Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2021 оны 12 сарын 15 өдөр

Дугаар 2021/ШЦТ/472

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                              МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Төв аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Батжаргал даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Жаргалболд,

Улсын яллагчаар Аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Х.Оюунцэцэг,

Шүүгдэгч Д.Г нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж,

Төв аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн яллагдагч Д.Гт холбогдох эрүүгийн 2134000000203 дугаартай, 1 хавтаст хэргийг 2021 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Д.Г, хотод төрсөн, 56 настай, эрэгтэй, яс үндэс халх, бүрэн бус дунд боловсролтой, хүнд машин механизмын машинист мэргэжилтэй, ам бүл 2, эхнэрийн хамт оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд нэг удаагийн ял шийтгэлтэй, үүнд:

Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 4 дүгээр шүүхийн 2014 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 01 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар 3 жил 5 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, 2015 оны Өршөөл үзүүлэх тухай хуулиар 2 жилийн хорих ял хасагдаж, 2016 оны 02 дугаар сарын 25-ны өдөр Хорих 417-р ангиас ялын хугацаа дуусч суллагдсан, хэрэг хариуцах чадвартай, регистрийн дугаартай. 

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Д.Г нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зү

 

йлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт:

 

Шүүгдэгч Д.Гийн өгсөн: “Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг үнэн зөв.” гэх мэдүүлэг, 

 

Талуудын хүсэлтээр хавтаст хэргээс:

 

Хохирогч Д.Сын өгсөн мэдүүлэг /хх 5-6, 78/, гэрч Л.Оын өгсөн мэдүүлэг /хх 9/, гэрч Л.Оийн өгсөн мэдүүлэг /хх 11/, гэрч Ц.У /хх 16-17/,  Д.Гийн гэрч болон яллагдагчаар өгсөн /хх 13-14, 33,/ мэдүүлэг,                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                     

            Төв аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн №178 шинжээчийн дүгнэлт /хх 20/,

            урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 36/, шийтгэх тогтоолын хуулбар /47-51/, тус шүүхийн шүүгчийн 2015.11.05-ны өдрийн 227 дугаартай захирамжийн хуулбар зэрэг бичгийн нотлох баримтууд болно. 

 

Шүүгдэгчийн гэм буруу болон хохирол, хор уршгийн талаар:

 

Шүүгдэгч Д.Г нь 2021 оны 5 дугаар сарын 10-наас 11-нд шилжих шөнө Төв аймгийн Эрдэнэ сумын Баянтуул 3 дугаар багийн нутаг “Шивэртэй” гэх газарт иргэн Д.Сыг “намайг дандаа муу хэлж байдаг, манай эхнэрийг янхан, гичий гэх мэт хэл амаар доромжилсон” гэх шалтгааны улмаас зодож, түүний эрүүл мэндэд “дух, зүүн нүдний дээд зовхинд зулгаралт, дух, баруун нүдний дотор булан, доод зовхи, хамрын нуруу, зүүн тохой, сарвууны ард, баруун даланд цус хуралт, баруун нүдний доод зовхи, хамар, дагзанд зөөлөн эдийн няцрал” бүхий хөнгөн хохирол учруулсан болох нь:  

 

