| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Жуумаагийн Кульдана |
| Хэргийн индекс | 102/2017/03008/И |
| Дугаар | 2960 |
| Огноо | 2017-11-06 |
| Маргааны төрөл | Ажлаас үндэслэлгүй халагдсан, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 11 сарын 06 өдөр
Дугаар 2960
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Кульдана даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Б.Э
Хариуцагч: УБ
Ажилд эгүүлэн тогтоолгож, цалин хөлсний зөрүү олгуулах, түүнд ногдох, нийгмийн даатгал эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэлийг 2017 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Б, Д.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Жүгдэрдорж нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б.Эшүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Б.Энь УБТЗ-ын техникумын илчит тэрэгний техник, механик мэргэжлээр 1985-1989 онд суралцан төгсөөд Улаанбаатар Зүтгүүрийн депод дизелийн цехэд засварчин, арчигч, цахилгаан аппаратын цехийн засварчин, илчит тэрэгний туслах машинчаар ажиллаж байгаад Тээврийн дээд сургуульд Илчит тэрэгний инженер механик мэргэжлээр суралцаж төгссөн. 2001 оноос өргөх засварын цехийн ээлжийн мастер, түлшний цехийн мастер, Зүтгүүрийн аж ахуйн албанд түлш хариуцсан инженер, ашиглалт хариуцсан орлогч дарга, инженер байцаагч, Хөдөлгөөний аюулгүй байдал хариуцсан байцаагч, техникийн хяналтын хэлтсийн дарга, 2017 оны 03 дугаар сарын 16-наас Зүтгүүрийн аж ахуйн албанд Засварын чанар, хяналт хариуцсан байцаагчаар тус тус ажиллаж ирсэн. 2017 оны 08 дугаар сарын 02-ны өдөр Хөдлөх бүрэлдэхүүн хариуцсан замын орлогч дарга Гук.Н.А-ийн удирдаж хийсэн шуурхай хуралдаанаар Дархан татах хэсэг, Улаанбаатар зүтгүүрийн депо, Сайншанд татах хэсгийн хэмжээнд 7 сард гарсан гологдлын талаар зүтгүүрийн аж ахуйн алба болон гурван татах хэсгийн бүх удирдлагуудын хэмжээнд авч хэлэлцэж тус хуралдаанд гологдол гарсан шалтгаан нөхцөлийн талаар авч хэлэлцсэн. Хурлаар анхан шатны байгууллагад гарсан гологдолд Б.Э-гбуруутгаж түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг 2017 оны 08 дугаар сарын 04-ний өдөр цуцалсан. Тушаалын үндэслэх хэсэгт Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.4, 131.3, 43.4, Төмөр замын тээврийн тухай хуулийн 30.2.4, Нийгэмлэгийн дүрмийн 22-ийн а, з, и заалт, Зүтгүүрийн аж ахуйн албаны даргын үүрэг гүйцэтгэгч Д.Бийн 2017 оны 08 дугаар сарын 02-ны өдөр удирдаж хийсэн шуурхай хурлын шийдвэр зэргийг үндэслэл болгосон. Гэтэл энэ албан тушаалд Б.Э-тайхөдөлмөрийн гэрээ байгуулаагүй бөгөөд хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан сахилгын ноцтой зөрчил гаргасан эсэх нь тодорхойгүй. Б.Энь 2017 оны 03 дугаар сарын 07-ны өдөр Зүтгүүрийн аж ахуйн албанд засварын чанар хяналт хариуцсан байцаагчаар томилогдсон боловч энэ албан тушаалд түүнтэй хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй ажиллуулсан. Ажиллах хугацаандаа сахилгын зөрчил гаргаж байгаагүй. Хөдөлмөрийн тухай хуулийн 131.3-т заасан заалт нь ажилчны гэм буруу, зөрчлийн шинж чанарт тохирсон байх бөгөөд шийтгэлийг заавал шат дараалан авсан байхыг шаардахгүй гэж хуулийг тайлбарласан. Гэтэл ажил олгогчийн тушаалын үндэслэлд бичигдсэн системийн хяналт дутуу гүйцэтгэж гологдол гаргасан гэдэгт Б.Э-ийшууд буруутай үйлдэл байсан эсэх. Үүнээс болж байгууллагад хичнээн төгрөгний хохирол учирсан гэдгийг тогтоогоогүй. Хурлаар Д.Бийн саналаар Б.Э-гбуруутай гэж үзэн ажлаас халсан. Иймд Б.Э-гЗүтгүүрийн албаны засварын чанар, хяналт хариуцсан байцаагчийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны 65 хоногийн олговорт түүний цалин 1.199.850 төгрөгийг 21 хоногт хувааж нэг өдрийн цалин 57.137 төгрөгийг 65 хоногт тооцож 2.343.705 төгрөг нэхэмжилнэ. Энэ хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлнэ гэв.
