууль ёсны, үнэн зөв, тухайн хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлсэн болно.

 

Шүүгдэгч М.М.Г- нь 2020 оны 03 дугаар сарын 14-ний өдөр ......... тоотод хохирогч Ч.Ч.Д-той хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан, эрх чөлөөнд нь халдаж, эрүүл мэндэд нь  “2 шүдний үгүй байдал, доод уруулын салстын цус хуралт” бүхий  хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хавтаст хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн баримтуудаар тогтоогдож байх бөгөөд хохирогчийн эрүүл мэндэд учирсан хохирол нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.2-д зааснаар ерөнхий хөдөлмөрийн чадварыг бага хэмжээгээр буюу 10 хувиар тогтонги алдагдуулах хөнгөн зэргийн гэмтэл болох нь Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 252 дугаартай шинжээчийн дүгнэлтээр /хавтаст хэргийн 29-30/ тус тус нотлогдож байх тул шүүгдэгчийн үйлдлийг зүйлчилж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг зөв байна.

 

Иймд шүүгдэгч М.М.Г-ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

Хохирогч Ч.Ч.Д- нь “шүүгдэгчид гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй” гэж байх тул энэ шийтгэх тогтоолоор шүүгдэгч М.М.Г-ээс гаргуулах төлбөргүй байна.

 

2. Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар:

 

Эрүүгийн хариуцлага нь эрүүгийн хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрддэг ба шүүгдэгч М.М.Г- нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай байна.

 

Шүүгдэгч М.М.Г- нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, бусдад төлөх төлбөргүй байгаа байдлыг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцох үндэслэлтэй байх тул шүүгдэгчийн гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг нь харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500000 төгрөгөөр торгох ял оногдуулж, торгох ялыг 5 сарын хугацаанд сард 100000 төгрөгөөр тооцон хэсэгчлэн төлж барагдуулахыг шүүгдэгч М.М.Г-эд анхааруулж шийдвэрлэлээ.

 

Шүүгдэгч М.М.Г- нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг сиди-г уг хэргийг хадгалах хугацаа дуусах хүртэл хэрэгт хэвээр үлдээж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.М.Г-эд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

 

Шүүхээс шүүгдэгчийг өмгөөлүүлэх эрхээр нь хангасан боловч өмгөөлөгч аваагүй, шүүх хуралдаанд өөрөө өөрийгөө өмгөөлж оролцох хүсэлтээ шүүх хуралдаанд гаргасан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 1-т заасан заавал өмгөөлөгчтэй оролцох хуулийн заалтад хамаарахгүй тул түүний хүсэлтийг хүлээн авч өмгөөлөгч оролцуулалгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч М.Г-ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар М.Г-эд 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5.3 дугаар зүйлийн 5, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.6-т зааснаар шүүгдэгч М.М.Г-эд оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 5 сарын хугацаанд сар бүр 100000 төгрөгөөр тооцон хэсэгчлэн төлж барагдуулахыг шүүгдэгч М.М.Г-эд үүрэг болгож, шүүхээс тогтоосон хугацаанд уг ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг шүүгдэгч М.М.Г-эд анхааруулсугай.

 

4.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.4, 1.7, 1.8, 1.9-т зааснаар шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг сиди-г уг хэргийг хадгалах хугацаа дуусах хүртэл хэрэгт хэвээр үлдээсүгэй.

 

5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-т зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.М.Г-эд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                  Я.ТУУЛ