Шүүгдэгч Д.Гийн өгсөн: “2021 оны 5 дугаар сарын 10-ны өдөр Төв аймгийн Эрдэнэ сумын Баянтуул 3 дугаар баг “Шивэртэй” гэх газар гэртээ байж байгаад өөрийн авдарт байсан 0.75 граммын Хараа архи байсныг аваад талыг нь ганцаараа гэртээ уугаад үлдсэнийг нь манай хойно байдаг төрсөн дүү С, түүний нөхөр Баяраа хоёр дээр ороод Баяраатай хамт үлдсэн тал шил архиа уугаад, тэгээд Баяраа, С нарт хэдэн үг хэлээд Стой хэрэлдээд барилцаж аваад нүүр хэсэгт нь гараараа 2 удаа цохиод С гэрээсээ гараад зугтаасан. Тэгээд би гэрээс нь гараад Нацагдорж гэх айлд шөнө яваад ортол С тэдний гэрт байж байхаар нь дахиад хэрэлдээд барилцаж аваад гадаа гартал С гартаа сүх барьчихсан над руу шидчихээд зугтаахаар нь би нөгөө сүхийг нь аваад араас нь шидсэн Сыг оноогүй. Тэгээд би уурандаа Сын араас гэрт нь очоод бид хоёр дахиж барилцаж аваад Баяраа хажууд байж байгаад бид хоёрыг салгасан. Тэгээд намайг гэрээсээ хөөж гаргаад би гэртээ хариад унтсан. Маргааш өглөө нь буюу 2021 оны 5 дугаар сарын 11-нд би замын унаанд суугаад Улаанбаатар хот руу явсан. Бид хоёрыг муудалцаж байхад Сын хамтран амьдрагч Баяраа, Нацагдорж, Урнаа нар байсан. Өөр хүн байгаагүй. С намайг дандаа муу хэлж байдаг юм. Сүүлд С манай эхнэрийг “янхан, гичий” гэх мэтээр хэл амаар доромжилсон байсан. Тэгээд Сод хэлмээр санагдаад орж хэлээд хэрүүл маргаан болоод би цохисон. Бид хоёр ер нь хэрэлддэг байсан. Гэхдээ гар хүрч байгаагүй, харин сая л уурандаа цохисон. Би буруугаа хүлээн зөвшөөрч байна. Өөр нэмж ярих зүйл байхгүй.” гэх мэдүүлэг /хх 13-14, 33/,

 

          Хохирогч Д.Сын өгсөн: “Би 2021 оны 5 дугаар сарын 10-ны өдөр 18 цагийн үед Нацагдорж гэх айлын гадаа очиж дуранг нь гуйж үхрээ дурандаад дуранг нь өгчхөөд буцаад гэртээ харьцаад буцаад 20 цаг өнгөрч байхад Нацагдорж гэх айлд зурагт үзэх гэж очоод ортол Нацагдорж гараад үхрээ харна гээд гартал Г гэх хүн гаднаас согтуу орж ирээд та муу 2 гөлгийг ална гээд манай нөхөр Баяраатай барилцаж аваад зодолдоод тэгээд гэрээс гараад салцгаагаад Баяраа буцаад гэр лүү орж ирээд бид 2 өөрийн гэр лүү харьцгаагаад гэртээ байж байтал 22 цагийн үед Г манайд ирээд 0,5 граммын Хараа архи гаргаж ирсэн. Нөгөө архи нь тал архи байсан. Тэгээд архиа ганцаараа уугаад гэнэт босож ирээд миний баруун нүд рүү баруун гараараа 2 удаа цохиод бас манай нөхрийг хэд хэдэн удаа цохисон. Тэгээд Г бүр дийлдэхгүй болохоор нь би гарч зугтаагаад Нацагдорж гэх айлд очиж унтаад байж байтал өглөө 05 цагийн үед Г гаднаас орж ирээд ахиад намайг үсдэж аваад толгой хэсэгт нэлээн олон удаа өшиглөөд би арай гэж гараад зугтаатал Г гаднаас сүх аваад миний ардаас шидэхэд нөгөө сүх нь миний хажуухан газар унасан. Тэгээд гэртээ яваад очтол Баяраа гэртээ унтаж байсан ба араас Г гэрт ахиж орж ирээд та хоёрыг ална өдөр болгон зодож байна гээд кармаанаасаа чулуу гаргаж ирээд Баяраагийн толгой нүүр хэсэгт цохиод над руу бас сандал авч шидээд буу олж ирж та хоёрыг ална гээд гарч яваад ахиж ирээгүй. Миний баруун нүд рүү баруун гараараа 2 удаа толгой хэсэг рүү үсдээд хөлөөрөө зөндөө олон удаа цохисон. Яг хэдэн удаа цохисныг нь би мэдэхгүй байна. Баяраа бид 2 архи уугаагүй харин Г нэлээн согтуу бас 0,5 граммын Хараа архи хагас шилийг барьчихсан орж ирсэн. Урьд нь эхнэртэй хэрэлдэж маргалдсан чинь эхнэр О нь намайг нөхөртөө хэлж цус нөжтэй чинь холиулна зодуулна гээд байсан. Тэгээд нөхөр Гтаа хэлээд намайг зодуулж байгаа байх. Өөрөөр Г гэх хүнтэй хэрэлдэж маргалдсан асуудал байхгүй. Нацагдорж эхнэрийн хамт байсан өөр хүн байгаагүй. Өөр гэмтэл учраагүй. Миний биед гэмтэл учирсан. Гомдолтой байна.” гэх мэдүүлэг /хх 5-6/, 