Хариуцагч Монгол Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр зам шүүхэд гаргасан хариу тайлбар болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б, Н.Б нар шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Хөдөлмөрийн гэрээг ажилтантай байгуулаагүй юм бол хөдөлмөрийн гэрээ цуцалсан талаарх нэхэмжлэл нь утгагүй. Б.Э2017 оны 03 дугаар сарын 16-наас 2017 оны 08 дугаар сарын 02 хүртэл цалин авч байсан нь ч үндэслэлгүй байна. Энэ хугацаанд хөдөлмөрийн гэрээ байгуулдагдаагүй байсан бөгөөд энэ талаар нэхэмжлэгч болоод манайх ч мэдээгүй байсан. Шуурхай зөвлөлгөөнийг Гук, Д.Б нар удирдаж хийсэн. Зөвлөгөөнөөр 5, 6, 7 сард гарсан хөдөлгөөний дутагдал, гологдлын талаар ярилцсан. Энэ талаар гологдол гарсан учир шуурхай зөвлөгөөн хийсэн. Нийт 12 гологдол гарснаас Улаанбаатарт 7 гологдол гарсан. Үүнээс 8 гологдол нь хүний хүчин зүйлээс шалтгаалж гарсан. Онцгой тооцоот гологдол 100 хувь нэмэгдсэн. Б.Эажлын байрны тодорхойлолтод зааснаар албаны хэмжээнд засварын аюулгүй байдал, чанарын системийг шалгаж, хяналт тавьж энэ талаараа мэдэгдэх үүргээ биелүүлээгүй гэдэг нь шуурхай зөвлөгөөний үеэр харагдсан. Холбогдох хүмүүст хариуцлага тооцоод харин Б.Э-тайбайгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалж Улаанбаатар татах хэсгийн мэдэлд шилжүүлэх шийдвэр гарсан. Миний итгэл үнэмшлээр энэ асуудал шийдэгдсэн. Ажлын байрны тодорхойлолтод заагдсанаар засварын байцаагч нь гологдол аваар гарахаас урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулж, хяналт тавих үүрэгтэй. Гэтэл сүүлийн 3 сард гологдол тасралтгүй өссөн. Б.Эүүргээ биелүүлээгүй болох нь зөвлөгөөнөөр тодорхой болсон. Хөдөлмөрийн гэрээ байхгүй боловч Б.Э2017 оны 03 дугаар сарын 07-ны өдрөөс эхлэн энэ албан тушаалд томилогдсон. Ажлын байрны тодорхойлолтод зөвшөөрч гарын үсэг зурсан. Маргааны гол зүйл нь ажлын байрны тодорхойлолтод заагдсан ажил үүргээ хангалттай гүйцэтгэж чадаж байсан уу гэдэг асуудал яригдана. Түүнээс хөдөлмөрийн гэрээ байгуулсан уу үгүй юу гэдэг нь биш. Гэтэл нэхэмжлэгч ажлаа яаж хийсэн талаар төлөвлөгөө, тайлан, илтгэх хуудас ч байхгүй байна. Ажлын байрны зорилго нь хяналт тавих. Гологдол гаргаснаа нэхэмжлэгч хүлээн зөвшөөрдөг. Гологдол буурахгүй өсөөд байсан тул Б.Э-тайбайгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалсан. 8 дугаар сард 4 гологдол гарч буурсан. Ажлаа хийгээд хянаад явбал үр дүн өгнө гэдгийг харуулж байна. Нөгөө талаар ажилдаа тэнцэхгүй гэдгийг ч харуулж байна. Б.Э-ийхөдөлмөрийн гэрээг цуцлаад явуулаагүй өөр тохирсон ажилд нь томилсон. Сахилгын давтан зөрчил гаргаж байгаагүй гэж тайлбарлаж байгаа боловч эдгээр байгууллага нь нэг хуулийн этгээд тул шат дараалсан арга хэмжээ авагдаж байсан. Ажил үүргээ гүйцэтгэж чаддаггүй байсан нь жилийн дотор 2 арга хэмжээ авагдсан тушаалаар нотлогдож байна. Тэгэхээр ажлын байрны тодорхойлолтод заасан ажил үүргээ хэр биелүүлсэн бэ гэдэгт шүүх дүгнэлт өгөөсэй гэж хүсч байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэв.
Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б.Энь хариуцагч Монгол Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замд холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгож, олговор 2.343.705 төгрөг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэлийг гаргажээ.
Монгол Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замын даргын 2017 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн Б-I-379 дугаартай тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, 131 дүгээр зүйлийн 131.1.3, 43 дугаар зүйлийн 43.1, Монгол Оросын хувь нийлүүлсэн Улаанбаатар төмөр зам нийгэмлэгийн дүрмийн 22 дугаар зүйлийн а, з, и заалт, Зүтгүүрийн аж ахуйн албаны даргын үүрэг гүйцэтгэгч Д.Бийн 2017 оны 08 дугаар сарын 02-ны өдөр удирдаж хийсэн шуурхай хурлын шийдвэрийг тус тус үндэслэн хөдөлгөөний аюулгүй ажиллагаа суларч, засварын системийн хяналт дутуу гүйцэтгэж гологдол гаргасан Зүтгүүрийн албаны засварын чанар, хяналт хариуцсан байцаагч Б.Э-тайбайгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалж Улаанбаатар татах хэсгийн мэдэлд шилжүүлжээ.
Нэхэмжлэгч Б.Энь Зүтгүүрийн аж ахуйн албанд засварын чанар хяналт хариуцсан байцаагчаар томилогдон ажиллаж байсан болох нь Монгол Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замын даргын 2017 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн Б-I-47 дугаартай тушаал, ажлын байрны тодорхойлолт, нийгмийн даатгалын дэвтэр гэсэн баримтуудаар тогтоогдож байна.
Шүүх хуралдаанд хариуцагч “хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй. Ажилд томилсон тушаал гарсан. Ажлын байрны тодорхойлолтод заасан ажил үүргийг хангалттай гүйцэтгэж чадаж байна уу гэдэг асуудал яригдана. 5, 6, 7 дугаар сард гологдол гаргасан тул шуурхай зөвлөгөөн хийж Б.Э-тайбайгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалж Улаанбаатар татах хэсгийн мэдэлд шилжүүлсэн. Учир нь ажлын байрны тодорхойлолтод заасан гологдол аваар гарахаас урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулж хяналт тавих үүргээ биелүүлээгүй” гэж тайлбарлан маргажээ.
Хариуцагч Монгол Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр зам нь Б.Э-г2017 оны 03 дугаар сарын 07-ны өдөр Зүтгүүрийн аж ахуйн албанд засварын чанар хяналт хариуцсан байцаагчаар томилон ажиллуулахдаа түүнтэй Хөдөлмөрийн тухай хуулийн 21 дүгээр зүйлд заасан хөдөлмөрийн гэрээ байгуулах, 24 дүгээр зүйлийн 24.1-д зааснаар хөдөлмөрийн гэрээг бичгээр байгуулж, гэрээний нэг хувийг ажилтанд өгөх үүрэг ажил олгогчид хуулиар ногдсон бөгөөд энэ үүргээ ажил олгогч хэрэгжүүлээгүй, хөдөлмөрлөх эрхтэй холбоотой нөхцөлүүдийг талууд хэрхэн тохиролцсон талаарх баримтгүй байна.
Б-I-379 дугаартай тушаалаар хөдөлгөөний аюулгүй ажиллагаа суларч, засварын системийн хяналт дутуу гүйцэтгэж гологдол гаргасан гэсэн үндэслэлээр Б.Э-тайбайгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалсан боловч энэ үндэслэл нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-д заасан ноцтой зөрчилд тооцогдох эсэх, талууд ямар зөрчлийг ноцтой зөрчилд тооцохоор гэрээгээр тохиролцсон нь тодорхойгүй, ажилтантай байгуулагдаагүй хөдөлмөрийн гэрээг цуцалсан нь үндэслэлгүй тул 2017 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн Б-I-379 дугаартай хөдөлмөрийн гэрээ цуцлах тухай тушаал нь хуульд нийцээгүй байна.
Өөрөөр хэлбэл талууд гэрээний гол нөхцөл болон бусад нөхцлийн талаар тохиролцоогүй, батлагдсан орон тоонд ажилтанг шинээр авч ажиллуулсан тохиолдолд гэрээ байгуулах үүргээ зөрчиж ажилтанг ажиллуулсан, хөдөлмөрийн гэрээг цуцлах үндэслэлүүдийг ажилтантай тохиролгүй 2017 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн хурлын тэмдэглэлийг үндэслэл болгосон нь хууль зөрчсөн тул Б.Э-гЗүтгүүрийн албаны засварын чанар, хяналт хариуцсан байцаагчийн ажилд эгүүлэн тогтоож, 65 хоногийн олговорт 2.343.705 төгрөг гаргуулж, түүний эрүүл мэнд нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагч Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замд даалгаж шийдвэрлэлээ.
Нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуульд зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнг дурьдаж, хариуцагч Монгол Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замаас 52.449 төгрөгийг гаргуулж улсын төсөвт оруулж шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1.1, 115 дугаар зүйлийн 115.2.1, 116 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т зааснаар нэхэмжлэгч Б.Э-гМонгол Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замын Зүтгүүрийн албаны засварын чанар, хяналт хариуцсан байцаагчийн ажилд эгүүлэн тогтоосугай.
2. Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-т зааснаар Монгол Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замаас 2.343.705 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Б.Энхтайванд олгосугай.
3. Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2-т зааснаар нэхэмжлэгч Б.Э-ийэрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг Монгол Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замд үүрэг болгосугай.
4. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх бөгөөд, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар хариуцагч Монгол Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замаас 52.449 төгрөгийг гаргуулж улсын төсвийн 2602002965 тоот дансанд оруулсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч нь шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ж.КУЛЬДАНА