 

          Хохирогч Л.Оын өгсөн: "Би эхнэр Сын хамт 2021 оны 5 дугаар сарын 10-ны орой 20 цагийн үед Нацагдорж гэх айлд очоод кино үзээд сууж байхад айлын хүмүүс болох Нацагдорж, У хоёр үхэртээ явчхаад ирье гээд гарч яваад эхнэр бид хоёр гэрт байж байтал Г гаднаас орж ирээд бид хоёрыг хариач юугаа хийгээд суугаад юм бэ гэж хэлэхээр нь эхнэр С киногоо үзчихээд харья гэтэл Г чи муу юу гээд байгаа юм гээд С руу гараа далайгаад дайрахаар нь барьж аваад айлаас гаргаад Гийг гэр рүү нь явуулаад би буцаж ороод С бид хоёр киногоо үзчихээд өөрсдийн гэртээ иртэл Г манай гэрийн хаяанд сууж байсан. Тэгээд бид гурав гэрт ортол Г Сыг чи хэн болчхоод хуцаад байгаа юм Оынхаас зайл, гичий гэх зэргээр хараагаад агсам тавиад байхаар нь манай эхнэр С Нацагдорж ахынд очиж хонохоор яваад Г бид хоёр манайд хоноод 2021 оны 5 сарын 11-ний өглөө 06 цагийн үед эхнэр С гаднаас уйлаад орж ирэхээр нь би юу болов гээд орноосоо босох гээд байж байтал араас нь Г орж ирээд намайг орон дотор хэвтэж байхад баруун гараараа цохихоор нь би баруун гараараа хаатал ахиад зүүн гараараа саваад байхаар нь би хөнжлөө толгой дээгүүрээ нөмрөөд хоёр гараараа нүүрээ хаагаад байж байхад дээрээс юугаар цохиж байгаа нь мэдэгдэхгүй 3-аас 4 удаа цохиод тэгээд би арай гэж босоод хуванцар сандал аваад зөрүүлээд Гийн нуруу руу нь хоёр удаа цохитол гэрээс гараад явсан. Би хөнжлөө нөмрөөд нүүрээ хамгаалаад байж байсан болохоор яг юугаар цохиж байхыг нь хараагүй 3-4 удаа гараараа цохих шиг болсон. Г согтуу байсан бусад хүмүүс эрүүл байсан. Ямар ч үг дуугүй орж ирээд намайг зодоод унасан. Эхнэр С хажууд байсан. Хамрын дээд талд шалбарсан толгой дээр жоохон хөндүүртэй байна. Миний биед гэмтэл учирсан. Би шүүх эмнэлэгт үзүүлнэ. Надад гомдол санал байхгүй. Манай эхнэр нэлээн зодуулсан байсан. Өөр нэмж ярих зүйл байхгүй." гэх мэдүүлэг /хх 9/,

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                     

Гэрч Л.Оийн өгсөн: “Би Г гэх хүнтэй 1990 онд танилцаад 1991 онд гэр бүл болоод 30 жил болж байна. Дундаасаа нэг хүүхэдтэй Гансүх гэдэг Улаанбаатар хотод амьдардаг. Тухайн өдөр нөхөр Г гэртээ байж байгаад авдарт байсан 0,5 грамм архи байсныг ганцаараа уугаад байсан. Тэгээд орой 19 цаг өнгөрч байхад гэрээс гарч яваад 2021 оны 5 дугаар сарын 11-ний өглөө 5 цаг болж байхад халамцуу орж ирсэн. Юу болсныг нь би мэдэхгүй байна.” гэх мэдүүлэг /хх 11/,

 

Гэрч Ц.Уийн өгсөн: “Тухайн өдөр 22 цагийн үед С манайд нүд нь хавдчихсан орж ирээд ах Г зодчихлоо гээд 00 цаг хүртэл зурагт үзчихээд С баруун орон дээр хувцастайгаа унтсан. Тэгээд өглөө 4 цаг өнгөрч байхад бөөн дуу болоод явчихаар нь сэрээд хартал Г орж ирчихсэн Сын үснээс нь зулгааж доош нь дараад хөлөөрөө толгой нүүр хэсэгт нь нэлээн хэд цохисон. Тэгээд нөхөр бид хоёр салгаад С гэр рүүгээ яваад Г 1 тамхи ороож татаад гэр рүүгээ явсан. Гэрийн шалаар нил цус болчихсон байсан. С эрүүл, харин Г согтуу орж ирсэн. Тухайн үед С гэрээс гараад зугтаатал Г араас нь гараад сүх шидсэн олдоогүй.” гэх мэдүүлэг / хх 16-17/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн №178 шинжээчийн дүгнэлт: “1.Д.Сын биед дух, зүүн нүдний дээд зовхинд зулгаралт, дух, баруун нүдний дотор булан, доод зовхи, хамрын нуруу, зүүн тохой, сарвууны ард, баруун даланд цус хуралт, баруун нүдний доод зовхи, хамар, дагзанд зөөлөн эдийн няцрал бүхий гэмтлүүд тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтлүүд байна. 3.Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4.Цаашид энгийн хөдөлмөрийн чадвар алдалтад нөлөөлөхгүй.” гэжээ /хх 20/ зэрэг хэрэгт цугларсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж үзэв.  

 

Шүүгдэгч Д.Г нь төрсөн дүү Д.Сыг өөрийн эхнэрийг удаа дараа муу хэлж үг хэлээр доромжилсон гэх шалтгаанаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хэрүүл өдөж хэрүүл маргаан хийж улмаар эрх чөлөөнд нь халдаж эрүүл мэндэд Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т заасан дух, зүүн нүдний дээд зовхинд зулгаралт, дух, баруун нүдний дотор булан, доод зовхи, хамрын нуруу, зүүн тохой, сарвууны ард, баруун даланд цус хуралт, баруун нүдний доод зовхи, хамар, дагзанд зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол учруулсан байна.

 

Шүүгдэгчийн энэ үйлдэлд улсын яллагч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч түүнийг дээрх зүйл ангиар гэм буруутайд тооцож,эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй гэж үзэв.

 

            Шүүгдэгч улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлттэй мэтгэлцээгүй болохыг дурдаж, хохирогч шүүх хуралдаанд суухгүй гэсэн бөгөөд шүүгдэгч хохирогчид эрүүл мэндийн улмаас учирсан хохиролд 200 000 төгрөгийг төлж барагдуулсан гэсэн тул шүүгдэгчийг тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.  

 

Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар:

 

Улсын яллагчаас шүүгдэгч Д.Гт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргасныг,

Шүүгдэгч Д.Г нь улсын яллагчийн оногдуулсан 600 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ялыг багасгаж өгнө үү гэв.

 

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

 

Шүүгдэгч Д.Гт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэний дараа хохирлыг төлж барагдуулсныг хөнгөрүүлэх нөхцөл байдалд  тооцож түүний гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирогчид учирсан хохирлыг нөхөн төлсөн зэрэг нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450 000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.

 

Ийнхүү шийдвэрлэсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасан Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх шударга ёсны зарчимд нийцнэ гэж үзэв. 

 

Эрүүгийн 2134000000203 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдав.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.4 дүгээр зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 1, 2-т  тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч Д.Гийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Гийг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450 000 /дөрвөн зуун тавин мянга/  төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Гт оногдуулсан 450 000 төгрөгийн торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн гурван сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

 

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Г нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.

 

5.Эрүүгийн 2134000000203 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Д.Г нь цагдан хоригдсон хоног, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гарах зардалгүй, шүүгдэгчийн иргэний баримт бичиг шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.

 

6.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

7.Шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Гт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                       Т.БАТЖАРГАЛ